| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/0386/и |
| Дугаар | 176 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 176
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Ш.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Ж.Энхбаатар, нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Ү.Мөнхбат, хариуцагч Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг УАА-н орон сууцны 5-13 тоотод оршин суух Занги овогт Үржингийн Мөнхбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргад холбогдох
“хашааны үнэ 46.000.000 / дөчин зургаан сая / эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1.280.000 / нэг сая хоёр зуун наян мянга / төгрөг, нийт 47.280.000 / дөчин долоон сая хоёр зуун наян мянга / төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг 2016.11.02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.Мөнхбат шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарыг хүртэл Онгон суманд “Жишиг” хороолол барьсан. Засаг дарга Энхбаатар нь чи өөрийн хөрөнгөөр босго, бид дэд бүтэц, цахилгааны асуудлыг шийдвэрлэнэ, мөнгийг нь сум хөгжүүлэх сангаас гаргаж өгье гэж тохироод эхний 3 айлын хашааг барихаар болж Онгон сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Очирпүрэвтэй ажил гүйцэтгэх гэрээ хий гэсэн. Гэтэл Очирпүрэвийн бие муудаж хот руу эмчилгээнд явсан. Сар гаруй хүлээгээд ирэхгүй болохоор нь би хот руу араас нь очиж гэрээ байгуулж гарын үсэг зуруулах гэтэл Н.Очирпүрэв нь би одоо хагалгаанд орно наад асуудал чинь шүүх цагдаа болно би өвчтэй зовлонтой байгаа хүн шүүхээр явж чадахгүй гээд гарын үсэг зураагүй. Тэгээд Энхбаатартай ирж уулзахад багийн дарга Батбилэгтэй гэрээ байгуулаад хашаагаа барь гэсний дагуу 30 хашаа барьсан. Үүнээс 15 хашаагаа зарж чадаагүй. Зарагдаагүй шалтгаан нь цахилгаан тавьж өгөөгүйгээс болсон. Би 15 хашааны 46.000.000 төгрөгөөр хохирч байна. Мөн шүлхийний үеэр барьж байсан гэрийг эвдэж дотор нь байсан моторыг ажиллахгүй болгосон байсан. Энхбаатар өөрөө цоожийг нь эвд гэж хүнээр эвдүүлсэн байсан. Энэ тухай Энхбаатарт хэлэхэд тамгын газарт өргөдлөө өг моторыг чинь төлнө гээд надаар өргөдөл бичүүлж аваад, одоог хүртэл өгөөгүй. Иймд Энхбаатараас хашааны үнэ 46.000.000 төгрөг, моторын үнэ 1.280.000 төгрөг, нийт 47.280.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Энхбаатар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Мөнхбат манай суманд жишиг хороолол барина гэж яриад багийн засаг дарга Батбилэгтэй гэрээ хийсэн. Барьсан хашаа нь бол чанарын шаардлага хангахгүй хэл ам дагуулсан зүйл хийснээс болоод борлогдоогүй. Мөн баруун тийш барьсан 10 хашааг нь хүн авахгүй байсан. Хашаа авна гэсэн хүмүүсээс нэг ч хүн цахилгааны асуудлыг шийдвэрлээд өгөөч гэж ирж байгаагүй. Иймээс би 46.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Мөн надаас гэрт байсан моторын үнэ гэж 1280.000 төгрөг нэхээд байгааг ч би зөвшөөрөхгүй. Мөнхбат манай суманд ажиллаж байхдаа манайхаас 1 гэр аваад барьж байсан. Суманд шүлхий өвчин гарч гэрээ авах шаардлагатай болоод бид гэрээ авсан. Дотор байгаа зүйлийг хадгалж байгаад өг гэж байсан. Би тэнд юу юу байсан болохыг бол мэдээгүй. Өмнө шүүх хурлын дараа би хүмүүсээс моторыг нь хэн эвдсэн талаар асуухад эвдээгүй өөрөө аваад явсан гэж байсан. Би энэ талаар мэдэхгүй тул хариуцахгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.Мөнхбат нь Онгон сумын Засаг дарга Д.Энхбаатараас хашааны үнэ 46.000.000 төгрөг, моторын үнэ 1280.000 төгрөг, нийт 47.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ү.Мөнхбат нь 2014.07.30-ны өдөр Онгон сумын 5 дугаар багийн Засаг дарга Б.Батбилэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж Ү.Мөнхбат “жишиг хорооллын санхүүжилт, барилгын ажил, Б.Батбилэг иргэдтэй гэрээ байгуулах, уг ажлыг 1 сарын дотор хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.
Мөн Ү.Мөнхбат Онгон сумын Засаг дарга Д.Энхбаатар нарын хооронд 2014.05.19-ний өдөр хийсэн хэлцэлд Онгон сумын 5 дугаар багт баригдсан 30 айлын Жишиг хорооллыг Онгон сумын засаг дарга Д.Энхбаатар худалдан борлуулах үүрэг хүлээнэ, иргэн Ү.Мөнхбат 30 айлын жишиг хорооллыг барьж дуусгах үүрэг хүлээнэ гэж тохиролцож талууд гарын үсгээ зурсан байдаг боловч энэ хэлцэл дээр зурагдсан гарын үсэг минийх биш гэж маргаж уг гарын үсгийг шинжлүүлэх хүсэлт гаргасны дагуу шинжилгээнд явуулж Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.09-ний өдрийн №06 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Ү.Мөнхбат, Д.Энхбаатар нарын хооронд байгуулсан хэлцэл дээр зурагдсан Д.Энхбаатарын гэх гарын үсэг нь Д.Энхбаатарын гарын үсэгтэй тохирохгүй байна.
2. Шинжлэгдэж буй гарын үсэг нь гарын үсгийн эхэнд орсон Д үсгийн хөдөлгөөний хэлбэр, ”Д” үсгийн арын элементүүдийн хөдөлгөөний чиглэл, төгсгөлийн элементийн өмнөх өнцөглөсөн 3-4 элемент байхгүй зэрэг хувийн шинж тэмдгүүдээрээ Д.Энхбаатарын гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ. Иймд Ү.Мөнхбат, Д.Энхбаатар нарын хооронд 2014.05.19-ний өдөр хэлцэл хийгдсэн байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин Онгон сумын Засаг дарга Энхбаатар нь Ү.Мөнхбатыг сумандаа жишиг хороолол байгуулах тухай гэрээг багийн засаг дарга Батбилэгтэй байгуулах талаар хэлсэн гэдгээ зөвшөөрч байгаа боловч уг гэрээнд жишиг хорооллын хашааг зарж өгөхөөр тохиролцсон тохиролцоо хийгдээгүй байх тул гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн 2013-2014 оны үед шүлхийний үеэр миний барьж байсан гэрийг эвдэж дотор нь байсан моторыг авсан байсан гэдэг боловч түүнийгээ нотлох баримтаа ирүүлээгүй нотлогдохгүй байх тул Д.Энхбаатарт хариуцуулах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Мөнхбатын Онгон сумын Засаг даргаас 47.280.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ү.Мөнхбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 394.350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭЗУУ
Ш.ОЮУНГЭРЭЛ