Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/1076/З |
Дугаар | 221/МА2023/0545 |
Огноо | 2023-08-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2023/0545
Т.Бын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Нэхэмжлэгч: Т.Б
Хариуцагч: ХХААХҮЯ
Нэхэмжлэлийн шаардлага: “МХЕГД-ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/181 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, тушаал гарснаас хойших хугацааны цалингийн зөрүү 502,088 төгрөгийг гаргуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 441 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/1076/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б нь ХХААХҮЯанд холбогдуулан “МХЕГД-ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/181 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, тушаал гарснаас хойших хугацааны цалингийн зөрүү 502,088 төгрөгийг гаргуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 45 дугаар зүйлийн 45.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.4, 10 дугаар зүйлийн 10.4, 10.9 дугаар зүйлийн 10.9.10-д заасныг тус тус баримтлан Т.Бын нэхэмжлэлтэй, ХХААХҮЯанд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, МХЕГД-ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/181 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус яамны Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг зохих журмын дагуу бодож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 441 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлыг гаргаж байна.
3.1. Нэхэмжлэгч нь лабораторийн шинжилгээний хариу гараагүй байхад махыг амсаж үзэж хэвийн байна гэх байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн бөгөөд энэ нь Төрийн албан хаагч, тэр дундаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын салбарыг хариуцсан газрын дарга хүн шинжилгээний хариу гараагүй байхад хувийн байр суурийг илэрхийлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгааг хүлээн авч буй ард иргэдэд мэдээлсэн. Олон нийт нь хувийн байр суурь гэж харахгүй бөгөөд төрийн байгууллага, төр гэж харуулж олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарааж, албаны ёсны бус хувийн байр суурь илэрхийлсээр байтал анхан шатны шүүхийн Төрийн албаны тухай хуулийн 37.1.10-д заасныг зөрчөөгүй гэх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.2. Төрийн албаны тухай хуулийн 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” гэж заасан харин нэхэмжлэгч нь хөндлөнгийн нөлөөлөлд автаж, хувийн удирдах албан тушаалтандаа тухайн объектыг лацадсан гэж танилцуулсан хэдий ч туузаар битүүмжилсэн байсан нь дээд шатны албан тушаалтныг үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангаагүй байхад шүүхээс түүнийг харгалзаж үзээгүй үндэслэл нь тодорхойгүй байна.
3.3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.4 дэх заалтыг тогтоох хэсэгт баримталсан байх бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд ийм заалт байхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Т.Б нь ХХААХҮЯанд холбогдуулан “МХЕГД-ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/181 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, тушаал гарснаас хойших хугацааны цалингийн зөрүү 502,088 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийг дээрх зөрчлүүдийн алийг нь ч гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасантай нийцсэн байна.
3.1. Хэргийн үйл баримтаас үзвэл МХЕГД-ын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/78 дугаартай “Дотоод хяналт шалгалт хийх тухай удирдамж”-ийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн баруун дэнж 1-15 тоотод байрлах “Өргөө мийт трейд” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт 2022 оны 06 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд ажилласан мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид, компанийн удирдлага, мах боловсруулах үйлдвэр, агуулах болон холбогдох баримт бичигт шалгалт хийсэн байна.
3.2. Хяналт шалгалтын комиссын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга”-аар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга Т.Б нь 1. Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өийн хамт “Өргөө мийт трейд” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт ажиллах үеэрээ цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хандаж хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар хувийн байр суурь илэрхийлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-д заасныг, 2. Харьяа дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д заасныг, 3. Хөндлөнгийн нөлөөлөлд автаж, хувийн өмчийн эд хөрөнгөд нэвтрэх, бусдын эд хөрөнгийг дур мэдэн хэрэглэх нөхцөлийг бий болгосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 10.9.10-д заасныг, 4. Сонгинохайрхан дүүрэг дэх МХХ-ийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бт лац хөндөх үүрэг чиглэл өгөн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг, 5. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтад оролцсон удирдлага, улсын байцаагчдыг удирдлага, арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.4-д заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.
3.3. Улмаар маргаан бүхий МХЕГД-ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/181 дүгээр тушаалаар Т.Быг “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” үндэслэлээр Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын даргын албан тушаалаас бууруулж, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилжээ.
4. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх” гэж заасан.
4.1. Хариуцагчаас Т.Быг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө мах ачиж явсныг саатуулсантай холбоотой асуудлаар Зариг.мн сайтын шууд сурвалжилгын үеэр цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хандаж хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар хувийн байр суурь илэрхийлсэн гэж буруутгасан боловч төр, засгийн ямар бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь илэрхийлсэн нь тогтоогдохгүй байна.
4.2. Мөн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга”-д “... Т.Б дарга 1 хайрцаг нь 20 кг-аар савласан 464 хайрцаг махнаас дээж аваад Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид шинжилгээнд өгсөн талаар тайлбарлав ... шинжилгээний дүнгээр бүх зүйл тодорхой болох талаар хэд хэдэн удаа тайлбарлав” гэсэн байх тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
5. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” гэж заасан.
5.1. Нэхэмжлэгч Т.Быг хяналт шалгалтын дараа тухайн объектыг лацадсан гэж дээд шатны албан тушаалтанд танилцуулсан хэдий ч туузаар лацадсан байсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж буруутгажээ.
5.2. МХЕГД-ын 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 156 дугаар тушаалаар баталсан “Лац ломбо хэрэглэх журам”-д битүүмжилсэн эд зүйлийг ямар материалаар лацдах талаар тодорхой заагаагүй, бодит нөхцөл байдалд тухайн объектыг гадны нөлөөллөөс тусгаарлаж туузаар орохыг хориглож лацадсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
6. Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай 10 дугаар зүйлийн 10.9.10-д “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх ...” гэснийг зөрчсөн буюу хувийн өмчийн эд хөрөнгөд нэвтрэх, бусдын эд хөрөнгийг дур мэдэн хэрэглэх нөхцөлийг бий болгосон гэжээ.
6.1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/501 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 19, мал төхөөрөх, боловсруулах 15 үйлдвэрт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ажлын хэсэгт нэхэмжлэгч Т.Б оролцож ажилласан байна.
6.2. Зариг.мн сайтын шууд сурвалжилгын үеэр нөхцөл байдлыг танилцуулахаар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар тухайн объектод нэвтэрсэн нь хувийн нөлөөнд автаж, эд хөрөнгөд нэвтэрсэн, бусдын эд хөрөнгийг дур мэдэн хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
7. Мал эмнэлгийн улсын байцаагч Д.Бт лац хөндөх үүрэг өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлах боловч уг үйлдэл нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/501 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “хяналт шалгалтын арга хэлбэр” ... бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг хийх ... бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны орчноос дээж авах ...” гэж заасантай нийцсэн байна.
7.1. Мөн Т.Баас улсын байцаагч Д.Бт лац хөндөх үүрэг, даалгавар өгсөн нь ямар хууль, журам зөрчсөн эсэх нь тодорхойгүй.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.4 дэх заалтыг тогтоох хэсэгт баримталсан байх бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд ийм заалт байхгүй байна” гэжээ.
8.1. Гэтэл МХЕГД-ын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/78 дугаартай “Дотоод хяналт шалгалт хийх тухай удирдамж”-ийн дагуу хяналт, шалгалт хийсэн комиссын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга”-д нэхэмжлэгч Т.Быг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.4-д “мэргэжлийн хяналтын орон нутгийн байгууллагыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах” гэснийг зөрчсөн гэж хуульд байхгүй үндэслэлээр буруутгасан байна.
8.2. Анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг нягтлалгүй шийдвэрийн тогтоох хэсэгтээ баримталсан байгааг анхаарвал зохино.
Иймд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ