Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 170

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 22-11 тоотод оршин суух Гадин овогт Бямбажавын Эрдэнэчимэг

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.03.30-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 1983 оноос барилгын цэргийн 030 дугаар ангид 1986 оны 3 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад Дорнод аймгийн Худалдааны тресстэд хүнс барааны дэлгүүрт худалдагчаар ажилласан. 1988.02.19-өөс 1990.06.01-ийг хүртэл барилгын цэргийн 030 дугаар ангид зочид буудал, цайны газрын үйлчлэгчээр ажилласан. Миний ажиллаж байсан үеийн тушаал нь олдохгүй байгаа тул барилгын цэргийн 030 дугаар ангид 1983 оноос 1986 оны 3 дугаар сарыг хүртэл, 1986.03.13-аас 1987.06.29-ийг хүртэл Дорнод аймгийн Худалдааны трестэд худалдагч, 1988.02.29-өөс 1990.06.01-ийг хүртэл барилгын цэргийн 030 дугаар ангид тус тус ажиллаж болохыг тогтоож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Гадин овогт Бямбажавын Эрдэнэчимэг нь 1983.04.01-ээс 1986 оны 2 дугаар сарыг хүртэл Барилгын цэргийн 030 дугаар ангид, 1988.02.25-аас 1990.07.01-ийг хүртэл Барилгын цэргийн 030 дугаар ангид зочид буудал цайны газарт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Батлан хамгаалахын тав архивын 2015.11.25-ны өдрийн 8652 тоот архивын лавлагаа, 2015.11.25-ны өдрийн 8655, 2015.11.25-ны өдрийн 8656 тоот цалингийн тодорхойлолтууд зэргээс гадна гэрч Ж.Гансүхийн шүүхэд өгсөн ” . . . Б.Эрдэнэчимэг нь Дорнод аймгийн Барилгын цэргийн 030 дугаар ангийн дэлгүүрт худалдагч, штабын цэвэрлэгч зэрэг ажлуудыг 1988-1991 онуудад хийж байсан. Би Дорнод аймгийн Барилгын цэргийн 030 дугаар ангид 1972-1992 оныг хүртэл барилгачнаар ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс, Дорнод аймагт хамт ажиллаж байсан болохоор Б.Эрдэнэчимэгийн ажиллаж байсныг сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар  Б.Эрдэнэчимэгийн 1983-1986, 1988-1990 онуудад ажиллаж байсан нь нотлогдож байх тул   ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Харин Б.Эрдэнэчимэгийн 1986-1988 оныг хүртэл Дорнод аймгийн Худалдааны трестэд худалдагчаар ажиллаж байсан талаар түүний хөдөлмөрийн дэвтэрт 030 ангид худалдагчаар ажиллаж байсан талаар бичигдсэн байхад гэрч Л.Дарьсүрэнгийн мэдүүлэгт Дорнод аймгийн Хүнсний трестын харьяа 1 дүгээр дэлгүүрт 1986-1988 онуудад худалдагчаар ажиллаж байсан талаар мэдүүлэг гаргасан зэргээс үзэхэд нотлох баримтууд зөрүүтэй байх тул ажиллаж байсныг тогтоох боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч  Б.Эрдэнэчимэгийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гадин овогт Бямбажавын Эрдэнэчимэг нь 1983.04.01-ээс 1986 оны 2 дугаар сарыг хүртэл Барилгын цэргийн 030 дугаар ангид, 1988.02.25-аас 1990.07.01-ийг хүртэл Барилгын цэргийн 030 дугаар ангийн зочид буудал цайны газарт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Б.Эрдэнэчимэг 1986-1988 онуудад ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах боломжтой болохыг дурдсугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНГЭРЭЛ