| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2021/0400/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/547 |
| Огноо | 2021-08-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Батбямба,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тунбаяр,
Шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х-д холбогдох эрүүгийн 2102... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Ц.Х нь 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сансар худалдааны төвийн баруун талын авто замд 47-79 УНП улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмт тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”. Мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтууд буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, замын хашлага давж, зам тээврийн осол гарган явган зорчигч буюу хохирогч М.О ийн эрүүл мэндэд баруун мөр, баруун гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Ц.О ын эрүүл мэндэд зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан, зөрсөн ил хугарал, зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, зовхины зөөлөн эдийн няцрал, биеийн ерөнхий доргилт бүхий хүнд хохирол, “Жэй Си Дэко Монголиа” ХХК-ийн эд хөрөнгөд 1.703.671 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Х нь 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сансар худалдааны төвийн баруун талын авто замд 47-79 УНП улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмт тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”. Мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтууд буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, замын хашлага давж, зам тээврийн осол гарган явган зорчигч буюу хохирогч М.О ийн эрүүл мэндэд баруун мөр, баруун гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Ц.О ын эрүүл мэндэд зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан, зөрсөн ил хугарал, зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, зовхины зөөлөн эдийн няцрал, биеийн ерөнхий доргилт бүхий хүнд хохирол, “Жэй Си Дэко Монголиа” ХХК-ийн эд хөрөнгөд 1.703.671 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх мэдээллийг Ц.Х-аас 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 5 тал/,
Зам тээврийн ослын газарт 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр үзлэг хийсэн: “...Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 7-н буудлын зам, Сансар худалдааны төвийн баруун автобусны буудлын замд үйлдэгдсэн байх ба уг ослын хэргийн газар очиход Тоёота Аллион маркийн 47-79 УНП улсын дугаартай автомашин зорчих хэсгийн хашлага мөргөж, замаас гарч автобусны буудал дээр зогсож байсан 2 хүнийг мөргөж, ТҮЦ мөргөж, зүүн хойшоо харсан байрлалтай зогссон. Эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай 4 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайлстай, нойтон халтиргаатай, шулуун тэгш асфальтан замтай байв. Явган зорчигч Ц.О ыг мөргөсөн гэх цэгийг жолооч Ц.Хгаар болон Акума төвийн хяналтын камерын бичлэгийг үндэслэн “А” үсгээр явган зорчигч Ц.О автомашинд мөргүүлээд унасан гэх цэгийг мөн жолоочийн заасныг үндэслэн “Б.” үсгээр, явган зорчигч М.О автомашинд мөргүүлсэн цэгийг жолооч Ц.Хгийн заасныг үндэслэн, мөн Акума төвийн хяналтын камерын бичлэгийг үндэслэн “2” тоогоор тэмдэглэв...” гэсэн тэмдэглэл, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-19 тал/,
Зам тээврийн ослын талаарх дүрс бичлэг бүхий СД-д мөрдөгч 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн: “...Бичлэгийг уншуулахад 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цаг 10 минутаас 17 цаг 15 минутад зам тээврийн осол гаргасан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр зорчиж байгааг гэрэл зургаар харуулав. Цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн талын автобусны буудлын зогсоолын хэсэг рүү орж байгааг гэрэл зургаар харуулав...” гэсэн тэмдэглэл / хх-ийн 29-32 тал /,
Хохирогч Ц.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажлаа тараад 32-н зүүн талын автобусны буудлаас гэртээ харихаар автобус хүлээгээд зогсож байтал гэнэт цагаан өнгийн суудлын автомашин хашлага даваад автомашиныхаа урд хэсгээр хүчтэй мөргөөд зогссон. Би тухайн авто машинд мөргүүлээд явган хүний зам руу шидэгдэж унасан. Би гэмтлийн эмнэлэгт 11 хоног хэвтэн эмчлүүлж, зүүн хөлийн шилбэний ясны хугарлын хагалгаанд орсон. Одоо 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дахиж гэмтлийн эмнэлэгт хэвтэж хагалгаанд орно. Би эрүүл мэндээрээ хохирсон учраас гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,
“...ослоос хойш Ц.Х 1,600,000 орчим төгрөг өгсөн байгаа. Эмчилгээ болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 тал/,
Иргэний нэхэмжлэгч М.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажлаа тараад 17 цаг өнгөрч байхад гэртээ харихаар 32-н автобусны зүүн талын буудлаас Монелийн автобусанд суухаар буудлын ТҮЦ-ийн ойролцоо зогсож байтал гэнэт цагаан өнгийн автомашин сүр cap гэж орж ирээд миний хоёр өвдөг рүү хүчтэй мөргөсөн. 103-н машин ирээд намайг авч яваад Гэмтлийн эмнэлэгт үзүүлж,, рентген зураг авхуулахад баруун талын дунд чөмөгний доод булууны сэтэрсэн хугарал байна. Толгой баруун мөрний MRI зайлшгүй шинжилгээ хийлгэх шаардлагатай, хэвтрийн дэглэм сайн гэж зөвлөсөн. Осолд орсноос хойш өөрөөсөө 40 гаран мянган төгрөгөөр эм, тариа авч хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 тал/,
Иргэний нэхэмжлэгч А.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2013 оноос хойш одоог хүртэл Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн чиглэлийн автобусны буудлын байгууламжуудыг барихаар гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж, барьж байгуулсан байгууламжуудыг өдөр бүр явж цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хийдэг. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-н буудлын зүүн талын автобусны буудлын гэрэлт самбар, хогийн савыг эвдэж гэмтээсэн байсныг мэдсэн. Тухайн автобусны буудлын гэрэлт самбарын урд талын нэг багана, хогийн сав эвдэрч, хэмхэрсэн байсныг шинээр сольж, суурилуулсан. Манай байгууллагын үнийн саналын хувьд гэрэлт самбарын хөл 1,300,470 төгрөг, хогийн сав 578,530 төгрөг гэж нэхэмжлэл гаргасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 тал/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Зам тээврийн ослын улмаас манай ТҮЦ- ийн баруун хойд буланг мөргөж завсар гарч, зайтай болгосон байсныг осол гаргасан жолооч Ц.Х нь засаж өгсөн. Цаашид миний зүгээс нэхэмжпэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1199 дугаартай “...Ц.О ын биед зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан, зөрсөн ил хугарал, зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал духнь зөөлөн эдийн няцрал, зовхины зөөлөн эдийн няцрал, биеийн ерөнхий доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 76-78 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1297 дугаартай “... М.О ийн биед баруун мөр, баруун гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 81-82 тал/,
Мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаартай “...Цэцэгмаагийн Хангай нь Тоёота Аллион маркийн 47-79 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмт тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”. Мөн дүрмийн 12.3-т “жолооч хедөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа /хх-ийн 114-116 тал/
Цагдаагийн Ерөнхий газар Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 22/375 дугаар “...Цэцэгмаагийн Хангайн /рд:УШ-91011011/ мэдээллийг жолоочийн бүртгэлийн сан /ТРБ/-д шүүж, хянахад жолоочийн бүртгэлгүй байна...” гэсэн лавлагаа /хх-ийн 147 тал/,
Яллагдагч Ц.Хн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-210 тоотод хүргэж өгөхөөр гэр бүлийн хэрэгцээний Тоёота аллион маркийн 47-79УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод ачааны машинд зам зааж өгөхөөр 32-ийн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байтал Дэнжийн мянга талаас хар өнгийн суудлын автомашин орж ирэхдээ намайг шахахаар нь би хурдаа хасаад тухайн автомашиныг урдаа оруулсан боловч тухайн хар өнгийн суудлын автомашин 2 удаа гүйцэт түрүүлэх үйлдэл хийх гээд саад учруулсан. Автомашиныхаа хурдыг нэмээд гүйцэт түрүүлэх үйлдэл хийх агшинд урд талд явж байсан хар өнгийн автомашин урд талд тормос гишгээд цаашаа явчихсан ба би нэгдүгээр эгнээ рүү ороод тормос гишгэсэн боловч автобусны буудал руу орж тухай буудлын байгууламж болон ТҮЦ-ийн буланг мөргөөд зогссон. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Өөрийн болчимгүй үйлдлээс болж хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-132 тал/ зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.Хгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 139 тал/,
- Шүүгдэгч Ц.Хгийн ажлын үнэмлэхний хуулбар /хх-ийн 141 тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148 тал/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр санаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодсон, анхаарал болгоомжгүй байдал, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ц.Х нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ мэдсээр байж санаатай зөрчсөн ба бусдын биед хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Ц.Хгийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль журмыг зөрчиж, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, “Жэй си дэко” ХХК-д 1.703.671 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч М.О , Ц.О ,иргэний нэхэмжлэгч “Жэй си дэко” ХХК нь шүүхэд шүүгдэгч Ц.Хг “хохирол барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг ирүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтууд, шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр зэргээр нотлогдож байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Хд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Ц.Хд ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “...3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт битүүмжилсэн “Соната-6” маркын тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгох” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, “Жэй Си Дэко Монголиа” ХХК-ййн эд хөрөнгөд 1,703,671 төгрөгийн хохирол тус тус учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Х-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Х-д оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. хохирогч М.О, Ц.О нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ