| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01246/И |
| Дугаар | 102/ШШ2017/01522 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2017/01522
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01522 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг, Ивээл хороолол, 15 дугаар байрны 1 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЕЙ87061815, Боржигон овогтой Зоригтбаатарын Отгонбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, өөрийн байр, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 900 437 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Отгонбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа /үнэмлэх 0738/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би УБТЗамд 12 жил ажиллаж байна. Сүүлийн 2 жил Дорнод аймгийн Баянтүмэн тасгат тээврийн хяналтын ахлах байцаагчаар ажилласан. Гэтэл намайг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн Б-1-56 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би тушаалтай 2017 оны 3-р сарын 16-ны өдөр хүлээн авч танилцсан. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 29.3 дахь заалтыг үндэслэн чөлөөлсөн байсан. Хяналтын ахлах байцаагчаар ажиллах шаардлага хангахгүй гэж үзсэн. Төмөр замын тээврийн тухай хуулийн 29.3 дахь хэсэгт Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд зохих сургалтад хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулна гэж заасан бөгөөд үүнд миний эрхэлж байсан албан тушаал хамаарахгүй. Мөн Зам тээврийн сайдын 2013 оны 12-р сарын 09-ний өдрийн 271 тоот тушаалын 2-р хавсралтад “галт тэрэгний ба сэлгээний холбоотой ажил албан тушаалын жагсаалт”-ыг баталсан, үүнд мөн хяналтын ахлах байцаагчийн албан тушаал багтаагүй байдаг. Тийм учраас Төмөр замын тээврийн тухай хуулийн 29.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр халсныг зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дэх хэсэгт зааснаар халж байгаа бол нэг сарын өмнө мэдэгдэх хуудас өгөх, мөн 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ёстой. Монгол улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд тайлбарласнаар атесттатчиллын комисс шалгалт авч тэнцэхгүй, мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан байх ёстой. Намайг ажилдаа тэнцахгүй гэсэн ямар ч дүгнэлт гаргаагүй, үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байгаа тул намайг Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 900 437 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Отгонбаатар нь Төмөр замын даргын 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн Б-1-56 тоот тушаалыг үндэслэлгүй гэж маргаж нэхэмжлэл гаргасан байна. З.Отгонбаатар нь 2015 оны 07-р сарын 01-ний өдөр Баянтүмэн тасгийн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан хэсгийн байцаагчаар томилогдож, 2 сарын дараа ахлах байцаагч болсон. Ажилд томилогдсоноор ажлын байрны тодорхойлолттой танилцсан. Гэтэл дотоод хяналт шалгалтаар ажил олгогчийг хууран мэхэлж, хуурамч дипломоор хяналтын байцаагчийн ажилд орсон байсан. З.Отгонбаатар нь 2005 онд өртөөний курс төгссөнөөс өөрөөр төмөр замын нарийн мэргэжлийг эзэмшээгүй байна. З.Отгонбаатар нь 2011-2015 оны 07 дугаар сар хүртэл Баянтүмэн тасгийн хүний нөөцийн менежерээр ажилласан, энэ үедээ хяналтын байцаагчийн орон тоо сул байгааг мэдсэн. Ингээд 2011-2014 он хүртэл Тээврийн дээд сургуульд сурсан гэсэн дипломыг хуурамчаар авсан байдаг. Энэ орон тоон дээр хүсэлтэй гаргасан. Хяналтын алба бол үүнийг зөвшөөрсөн. Хүний нөөцийн албанаас шалгаж үзээд 2015 оны 07 дугаар сард томилон ахлах байцаагч болгосон байдаг. 2015 оны 09 дүгээр сарын 17 өдрийн б1/227 тоот тушаалаар 2 сар дотор ахлах байцаагч болгосон байдаг.Төмөр зам хуулж зарсан гэсэн асуудал мөн гарсан. Баянтүмэнгээс ирээд Төмөр замын дээд сургуульд шалтгалт оруулж дипломны асуудлыг шалгахад Отгонбаатар нь тус сургуулийг төгсөөгүй байсан. Диплом олгосон талаарх тушаал дээр нэр нь байгаагүй. Төмөр зам шуурхай хурал хийсэн байдаг. Зам хуулсан болон, хуурамч дипломны асуудлыг цагдаагаар шалгуулъя, ажлаас нь өөрчилье гэсэн байгаа. Нэхэмжлэгч сая хэлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг ярьлаа. Ажлыг нь өөрчилье гэсэн шийдвэр гарахад шуурхай хуралд өөрөө орсон. Мэдэгдлийг бичгээр өгөх үүрэгтэй гэсэн шаардлага байхгүй. Ажил нь өөрчлөгдөнө гэдгийг мэдэгдсэн байгаа. 2016 оны 12 дугаар сарын 13 өдөр өөрөө мэдсэн байгаа. Хуурамч дипломыг цагдаа хурааж авсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэл болсон заалтыг улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор тайлбарлаж байна. Ажлын байрны тодорхойлолтонд нийцүүлж уг ажилтныг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн. Төмөр замыг хуулж зарсан гэдэг нь тогтоогдсон байгаа. Нэхэмжлэгчийг 3 сард ажлаас нь халсан. Диплом нь хуурамч, хяналтын ахлах байцаагчаар ажиллахад боломжгүй. УБТЗамын даргын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй юм гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Отгонбаатар нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 900 437 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх З.Отгонбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
З.Отгонбаатар нь Дорнод аймаг дахь Баянтүмэн тасгийн хүний нөөцийн менежер, 2015 оны 07-р сарын 01-нээс тус тасгийн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан хэсгийн байцаагчаар, 2015 оны 09-р сарын 16-ны өдрөөс Тээврийн хяналтын албаны Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус тус ажиллаж байгаад Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн Б-1-56 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар ажлаасаа /хх 8-9, 10, 25, 26-30, 36, 44, 57/ халагджээ.
Нэхэмжлэгч ажлаас буруу халагдсан талаарх гомдлоо 2017 оны 03-р сарын 31-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Ажил олгогч нь З.Отгонбаатартай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “З.Отгонбаатар нь Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон” үндэслэлээр халсан байна.
Нэхэмжлэгч нь ажлаас халсан үндэслэлийг “...Төмөр замын тээврийн тухай хуулийн 29.3 дахь хэсгийг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дэх хэсэгт зааснаар халж байгаа бол нэг сарын өмнө мэдэгдэх хуудас өгөх, мөн 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ёстой, надаас ямар нэг шалгалт аваагүй, мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гараагүй” гэж маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...Төмөр замын дээд сургууль төгссөн хуурамч диплом илэрсэн, ажлаас нь өөрчлөхийг хурлаар мэдэгдсэн” гэж тайлбарлажээ.
Төмөр замын тээврийн тухай хуулийн 29.3 дахь хэсэгт “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд зохих сургалтад хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулна”, 10-р зүйлийн 10.1.11 дэх хэсэгт Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ...төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын жагсаалт, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил, албан тушаалын жагсаалтыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заажээ.
Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 271 дүгээр “Жагсаалт батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралт “Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын жагсаалт”-ын 1.18-д “Төмөр замын тодорхой чиглэлийн болон аюулгүй байдал хариуцсан хяналтын байцаагчийн албан тушаалд Төмөр замын их, дээд сургууль, коллежийн бакалаврын болон түүнээс дээш сургалтаар дээд боловсрол эзэмшсэн иргэн ажиллахаар баталсан /хх 61-65/ байна.
Өөрөөр хэлбэл, З.Отгонбаатарын Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын байцаагч, ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах үндэслэл нь Төмөр замын их, дээд сургууль, коллежийг бакалавр, түүнээс дээш сургалтаар боловсрол эзэмшсэн байх хуулийн шаардлага болно.
Харин З.Отгонбаатар нь 2013 онд Тээврийн дээд сургуулийг “Төмөр замын ашиглалтын техникч” мэргэжлээр суралцаж төгссөн гэх С201300587 дугаартай дипломтойгоор дээрх ажил, албан тушаалд ажиллаж байсан боловч тухайн сургуульд 2011-2013 онд суралцаагүй, тус сургуулийн захирлын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 116 тоот “Сургууль төгсгөх тухай” тушаал, түүний хавсралт “Ашиглалтын техникч” мэргэжлээр төгссөн төгсөгчдийн нэрсийн жагсаалтад түүний нэр тусгагдаагүй /хх 38-40/, эдгээр баримт, хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч няцаагаагүй байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233-р зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар шалгасан боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Тээврийн прокурорын газрын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3548 тоот тогтоолоор /хх 59-60/ эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Ажил олгогчийн санаачилгаар З.Отгонбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дэх хэсэгт заасан “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” үндэслэлээр цуцалсан байх ба энэ хуулийн 40-р зүйлийн 40.5-д зааснаар дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байна.
Харин хариуцагч нь З.Отгонбаатарын асуудлаар 2016 оны 12-р сарын 13-ны хурлаар хэлэлцэж, түүнд мэдэгдсэн гэх боловч энэ хурлаар “...тасгийн дарга Л.Энхболдын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулах, Отгонбаатар нарын ажлыг сольж, өөр ажилд томилох”-оор шийдвэрлэсэн, улмаар Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 01-р сарын 31-ний өдрийн Б-i-13 тоот тушаалаар ...З.Отгонбаатар нарыг шалгуулахаар хуулийн байгууллагад /хх 31-35/ шилжүүлжээ. Үүнээс дүгнэвэл, хариуцагч нь З.Отгонбаатарт хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдсэн гэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Ажил олгогч нь хууль зөрчиж З.Отгонбаатарыг үндэслэлгүйгээр халсан байх тул түүнийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тооцож нэхэмжилсэн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-нийг хүртэлх 54 хоногийн олговорт 4 900 437 төгрөгийг олгохоор байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул 4 900 437 төгрөгөөс тооцож шимтгэл төлж, бичилт хийх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Зоригтбаатарын Отгонбаатарыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 900 437 /дөрвөн сая есөн зуун мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөг гаргуулж олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар З.Отгонбаатарт олгох олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 93 357 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА