| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2021/0173/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/393 |
| Огноо | 2021-06-04 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/393
2019 02 15 2019/ШЦТ/39
2021 06 04 2021/ШЦТ/393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0173/Э
Сүхбаатар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Цт холбогдох эрүүгийн 2017.... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.Ц нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулж байсан “Амбрелла” нэртэй үйлчилгээний газрын цонхны салхивчаар орж “НР” брэндийн зөөврийн компьютер, цохилттой дрилл, бахь зэрэг эд зүйлсийг авч, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэсний улмаас бусдад 618.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХнь:
Шүүгдэгч О.Ц нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулж байсан “Амбрелла” нэртэй үйлчилгээний газрын цонхны салхивчаар орж “НР” брэндийн зөөврийн компьютер, цохилттой дрилл, бахь зэрэг эд зүйлсийг авч, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэсний улмаас бусдад 618.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / хх-ийн 3-9 тал/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Төгөлдөрийн мөрдөн байцаах ажиллагаанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө 01 цагийн үед хамгийн сүүлд пабаа түгжээд явсан юм. Маргааш өглөө нь 11 цагийн үед ажил дээрээ ганцаараа ирээд хаалгаа онгойлгоод ороход манай пабын гадна хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зүгээр байсан. Дотогш ороод харахад манай гал тогооны цонх онгойчихсон байсан. Цонхны доод хэсэгт нэг сандал байрлуулж тавьсан байсан. Би эхэндээ нэг их бодолгүй уг сандал дээр доош нь буулгаад тавьсан. Би тэгээд хулгай орсон байж магадгүй гэж бодоод эд зүйлсээ бүртгээд харахад хоол хүнсний зүйлс, НР брэндийн нөүтбүүк, багаж хэрэгслүүд болон бусад эд зүйлс алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05- 06 тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалисткийн шинжээч Б.Дэмчигийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №03/003 дугаартай “...1-7 гэж дугаарласан хулгайч орж, гарсан гэх цонхны доор байх төмөр тавиурын дээд талаас гэж хаягласан ... 7 ширхэг гарын мөр ...ирүүлжээ. ...шинжилгээнд тэнцсэн 1,2,3 гэсэн дугаартай гарын мөрүүд нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа ММ003510005358 бүртгэлийн дугаартай Оюунцэцэг овогтой Цогтбаярын зүүн гарын эрхий, дунд алганы дардасуудтай тохирч байна гэх дүгнэлт /хх-ийн 21-27 тал/
Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2020 оны 09 сарын 17-ны өдрийн СБ1-20-1210 дугаартай тайланд НР i5 нөүтбүүк, багаж хэрэгслийг 618.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 96-97 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй, хохирогч өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.Ц нь ганцаараа үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, мөнгө олж архи уух зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Харин прокурорын яллах дүгнэлтэнд 2015 оны Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласаныг шүүхээс зөвтгөсөн болохыг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах шаардлагагүй байжээ.
Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байхад 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1-д хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь шүүгдэгчийн хувьд оногдуулах ялыг хүндрүүлсэн байна.
Эрүүгийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг баримталсан бол 2015 оны хуульд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэх байсан. Тодруулбал 2015 онд үйлдсэн гэмт хэрэгт тухайн үед үйлчилж байсан хуулийг хэрэглэхгүйгээр, 2015 оны буюу 2017 оноос хэрэгжиж буй Эрүүгийн хууль нь шүүгдэгчийн хувьд ашигтай бол энэ хуулийг тухайн цаг хугацаанд нийцүүлэн хэрэглэхийг хууль буцаан хэрэглэх гэж ойлгоно.
Иймд шүүгдэгч О.Цын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг “орон байранд нэвтэрч” үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч О.Цын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 618.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүгдэгчээс 618.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Төгөлдөрт олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Цын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Цогбаярыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулж байсан “Амбрелла” нэртэй үйлчилгээний газрын цонхны салхивчаар орж “НР” брэндийн зөөврийн компьютер, цохилттой дрилл, бахь зэрэг эд зүйлсийг авч, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэсний улмаас бусдад 618.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг баримтлан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр ...нэвтэрч үйлдсэн” үйлдэл нь хоёр жилээс найман жил хүртэл хорих ялтай байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагагүй хандаж байгаа байдал, зарим гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогчоос уучлалт огт гуйгаагүй, гэмшээгүй, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч О.Цт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 618.000 төгрөгийг шүүгдэгч төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хулгайлах” үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч О.Цт ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасныг харгалзан үзлээ.
Шүүгдэгч О.Цын цагдан хоригдсон 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногийг хорих ялын 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Цыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оюунцэцэгийн Цогтбаярын эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цын баривчлагдаж, цагдан хоригдсон 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногийг хорих ялын 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цаас 618.000 төгрөгийг даруй гаргуулан хохирогч М.Төгөлдөрт олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Цаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ