Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Ө даргалж,

Улсын яллагч Б.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Г.Э,

Нарийн бичгийн дарга Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Э холбогдох эрүүгийн 2124000250031 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******************

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Зүүн эхний Уурагт” гэх Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос мод бэлтгэх эрхийн бичигт заасан төрөл зориулалтыг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр 4.079 метр куб шинэс төрлийн шургааг модыг бэлтгэж, “Урал” маркийн 12-14 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 1,238,298 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Зүүн эхний Уурагт” гэх Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор, улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос мод бэлтгэх эрхийн бичигт заасан төрөл зориулалтыг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр 4.079 метр куб шинэс төрлийн хэрэглээний шургааг модыг бэлтгэж, “Урал” маркийн 12-14 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйл баримт нь:

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Г.Э 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед миний гар утас руу залгаад “би маргааш өглөө  Рашаант баг руу галын түлээний модонд явах гэсэн юм чи хамт явалцаад өгөөч би галын түлээний гоожин авчихъя” гэж гуйсан юм. Тэгээд би найздаа явж өгөхөөр болоод бид хоёр 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сумын төвөөс “Урал” маркийн 12-14 ЗАН улсын дугаартай автомашинаар Рашаант баг руу яваад мод хийх газраа очиж машин дотроо хоноод 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Уурагт гэдэг нэртэй газар гэсэн тэр ойгоос мод хийж бэлтгэсэн. Би Рашаант багийн нутгийн хүн биш учир газрын нэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд Г.Э бид хоёр орой ойгоос бэлтгэсэн моднуудаа “Урал” маркийн 12-14 ЗАН улсын дугаартай автомашинд ачаад сумын төв рүүгээ буцах санаатай мод бэлтгэсэн газраас хөдлөөд 1 км орчим газар яваад айхтар холдож чадаагүй жалга руу ороод машинаа суулгачихсан юм. Бид хоёр тэр жалганаас машинаа гаргаж чадахгүй 2 хоносон юм. Тэгсэн 2021.03.05-ны өдөр бид хоёрыг жалганаас машинаа гаргаж чадаагүй байхад цагдаагийн машинтай хүмүүс ирээд бид хоёрын ойгоос бэлтгэсэн модыг шалгаад явсан. Г.Э сумын төвөөс мод бэлтгэхээр гарах үедээ ямар ч байсан гоожин авчихсан миний цүнхний урд талын халаас руу хийж байсан юм. Г.Э цагдаад шалгуулахдаа гоожингоо үзүүлээд байсан. Г.Э өөрийнхөө улбар шар өнгийн хужаа хөрөөг барьж ойролцоогоор 30 орчим ширхэг шинэс төрлийн босоо хуурай моднуудыг огтолж тайрч унагаад харин унагасан моднуудаа 3 метрийн уртаар тайрч бэлтгэсэн. Миний хувьд мод тайрахад нь хэмжээ тавьж өгч туслаад хамт ачилцаж өгсөн. Бид хоёр ойгоос 80 ширхэг 3 метрийн урттай шургааг модыг бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 31/,

Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэрийн ажиллуулдаг “*************” ХХК-д хааяа жолоочоор явдаг Г.Э гэх залуу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өглөө надтай уулзаад би маргааш өглөө хөдөө Рашаант баг руу галын түлээний модонд явах гэсэн юм та “Урал” маркийн машинаа надад түр өгөөч би модонд явчхаад ирье гэж гуйсан юм. Тэгээд би гэмгүй сайхан харьцаатай байдаг болохоор Г.Э итгээд тус болчихъё гэж бодоод өөрийн эзэмшилд байдаг “Урал” маркийн 12-14 ЗАН улсын дугаартай автомашиныг өгч явуулахаар болсон. Г.Э 2021 оны 03 дугаар сарын 02-ны өглөө манай хашаанаас унаад хөдөө явсан юм. Тэгсэн Г.Э хөдөө модонд яваад модоо хийчхээд буцах замдаа манай машиныг жалганд суулгачхаад хөдөө бараг 5 хоночхоод өнгөрсөн шөнө сумын төвд ирсэн юм. Би тухайн автомашиныг 2019 оны намар 09 сард Янсангийн Болдоо гэх хүнээс худалдан авч тэр цагаас хойш эзэмшиж байгаа юм. Харин Я.Б бид 2-ын хооронд тухайн автомашины талаар одоо өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 33/,

Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэзээ гэдгийг санахгүй байна. Цагаан сарын дараа байсан байхаа Э нь манай нөхөр болох Ч.Д 12-14 ЗАН улсын дугаартай “Урал” маркийн автомашиныг өгөөч галын түлээнд явж ирээд өгье гээд гуйсан байсан. Манай нөхөр зөвшөөрөөд Энхзориг манай хашаанд машин асаах гээд байж байсан. Тэр үед би захиргаа орох гээд байж таарсан. Намайг захиргаа орох гэж байгаа юм бол та надад мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлээд ирээч гэж гуйсан. Иргэн дээр мод бэлтгэх эрхийн бичиг өгч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгье гэж хэлээд захиргаа ороод байгаль хамгаалагчаар мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж ирээд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 43-45/,

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тосонцэнгэл сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Ойн их хишиг” ХХК-ний захирал Д гэх эмэгтэй 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай ажил дээр хүрч ирээд надтай уулзаад Г.Э гэх хүний нэр дээр №20-003245 дугаартай 14 метр куб түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлж авч байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 35-36/,

Гэрч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн моднууд нь 3 метрийн урттай хуурай, шинэс төрлийн шургааг моднууд байсан. Миний хэмжилт хийсэн дээрх шургааг моднууд ангиллын хувьд бүгд хэрэглээний модонд хамаарах 3 метрийн урттай бөөрөнхий шургааг моднууд байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 38/,

Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Г.Э 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн найз Хишигдорж гэх залууг гуйгаад гэртээ галын түлээний мод хийж ирнэ гээд Рашаант баг руу “Ойн их хишиг” ХХК-ны хөрөө рамын машиныг гуйгаад модонд явсан. Тэгээд манай нөхөр модонд яваад хөдөө машинаа суулгачихлаа гээд 2-3 хоноод ирж байсан юм. Манай нөхөр Г.Э надад ярихдаа галын түлээний мод хийхээр очихдоо хэрэглээний шургааг мод хийсэн тэгээд цагдаатай таараад шалгуулж байгаа гэж надад хэлсэн юм. Миний хувьд өөр мэдэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг /хх 40/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Э ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болон Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 24/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай “...Г.Э ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хар мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний жижиг мод байна. Уг моднууд нь 4,079 м3 хэрэглээний нарийн шургааг мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Рашаант багийн нутаг “Уурагт” гэх газар нь ойн сангийн 1-р мужлал Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт хамрагдана. Г.Эийн ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг, бэлтгэсэн 4,079 м3 хэрэглээний нарийн шургааг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,238,298 төгрөг байна...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 48-50/ зэргээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Г.Э: “...Би 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн найз болох Хишигдорж гэх залууг түлээний модонд хамт яваад өгөөч гэж гуйгаад Тосонцэнгэл сумаас Рашаант багийн нутаг Зүүн эхний “Уурагт” гэх газар “********” ХХК-ний “Урал” маркийн 12-14 ЗАН улсын дугаартай автомашинаар модонд явсан. Тэгээд мод бэлтгэх газрын ойрхон очиж хоноод маргааш өглөө нь мод бэлтгэх газраа очоод 3 метрийн урттай 80 ширхэг шинэс төрлийн мод бэлтгэсэн. Тэгээд модоо ачаад буцаж явж байгаад жалганд суугаад 2 хонож байтал цагдаагийн машинтай ахмад А ирээд машинд ачсан мод хэмжээд явсан. Тэгээд машинаа жалганаас гаргаад сумын төвд ирээд Амгаланбаатар ахмад дээр шалгагдаж эхэлсэн. Би түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Би 3 метрийн урттай модыг хэрэглээний мод болно гэдгийг мэдээгүй байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эхний “Уурагт” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 3 метрийн урттай, шинэс төрлийн 80 ширхэг буюу 4,079 м3 хэрэглээний хуурай модыг бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв руу “Урал” маркийн 12-14 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна.

Шүүгдэгч Г.Э дээрх үйлдлийн улмаас байгаль экологид 1,238,298 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай “...Г.Э ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг бэлтгэсэн 4,079 м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,238,298 төгрөг байна...” гэсэн дүгнэлт, улсын байцаагчийн актаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Э холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Э Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Зүүн эхний Уурагт” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3 метрийн урттай, шинэс төрлийн 80 ширхэг буюу 4,079 м3 хэрэглээний хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно...” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Э нь ойн санд 3,714,894 төгрөгийн хохирол учруулсан байх ба тэрээр хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгч Ж.Ж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан, ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгчид тэнссэн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.

Шүүгдэгч Г.Э гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Урал” маркийн 12-14 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь “...Улсын дугаартай 12-14 ЗАН, марк “Урал”, өмчлөгч Я.Б...” гэсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрч Ч.Д “...Би “Урал” маркийн 12-14 ЗАН улсын дугаартай автомашиныг 2019 оны намар 09 сард Я.Б гэх хүнээс худалдан авсан. Тэр цагаас хойш эзэмшиж байгаа. Харин Я.Б бид 2-ын хооронд тухайн автомашины талаар одоо өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Г.Э гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Урал” маркийн 12-14 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгчид буцаан олгож, түүний үнэ 2 сая төгрөг, Хятад улсад үйлдвэрлэсэн улбар шар өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 3 метрийн урттай, 80 ширхэг буюу 4,079 м3 хэрэглээний модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 3,714,894 төгрөгийг төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, прокурорын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.Э зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Э хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 1 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Э тэнссэн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Урал” маркийн 12-14 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Ч.Д буцаан олгож, түүний үнэ 2 сая төгрөгийг шүүгдэгч Г.Э гаргуулж, Хятад улсад үйлдвэрлэсэн улбар шар өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 3 метрийн урттай, 80 ширхэг буюу 4,079 м3 хэрэглээний модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э хохиролд 3,714,894 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

10. Прокурорын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.Ө