| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0122/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 47
О.Б-, Г.О- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Ц.Амаржаргал
Прокурор Д.Энхтуяа
Шүүгдэгч О.Б-н
өмгөөлөгч Н.Баярмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ын Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-ын О- нарт холбогдох эрүүгийн 1718003520133 тоот, 1 хавтастай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Н- овогт О-ын Б- /РД:**********/, урьд ял шийтгэлгүй.
2. Монгол Улсын иргэн, Х- овогт Г-ын О- /РД: **********/, урьд ял шийтгэлгүй.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Шүүгдэгч О.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 03.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.О-ын “Самсунг нөт-2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, улмаар Г.О- “гар утас авлаа” хэмээн маргалдахад түүнийг духан тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-Шүүгдэгч Г.О- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 03.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.Б-г “гар утас авч зугтаалаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 142 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Н- овогт О-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х- овогт Г-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,
-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-, Г.О- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.
Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
“...Шүүгдэгч О.Б-д ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь “...6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан бөгөөд шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаар түүнд оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй буюу хууль буруу хэрэглэсэн байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.4, 1.5-д заасан зохицуулалт нь оногдуулсан хорих ялыг тодорхой хэмжээгээр хөнгөрүүлэх ойлголт бөгөөд, харин мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “...5 жип, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх...” гэж заасан нь оногдуулсан хорих ялыг тэнсэх ойлголт биш байхад шүүх хорих ял оногдуулж, хорих ялыг тэнссэн нь үндэслэлгүй байна.
2. Шийтгэх тоггоолын 3 дахь заалтаар шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоож өгөөгүй атлаа тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсэн нь үндэслэлгүй байна. Учир нь торгох ялыг биелүүлэх хугацааг шүүхээс тогтоогоогүй буюу ялтан хэдий хугацаанд торгох ялыг биелүүлэх нь тодорхойгүй байхад түүнийг торгох ялыг биелүүлээгүй гэж үзэж хорих ялаар солих үндэслэл бүрдэхгүй байна.
З.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт тусгах зүйлийг заасан ба тухайлбал уг зүйлийн 1.9-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, түүнийг хуваарилсан талаар тусгахаар заасан байхад шүүх тогтоолын тогтоох хэсэгт /11 дүгээр заалтад/ зардлын асуудпыг тусгаж шийдвэрлээгүй нь дээрх хууль заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтад заасан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, эрүүгийн 1718003520133 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
“...Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын алдааг давж заалдах шатны шүүх засах бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх тэнсэх заалтыг буруу хэрэглэсэн. Өмгөөлөгчийн зүгээс тэнсэх боломжтой гэж үзэж байна” гэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч О.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 03.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.О-ын “Самсунг нөт-2” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, улмаар Г.О- “гар утас авлаа” хэмээн маргалдахад түүнийг духан тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-Шүүгдэгч Г.О- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 03.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.Б-г “гар утас авч зугтаалаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдсон байна.
Аймгийн Прокурорын газраас дээрх үйл баримтуудыг гэмт хэрэг гэж үзэн О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж, Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр, шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч О.Б-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч О.Б-, Г.О- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Б-, Г.О- нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, анхан шатны шүүхээс тэдний үйлдсэн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй хэдий ч шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлээгүй атлаа шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг тэнссэн нь хуулийн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэрэглэх зохицуулалт бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-1.5-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хэрхэн тогтоосныг харгалзан шүүх ял оногдуулахаар заажээ.
Шүүхээс хорих ял оногдуулчихаад тэнсэх тухай хуулийн зохицуулалт байхгүй, харин хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, эсхүл оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх тохиолдолд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээр зохицуулжээ.
Түүнчлэн шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүх торгох ялыг төлөх хугацааг тогтоож өгөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт тусгахаар заасан зүйлийг бүрэн тусгалгүй 36.8 дугаар зүйлийн 1.9-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай заалтыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар бичсэн Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Б-, Г.О- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч О.Б-, Г.О- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Шүүгдэгч О.Б-, Г.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Ц.АМАРЖАРГАЛ