Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 48

 

Б.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                         Б.Сүрмандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын даргалж 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 129 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын У-д холбогдох хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулыг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б- овогт Б-ын У- /РД:**********/ нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 17 дугаар байрны 21 тоотод оршин суух иргэн Б.Б-ы хар өнгийн савхин куртикийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 480.000 төгрөгийн, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах”-ын  гадна зогсож байсан иргэн Б.П-ийн эзэмшлийн 6472 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос “Самсунг жи-3”, “Самсунг Эс 4”, “Эль Жи 4 лти” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720.000 төгрөгийн  хохирол тус тус учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.У-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйийн 1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3  дугаар зүйлийн 2.1, 2.5, 4-д зааснаар  Б.У-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах болон хуульд заасан албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгчид хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд: “...шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.У-ийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн 129 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул хүлээж авах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д “... хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар заасан ба харин “оногдуулсан хорих ялыг тэнсэх” тухай заагаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн 129 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, дахин шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгахаар  эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах гаргасан тайлбар, дүгнэлтэндээ:  Шүүх хуралдаанд дээд шатны прокурорын бтчсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.  Шүүх шүүгдэгч Б.У-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлаж хэрэглэхдээ оногдуулсан хорих ялаа 1 жилийн хугацаагаар тэнссэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д “хорих ялыг тэнсэнэ” гэж заагаагүй байхад оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэгсэн нь буруу байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалгах прокрорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Тодорхойлох нь:

Б.У- нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хөлслөн амьдарч байсан байрны эзэн Б.Б-ы 480.000 төгрөгийн үнэтэй савхин куртикийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 6472 ДАХ улсын дугаартай Б.П-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотроос 720.000 төгрөгийн үнэтэй “Самсунг жи 3”, “Самсунг эс 4”, “Эль жи 4лти” загварын гар утаснуудыг  хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан балох нь хэрэг цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, түүний үйлдсэн хэргийн талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.У-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг буруу хэрэглэсэн гэсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээж авах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 4-д зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь анхан шатны шүүх Б.У-д оногдуулсан хорих ялыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг журамлан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.У-д холбогдох эрүүгийн 1818001890118 тоот 1 хавтас хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                              ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                            Ц.АМАРЖАРГАЛ