Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1179

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Баярмагнайн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00742 дугаар шийдвэртэй, Г.Баярмагнайн нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 545 440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Баярмагнай,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Баярмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Төрийн банк ХХК-ийн Хан-Уул дүүрэг салбарын харьяа Дунд гол тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн. Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00172 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулсан.

Хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/1313 тоот тушаалаар  ажил, албан тушаалд буцаан томилсон боловч шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилох өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгохоос татгалзсан.

Иймд хариуцагч Төрийн банк ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс ажилд томилогдсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 80 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 6,545,440 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж аваад хуульд заасан эрхийн дагуу давж заалдах гомдол гаргасан. Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх удирдлагууд өөрчлөгдсөн учраас шүүхийн шийдвэрийг шинэ удирдлагуудад танилцуулсны дараа гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/1313 тоот тушаалаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, Г.Баярмагнайг урьд эрхэлж байсан ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 4 009 082 төгрөгийг олгосон.

Шүүхийн шийдвэрт 4 009 082 төгрөгийг олгохоор заасан ба ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарах хүртэл хугацааны цалинг олгох тухай дурдаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Төрийн банк ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 6 545 440 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Баярмагнайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Баярмагнай улсын тэмдэгтийн хураамжид 119 677 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах гурван сарын хугацааг буруу тооцсон. Энэ талаар шүүх шийдвэртээ “Г.Баярмагнай нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1627 дугаар магадлал хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байтал 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна” гэснийг хууль бус гэж үзэж байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтан ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилогдсон өдрөөс хойш шаардах эрхтэй.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай гомдлын хөөн хэлэлцэх хугацааг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилогдсон өдрөөс эхлэн тоолно.

Г.Баярмагнай нь өмнөх ажил албан тушаалдаа 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр томилогдож, шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Шүүх дээрх зохицуулалтын “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан” гэснийг анхаарч үзээгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүх хуралдаан болсон 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс ажилд томилогдсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 6 545 440 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Дээрх хугацааны нөхөн олговор шаардах эрх хамрах хугацааг давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс тооцогдоно гэж үзэх нь цаг хугацааны хувьд боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч маргааны зүйлд хамаарах хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Баярмагнай нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалинтай тэнцэх олговор 6 545 440 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрсөн байна.

 

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00172 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Баярмагнайг “Төрийн банк” ХХК-ийн Хан-Уул дүүрэг салбарын харъяа “Дунд гол” тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 009 082 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1267 дугаар магадлалаар хэвээр үлдээжээ. /хх 5-9, 10-12/

 

Хариуцагч “Төрийн банк” ХХК шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/1313 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Баярмагнайг урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилж, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1650 тоот тушаалаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4 009 082 төгрөгийг олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. /хх 35, 36/

 

Харин шүүхийн шийдвэр гарснаас хойш, ажилд эгүүлэн томилох өдөр хүртэл хугацааны цалин олгох эсэхэд хариуцагч маргаж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэлээ болгон мэтгэлцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж зохицуулсан байна.

 

Анхан шатны шүүх дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс нэхэмлэгчийг  ажилд томилсон тушаал гаргасан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 80 хоногийн цалинтай тэнцэх олговор нэхэмжилж байгааг буруутгахгүй гэж шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлсон.

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэсэн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

 

Тодруулбал, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс дээрх хугацааг тооцох биш, харин уг шийдвэрийг биелүүлж, ажилд эгүүлэн томилох тушаал гарсан өдрөөс шүүхэд мэдүүлэх хүртэл хугацааг хамааруулан тооцох нь хуулийн дээрх заалтад нийцэх юм.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа хамаарах тул хариуцагчийн “шүүхийн өмнөх шийдвэрт ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарах хүртэл хугацааны цалинг олгох тухай дурдаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч Г.Баярмагнайн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 545 440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00742 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн банк” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 6 545 440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Баярмагнайд олгосугай” гэж,

2 заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 ,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Г.Баярмагнайгийн төлсөн 119 677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Төрийн банк” ХХК-иас 119 677 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 119 677 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА