Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 122/2019/0030/з |
Дугаар | 38 |
Огноо | 2019-12-18 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 38
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Н.Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагч У.Э, улсын байцаагч Д.О нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/54 тоот Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч У.Э, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б миний бие 2017-2018 онд Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байх хугацаанд Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн салбар өр авлага үүсгэхгүй ашигтай ажилласан бөгөөд Эрүүл мэндийн яам болон Сүхбаатар аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр А үнэлгээтэй дүгнэгдэж байсан.
Харин Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/54 дүгээр актаар захиргааны буруу шийдвэрээс болж 4.855.905 төгрөгийн хохирол төрд учирсан байна гэж дүгнэлт гаргаж байгааг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна.
Захиргааны байгууллага нь өөрийн санаачлагаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх болон оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргахдаа захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны урьдчилсан нөхцөл болох захиргааны шийдвэрийн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж буй оролцогчийг сонсох, тайлбар мэдүүлэг авах, гаргуулах, сонсох үйл ажиллагааг хуульд заасан нөхцөл журмын дагуу явуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх үүргийг хүлээдэг.
Гэтэл Сүхбаатар аймгийн С албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор У.Э, Д.О нар нь “Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/54 дугаар акт” гаргахдаа дээрх ажиллагааг хийгээгүй байгаа нь нэхэмжлэгч миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн С албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.О нь утсаар ярьж таньд акт тавьсан, ямар ч байсан дуулгая гэж нэгэнт тавигдсан актын тухай надад мэдэгдсэн.
Иймд Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/54 дугаар эрх зүйн зөрчил бүхий актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөллийн саналдаа: Нэхэмжлэгч Н.Б нь Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/54 дугаартай “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс нэгдүгээрт уг акт нь үндэслэлгүй гарсан, тухайн мөнгийг авсан хүн нь хариуцах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлдэг. Хоёрдугаарт сонсох ажиллагааг хийгээгүй. Өөрөөр хэлбэл акт тавих үедээ нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Акт тавьсныхаа дараа утсаар мэдэгдсэн. Иймээс уг актыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг дэмжиж байна.
С албаны акт нь захиргааны шийдвэр мөн учраас захиргааны шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийх ёстой. Сонсох ажиллагаа гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргах ажиллагааны явцад эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй оролцогч этгээдэд шийдвэр гаргахын өмнө олгож байгаа онцгой ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл эрх нь хөндөгдөж байгаа этгээд өөрийнхөө эрхийг хамгаалах ажиллагаа юм. Үг хэлэх, саналаа хэлэх тухайн акттай танилцах гэх мэт. Үүний үндсэн дээр хариу тайлбар өгөх. Ийм нөхцөл боломжоор хангах үүрэгтэй. Сонсох ажиллагаа явуулах гэж байгаа бол эхлээд мэдэгдэл хүргүүлэх ёстой. Мэдэгдлийг шууд өөрт нь хүргэнэ гэсэн хуулийн заалттай. Мэдэгдэлд тодорхой хэмжээний мэдээлэл тусгасан байх ёстой. Өөрөөр хэлбэл ямар үндэслэлээр хяналт шалгалтын ажиллагаа хийж байгаа. Түүнтэй холбоотойгоор ийм ийм асуудал гарлаа. Таны эсрэг ийм шийдвэр гарах гэж байна. Шийдвэрийн хууль зүйн үндэслэл, төлбөр тооцоо зэргийг мэдэгдэх ёстой. Сонсох ажиллагаа хийж байгаатай холбогдуулан хариу тайлбараа өгөх хугацаа заах, хийсэн үр дүнгийн талаар тэмдэглэл хөтлөх, хувийн хэрэг хөтлөх гэх мэт. Захиргааны шийдвэр гаргасны дараа сонсох ажиллагаа хийхийг хориглоно гэсэн хуулийн заалт байгаа. Гэтэл акт тавьсныхаа дараа ийм акт тавьсан шүү гэж хэлсэн. Үүнийг сонсох ажиллагаа явуулсан байна гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчээс сүүлд гаргасан нэмэлт тайлбартаа улс төрийн албан тушаалтнуудын зүгээс Ц.Хүрэлбаатарыг ажлаас чөлөөл гэж дарамталсан, шахсан, эрхшээлдээ байлгасны улмаас ийм шийдвэр гаргасан гэж хэлдэг. Тэр үйлдлүүдийн үр дүнд бий болсон асуудал гэж тайлбарладаг. Ц.Хүрэлбаатар нь Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн байсан. Тухайн үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон хурлын төлөөлөгч байсан. Ц.Хүрэлбаатарыг Хурлын төлөөлөгч учраас ажлаас нь чөлөөл, нэг бол төлөөлөгчөөсөө татгалзаад төрийн албандаа ажилла гэсэн шаардлагыг Засаг даргын зүгээс удаа дараа тавьж байсан. Түүнийг ажлаас нь чөлөөлөхдөө нэгдсэн эмнэлэгт өөр ажилд томилохоор тохирсон. Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хэлтсийн даргын зүгээс энэ асуудлыг зохицуулж өгнө гэсэн асуудлыг ярьсан. Ажлаас чөлөөлсний дараа Нэгдсэн эмнэлгийн дарга нь ажилд авахгүй байсан. Ажилд авахгүй байсан шалтгаанаа юу гэж хэлж байгаа вэ? гэхээр улс төрждөг, намчирхдаг учраас авмааргүй байна гэж хэлсэн. Ц.Хүрэлбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Энхтөр, Ганцогт нар нь татуулсан. Энэ талаар 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 343 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, эвлэрэх шийдвэр гаргасан учир дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргахгүй гэж шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад маш тодорхой зааж өгсөн байдаг. 08 дугаар сарын 10-ны дотор ажилд нь томилно гэж тохирсон байсан. Ц.Хүрэлбаатар нь 2018 оны 01 дүгээр сард шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Дахин энэ хэргээр нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн шүүгчийн захирамжийг орхигдуулж, 2018 оны 01 дүгээр сард Сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 03 дугаар сарын 14-нд нэхэмжлэлийн шаардлага дээрээ хоёр тал эвлэрч тохирсон. Албаны шийдвэр гаргаж, гарын үсэг зурснаар түүнд хохирлыг тохож байгаад үнэхээр гомдолтой байна. Улс төрийн ажилтнуудын үйл ажиллагаанаас болоод 3-4 хүний эрх ашиг хөндөгдсөн байгаа. Тэр бүх шийдвэртэй Н.Б нь холбогдож 20 гаруй сая төгрөгийн өр төлбөрт орж байгаа нь харамсалтай байна. Иргэний хэргийн шүүхийн өмнөх шийдвэрээр дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гээд заасан байтал дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж цалин нэхэмжилсэн. Энэ байдлыг шүүх анхаарч үзнэ үү. Нэгэнт эвлэрсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Дахин анхан шатны шүүх нэхэмжлэлийг авч шийдсэн асуудал нь хэр зэрэг үндэслэлтэй байна вэ? гэдгийг анхаарч өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагч У.Э, улсын байцаагч Д.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн С албаны даргын баталсан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 22 тоот удирдамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын цалин хөлс түүнтэй адилтгах олговорт санхүүгийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор У.Э, улсын байцаагч, дотоод аудитор Д.О нар 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Н.Б нь Улаанбаатар хотод ажиллаж байсан учир Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Д.О 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 36 минутанд өөрийн 80083748 дугаартай утаснаас Н.Бгийн 99030249 утсанд холбогдон “шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын төсвөөс үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөний цалингийн зардалд 4855.5 мянган төгрөг Ц.Хүрэлбаатарт олгогдсон байна. Төсөвт учирсан 4855.5 мянган төгрөгийн хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх заалтыг үндэслэн буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан төлнө гэсний дагуу таниар төлүүлэхээр акт тогтоох нь байна. Таныг хотод байгаа болохоор биечлэн уулзах боломжгүй утсаар албан ёсоор ярьж байна шүү” гэж мэдэгдсэн. Мөн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор У.Э нь 99515484 дугаартай утсаар түүний 99030249 дугаартай утас руу 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 9.40 цагт залгасан боловч утсаа аваагүй, бас 06 дугаар сарын 28-ны өдөр 10.40-д мессэж бичиж мэдэгдсэн болно гэжээ.
Хариуцагч У.Э шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаас төсвийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн албан бичиг ирсний дагуу хяналт шалгалтын удирдамж батлуулж хяналт шалгалт хийсэн. Нэхэмжлэгч Н.Б нь Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхдаа Ц.Хүрэлбаатарыг ажлаас чөлөөлсөн хууль бус шийдвэр гаргасныг шүүхээс тогтоосон. Шүүхийн шийдвэрээр тогтоосон үнийн дүнгээр нь Н.Бд холбогдуулан акт тавьсан. Уг актыг Н.Б хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний хувьд Н.Бд утсаар мэдэгдсэн. Ирэхгүй байсан учраас мессэж бичиж үлдээсэн. Сонсох ажиллагааг хуулийн дагуу хийсэн гэв.
Хариуцагч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Удирдамжийн дагуу хяналт шалгалтыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эхлүүлсэн. Тэгээд 4 сая гаруй мянган төгрөгийн акт тогтоосон. Миний хувьд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Н.Б даргатай утсаар ярьсан. Манай байгууллагад Төрийн аудитын газраас албан бичиг ирсэн. Албан бичигт буруутай албан тушаалтнуудаар төсвийг хохиролгүй болго гэсний үндсэн дээр шалгалт хийгдэж Н.Б танд акт тавигдах гэж байна. Тиймээс танд мэдэгдэж албан ёсоор сонсох ажиллагаа хийж байна шүү гэж хэлэхэд Н.Б миний хувьд төлөх ямар ч боломж байхгүй гэж хэлсэн. Сонсох ажиллагаа явуулах хэлбэрийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан. Сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна. Үүнд бичгээр, биечлэн уулзах болон утсаар саналыг авч болно мөн цахим хэлбэрээр санал авч болно гэж заасан байна. Тухайн үед Н.Б нь Улаанбаатар хотод ажлаар явж байсан учир биечлэн уулзах боломжгүй байсан. Тиймээс утсаар сонсох ажиллагааг хийсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд хандан “Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/54 дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... төлбөрийн акт тавихдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, миний эрх ашгийг зөрчсөн гэж маргаж байгаа бол харин хариуцагчийн зүгээс “ ... улсын байцаагч Д.О нь нэхэмжлэгч Н.Бтай утсаар ярьж түүнд холбогдуулан акт тогтоох гэж байгаа талаар албан ёсоор мэдэгдсэн. Н.Бтай дахин утсаар холбогдох гэсэн боловч утсаа аваагүй. Акт тогтоосон талаараа түүнд мессэж явуулсан ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Маргаан бүхий акт болох Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-01/54 дүгээр актаар захиргааны буруу шийдвэрээр ажилгүй болсон Ц.Хүрэлбаатарын хохирлыг барагдуулахад байгууллагын төсвөөс зарцуулж шийдвэрлэсэн 4.855.905 /дөрвөн сая найман зуун тавин таван мянга есөн зуун тав/ төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Н.Бгаар төлүүлж орон нутгийн орлогын 100120000952 тоот дансанд 2019 оны 08 дугаар сарын 25-ны дотор оруулахыг Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл /Х.Энхцэцэг/-д хариуцуулж шийдвэрлэжээ.
1. Нэхэмжлэгч Н.Б нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн Яаралтай гамшгийн үеийн тусламж, цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, эмнэлгээс шалтгаалсан халдварын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгожээ.
Ц.Хүрэлбаатараас дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 343 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Хүрэлбаатар нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Б нь нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарыг 2017 оны 08 дугаар сарын 10-ны дотор аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэргэжлийн дагуу ажилд томилуулахаар зөвшөөрч талууд харилцан тохиролцсон тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Үүний дараа Ц.Хүрэлбаатараас аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 147/ШШ2018/00157 дугаартай шүүгчийн захирамжаар 4.456.278 төгрөгийг 2 сарын хугацаанд Ц.Хүрэлбаатарт Эрүүл мэндийн газраас өгөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын төсвөөс 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 74 тоот төлбөрийн хүсэлтээр Ц.Хүрэлбаатарын Хаан банкны 5645013498 дугаар дансанд 4.010.650 төгрөг, 75 тоот төлбөрийн хүсэлтээр аймгийн Татварын хэлтсийн 100120000901 дугаар дансанд 445.628 төгрөг, 76 тоот төлбөрийн хүсэлтээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 100120090000 дугаар дансанд цалингийн шимтгэл 356.502 төгрөг, 78 тоот төлбөрийн хүсэлтээр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 5644031270 дугаар дансанд тэмдэгтийн хураамж 43.125 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа гаргасан хууль бус шийдвэрийн улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг буцаан төлүүлэхээр С албаны улсын ахлах байцаагч акт тогтоосон нь үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “ ... С албаны улсын ахлах байцаагч акт тогтоохдоо мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй. Мөн Ц.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн газрын эвлэрлийг баталж, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад Ц.Хүрэлбаатар нь дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс цалингийн асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хариуцагч санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Огийн эзэмшлийн 80083748 дугаараас нэхэмжлэгч Н.Бгийн 99030249 дугаар руу 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08:36 цагт 316 секунтын яриа, 08:50 цагт нэхэмжлэгч Н.Бгийн 99030249 дугаараас улсын байцаагч Д.Огийн 80083748 дугаар руу 61 секунтын яриа хийсэн болох нь 80083748 дугаарын 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хэрэглээний дэлгэрэнгүй мэдээллээр нотлогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т “сонсох ажиллагааг утсаар ярих арга хэлбэрээр явуулна” гэж заасны дагуу улсын байцаагч хяналт шалгалтын талаар нэхэмжлэгчтэй утсаар харилцаж төлбөр тогтоосон акт гарч байгаа талаар мэдэгдсэнийг буруутгах боломжгүй юм.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 343, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 147/ШШ2018/00157 дугаар шүүгчийн захирамжууд хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба нэгэнт хүчин төгөлдөр болсон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээс хянах хууль зүйн үндэслэл байхгүй.
Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Н.Б нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Эмнэлгийн тусламжийн хэлтсийн Яаралтай гамшгийн үеийн тусламж, цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, эмнэлгээс шалтгаалсан халдварын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Хүрэлбаатарыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас түүнд 4.010.650 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 356.502 төгрөг, татварт 445.628 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 43.125 төгрөг, нийт 4.855.905 төгрөгийг аймгийн Эрүүл мэндийн газрын төсвөөс шилжүүлж, захиргааны байгууллагын төсөвт хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул энэ хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасныг үндэслэн буруутай албан тушаалтан болох Н.Бгаар төлүүлэхээр шийдвэрлэсэн Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 31-01/54 дүгээр акт нь хуульд нийцсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Бгийн “Сүхбаатар аймгийн С албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/54 дүгээр актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД