Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0814/З |
Дугаар | 221/МА2023/0527 |
Огноо | 2023-08-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2023/0527
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: АМГТГ, тус газрын КХ
Нэхэмжлэлийн шаардлага: “Т” ХХК-ийн XV-017904 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын КХ хүлээж авахгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, XV-017904 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг зөрчсөн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, XV-017904 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан шийдвэрийн хугацааг давагдашгүй хүчин зүйлийн хугацаагаар буюу /2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 20 сар 19 хоног/ хойшлуулан нэмж тооцуулан тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг хариуцагчид даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0459 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2022/0814/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь АМГТГ, тус газрын КХДд холбогдуулан “Т” ХХК-ийн XV-017904 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын КХ хүлээж авахгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, XV-017904 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг зөрчсөн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, XV-017904 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан шийдвэрийн хугацааг давагдашгүй хүчин зүйлийн хугацаагаар буюу /2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 20 сар 19 хоног/ хойшлуулан нэмж тооцуулан тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0459 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.
3.1. Нэхэмжлэлийн “Т” ХХК-ийн XV-017904 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын КХ хүлээж авахгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Хариуцагч байгууллага нь цар тахлын нөхцөл байдалд үйл ажиллагаандаа дээрхи Монгол Улсын хууль тогтоомжийн заалтыг мөрдөж ажиллаагүй бөгөөд аж ахуй эрхлэгчийг удаа дараа чирэгдүүлж байсан бөгөөд энэ нь гэрчийн мэдүүлэгт тодорхой тусгагдсан.
Цахим системд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүхээс хангахгүй орхиж шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохоос гадна гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг бодит байдалд арилгах, мэдүүлгийг үнэлж шүүх шийдвэр гаргах зэрэгт ач холбогдолтой байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
3.2. Нэхэмжлэлийн “Т” ХХК-ийн XV-017904 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын КХ хүлээж авахгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэх дотоод хяналтын хуудаст 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай шийдвэрийг байгууллагын дарга Д.Батмагнайгийн гарын үсэг зурснаар хөдөлгөөнийг эцэслэсэн байдаг.
Энэхүү дотоод хяналтын хуудас нь захиргааны байгууллагын зүгээс хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг дуусгавар болгож байгаа эрх зүйн баримт бичиг буюу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.
Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар дуусгавар болох, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх дуусгавар болох асуудлыг ойлгож байгаа бөгөөд хугацаа дууссанаар дуусгавар болсон гэх асуудлаар маргаж асуудал үүсэх нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тус цуцалсантай адилхан сөрөг үр дагавар үүсэж байх тул Захиргааны ерөнхий хуулийг барьж шийдвэрлэх ёстой.
Иймд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа нэхэмжлэгч байгууллагад мэдэгдээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг, тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тухай баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй болохыг тогтоож өгнө үү.
3.3. “XV-017904 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг зөрчсөн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх хариуцагчийн хариу тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэжээ. Гэтэл хариуцагч нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх хууль зүйн боломж хуулиар олгогдоогүй талаар дурдсан байдаг.
Өөрөөр хэлбэл, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх хууль зүйн боломж нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд олгогдоогүй боловч шүүхэд олгогдсон.
Цар тахлын улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан буюу Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчлөгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хамгаалах нөхцөл байдал үүссэн байна.
Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийж өгөхийг даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Ашигт малтмал, газрын тосны газрын КХД-ын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 450 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт байрлах Булаг нэртэй газарт 19,800.26 гектар талбайд XV-017904 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар “Т” ХХК-д олгожээ.
3.1. “Т” ХХК-иас дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасны дагуу мөн газрын КХД-ын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 340 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан байна.
3.2. Нэхэмжлэгчээс “... манайх 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б/12 тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын КХт гаргасан” гэж, хариуцагчаас “... “Т” ХХК-иас 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б/12 тоот албан бичгээр манайд хандсан гэх боловч уг албан бичиг нь байгууллагын бичиг хэргийн санд бүртгэлгүй, баримтаар тогтоогдохгүй” гэж маргаж байна.
4. “Т” ХХК-ийн XV-017904 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын КХ хүлээж авахгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
4.1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж тус тус заасан.
4.2. Дээрх хуулийн заалтаас үзвэл нэхэмжлэгч нь XV-017904 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас нэг сарын өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дотор сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрлийн хуулбар /эх хувь/, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, ажил гүйцэтгэсэн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хамт хариуцагчид гаргах ёстой байжээ.
4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай талаас хариуцагч байгууллагын цахим системд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хангахгүй орхисон. Уг үзлэг нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт байсан тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн байх ба давж заалдах шатны шүүх хуралдаанд “... анх сунгуулах хүсэлт гаргахдаа холбогдох баримтыг хавсаргаагүй” гэж тайлбарлаж байна.
4.4. Гэтэл нэхэмжлэгч “Т” ХХК-иас XV-017904 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хуулиар тогтоосон хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын КХт гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.
4.5. Мөн нэгэнт албан бичгээр болон цахимаар хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдсон учраас шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн цахим системд үзлэг хийх нь хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү гомдол нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй.
5. “XV-017904 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг зөрчсөн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
5.1. Нэхэмжлэгчээс “... тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан болохыг бүртгэх дотоод хяналтын хуудаст КХД гарын үсэг зурснаар хөдөлгөөнийг эцэслэсэн. Энэхүү дотоод хяналтын хуудас нь захиргааны байгууллагын зүгээс хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг дуусгавар болгож байгаа эрх зүйн баримт бичиг буюу захиргааны акт юм” гэж, хариуцагчаас “... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж байгаа нөхцөлд КХД-ын шийдвэр гардаггүй бөгөөд дотоод хяналтын хуудсыг үндэслэн кадастрын системд дуусгавар болсныг бүртгэдэг” гэж тайлбарлаж байна.
5.2. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно”, 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж тус тус заажээ.
5.3. “Т” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаагүйгээс гадна шаардагдах баримтуудыг хавсаргаж өгөөгүй, мөн түүний XV-017904 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон энэ тохиолдолд захиргааны байгууллагаас аливаа захиргааны акт гаргахаар Ашигт малтмалын тухай хуульд зохицуулаагүй тул Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах боломжгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
6. “XV-017904 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан шийдвэрийн хугацааг давагдашгүй хүчин зүйлийн хугацаагаар буюу /2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 20 сар 19 хоног/ хойшлуулан нэмж тооцуулан тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:
6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх хууль зүйн боломж нь захиргааны байгууллагын эрх, хэмжээнд олгогдоогүй боловч шүүхэд олгогдсон болно. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цар тахал, тарваган тахлын улмаас эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан тул тухайн цаг хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөх нь төрийн үүрэг юм” гэжээ.
6.2. “Т” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 38 тоот албан бичгээр “давагдашгүй хүчин зүйлийн хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацааг нэмж тооцуулах” агуулга бүхий хүсэлт гаргасан байх ба Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 02 дугаар арын 08-ны өдрийн 10/814 тоот албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгчээ.
6.3. Анхан шатны шүүх “... Коронавируст халдварын цар тахал, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд гарсан тарваган тахлын нөхцөл байдлуудыг дурдсан хэдий ч тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд хууль заасан үндэслэл журмын дагуу өргөдөл гаргаагүй тул хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн” гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
6.4. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.
6.5. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, XV-017904 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0459 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ