| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00423/И |
| Дугаар | 478 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 478
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9016001018, регистрийн дугаар 5341469, Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг Улаангом сум 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 26 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, РД:ОО70090398, Огсог овогт Лхамжавын Санжжав,
Хариуцагч: Увс аймаг Улаангом сум 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 26 оршин суух, 1973 онд төрсөн, эмэгтэй, РД:ХО73041567, Борлууд овогт Сүхээгийн Аюуш нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.650.675 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөг, нийт 4.660.675 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хуланхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хуланхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Лхамжав овогтой Санжжав, Сүхээ овогтой Аюуш нар нь Төрийн банктай 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 162000272187 тоот зээлийн гэрээний дагуу 34.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 26 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, 45-89 УВА улсын дугаартай Nissan sunny маркын суудлын автомашин, гэрийн цахилгаан хэрэгсэл, эд хөгшил, 306 толгой мал /адуу-2, үхэр-4, хонь-180, ямаа-120/ тус тус барьцаалсан. Зээлдэгч нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4.431.904,41 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 204.782,99 төгрөг, зээлийн торгуулийн хүүгийн үлдэгдэл 13.987,60 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөг, нийт 4.660.675 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Л.Санжжав, С.Аюуш нараас зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 4.650.975 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний төлбөр 10.000 төгрөг, нийт 4.660.675 төгрөгийг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 162000272187 тоот барьцаанд зээлийн барьцаанд тусгасан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Аюуш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сүхээ овогтой Аюуш миний бие нь нөхөр байсан Л.Санжжавын хамтран эзэмшигчээр банкнаас 34 сая төгрөг, өөрийн нэрэн дээр Л.Санжжавын хамтран эзэмшигчийн хамтаар Хаан банкнаас 10 сая төгрөг тус тус нийт 44 сая төгрөг авч Л.Санжжавд өгч малын наймаа хийлгэсэн. С.Аюуш надад 10.000 төгрөг ч өгөөгүй бөгөөд банкны мөнгөө гүйцэт төлөлгүй 23.600.000 төгрөг үлдээгээд гэрээсээ бүх юм, хувцас, газрын гэрчилгээ, машинаа аваад явчихсан. Яваад 2 жил шахам болж байна. Энэ хугацаанд зээлийг төлсөөр 4 сая гаруй төгрөг болгосон. Одоо надад цаашид төлөх чадвар алга. Банк нь зөвхөн миний гэрт манай ажлын газарт ирж надаас хүү болон зээлийг 2 жилийн турш төлүүлсээр ирлээ. Иймд үндсэн зээлдэгч Л.Санжжаваар төлүүлэхийг хүсч байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Л.Санжжав, С.Аюуш нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.660.675 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.Санжжав, С.Аюуш нар нь Төрийн банкны Увс тооцооны төвөөс 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 162000272187 тоот зээлийн гэрээ байгуулан 34.000.000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 /сарын 1.6%/ хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 26 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, 45-89 УВА улсын дугаартай Nissan sunny маркийн суудлын автомашин, гэрийн цахилгаан хэрэгсэл, эд хөгшил, 306 толгой мал /адуу-2, үхэр-4, хонь-180, ямаа-120/ тус тус барьцаалсан нь 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 162000272187 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 16200072187 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байгуулагдсан байх боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч С.Аюушийн тайлбараар тус тус нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Төрийн банк нь гэрээнээс татгалзаж, хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Л.Санжжав, С.Аюуш нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.650.675 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөг, нийт 4.660.675 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Л.Санжжав, С.Аюуш нарын зээлийн барьцаанд тавьсан гэрчилгээний №000108255, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-36 айлын орон сууцны 26 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, 45-89 УВА улсын дугаартай Nissan sunny маркийн суудлын автомашин, Гэрийн цахилгаан хэрэгсэл, эд хөгшил, 306 толгой мал /үүнд:адуу-2, үхэр-4, хонь-180, ямаа-120/ зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
Мөн хариуцагч Л.Санжжав нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбараа хуулийн хугацаанд шүүхэд ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон бөгөөд хариуцагч Л.Санжжав, С.Аюуш нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгийн саналыг хүлээн авч, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Санжжав, С.Аюуш нараас 89.521 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Л.Санжжав, С.Аюуш нараас 4.660.675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Л.Санжжав, С.Аюуш нарын зээлийн барьцаанд тавьсан гэрчилгээний №000108255, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-36 айлын орон сууцны 26 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, 45-89 УВА улсын дугаартай Nissan sunny маркийн суудлын автомашин, Гэрийн цахилгаан хэрэгсэл, эд хөгшил, 306 толгой мал /үүнд:адуу-2, үхэр-4, хонь-180, ямаа-120/ зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Санжжав, С.Аюуш нараас 89.521 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР