Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0544

 

Л.Дн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн                        

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн

Нэхэмжлэгч: Л.Д

Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдааныг хүчингүй болохыг тогтоолгох, сумын Засаг дарга С.Уыг огцруулах тухай 01 тоот тогтоол, К.Бг сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тухай 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж, гуравдагч этгээд К.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 124/2023/0003/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Дгээс Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдааныг хүчингүй болохыг тогтоолгох, сумын Засаг дарга С.Уыг огцруулах тухай 01 тоот тогтоол, К.Бг сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тухай 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.Дгийн Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

 

3.1. Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хуралдуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг долоогоос доогүй хоногийн өмнө зарлах хуралдуулах хуулийн заалтыг зөрчиж 3 хоногийн өмнө хуралдуулсан.

 

3.2. Хуралдааныг өглөө 9 цагт хийхээр товлон зарлаж урилга хүргүүлсэн боловч оройн 19.40 минутад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хурал эхлэх цаг хойшилсон талаар нэхэмжлэгчид мэдэгдэлгүй нууцаар хийсэн. Мөн хуралдаанд өөрийгөө удирдан жолоодох чадваргүй согтуу төлөөлөгч оролцуулсан. Энэ талаар өөрийнх нь илтгэх хуудас хэрэгт байгаа.

 

3.3. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийн хамтар хуралдаан эхлэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө хурлын төлөөлөгч нарт тараана. Хэрэв үүнийг зөрчих юм бол хурлаар хэлэлцэхгүй гэснийг зөрчиж ямар ч материалгүй байхад Засаг даргыг огцруулах болон дараагийн Засаг даргыг өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцсэн.

 

3.4. Шүүх нь хуралдаанаар Засаг даргыг чөлөөлсөн, өргөн мэдүүлсэн асуудлыг төлөөлөгч Дүүдэйг оролцуулалгүй хэлэлцэж шийдсэн нь Дүүдэйн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзсэн нь буруу дүгнэлт бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан төлөөллийн ардчиллын зарчим, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн байхад шүүх тухайн хууль зөрчсөн үйл баримт тогтоогдож байна гэж үзсэн хэр нь үүнийгээ зөвлөсөн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

 

3.5. Мөн гуравдагч этгээдээр Засаг даргад нэр дэвшсэн К.Бг шүүх өөрийн санаачилгаар татсан хэр нь огцорч байгаа Засаг дарга болох С.Уыг өөрөө гуравдагч этгээдээр татуулах хүсэлт бөгөөд байхад татахгүй байгаа нь шүүх хараат бус хөндлөнгийн байх, гагцхүү мэтгэлцээний үндсэн дээр үнэнийг тогтоох зарчмаасаа ухарсан, хэт нэг талд үйлчилсэн явдал болсон. Шүүх нотлох баримт цуглуулахдаа гаргах шийдвэртэй тааруулж нэг талыг барьсан нотлох баримт цуглуулсан нь хэрэг хэлэлцэх явцад тодорхой болсон.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Хэргийн үйл баримтаас үзвэл Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч З.Дамдинсүрэнгээс 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 01 дүгээр “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “... сумын Засаг дарга С.У нь ИТХ-аас гарсан шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж огцруулах асуудлыг хурлаар хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэсэн хүсэлтийг С.Л, Б.Т, Э.С, Ө.Д, Ц.А, Б.Б, М.М нарын 8 төлөөлөгчийн хамтаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд гаргажээ.

3.1. Улмаар Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр захирамжаар дээрх асуудлыг хэлэлцүүлэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар зарлаж, тус хуралдааны товыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хурлын төлөөлөгчдөд хүргүүлсэн байна.

4. Нэхэмжлэгчээс “... хуралдааныг 7-оос доогүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэснийг зөрчсөн, хурал шөнийн цагаар үргэлжилсэн, миний хуралд оролцох, асуулт асуух, санал дүгнэлт гаргах, санал өгөхийг эрхийг хязгаарласан” гэсэн үндэслэлээр “Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдааныг хүчингүй болохыг тогтоолгох, сумын Засаг дарга С.Уыг огцруулах тухай 01 тоот тогтоол, К.Бг сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тухай 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

4.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 46.6-д “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна, Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана”, 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж тус тус заасан.

4.2. Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цагт болохоор зарлагдсан ээлжит бус хуралдааны товыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хурлын төлөөлөгч Л.Дд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Хуралдааны урилга хүргүүлсэн жагсаалт”, гэрч С.Лын өгсөн мэдүүлэг, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар тус тус тогтоогдож байна.

4.3. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ээлжит бус хуралдааныг зарлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт заасан долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэснийг зөрчсөн нь тогтоогдсон. Энэ талаар хариуцагчийн зүгээс үгүйсгэж маргаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсэгт заасныг зөрчиж хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй хэр нь “миний хуралд оролцох, асуулт асуух, санал дүгнэлт гаргах, санал өгөхийг эрхийг хязгаарласан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.4. Тодруулбал, тус хуралдаанаар сумын Засаг дарга С.Уыг огцруулах асуудлыг хэлэлцэх талаар болон хурлын тов төлөөлөгч нарт хүрсэн, хуралдаанд оролцвол зохих 21 төлөөлөгчийн 11 төлөөлөгч ирснээр 52.4 хувийн ирцтэй хуралдаан эхэлж, Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах санал авах тухай” 01 дүгээр тогтоол, “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 02 дугаар тогтоолыг 100 хувийн саналаар тус тус баталсан байна.

5. Мөн хариуцагчийн “хуралдааны ирцтэй холбоотой төлөөлөгч хүлээснээр хуралдаан 20.00 цагт эхэлсэн” гэсэн тайлбар нь гэрч С.Лын мэдүүлгээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч Л.Д нь ямар шалтгааны улмаас хуралдаанд оролцоогүй болох нь тодорхойгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

5.1. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ