| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00096/и |
| Дугаар | 121 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2-р баг, Гавшгай, 23-р байр, 21 тоотод оршин суух Цэнджав овогт Эрдэнэбаатарын Ариунзаяа /РД: ШЖ-/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарт холбогдох Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбар, эрхлэгчийн 2017 оны 03-р сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ариунзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарт бичиг хэрэг, касс хариуцсан ажилтан Эрдэнэбаатарын Ариунзаяа миний нэр дээр тус салбарын менежер Б.Отгонбаатар нь 2017 оны 02-р сарын 15-ны өдөр “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл” гаргаж, мөн тус салбарын эрхлэгч У.Дамбийсүрэн нь 2017 оны 03-р сарын 20-ны өдөр “ Ажлаас чөлөөлөх тухай тушаал”-ыг тус тус гаргасан. Эдгээр “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл”, “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь шаардлага хангаагүй, хууль зөрчсөн, хууль бус гэж үзээд хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж заасан бөгөөд “ажил олгогч” гэж хэнийг ойлгохыг уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг” ойлгоно гэж тодорхой заасан байна... Гэтэл Э.Ариунзаяа намайг ажлаас халах тухай 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн мэдэгдэл нь хуулийн шаардлага хангаагүй, холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: 1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж заасан байхад ажлаас халах мэдэгдлийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээд болох “ажил олгогч” биш Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын менежер Б.Отгонбаатар буюу ийм мэдэгдэл үйлдэх эрхгүй этгээд уг мэдэгдлийг гарган өөрөө гарын үсэг зурсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд энэ нь хууль зүйн ямар нэг үр дагавар үүсгэх боломжгүй байна. Менежер Б.Отгонбаатар нь хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “ажил олгогч” биш бөгөөд хөдөлмөрийн гэрээг Б.Отгонбаатартай буюу менежертэй байгуулаагүй болно. 2. Уг мэдэгдэл нь төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн наад захын шаардлагуудыг хангаагүй, өөрөөр хэлбэл ямар байгууллага, ямар албан тушаалтан, ямар хууль, журмын хүрээнд уг мэдэгдлийг гаргаж байгаа нь тодорхойгүй, албан баланк, тамга тэмдэг огт дарагдаагүй дур мэдэн үйлдсэн байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан шаардлагын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл гэж үзэх ямар ч боломжгүй байна... Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгчийн 2017 оны 03-р сарын 20-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” Б/05 тушаал нь хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь: 1. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгчийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Монгол Улсад 2014-2016 онд өмнөх Засгийн газрын хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оны 07-р сараас татан буугдсан “Хүнс, хөдөө аж ахуйн яам”-ны нэрийг барьсан албан баланк дээр тушаалаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл Тариалан эрхлэлтийг дэмжих Хөтөл салбарын эрхлэгчийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь 2017 оны 03-р сарын 20-ны өдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд огт байхгүй яамны нэр барин энэхүү тушаалыг гаргасан нь хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус гэж үзэж байна. 2. Түүнчлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгчийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь 2017 оны 03-р сарын 20-ны байдлаар монгол улсын хэмжээнд байхгүй яамны нэрийг хууль бусаар ашигласан тамга дарсан байгаа нь энэхүү тушаал хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна...
Би ажлаас халагдсан тушаалаа албан ёсны болгох хэрэгтэй байгаа. Учир нь Монгол улсад байхгүй яамны тамга тэмдэгтэй тушаалаар дараа нь тэтгэвэрт гарахад хүндрэлтэй асуудал их гардаг. Тиймээс миний ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Яамны нэр солигдсоны дараа бид тамга тэмдгээ солиулах талаар 09 сарын 28-ны өдөр “Тод тамга” руу солиулах хүсэлтээ явуулсан байгаа. Гэсэн ч өөрчлөгдөхгүй цаг хугацаа яваад байсан юм. Гэхдээ энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бүгд л хариуцлагагүй хандсан зүйл байгаа байх. Тамга тэмдэг солих нь энэ хүний ч үүрэг мөн. Тэгээд би саяхан өөрөө хот руу явж хөөцөлдөж байж тамгаа солиулж ирсэн. Энэ хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ё.Ринзаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Манай салбар хуулийн этгээдийн эрхгүй. Цаанаасаа ажлын байрны тоог цомхотгоод нэхэмжлэгчийг ажлаас халсан. Бид энэ тушаалыг шинэ тамга, тэмдэг, бланкан дээр гаргаж өгөх боломжтой байгаа...” гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ариунзаяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарт холбогдох ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч Э.Ариунзаяа нь Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын захирлын 2010 оны 10 сарын 04-ний өдрийн 44 дугаартай тушаалаар бичиг хэргийн эрхлэгчээр түр томилогдон /хх-ийн 9 хуудас/ ажиллаж эхэлсэн байна. Ажлаас халагдах үедээ бичиг хэрэг, касс хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 03-р сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна.
Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны сайдын 2017 оны 02-р сарын 01-ний өдрийн А-16 тушаалын 2 дугаар хавсралтаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын ажиллагсадын бүтэц орон тооны дээд хязгаарыг тогтоож өгсөний дотор бичиг хэрэг, архивын эрхлэгчийн ажлын байр хасагдсан байна. Энэ тушаалыг үндэслэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбатын 2017 оны 02-р сарын 06-ны өдрийн А/05 тушаал гаргасан бөгөөд энэ тушаалын 2 дахь заалтад “шинэчлэн батлагдсан бүтэц орон тоонд нийцүүлэн салбарын ажилтан албан хаагчдыг ажлаас чөлөөлж, ажилд томилохыг салбарын эрхлэгч нарт тус тус даалгасны дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын эрхлэгч У.Дамбийсүрэн салбарын орон тоогоо шинээр баталжээ. /хх-ийн 31 хуудас/ Шинээр батлагдсан орон тоонд бичиг хэрэг, кассын ажилтан гэх Э.Ариунзаяагийн ажлын байр хасагдсан /хх-ийн 32 хуудас/ тул Э.Ариунзаяад орон тоо хасагдсаны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2017 оны 02-р сарын 15-ны өдөр хүргүүлж мэдэгдсэн байна. Дээрх мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ” гэснийг зөрчсөн хэдий ч Э.Ариунзаяад түүний ажлын байр хасагдсан болсон болохыг мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч Э.Ариунзаяа ажлаас чөлөөлөх тушаалыг 2017 оны 03-р сарын 20-ны өдөр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны сайдын 2017 оны 02-р сарын 01-ний өдрийн А/16 дугаартай тушаал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02-р сарын 06-ны өдрийн А/05 дугаар тушаалуудыг үндэслэн Э.Ариунзаяаг бичиг хэрэг, касс хариуцсан ажлаас чөлөөлсөн байна.
2016 оны 06 дугаар сард шинээр байгуулагдсан Засгийн газар Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамыг Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам гэж хуучин нэрийг өөрчилсөн байна. Үүнийг дагаад Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хуучин нэр нь Хүнс Хөдөө Аж Ахуй , Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан болж өөрчлөгджээ.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбар нь нэхэмжлэгч Э.Ариунзаяаг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 03-р сарын 20-ны өдөр гаргахдаа хүчингүй болсон Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны нэр бүхий тушаалын бланк, тамгыг дарж гаргасан байна. Энэ байдлыг шүүх хуралдаанд оролцсон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тамга тэмдэг солиулах талаар 2017 оны 09-р сарын 28-ны өдрийн 60 дугаартай “Тод тамга” тамга тэмдгийн үйлдвэрт албан тоот явуулсан гэж 2016 оны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн архивын сан хөмрөгт байгаа албан тоотын 142 дугаар хуудсанд байгаа албан тоотыг шүүх хуралдаан дээр үзүүлж байна. Гэхдээ үүнээс хойш албан бланк тамга тэмдгээ солиогүй өнөөдрийг хүрчээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “албан бланк, тамга тэмдгээ өөрчилж чадаагүй шалтгаанаа “...Энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бүгд хариуцлагагүй хандсан зүйл байгаа, тамга тэмдэг солих нь энэ хүний үүрэг, би саяхан өөрөө хот руу хөөцөлдөж байж тамгаа солиулсан” гэж тайлбарлаж байна.
Ажил олгогч байгууллага өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж албан бланк болон тамга тэмдгээ солиулж чадаагүйн улмаас хүчингүй болсон тушаалын бланк, хүчингүй тамга хэрэглэж Э.Ариунзаяаг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан болох нь шүүх хуралдаан дээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Э.Ариунзаяаг ажлаас чөлөөлсөн Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны Тарилан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын 2017 оны 03-р сарын 20-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.Ариунзаяа шүүх хуралдаан дээр “...ажлаас чөлөөлсөн тушаалаа хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна...” гэж тайлбарлаж байгаа боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 03-р сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлсөн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ариунзаяад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-д зааснаар Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарын 2017 оны 03-р сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ариунзаяад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА