Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00666

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2017/00666

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Онцгой байдлын ерөнхий газрын харъяа, Хөвсгөл аймаг дахь улсын нөөцийн салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1955 онд төрсөн, 62 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн мастер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 15-01 тоотод оршин суух, МЮ55011588 дугаар регистртэй, Хариад овогт Ганжуурын Сэнгээд холбогдох

 Гэм хорын хохирол 27.092.425 /хорин долоон сая ерэн хоёр мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч байгууллагын дарга С.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу, хариуцагч Г.Сэнгээ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа, Хөвсгөл аймаг дахь улсын нөөцийн салбарын дарга С.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага дээр 2014 онд дээд газраас гэнэтийн хяналтын шалгалт хийсэн. Энэ шалгалтаар бараа материалын орлого 58.092.425 төгрөгийг бэлнээр дутаасан зөрчил илэрсэн. Тухайн үед даргаар ажиллаж байсан Ш.Оюунцэрэн өөрт бэлнээр хадгалж байсан 31.000.000 төгрөгийг төлж хохирлоос барагдуулсан байгаа. Дээрх төлбөрийг Ш.Оюунцэрэн дутаасан болох нь Цагдаагийн байгууллагаар шалгагдаж тогтоогдсон. Одоо үлдэх 27.092.425 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Ш.Оюунцэрэн нь гэнэтийн осолд орсны улмаас эрх зүйн чадамжгүй болж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөн түүний хууль ёсны асран хамгаалагчаар эхнэр Г.Сэнгээ тогтоогдсон учир хохирлыг түүнээс гаргуулахаар шүүхэд хандсан. Г.Сэнгээ нь нөхөр Ш.Оюунцэрэнд олгох ажлаас чөлөөлөгдсөн нэг удаагийн тэтгэмж 13.323.413 төгрөгийг суутгаж хохиролд төлнө, үлдэх 13.769.012 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж байна. Иймд Ш.Оюунцэрэнгийн асран хамгаалагч Г.Сэнгээгээс хохирол 27.092.425 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгож өгнө үү гэв.

Хариуцагч Г.Сэнгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Ш.Оюунцэрэн нь шатнаас унаж, өөрийгөө хариуцах чадваргүй болсон. Тухайн үед Ш.Оюунцэрэн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн өөр хүнтэй хамт амьдарч байсан болохоор ямар өр, яаж үүссэн талаар мэдэхгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байхад нь би асран хамгаалагчаар тогтоогдсон. 2014 онд ийм хэмжээний өр төлбөр яаж гарсан гэдэг нь эргэлзээтэй байна. Яагаад гэвэл манай нөхөр 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тархиндаа гэмтэл аваад ажлаасаа гарсан байдаг. Мөн байгууллагын санхүүгийн асуудлыг Ш.Оюунцэрэн ганцаараа хариуцахгүй, нягтлан бодогч, нярав нар бүгд хариуцах ёстой. Түүнчлэн бэлэн мөнгөний замбараагүй байдлын талаар би боловсон хүчин болон бусад хүмүүст нь хэлж байсан. Надаас нэхэмжилж байгаа мөнгийг Ш.Оюунцэрэн өөр дээрээ байлгаж байгаад алга болгоогүй. Манайхаас 31.000.000 төгрөг авсан. Одоо би энэ хүний өмнөөс өр төлбөрийг төлөх чадвар байхгүй. Ш.Оюунцэрэнд олгох нэг удаагийн тэтгэмжийг одоо болтол тухайн байгууллагаас аваагүй байгаа тул тэтгэмж болох 13.323.413 төгрөгийг төлбөрт суутгаж авахыг зөвшөөрч байна. Тус мөнгийг өр төлбөртэй гээд өгөхгүй байгаа юм. Үлдсэн 13.323.413 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа, Хөвсгөл аймаг дахь улсын нөөцийн салбар нь Г.Сэнгээд холбогдуулан гэм хорын хохирол 27.092.425 /хорин долоон сая ерэн хоёр мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Ш.Оюунцэрэн, Г.Сэнгээ нар гэр бүл бөгөөд нөхөр Ш.Оюунцэрэн нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдэл учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон тул түүнийг эрх зүйн чадамжгүйд тооцож, эхнэр Г.Сэнгээг асран хамгаалагчаар тогтоосон болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Галт сумын нарийн бичгийн даргын 1977 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэж олгосон гэрлэлтийн гэрчилгээ, тэдний цахим үнэмлэх зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 0073 дугаартай шийдвэрийн хуулбар зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч байгууллага Г.Сэнгээг хариуцагчаар татжээ.

Нэхэмжлэгч нь Ш.Оюунцэрэн байгууллагад 58.092.425 төгрөгийн хохирол учруулснаас 31.000.000 төгрөг төлсөн, үлдэх 27.092.425 төгрөг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгоно, хариуцагч нь тухайн учруулсан гэх хохирлыг Ш.Оюунцэрэн ганцаараа хариуцахгүй, түүнд олгох тэтгэмж 13.323.413 төгрөгийг төлбөрт суутгана, үлдэх 13.323.413 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Ш.Оюунцэрэнг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх, цэргийн алба хаасан хугацааг тооцох, нэг удаагийн тэтгэмж олгох тухай” Б/381 тоот тушаал, олговол зохих тэтгэмж тооцсон тухай баримтуудаар Ш.Оюунцэрэн биеийн эрүүл мэндийн байдлын улмаас цэргийн албанд тэнцэхгүй болсон тул 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 13.323.413 төгрөгийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зардлаас гаргаж олгохоор тогтсон боловч тус тэтгэмжийн мөнгийг одоо болтол өгөөгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдлоо.

Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын даргын удирдамжийн шалгалтын дагуу Хөвсгөл аймаг дахь улсын нөөцийн салбарт хяналтын тооллого явуулсан акт, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн үүрэг өгөх тухай баримтуудаар Ш.Оюунцэрэн 58.092.425 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна. Учир нь Хөвсгөл аймаг дахь улсын нөөцийн салбарт хяналтын тооллого явуулсан акт, “...нийт 27.092.425 төгрөгийн хивэг дутаасан зөрчил гаргасан байна. Иймд уг төлбөрийг эд хариуцагч нар болох Хөвсгөл аймаг дахь улсын нөөцийн салбарын дарга, Онцгой байдлын хошууч Ш.Оюунцэрэн, нягтлан бодогч онцгой байдлын ахлах дэслэгч Л.Батсайхан, нярав Б.Ичинхорлоо нарт 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгов” гэх бичилттэй үүрэг өгөх тухай баримтуудтай танилцаж, тухайн байгууллагын дарга Ш.Оюунцэрэн, нягтлан бодогч Л.Батсайхан, нярав Б.Ичинхорлоо нар төлбөр төлөхийг  зөвшөөрч гарын үсэг зурсан байхад зөвхөн Ш.Оюунцэрэнгээс төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа үндэслэл нь ойлгомжгүй байна.  

Ш.Оюунцэрэн нь Онцгой байдлын ерөнхий газрын харъяа, Хөвсгөл аймаг дахь улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байхдаа 58.092.425 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан болох нь Цагдаагийн байгууллагаар шалгагдаж тогтоогдсон тул 27.092.425 /хорин долоон сая ерэн хоёр мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Г.Сэнгээгээс гаргуулж авна гэж нэхэмжлэгч мэтгэлзэж байгаа ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.

Гэвч хариуцагч Г.Сэнгээ нь нэхэмжлэлийн шаардлагаас 13.323.413 /арван гурван сая гурван зуун хорин гурван мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөг төлөх тухай тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зааснаар “зохигч…нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно” гэсний дагуу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэмжээнд хангаж хэргийг хянан шийдвэрлэв.

Иймд хариуцагч Г.Сэнгээгээс гэм хорын хохирол 13.323.413 /арван гурван сая гурван зуун хорин гурван мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа, Хөвсгөл аймаг дахь улсын нөөцийн салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.769.012 /арван гурван сая долоон зуун жаран есөн мянга арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ”Гомдолд хариу өгөх тухай” 99 тоот хариу мэдэгдэх хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь тухайн үйл баримтыг нотлож чадахгүй, давхар нотлох баримтгүй тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 13.323.413 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 224.567 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Сэнгээгээс гэм хорын хохирол 13.323.413 /арван гурван сая гурван зуун хорин гурван мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа, Хөвсгөл аймаг дахь улсын нөөцийн салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.769.012 /арван гурван сая долоон зуун жаран есөн мянга арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Сэнгээгээс улсын тэмдэгтийн хураамж 224.567 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ОТГОНБЯМБА

 

                                                            ШҮҮГЧ                      Н.БЯМБАСҮРЭН

 

                                                             ШҮҮГЧ                      Б.МӨНХТУЯА