Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00107

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Т.Баялаг

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч С.Баярсайхан

Шүүгдэгч Б.Орсоо нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад овгийн Бадамхандын Орсоод холбогдох 201614000137 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.1. Хиад овгийн Бадамхандын Орсоо, Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 25-07 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 сарын 01-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 10 сарын 08-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай. /РД:ФБ81122815/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

2.1. Шүүгдэгч Б.Орсоо нь 2016 оны 03 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт байрлах “Шинэ тулга” дэлгүүрийн дэргэд С.Баярсайхантай таарамжгүй харьцааны улмаас маргалдан газар унаган зүүн шилбэний шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч С.Баярсайханы “2016 оны 03 сарын 06-ны өдрийн 10 цагийн үед Чимэг ахын хамт Эрдэнэхаш гэх айлд ороход миний танил Орсоо, Эрдэнэхаш нар архи уугаад байж байсан юм. Бид хамт хоёр шил архи хувааж уугаад байж байтал Чимэг ах гэртээ харилаа гээд гараад явсан юм. Архи ууж байхад мөн өөрийн танил Хүрэлшагай орж ирсэн юм. Хүрэлшагай хэсэг байж байгаад гараад явсан. Мөн дахин буцаж орж ирсэн. Бид нар архи хувааж дуусаад Эрдэнэхаш гэрээс гараад Орсоо архинд дэлгүүр явсан. Ирэх хооронд нь Хүрэлшагай бид 2 тамхинаас болоод хэрүүл маргаан үүсгэж хэрэлдэж байтал Орсоо ирсэн. Орсоо ирээд над руу дайраад бид маргалдан улмаар хоорондоо бие биенээ заамдаж аваад Орсоо намайг өргөөд шидсэн юм. Газарт унахдаа замын хажуугийн бордюрь дээр унасан юм. Мөн би хөл хугарчихлаа гэж хэлэхэд дахин толгойн хэсэг буюу баруун талын шанаа хэсэг рүү өшиглөсөн. Би босох чадваргүй байсан. Орсоод би гар хүрээгүй, Орсоо тэгээд шууд яваад өгсөн юм. Намайг газарт хэвтэж байхад Алтанхуяг Болдоо хоёр таараад машинд суулгаж гэрт хүргэж өгсөн. Тэгээд гэртээ ирээд эмнэлэг рүү явсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 12-13-р хуудас/

 

2. Гэрч Б.Баян-Амгалангийн “2016 оны 3 сарын 06-ны өдрийн өглөө 11 цагийн үед санагдаж байна. Эмийн сан ороод эм тариа аваад явж байхад Орсоо, Баярсайхан, Алтанхуяг, Амраа гэх залуу дэнжийн 8 дугаар байрны гадаа зогсож байхад нь би очсон. Тэгтэл Орсоо нэг шил Соёмбо архи авсан найз нартайгаа уунаа гээд тойруулахад нь би уухгүй гэж хэлсэн. Тэр өдөр архи дарс уугаагүй байсан. Тэр үед Хүрлээ ирсэн. Хүрлээ ганц нэг татсан халамцуу байсан байж магадгүй. Тэр үед Баярсайхан хайрцагтай нарийн тамхи бариад зогсож байсан. Тэгтэл Хүрлээ Баярсайханыг тамхи өгчих гээд гуйсан. Тэгтэл Баярсайхан өгөхгүй та нарын татдаг тамхи биш гээд согтуурхаад байсан. Тэрнээс болоод нохой гахайдаа тулаад маргалдаад байсан. Орсоо гэх залуу Баярсайханыг цохих гэхээр нь боль та нар маргааш амаа барина даа гэсэн чинь Орсоо гэх залуу больсон. Тэгээд мини маркетийн тийшээ очоод Баярсайхан үзсэн ч яадаг юм гээд хувцасаа тайлах гээд оролдсон. Тэр үед Орсоо гүйж очоод Орсоо Баярсайхан нар хоёр талаасаа барьцалдаад авсан. Орсоо өндөр юм болохоор Баярсайханыг тэврээд өргөсөн. Тэр үед Баярсайхан хөлөө хойш нугалсан тэр үед нь Орсоо машины замын хажуу талаар явсан хөлдүү мөс тогтсон байсан газар дээр доош нь тас гээд суулгасан. Тэгтэл Баярсайхан хөл гээд орилоод байсан. Тэгээд Баярсайханыг салгаад замын хажуу талын цэцэгний саван дээр суулгасан байсан чинь Орсоо гүйж ирээд Баярсайханы шанаа руу өшиглөсөн. Тухайн үед халцарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 9-р хуудас/

 

3. Шинжээч эмчийн 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 200 дугаартай дүгнэлт “С.Баярсайханы биед зүүн шилбэний шаант ясны далд хугарал, зүүн гуя өвдөг шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун чихний хэсэгт зулгаралт үүсчээ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 17-р хуудас/ гэсэн дүгнэлт болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Орсоо мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан учир ар гэрийн байлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч С.Баярсайхан мэдүүлэхдээ “Орсоо миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүн олон хүүхэдтэй, гэртээ ганцаараа ажил хийдэг учир хорихгүйгээр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Оросоо нь 2016 оны 03 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт байрлах “Шинэ тулга” дэлгүүрийн дэргэд С.Баярсайхантай таарамжгүй харьцааны улмаас маргалдан газар унаган зүүн шилбэний шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл  санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгэгч Б.Орсоо нь урьд ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Орсоод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

 

Эрүүгийн 201614000137 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                          ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хиад овгийн Бадамхандын Орсоог бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Б.Орсоог 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Орсоод оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Орсоод оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Орсоод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.АЛТАНГАДАС