Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1210

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Энхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00600 дугаар шийдвэртэй, Т.Энхбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Солонгод холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг гаргуулах,

Т.Энхбаатарын эцэг байх эрхийг хасуулах, хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс,

Хариуцагч Г.Солонго,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 918 дугаар шийдвэрээр том хүү Э.Хасбаатарын өөрийнх нь хүсэлтээр асрамжийг надад үлдээж, хүү Э.Хас-Эрдэнэ, охин Э.Амин-Эрдэнэ нар бага насны учир эх дээрээ байх болсон. Уг хэргийг хянан шийдвэрлэх явцад гаргуулсан шинжээчийн дүгнэлтэд хүү Э.Хас-Эрдэнийн асрамжийг эцэг Т.Энхбаатарт байлгах нь зүйтэй гэсэн боловч хүүхдийн бага байсан учир эх дээрээ байх нь зүйтэй гэж бодоод шүүх хуралдаанд үүнийг хэлж эхтэй нь байлгах болсон.

Хүүхдүүдтэй уулзаж гэртээ авчирах гэхээр эх нь өгдөггүй, очихоор цагдаа дууддаг зэргээр маш хүндрэлтэй байдаг. Хүү Э.Хас-Эрдэнийг гэртээ авчираад хэд хоног хамт байхад эх Г.Солонго руу явахгүй гээд уйлдаг байсан. Үүнээс хойш уулзалгүй, хичээлийнх нь амралтаар уулзахад “ааваа би тантай хамт баймаар байна, ээжтэй байхаас айгаад байна” гээд уйлсан. Хүү Э.Хас-Эрдэнэ 2008 оны 04 дүгээр сарын 26-нд төрсөн, одоо 7 нас 8 сартай тул хүүг түүний хүсэлтийн дагуу миний асрамжид өгч, эх Г.Солонгоос тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Энхбаатар болон түүний эцэг эхийнх нь гаргаж байгаа зан үйлдлээс хамгийн ихээр хохирч байгаа нь хүүхдүүд, тэр дундаа охин Э.Амин-Эрдэнэ илүү өртөж байна. Ахыгаа санаж орой үдэш уйлж, сэтгэл санааны хувьд тогтворгүй, хямарсан байдал ажиглагдаж байгаа. Т.Энхбаатар 3 хүүхдийн зөвхөн Э.Хас-Эрдэнийг өөрийн асрамжинд авах хүсэлт гаргасан нь эцэг хүний хувьд бус, өөрийн ашиг сонирхлын үүднээс хүүхдийг өмч мэтээр хандаж бусад хоёр хүүхдийг гадуурхаж байгаа нь илт байгааг анхаарч үзнэ үү.

Хүүхдийг Т.Энхбаатар биш аав, ээж нь хардаг. Э.Хасбаатар нэг өдөр болохгүй байвал дугуйгаа унаад зугтаагаарай гээд жижиг эмээ нь хэлсэн гэсэн тэгээд зугтаасан байсан. Үгэнд орохгүй бол хөлийг чинь хуга цохино гэж монголчууд тэгж хэлдэг гэтэл үүнийг сүр дуулиан болгож ярьж байна. Америк сургуулиас утасдаад 4 700 000 төгрөг өгөхгүй бол хүүхдээ аваад яв гэдэг тэгээд зээл авч төлсөн, Орхон сургуульд хагас жилийн дотор монголоор бичээд бодож сурсан.

Охин Э.Амин-Эрдэнийг төрөөд уруул нь гажигтай болсон байхад эмч нар нь хар тамхи, архинаас болж байна гэсэн, Т.Энхбаатар ч хар тамхи татсан үедээ хүүхэдтэй болсон наад хүүхдээ битгий гарга гэж хэлж байсан, найзыгаа зодоод ганц худагт орж байсан. Яагаад хүүхэд эх дээрээ очихгүй гэснийг ойлгохгүй байна. Т.Энхбаатарыг ирэх болгонд хүүхэдтэй нь уулзуулдаг.2015 оны 12 дугаар сарын 28-аас 2017 оны 03 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд эх, хүүхдийг уулзуулаагүй. Өөрөө нэхэмжлэл өгчихөөд шүүхэд нэг ч удаа ирж байгаагүй.

Хүү Э.Хас-Эрдэнэ одоо аавтайгаа байхгүй, эмээтэйгээ хамт байгаа. Т.Энхбаатар өөрийгөө хариуцах чадваргүй, архи уудаг, догшин авиртай. Хүүхдийг эрх ноцтой зөрчигдөж байгаа гэж гүтгэж байна. Анхны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж Э.Хас-Эрдэнийг дүүтэй нь хамт байлгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Т.Энхбаатарын эцэг байх эрхийг хасч, том хүү Э.Хасбаатарын асрамжийг өөрчилж, 3 хүүхдийг эх Г.Солонго миний асрамжид байлгана уу.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 30 дугаар зүйлийн 30.1 джх хэсэгт заасныг баримтлан хүү Э.Хас-Эрдэнийн асрамжийг өөрчлүүлэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай Т.Энхбаатарын нэхэмжлэл, эцэг байх эрхийг нь хасуулах, хүү Э.Хасбаатарын асрамжийг өөрчлүүлэх тухай Г.Солонгын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч, хариуцагч нараас тус бүр 70 200 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч өөрийн хүү Э.Хас-Эрдэнийн асрамжийг өөрчлүүлэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл, Т.Энхбаатарын эцэг эх байх эрхийг хасуулах, хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагч гаргасан.

Шүүх “2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр хүүхдийн асрамж, тэтгэлгийг шийдвэрлэснээс хойш Т.Энхбаатар, Г.Солонго нарын болон бусад нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Хариуцагч Г.Солонгыг ажил төрөл нь тогтворгүй, хүүхдийн гэр сургуулиас хол байрладаг, сургуульдаа явах дургүй, сурч боловсрох эрх нь зөрчигдөж, өөрөө эцэгтэйгээ байхыг хүсч байгаа зэрэг нь хүүхдийн асрамжийг өөрчлөх үндэслэл, шалтгаан болохгүй” гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх хүүхдийн эх ажилгүй, орлогогүй байх, хүүхэд сайн сургуульд суралцах, чанартай боловсрол эзэмших боломжгүй байх, хүссэн хүнтэйгээ хамт амьдрах зэрэг нь хүүхдийн ирээдүйд огт хамааралгүй гэж дүгнэсэн. Тухайн хүүхдийн эзэмшсэн боловсролоос ирээдүй нь маш их хамааралтай болсон. Гэтэл шүүх үүнийг харгалзаж үзэхгүйгээр хүүхдийн асрамжийг эхэд нь хариуцуулж үлдээсэнд гомдолтой.

Шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хамгийн түрүүнд хүүхдийн боловсрол дараа нь аливаа зүйлээр дутагдаж гачигдахгүй амьдрах нөхцлийг анхаарч үзэх байсан. Хүүхэд эцгийнхээ асрамжид байснаар түүний боловсрол ирээдүйд хэрэгтэй болохыг дүгнэж тогтоосон атлаа үүнийхээ эсрэг шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Гэр бүл хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтэд “хүү Э.Хас-Эрдэнэтэй хийсэн ярилцлагын үед ажиглахад том хүн нөлөөлсөн байж болзошгүй” гэж дүгнэсэн ч энэ нь баттай биш таамаг төдий зүйл байсныг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Цаашилбал хүүхэд хэдийгээр эцэг дээрээ санал гаргаж байгаа ч шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, зөвхөн харгалзаж үзэхээр хуульд заасан гэж үзсэн байж шийдвэр гаргахдаа хүүхдийн саналыг харгалзаагүй.

Хүүхдийн асрамжийг эцэгт нь шилжүүлэх хангалттай нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдсон, мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж хүүхдийн асрамжийг эцэгт нь шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Энхбаатар нь хариуцагч Г.Солонгод холбогдуулан хүү Э.Хас-Эрдэнийг өөрийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Г.Солонго нь нэхэмжлэгч Т.Энхбаатарын эцэг байх эрхийг хасуулах, хүү Э.Хасбаатарын асрамжийг өөрчлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасныг, хэн аль нь харилцан эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 918 дугаар шийдвэрээр эцэг Э.Энхбаатарын асрамжид хүү Э.Хасбаатарыг, Г.Солонгын асрамжид хүү Э.Хас-Эрдэнэ, охин Э.Амин-Эрдэнэ нарыг үлдээж, тэтгэлэг гаргуулах, хүүхдүүдийг сард 2 удаа хамт байлгах үүргийг эцэг эхэд даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь “хүү Э.Хас-Эрдэнэ аавтайгаа байх хүсэлтийг өөрөө гаргасан, энэ нь илүү сайн сургуульд сурах боломжтой бөгөөд, эх нь ажлаа байнга сольдог, хүүтэйгээ уулзахыг зөвшөөрдөггүй” гэж, хариуцагч Г.Солонго нь “хүүхдүүдийн эцэг Т.Энхбаатар архидан согтуурах зуршилтай, эрхэлсэн ажилгүй, хүүхдүүдээ ялгаварлан гадуурхдаг, хүүхдийн асрамж тогтоосон шүүхийн шийдвэр биелүүлдэггүй” гэж нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн.

 

Шүүх, зохигчдын гаргасан дээрх тайлбар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамжийн талаар шинжээчээр ажилласан Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай харьцуулж, хүүхэд тус бүрийн асрамжийг тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш асрамжийг дахин өөрчлөх буюу тэдгээр хүүхдүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэхээр зохицуулсан бөгөөд хүү Э.Хас-Эрдэнийн гаргасан хүсэлтийг шүүх хэргийн бусад үйл баримттай харьцуулан дүгнэж, нэхэмжлэгч Т.Энхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Мөн Т.Энхбаатарын эцэг байх эрхээ хасуулах буюу Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт дурдсан нөхцөл байдал болон хүү Э.Хасбаатарын асрамжийг өөрчлөх хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

 

Хариуцагч Г.Солонго нь ажилгүй, орлогогүй, улмаар хүүхэд сайн сургуульд суралцах, чанартай боловсрол эзэмших боломжгүй нөхцөл байдал үүссэнийг шүүх анхаараагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учиртай.

 

Иймд хүү Э.Хас-Эрдэнийн эцэг эхийн хэнийх нь асрамжид байгаагаас үл хамааран түүний сурч боловсрох байдалд санал гаргах, улмаар чанартай боловсрол эзэмшүүлэхээр өөр сургуульд сургах зэрэгт хүүхдийн асрамж тогтоосон шүүхийн шийдвэр саад болохгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагааны “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагааны давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА