Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1679

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01679

Улаанбаатар хот

 

                  

 

   

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Тахилтын 1-18а тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар УХ 58020217, Далай овогт Магвандалайн  Баярсуурийн нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дүүхээ 14 дүгээр байрны  19 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар  ШД 75073004, Боржигон овогт Октябрын Оюунгэрэлд  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 550 000 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Баярсуурь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016 оны 3 дугаар сарын 14-нд Оюунгэрэлд 10 хувийн хүүтэй 1 500 000 төгрөг зүүлдүүлсэн боловч одоог хүртэл мөнгө өгөөгүй. Ийм учраас миний үндсэн мөнгө болох 1 500 000 төгрөг, үүний хүү болох 0,5 хувиар бодож нийт 2 550 000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Баярсуурь шүүхэд гаргасан хүсэлтдээ:Шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ 1 010 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1 540 000 төгрөгийг О.Оюунгэрэл 2017 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар бид тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч О.Оюунгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ:Би 1 540 000 төгрөгийг  2017 оны 07 дугаар сарын 10-ны дотор Д.Баярсуурьт төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдссан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Баярсуурь хариуцагч О.Оюунгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 

Нэхэмжлэгч Д.Баярсуурь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 010 000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 1 540 000 төгрөгийг О.Оюунгэрэл 2017 оны 07 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 750 төгрөгийн 50 хувь болох 27 875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 27 875 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 39 590 төгрөгийн 50 хувь болох 19 795 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Д.Баярсуурь нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 010 000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 1 540 000 төгрөгийг О.Оюунгэрэл 2017 оны 07 дугаар сарын 10-ны дотор нэхэмжлэгч  Д.Баярсуурьд  төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 750 төгрөгөөс 27 875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 27 875 төгрөгийг улсын орлогоос, 19 795 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                      З.ДОРЖНАМЖИН