Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 37

 


           Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Баясгалан даргалж, ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа, шүүгч Б.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
            Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Н.Бгийн нэхэмжлэлтэй,
            Хариуцагч: Сүхбаатар аймгийн С албанд холбогдох,
            Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31-01/02 тоот Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э, Д.О, Г.С, иргэдийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
  Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай 31-01/02 тоот актаар “... төсвөөс Д.Мын нөхөн олговорт олгосон 16986798 төгрөгийг төсвийг үр ашиггүй илүү зарцуулж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр шийдвэрлэв” гээд надаар дээрх мөнгийг төлүүлэхээр акт тогтоожээ.
Би 2018 оны 10 сард ажлаас чөлөөлөгдсөн. Энэ үеэс ажил хайж сургалтанд суух зэргээр ихэвчлэн Улаанбаатар хотод амьдарч байсан. Цагаан сараар л аймагт хэд хоног очсон. Одоо ч Улаанбаатар хотод амьдарч байна.
Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нар хяналт шалгалт хийж төлбөрийн акт тавьснаа надад мэдэгдэх үүрэгтэй байх. Гэтэл огт мэдэгдээгүй. Аймгийн шуудангаас надад хаягласан бичиг ирсэн тухай утсаар мэдэгдсэн. Тухайн үед би хотод байсан учраас өөрөө авч чадаагүй. Хүү Хосбаяраар бичгийг авахуулж танилцсан. Ингээд л надад төлбөрийн акт тавьсныг мэдсэн.
Төлбөрийн акт тавихдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, миний эрх ашгийг зөрчсөн тул Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай 31-01/02 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
 
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөллийн саналдаа: Нэхэмжлэгч Н.Б нь Сүхбаатар аймгийн С албанд холбогдуулан “С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31-01/02 тоот Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг гаргасан үндэслэл нь нэгдүгээрт тухайн актыг гаргахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгчид албан ёсоор танилцуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны акттай холбоотой ажиллагааг хууль зүйн дагуу хийгээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Хоёрдугаарт нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа нэхэмжлэлийн агуулгаас харахаар нэгэнт бусдын авсан мөнгийг надад тохож акт тогтоосон нь хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Д.М нь ажилдаа эргэн орж 9.400.000 төгрөгийг дур мэдэн өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж авсан асуудалд би буруугүй учраас хариуцах ёсгүй.
Мэдээж С алба нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль бусад хууль тогтоомжийг үндэслээд, дотоод аудитын дүрэм журмаа баримтлан санхүүгийн хяналт шалгалтыг хийх, зохих акт тавих бүрэн эрхтэй. Аудитаас буюу улсын ахлах байцаагчийн зүгээс тавих акт нь захиргааны шийдвэр юм. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэр гаргах үйл ажиллагааны хуулиар тогтоосон журмын хүрээнд акт тавигдах ёстой. Мөн хяналт шалгалт явуулж байгаагийнхаа хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн үндэслэл журмын хүрээнд ажиллах ёстой. Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Хүрэлбаатарын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн төсвийг хохиролгүй болгох тухай 45 тоот албан бичгийг үндэслэн удирдамж гаргаж хяналт шалгалтыг явуулсан. Тухайн шалгалтын явцад Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны акт гаргах нь тодорхой учир Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэр гаргах процессын ажиллагааг хийх ёстой. Сонсох ажиллагаа бол шийдвэр гаргах ажиллагааны явцад эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй оролцогч этгээдэд шийдвэр гаргахын өмнө олгож байгаа онцгой ажиллагаа гэж үздэг. Сонсох, мэдэгдэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 29, 32, 34 дүгээр зүйлд тодорхой заасан. Эдгээр заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан хувийн хэрэгт сонсох ажиллагааны маягт бөглөснийг сонсох ажиллагаа хийсэн байна гэж үзэхгүй. Түүнд албан ёсоор танилцуулаагүй. Сонсох ажиллагаа болохоос өмнө албан ёсоор хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлээгүй. Шалгалт хийх удирдамжаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Н.Бд танилцуулах ёстой. Гэтэл нэгдсэн эмнэлгийн захиргаанд танилцуулсан. Н.Бтай холбогдуулж акт гаргаж байгаа тохиолдолд түүнд танилцуулах ёстой. Удирдамжийн дагуу сонсох ажиллагааны маягтыг бөглөсөн боловч 2019 оны 02 дугаар сарын хэдний өдөр хийгдсэн болох нь тодорхойгүй байна. Тэгэхээр нөхөж хийсэн байна гэж харагдаж байна. Нөгөө талаас акт, албан шаардлага, шийдвэрийн талаар Н.Бд албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 20 хүртэл тооны оролцогчтой хэрэгт заавал биечлэн хүргүүлэх ёстой. Тиймээс албан ёсоор мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн зүйл байхгүй. Сонсох ажиллагааг хийхдээ тус байгууллагын зүгээс утсаар мэдэгдсэн гэж байна. Н.Бгийн утас руу залгасан гэж байгаа боловч холбогдож чадаагүй. Н.Бгийн утас руу залгаж мэдэгдсэн гэж тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй байна. Шийдвэр гаргах ажиллагаа бүхэлдээ зөрчигдөж, сонсох ажиллагаа хийгдээгүй. Биеэр ирж уулзсан гэсэн байна.  Хаана хэзээ уулзсан болох нь тодорхойгүй. Үнэн эсэх нь нотлогдоогүй. Сонсох ажиллагааны дагуу мэдэгдлээ хуулийн хүрээнд хийж чадаагүй. Мэдэгдлийг нэгдсэн эмнэлэгт өгсөн болохоос Н.Бд өгөөгүй. Ийм учир уг акт нь хууль зөрчиж гарсан  учир хууль бус гэж тооцуулах үндэслэлтэй байна.
Захиргааны акт гаргах үйл ажиллагааны үндэс болсон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “хяналт шалгалтад холбогдох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хяналт шалгалт хийхийг  хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэсэн зарчим зөрчигдсөн. Яагаад гэвэл Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 001 тоот шийдвэрээр Д.Мын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын асуудлыг шийдэж, ажилгүйдлийн тэтгэмж 5062565 төгрөгийг нөхөн олговрын дүнгээс хасаж тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж, шалгаж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлж, нөхцөл байдалд дүгнэлт шинжилгээ хийж, шинжлэн судалсны дүнд шийдвэр гаргадаг. Тиймээс би ойлгохдоо шүүхийн дүгнэлт шийдвэртэй давхардсан гэж үзэж байна. Аудитаас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 31-01/01 тоот акт гаргасан. Уг актаар Д.Мыг ажлаас чөлөөлөхөд олгосон 5421624 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон. Энэ нь шүүхийн шийдвэрээр хүчинтэй үлдсэн. Гэтэл 31-01/02 тоот актаар Н.Бгаар төлүүлэхээр тогтоосон 16 сая төгрөгт мөн энэ тэтгэмж авсан хугацааны цалин давхардаад байна. Үндсэндээ Захиргааны шүүхээс гарсан 1 асуудлыг шийдсэн 2 шийдвэр бие биеийнхээ эсрэг гарсан. Тухайн акт тавьсан шалтгаанаа тайлбарлахдаа Захиргааны хэргийн шүүхээс ирсэн мэдэгдлийн хүрээнд энэ асуудлыг шийдсэн гэж байна. Тухайн мэдэгдэлд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлөх үүрэгтэй байдаг гэсэн заалтыг бичсэн. Биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлнэ гэж бичсэн. Нэгэнт шүүхээс шийдвэр гарсан учир Н.Бгаар төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Төсвийг үр ашиггүй зарцуулж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн учир буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр шийдлээ гэж бичсэн. Тэгэхээр шийдвэр нь давхардаж байна. Н.Б шийдвэр гаргаагүй байхад түүнд 16 сая төгрөгийн акт тавьсан. Өөрөөр хэлбэл Д.Мын авсан 9 сая төгрөгийг Н.Бд холбогдуулж акт тавьсан. Үүнийг харахгүй хяналт шалгалтын алба гэж байх ёсгүй гэж үзэж байна. Ялангуяа С алба нь тухайн байгууллага дээр бүтэн 21 хоног хяналт шалгалт хийсэн.  Тушаал, актуудын зөрүү, хэн тушаал шийдвэрийг гаргаж байгаа, хэний шийдвэрийн үндсэн дээр энэ акт  гарсан байна вэ? гэдгийг хянаж  шалгахгүй акт тавина гэж байхгүй. Ц.Хүрэлбаатар даргын 26 сая төгрөгийн төсвийн асуудлыг шийдэж өгнө үү гэсэн албан бичгийг үндэслээд буруутай албан тушаалтнаар нь төлүүлнэ гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаж, тухайн дүгнэлтээ нотлох замаар актаа тавьсан. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасны дагуу Н.Бгаар төлүүлэх үндэслэл байхгүй байсан. Гэтэл ийм шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, зөрчилтэй акт болсон учраас тухайн актыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.
Д.Мыг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилдаа орох хүртэл цалингийн асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх ёстой. Энэ талаар Хөдөлмөрийн хуулийн 128, 129  дүгээр зүйлд заасан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх тухай асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д  “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гаргасан маргааны талаар 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисс маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандана” гэж заасан. Гэтэл Д.М ямар нэгэн шийдвэргүйгээр 9.4 сая төгрөгийг нэгдсэн эмнэлгийн төсвөөс ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гэж авсан. Үүнийг С алба анхаарч үзэх ёстой байсан. Аудитын шийдвэр нь захиргааны акт учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу акт гаргахын өмнө заавал хийгдэх ёстой ажиллагаануудыг хийх ёстой байсан. Иймд актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Сүхбаатар аймгийн С албаны дарга Б.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн С албаны даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07 тоот удирдамжийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 45 тоот албан бичгээр ирүүлсэн төсвийг хохиролгүй болгож өгөх тухай асуудлаар санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч У.Э, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Баярмаа нар 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс холбогдох хууль тогтоомжийг үндэслэн хяналт шалгалт хийсэн.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Бгийн Д.Мыг ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг 3 шатны шүүхээр хууль бус болохыг тогтоож, Д.Мыг ажилд нь эгүүлэн томилох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Д.Мыг ажилд нь эгүүлэн авч ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 16986798 төгрөгийг Нэгдсэн эмнэлгийн төсвөөс олгосон байна. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Н.Бгаар 16986798 төгрөгийг төлүүлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100120020402 тоот дансанд 2019 оны 05 дугаар сарын 25-ны дотор оруулахыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Хүрэлбаатар, нягтлан бодогч С.Бямбаа нарт хариуцуулсан. Н.Б нь шалгалтын хугацаанд нэг удаа ирж уулзан актаар тогтоогдох төлбөрийн төлөх боломжгүй гэж хэлсэн.
Улсын ахлах байцаагчийн 16986798 төгрөгийн акттай танилцаж гарын үсэг зурахыг утсаар мэдэгдэхэд актыг хүлээн зөвшөөрөхгүй очиж тайлбар өгнө гээд ирээгүй юм.
Иймээс Захиргааны ерөнхий хуулийн дагуу уг актыг баталгаат шуудангаар явуулсан болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Аймгийн нэгдсэн эмнэлгээс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төсвийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн албан бичиг ирсэн. Тухайн албан бичигт манай эмнэлгийн даргаар ажиллаж байсан Д.Мд 16.9 сая төгрөгийг төсвөөс олгосон байна. Төсөвт хохирол учирсан учраас төсвийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байсан. Тухайн хүсэлтийн дагуу манай байгууллагын албаны даргын удирдамж гараад төлөвлөгөөт бус шалгалт  хийгдсэн. Тухайн төлөвлөгөөт бус шалгалтыг хийхдээ хариуцагч Н.Б даргатай холбогдож ийм шалгалт хийх гэж байна гэхэд өөрөө биеэр ирж уулзсан. Миний зүгээс шалгалт хийх гэж байна. Ийм ийм зөрчил байна. Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн дагуу акт бичигдэх юм шиг байна гэж хэлэхэд Н.Б нь тухайн акттай холбоотой тайлбарыг гаргаж өгнө гэж хэлээд явсан. С албаны байцаагч Баярмаа бид хоёр 2019 оны 02 дугаар сарын сүүлээр уг шалгалтыг хийсэн. Тухайн шалгалтын талаар Н.Б руу маш олон удаа утсаар ярьсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. Энэ талаарх баримтыг Мобикомоос авч хэрэгт хавсаргасан байгаа. Н.Б нь тайлбараа өгөхгүй биеэр ирж уулзахгүй байсан учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу эхлээд утсаар ярьсан. Мөн утас руу нь мессэж бичиж үлдээсэн. Мессэж бичсэн баримт нь одоо надад байна. Д.Мыг ажилдаа орох хүртэлх хугацааны цалин хөлсийг олгох тухай захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Миний хувьд шүүхийн шийдвэрийг барьж, төсвийг хохиролгүй болгох зорилгоор акт тогтоосон.
Өмгөөлөгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй гэсэн гомдлыг гаргаж байна. Миний хувьд бол сонсох ажиллагааг хийсэн. Н.Б нь тухайн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж над руу мессэж бичсэн байгаа. Д.Мыг ажлаас чөлөөлөхдөө зургаан сарын тэтгэмж өг гэсэн тушаал гарсан байсан. Түүний дагуу зургаан сарын тэтгэмж 5421624 төгрөгийг олгосон байсан. Д.Мд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорыг олгохдоо 6 сарын тэтгэмжийг нь суутгах ёстой байсан. Тэгтэл суутгаагүй авсан. Энэ суутгаагүй авсан  5421624 төгрөгт акт бичсэн. Энэ талаар гурван шатны шүүхээс шийдвэр гарч тухайн акт хүчин төгөлдөр хэвээр батлагдсан. Үүнийг Д.М төлөх нь тодорхой. Актын төлбөр болох 16.9 сая төгрөгт 5662000 төгрөг ороогүй. Энэ 5662000 төгрөг нь Д.М нь ажилдаа орсон хугацааны цалин хөлс байгаа. 16.9 сая төгрөгийг гаргаж ирэхдээ бид нар нарийн тооцоолол хийсэн. Тухайн актыг нэг хүнд холбогдуулж тавьж байгаа учраас тал бүрээс нь судалж тооцож хийдэг. Шүүхийн шийдвэр болон С албаны акт давхцаж байна гэж өмгөөлөгч хэлж байна. Гурван шатны шүүхээс Н.Б тухайн мөнгийг төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Тухайн мөнгийг төлөхгүй байсан учраас С албанаас актыг бичсэн. Тэгэхээр тухайн актыг хуулийн дагуу бичигдсэн гэж үзэж байна. Төрийн аудитын газраас төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн албан хаагч нарт төсвөөс олгосон цалинг буцааж төлүүлэх арга хэмжээ ав гэсэн албан бичиг манай байгууллагад ирсэн. Түүний дагуу манай байгууллагаас шалгалт явуулж тухайн актыг тавьсан. Манайх прокурорын байгууллага биш болохоор албадан ирүүлж чадахгүй учраас бидний зүгээс утсаар мэдэгдсэн. Тийм учраас сонсох ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн гэж үзэж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Акт үндэслэлгүй гарсан байна гэв.
                                                   
ҮНДЭСЛЭХ нь:
 Нэхэмжлэгч Н.Б шүүхэд хандан “Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31-01/02 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... төлбөрийн акт тавихдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, миний эрх ашгийг зөрчсөн гэж маргаж байгаа бол харин хариуцагчийн зүгээс  “ ... шалгалтын хугацаанд Н.Б нь нэг удаа ирж уулзан актаар тогтоогдох төлбөрийг төлөх боломжгүй гэж хэлсэн, улсын ахлах байцаагчийн 16.986.798 төгрөгийн акттай танилцаж, гарын үсэг зурахыг утсаар мэдэгдэхэд актыг хүлээн зөвшөөрөхгүй, очиж тайлбар өгнө гээд ирээгүй ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.  
Маргаан бүхий акт болох Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-01/02 дугаартай актаар захиргааны буруу шийдвэрээр ажилгүй болсон Д.Мын хохирлыг барагдуулахад байгууллагын төсвөөс зарцуулж шийдвэрлэсэн 16.986.798 /арван зургаан сая есөн зуун наян зургаан мянга долоон зуун ерөн найм/ төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Н.Бгаар төлүүлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100120020402 тоот дансанд 2019 оны 05 дугаар сарын 25-ны дотор оруулахыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Хүрэлбаатар, нягтлан бодогч С.Бямбаа нарт хариуцуулж шийдвэрлэжээ.
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа гаргасан хууль бус шийдвэрийн улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Гэхдээ улсын ахлах байцаагчийн төлбөр тогтоосон актад төлбөрийн хэмжээг  16.986.798 гэж тусгасан нь үндэслэлгүй байх тул төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үндэслэлээ тодруулбал; Нэхэмжлэгч Н.Б нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхдаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргаж Д.М уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр  нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Д.Мыг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Мыг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 183 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 12.551.877 төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмж 5.062.565 төгрөгийг хасаж, үлдэх 7.489.312 төгрөгийг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төсвөөс нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
 Дээрх шийдвэрээр Д.Мд ажлаас чөлөөлөгдсөн буюу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 183 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 7.489.312 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байтал Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төсвөөс 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 427 тоот төлбөрийн хүсэлтээр  Д.Мын төрийн банкны 270000160106 тоот дансанд 14.086.284 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 433 тоот төлбөрийн хүсэлтээр  Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 100120090000 тоот дансанд цалингийн шимтгэл 1.335.372 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1.5-д “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Эрх бүхий албан тушаалтны ажилтныг буруу халсан, буруу шилжүүлсэн үеийн олговрыг хэрхэн олгох талаар заасан дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд хэрэв ажилтан бага цалинтай ажил хийж байсан бол өмнөх ажил, албан тушаалын цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг, харин ажилтан тухайн хугацаанд огт ажил эрхлээгүй бол өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалынх нь цалин хөлстэй тэнцэх олговор олгогдох бөгөөд ингэхдээ хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үндэслэхээр байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс ажилд орох хүртэл буюу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 119 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн төсвөөс шүүхийн шийдвэргүйгээр Д.Мд олгосон болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1/338 дугаар албан бичиг , гэрч С.Бямбаагийн мэдүүлгээр  тус тус тогтоогдох ба актад дурдсан 16.986.798 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бгаар бүрэн төлүүлэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй 7.489.312 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч Н.Бгийн гаргасан хууль бус шийдвэрийн улмаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн төсөвт учирсан бодит хохирол гэж үзнэ.

Харин Нэгдсэн эмнэлгийн төсвөөс шүүхийн шийдвэргүйгээр Д.Мд олгосон 119 хоногийн цалинг актаар тогтоосон төлбөрт оруулан тооцож Н.Бгаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх байдлаар үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул шүүхээс төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг 9.497.486 төгрөгөөр багасгаж шийдвэрлэлээ.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “ ... С албаны улсын ахлах байцаагч акт тогтоохдоо мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй ...” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын ахлах байцаагч У.Эийн эзэмшлийн 99515484 дугаараас нэхэмжлэгч Н.Бгийн 99030249 дугаар руу 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10:01 цагт яриа, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10:24 цагт яриа, 15:52 цагт яриа, 19:21 цагт яриа, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10:42 мессэж, 10:43 мессэжээр харилцсан болох нь 99515484 дугаарын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хэрэглээний дэлгэрэнгүй мэдээллээр  нотлогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т “сонсох ажиллагааг утсаар ярих арга хэлбэрээр явуулна” гэж заасны дагуу улсын ахлах байцаагч хяналт шалгалтын талаар нэхэмжлэгчтэй утсаар харилцаж төлбөр тогтоосон акт гарч байгаа талаар мэдэгдсэнийг буруутгах боломжгүй юм.
С алба нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төсөвт учирсан 9.497.486 төгрөгийн хохирлыг буруутай албан тушаалтнаар нь нөхөн төлүүлэхээр акт тогтоох эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр тогтоосон захиргааны акт Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31-01/02 дугаар актын төлбөрийн хэмжээг 9.497.486 төгрөгөөр багасгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн С албанаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАЯСГАЛАН
                               ШҮҮГЧИД    Х.ЭРДЭНЭТУЯА
    Б.ЦЭРЭНХАНД