Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 534

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, 

Гомдол гаргагч: “Б” ОНӨААТҮГ

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагч Э.Н

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагч Э.Н-н “Б” ОНӨААТҮГ-т оногдуулсан 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0174712 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, хариуцагч улсын байцаагч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Б” ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагч Э.Н “Б” ОНӨААТҮГ-ыг “...тус байгууллагад хөлсөөр ажиллагч Г.Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 10.16.4.3 дахь заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр дээрх шийтгэлийг тус байгууллагад оногдуулсан юм.

“Б” ОНӨААТҮГ нь Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах 15 дугаар Ус түгээх байранд Г.Б-г ус түгээгчээр 1 жилийн хугацаатай, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, ажиллуулж байгаа юм.

Учир нь “Б” ОНӨААТҮГ-ын 15 дугаар Ус түгээх байр нь 7 хоногийн Мягмар, Баасан гаригт амарч, бусад өдрүүдэд 09-18 цагийн хооронд ажиллаж ус түгээдэг бөгөөд ингэхдээ уг худгийн ус түгээгчээр тухайн нутаг дэвсгэрийн харьяалах айл өрхүүдээс, амьжиргааны төвшин доогуур, тодорхой орлогогүй иргэдийг хөлсөөр ажиллах гэрээ байгуулах замаар ажиллуулдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23 штрих 3.2 дахь хэсэгт ажил олгогч тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохоор зохицуулсан бөгөөд үүнийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулахаар хуульд зохицуулсан юм.

Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд “Б” ОНӨААТҮГ нь иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулах журам баталж, үүний хүрээнд ус түгээх байрны ажилчидтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Иймээс Ус түгээх байрны ажлын байранд авч ажиллуулж байгаа ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах хуулийн үндэслэл байхгүй юм.

Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж хуульчилсан байгаагаас үзэхэд “Б” ОНӨААТҮГ-ын 15 дугаар Ус түгээх байр нь байнгын ажлын байр биш гэдэг нь тодорхой байгаа юм.

Тухайлбал: 15 дугаар Ус түгээх байрны ус түгээгчээр ажилладаг ажилтан нь борлуулалтын орлогоос хамаарч цалин хөлс авдаг бөгөөд байгууллагаас баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авдаггүй, хамтын гэрээнд заасан ажлын цаг хуваарийг мөрдлөг болгон ажиллах боломжгүй байдаг.

Мөн “Б” ОНӨААТҮГ нь хөлсөөр ажиллагч Г.Б-н хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харгалзан, 240.000 төгрөгөөс доошгүй байхаар гэрээнд тусгасан билээ.

Үүний хүрээнд “Б” ОНӨААТҮГ нь Г.Б-тэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа нь хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, хуулийн хэм хэмжээг зөрчөөгүй болно.

Түүнчлэн байцаагчийн шийтгэлийн үндэс болж буй Зөрчлийн тухай хуулийн 10.16.4.3-т хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд зөрчил тооцохоор хуульчилсан байна.

Гэтэл “Б” ОНӨААТҮГ нь ус түгээх байрны ажилчидтай хууль тогтоомжийн хүрээнд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас гадна ямар нэгэн гэрээ байгуулалгүй ажил, үүрэг гүйцэтгүүлсэн зүйлгүй тул зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн, зөрчил үйлдсэн гэх байцаагчийн шийтгэл хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагч Э.Н-н “Б” ОНӨААТҮГ-т оногдуулсан 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0174712 тоот шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагч Э.Н шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуулийн дагуу үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Гомдол гаргагч  “Б” ОНӨААТҮГ тус шүүхэд хандан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагч Э.Н-н “Б” ОНӨААТҮГ-т оногдуулсан 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0174712 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх гомдлын шаардлагын хүрээнд, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Багануур дүүргийн 5 дугаар хороонд оршин суух иргэн М.Б-с 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст “тус хорооны 5 дугаар хороонд байрлах 15 дугаар шугамын ус түгээх байранд янз бүрийн хүн ажилладаг тул шалгаж өгнө үү” гэх гомдол мэдээллийг утсаар өгсөнтэй холбогдуулан тус хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.”Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ.”-т заасан хугацааны дотор хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрч Б.Н-с, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр холбогдогч “Б” ОНӨААТҮГ-ийн захирал М.Б, “Б” ОНӨААТҮГ-ийн хүний нөөцийн менежер Ч.Н болон “Б” ОНӨААТҮГ-ийн 15 дугаар худгийн ус түгээгч Г.Б нараас мэдүүлэг авчээ.

Шалгалтын явцад холбогдогч “Б” ОНӨААТҮГ-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-т заагдсан зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэнтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” –т заасан журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”-д заасан үндэслэлээр тус зөрчлийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 0174712 дугаар шийтгэлийн хуудсаар “Б” ОНӨААТҮГ-т нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2. Гомдол гаргагч “Б” ОНӨААТҮГ дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлээ “худгийн ус түгээгч байнгын ажлын байр биш тул ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байгаа нь Хөдөлмөрийн хууль зөрчиж байгаа хэрэг биш”, “2016 оноос хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” хэмээн тайлбарлан маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасанчлан “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгоно.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, Багануур хотын захирагчийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/20 дугаар захирамжаар Багануур хотын хүн ам, аж ахуй нэгж, албан байгууллагад ус, дулаан хангамж, ариутгах татуургын үйлчилгээг үзүүлэх үндсэн зорилго бүхий “Б” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталж, захирамжийн хоёрдугаар хавсралтад /“Б” ОНӨААТҮГ-ын орон тоо/ “ус түгээгч-18” байхаар тогтоожээ. Үүнтэй холбогдуулан /“Б” ОНӨААТҮГ-ын захирал М.Б 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Бүтэц, орон тоо цалингийн сан шинэчлэн батлах тухай” А/51 дүгээр тушаалыг баталж, уг тушаалын хавсралтын 23-т “Ус түгээгч 18, үндсэн цалин 192.000 төгрөг” байхаар тусгасан,

гомдол гаргагч “Б” ОНӨААТҮГ-аас ус түгээгч /холбогдогч Г.Баярчимэг/-тэй байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар Хөлсөөр ажиллуулах гэрээний 2 дугаар зүйлийн /“Хөлсөөр ажиллуулагчийн эрх, үүрэг”/ 2.2-т “ус түгээх байрыг засварлан, шаардлагатай эд хогшил, тоног төхөөрөмжийг 1 удаа бүрэн бүтэн иж бүрдэл болгон хүлээлгэн өгнө”, 2.3 “хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөлөөр хангаж ажиллана”, 2.5.“ус түгээх байрны цэвэрлэгээ болон ариутгалын бодисоор улиралд 1 удаа хангана”, 2.7 “ажлын хөлсийг тухай сарын 15, 31-ний өдрүүдэд банкаар олгоно”, 3 дугаар зүйл /Хөлсөөр ажиллагчийн хүлээх үүрэг/ 3.3 “Ус түгээх байр нь “Б” ОНӨААТҮГ-аас гаргасан хуваарийн дагуу ажиллана”, 3.5 “хөлсөөр ажиллагч нь ус түгээх байр, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллана”, 3.9 “улирал бүрийн эхний 7 хоногийн 1 дэх өдөх ажлаа дүгнүүлж ажиллана” гэх зэргээр тусгасан нь тухайн ус түгээгчийн гүйцэтгэж буй ажил үүрэг нь  ажил олгогч болох “Б” ОНӨААТҮГ-ын заасан ажлын байр болох ус түгээх байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, “Б” ОНӨААТҮГ-ын удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэж буй ажил, үүрэг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д тодорхойлсон шинжийг бүрэн агуулсан “байнгын ажлын байр” байна.

Үүнтэй холбогдуулан, байнгын ажлын байран дээр хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр хүнийг ажиллуулж байсан  “Б” ОНӨААТҮГ-ын үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.”Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэх хуулийн хориглосон заалтыг зөрчсөн үйлдэл болох нь холбогдогч “Б” ОНӨААТҮГ-ын  захирал М.Б-н “Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөж ажиллана” гэх, “Б” ОНӨААТҮГ-ын хүний нөөцийн менежер Ч.Н-н “Бүтцийн схемд ус түгээгч нарыг оруулж баталсан мөртлөө хөлсөөр ажиллуулах гэрээ яагаад байгуулсныг би сайн мэдэхгүй” гэх, 15-р худгийн ус түгээгч Г.Б-н “байнгын ажлын байр мөн” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тогтоогдож байх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шалган тогтоож, зөрчил гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 “хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн”-д заасан шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл хууль нийцсэн байна гэж шүүх үзэв.

3. Хэдийгээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад “Ус түгээгчийн ажлын байран дээр тухайлан Г.Б-тэй 2015 оноос хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа энэхүү зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” хэмээн тайлбарлан маргаж байх боловч хариуцагч улсын байцаагч хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу явуулсан хяналт шалгалтын ажлын дүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдлийг “Б” ОНӨААТҮГ гаргаж байсан болохыг илрүүлэн, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулсан нь хөөн хэлэлцэх хугацаа тоологдох асуудалд хамааралгүй, үүнтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.”Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” хэмээн хуульчлан заасан байх тул гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12 Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагч Э.Н-н 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0174712 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Б” ОНӨААТҮГ-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХТУЛГА