| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0078/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 49
В.Б-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Ц.Амаржаргал
Прокурор Н.Дуламсүрэн
Шүүгдэгч В.Б-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Б-ын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В-ийн Б-ад холбогдох эрүүгийн 1818000000073 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
- 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар
- 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар
- 1999 онд Эрүүгийн хуулийн усгай ангийн 183 дугаар зүйлийн 1, 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар
- 2001 онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хорих ялаар
- 2004 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар
- 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар
- 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ялаар
- 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн147.2-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б- овогт В-ийн Б- /РД:**********/ нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 13:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны гадаа иргэн Ц.Ц-ийн 770.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх В.Б-ад холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч В.Б- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны гаднаас иргэн Ц.Ц-ийн 770.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тугай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэнд маргахгүй боловч миний бие гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоож өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч В.Б-: Би 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дээрмийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Иймд миний хорих ялын үлдсэн хугацааг тэнсэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа: Шүүгдэгч В.Б-ын үйлдсэн хэргийн гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй түүнийг хүлээн зөвшөөрч байгаа боловч түүнийг хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөхийг хүсэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дуламсүрэн гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Хэрэгт цугларсан нотлох баримтаар В.Б-ын үйлдсэн хэрэг нь нотлогдож тогтоогдсон, түүнд шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Ийм учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Тодорхойлох нь:
В.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 13:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны гадна иргэн Ц.Ц-ийн тоолж байсан 770.000 төгрөгийг авч зугтаасан үйл баримт тогтоогджээ.
В.Б-ын дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж аймгийн Прокурорын газраас В.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх В.Б-ад холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар В.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Ц.Ц-ийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчим Төрийн банкны Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэр байх салбараас тэтгэвэрийн мөнгө болон эмний мөнгө нийт 770.000 төгрөгийг авч иргэн С.Д-ын хамт мөнгөө тоолж байхад нь авч зугтаасан болох нь тогтоогдсон, түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон байна.
Шүүгдэгч В.Б- нь өөрийн үйлдсэн хэргийн гэм буруу хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх түүний үйлдсэн хэрэгт шүүх хуралдаанд прокурорын гаргасан саналыг үндэслэн 6 сарын хорих ял оногдуулсан түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон, хэргийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Б- нь давж заалдах гомдолдоо гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлын үндэслэл гаргаж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч В.Б- хохирогч Ц.Ц-ийн мөнгийг авч зугтааж яваад баригдаж, хохирол арилсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийг улмаас учруулсан хохиролыг төлсөн гэж Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль үндэслэлгүй байгаагийн зэрэгцээ хэдийгээр хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч түүний үйлдсэн хэргийн гэм бурууд шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Ц.АМАРЖАРГАЛ