Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/595

 

  

 

 

 

 

  

2021         08             25                                     2021/ШЦТ/595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2021/0246/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэн,

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох 2009.... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ:   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Б  нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Холливүүд бааранд 2020 оны 01 дүгээр сарын 11- ээс 12-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд хохирогч Б.С эзэмшлийн айфон 7 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Холливүүд бааранд 2020 оны 01 дүгээр сарын 11- ээс 12-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд хохирогч Б.С эзэмшлийн айфон 7 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 тал/

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Холливууд баарны зохион байгуулагч Отгонбаатар гэдэг ах намайг ганц өдөр хамгаалалтад зогсоод өгөөч гээд би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливүүд бааранд очиж ажилласан ба тухайн баарны хувцасны өрөөнд зогсож байгаад 00-н өрөөнд ороод утсаар ярих гээд гар утсаа үзтэл миний зүүн талын энгэрийн хармаанд байсан гар утас алга болсон байсан. Тэгээд би шууд өөрийн гар утас руугаа залгахад миний утас дуудаад авахгүй байсан ба хэсэг дуудуулж байснаа нэг хүн авахаар нь би наад утас чинь миний утас би утсаа авъя гэсэн чинь юу яриад байгаа юм бэ би энэ утсыг олсон юм гээд утсаа тасалсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд нэг үл таних залуу миний гар утсыг авч байхыг харсан. Би тухайн этгээдийг харвал царайгаар нь шууд танина 165-175 см өндөртэй, туранхай 65-70 кг жинтэй, цайвар шар царайтай залуу байсан. Би тухайн үед алдсан утсаа эргүүлээд авсан учир надад одоо ямар нэгэн хохирол байхгүй... Хохирогч Б.С гэрчээр өгсөн “...Камерыг шүүж үзэхэд 30 орчим насны нэгэн эрэгтэй миний хажуугаар зөрөхдөө миний халааснаас гар утас авч байгаа бичлэг байсан... ’’.гэх мэдүүлэг /хх-ийн 14-17, 18-19 тал/

 

Гэрч Г.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор надад гэнэт нэг утас байсан болохоор нь би тухайн гар утсыг олсон гэж бодоод....гараад таксинд суугаад явж байтал нэг дугаараас нөгөө утас руу залгахаар нь аваад ярьтал би энэ утасны эзэн нь байна утсаа авмаар байна гэхээр нь орой болсон байсан маргааш өгье гээд тохиролцоод маргааш нь утсаа залгахгүй болохоор нь шөнө над руу залгасан дугаар руу нь залгатал өнөөдөр тэмцээнтэй байна маргааш авъя гэсэн. Тэгээд маргааш нь Улаанбаатар их дэлгүүр дээр уулзтал цагдаа дагуулаад ирсэн... би багын найз Боохой гэдэг хочтой найзтайгаа явж байсан би Боохоотой 01 сарын 12-ноос хойш холбоо бариагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 тал/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-35 тал/,

Хэргийн үйл баримтыг харуулсан хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-33 тал/

Дамно ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний 2020 оны 01 сарын 20-ны өдрийн СБ1-20-0454 дугаартай “гар утасны зах зээлийн үнэ цэнэ 550000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 43-45 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Б.Б гийн иргэний дэлгэрэнгүй лавлагаа, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 65-67 тал/
  • Шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 тал/,
  • Шүүгдэгч Б.Боогийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 69 тал /,
  • Шүүгдэгч Б.Б гийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 70 тал/,
  • Шүүгдэгч Б.Б гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71 тал/,
  • Шүүгдэгч Б.Б гийн татвар төлөлтийн талаарх Татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт /хх-ийн 72 тал/,
  • Шүүгдэгч Б.Б гийн үл хөдлөх эд хөрөнгийн талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 73 тал /,
  • Шүүгдэгч Б.Б гийн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын лавлагаа /хх-ийн 74-75 тал/ зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй, хохирогч өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Б  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, мөнгө олж архи уух зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн үйл баримтыг харуулсан хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Б  нь хохирогч Б.С эзэмшлийн айфон 7 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Б гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 550.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Б.С нь шүүгдэгч Б.Б д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан... талаарх баримт, шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн хохирогч Б.С тайлбар /хх-ийн 82, 98 тал/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Боогоог оногдуулсан 240 /хоёр зуун дөч/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн найман цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Боогоо нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ