Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00665

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2017/00665

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багт оршин суух, РГ62112623 дугаар регистртэй, Халиучин овогт Жүгдэрнамжилын Нямсүрэнгийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2017/00617/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ж.Нямсүрэн нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Нямсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 10 дугаар ангиа төгсөөд түр хугацаагаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд 1982 оны 10 сард угаагчаар ажилд орж байсан. Тэгээд үргэлжлүүлэн ажилласаар 1983 оныг дуусгасан. Дараа нь Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” нэгдэлд 1984 оноос 1986 оны 11 сар хүртэл бичээчээр ажиллаж байгаад хонь малласан. Нэгдэл тартал мал малласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, ажилд орсон гарсан тушаал байхгүй, цалин хөлсний лавлагаанд зарим сар хоосон бичигдсэн зэргээс миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Би анх шүүхэд 1982 оны 10 сараас эхлэн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан хугацааг тогтоолгох хүсэлт гаргасан боловч энэ хугацааны баримт байхгүй тул тогтоолгох шаардлагагүй боллоо.

Иймд миний Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд угаагч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд бичээчээр, 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.Нямсүрэн нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагагүй гэсэн тайлбар өгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Нямсүрэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд угаагч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд бичээч, 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Нямсүрэнгийн 8 жилийн сургуульд ажиллаж байх үеийн 1983 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны, “Дэлгэрмөрөн” нэгдэлд ажилласан үеийн 1984 оны 1 дүгээр сараас 1988 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” нэгдлийн даргын 1984 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн “...01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ж.Нямсүрэнг бичээчээр... тус тус томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” №02 дугаартай тушаалын хуулбар, 1986 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “...1. Хүүхэд төрүүлсэн 3 эхэд цалингүй нэмэгдэл чөлөө олгож чөлөөний хугацаанд сар бүр 120 төгрөгийн тэтгэмж олгох жагсаалтыг хавсралт 1-ээр баталсугай...” гэх бичилттэй “Нэмэгдэл чөлөө, тэтгэмж олгох тухай” №31 дугаартай тушаал болон тус тушаалын “Эхийн овог нэр: ...Жүгдэрнамжилын Нямсүрэн, чөлөөний хугацаа эхлэх: ...1986 оны 9 сарын 12. Дуусах: 1986 оны 11 сарын 12. Гэрчилгээний номер: ...101, бүгд олгох: ...240, ямар ажилтай: ...бичээч” гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын хуулбар, 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “...нэгдлийн бичээч Ж.Нямсүрэнг 11-р сарын 12-наас ажлаас чөлөөлсүгэй...” гэх бичилттэй “Ажилчдыг ажлаас чөлөөлөх, томилох тухай” №39 дугаартай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Жүгдэрнамжил овогтой Нямсүрэн нь тус сумын 8 жилийн сургуульд 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдөр угаагчаар орж, 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Дэлгэрмөрөн нэгдлийн бичээчээр дэвшин ажиллахаар ажлаас чөлөөлөгдсөн...” гэх бичилттэй 15/28 дугаартай тодорхойлолт, 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүү Зоригтын Сүх-Очир, 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин Зоригтын Сүнжидмаа нарыг төрүүлсэн тухай хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд,

Гэрч Ц.Энхтуяагийн “...Ж.Нямсүрэн нь Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд угаагчаар 1982 оноос 1983 онд ажиллаж байгаад, сумын “Дэлгэрмөрөн” нэгдэлд бичээчээр 1984 оноос 1986 онд, 1987 оноос 1989 оныг дуустал хоньчноор... тасрахгүй ажиллаж байсан... Би сургуулийн байрын жижүүрээр ажилладаг байсан. 1980 оноос ажилласан юм. Тэгэхэд Ж.Нямсүрэн нь 1982 оны 10 сарын үед орж ирж ажилласан юм. Тэгээд 1983 оныг дуусгаад, нэгдлийн бичээчээр ажиллахаар болж гарсан юм... Би...1980 оноос 1990 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Жаргалсайханы “...Ж.Нямсүрэн нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын сургуульд ажиллаж байгаад 1984 оны 01 сараас 1989 оныг дуустал хугацаанд бичээч, хоньчин зэрэг ажил хийж байсан юм... Тасрахгүй ажиллаж байсан... 1989 онд ажиллаж байсан нь үнэн юм. 1989 оны сүүлээр төрсөн санагдаж байна... Сургуульд ажиллаж байгаад л нэгдэлд орж, түүнээс хойш тасрахгүй ажилласан хүн байгаа юм. Сургуульд хэдэн жил ажилласан талаар мэдэхгүй байна... Би  “Дэлгэрмөрөн” нэгдэлд  1978 оноос эхлэн 1990 он хүртэл малчин, хоньчин, саальчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Чулуунбаатарын “...Би 1978 оноос Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд Ж.Нямсүрэн нь 1982 оны 9, 10 сарын үед манай сургуульд үйлчлэгч, угаагчаар орж ажилласан. Тэгээд 1984 он хүртэл ажиллаад, сумын нэгдэлд бичээчээр ажилд орж сургуулиас гарсан юм. 1982 оноос 1983 онд бид хамт ажиллаж байсан. 1984 оноос хойш нэгдэлд тасрахгүй ажилласан, одоо ч хувийн малаа маллаж байгаа... Тасрахгүй ажиллаж байсан. Угаагч, үйлчлэгч нь байрны хүүхдийн цагаан хэрэглэлийг угаах, хүүхдүүдийн гар нүүр угаах цагт ус бэлтгэх, орчин тойрныг нь цэвэрлэх зэрэг ажил хийдэг байсан... бид хөдөлмөрийн дэвтэртэй байсан. тушаалаа бичүүлээд, цалингаа бичүүлдэг байсан. Сургуулийн захиргаанд л байдаг байсан... Би Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд 1978 оноос хойш ажиллаж байсан. байрын багш, тогоочоор ажиллаж байсан. Тэгээд сүүлд нь 10 жилийн сургууль болсон. 1992 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Ж.Нямсүрэнгийн ажиллаж байсан үеийн ажилд орсон гарсан тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Тус аймгийн Бүрэнтогтох сумын сургуулийн 1982, 1983 оны баримт манай архивт шилжиж ирээгүй, мөн сумын “Дэлгэрмөрөн” нэгдлийн 1987-1990 оны даргын тушаалд Ж.Нямсүрэнг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/291 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хэрэгт авагдсан бусад баримтыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халиучин овогт Жүгдэрнамжилын Нямсүрэнгийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд угаагч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд бичээч, 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА