Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1211

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00668 дугаар шийдвэртэй, У.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхжаргал, Б.Халиунаа нарт холбогдох,

12 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 12 110 000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, 9911-0963 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч У.Ганхөлөг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

У.Ганхөлөг нь өөрийн эзэмшлийн 99110963 дугаарыг 2009 оноос эзэмшиж байгаад 2011 онд тус компанитай гэрээ байгуулж албан ёсны шударга эзэмшигч болсон. 2011 оны 11 дүгээр сард Б.Мөнхжаргалтай харилцан тохиролцож, 8 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн. Энэ зээлтэй холбогдуулан Б.Мөнхжаргалын шаардсан ёсоор өөрийн эзэмшлийн 99110963 дугаарыг дүү гэх Б.Халиунаагийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд зээлийг 2012 оны 6 дугаар сард бүрэн төлж дуусгасан.

2012 оны 12 дугаар сард Б.Мөнхжаргалтай харилцан тохиролцсоны дагуу түүнээс дахин 12 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд энэ талаар талуудын хооронд бичгийн гэрээ байгуулаагүй барьцаа тохиролцоогүй. Б.Мөнхжаргалын дансаар болон бэлэн мөнгөөр зээлээ хэсэгчлэн буцаан төлсөн. 2015 оны 6 дугаар сард Б.Мөнхжаргал өөрөө зөвшөөрснөөр түүнээс авлагатай байсан “Баянмонхор констракшн” компанийн захирал н.Батбилэгт 8 000 000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг хүлээлгэн өгч, уг 12 000 000 төгрөгийн зээлийн төлбөр дууссан.

Хэрэгт авагдсан баримтаар 12 110 000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан. 2016 онд Б.Мөнхжаргалтай уулзаж төлбөр тооцоо дууссан тул 8 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд өгсөн миний дугаарыг шилжүүлж өгөөч гэхэд дугаарыг шилжүүлж өгөөгүй. Сүүлд шүүхэд гаргаж өгсөн тайлбараар Б.Халиунаагийн нэр дээрээс өөр хүний нэр дээр шилжүүлсэн учир буцаан шилжүүлэх бололцоо байхгүй гэсэн.

Иймээс У.Ганхөлөгийн зүгээс шүүхэд 2012 оны 9 дүгээр сард Б.Мөнхжаргалаас зээлсэн 12 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт 12 110 000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул өөрийн хууль ёсоор эзэмшдэг 99110963 дугаарыг эзэмших эрхийг буцааж шилжүүлэхийг хариуцагч Б.Мөнхжаргалд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуульд заасан ямар харилцааны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа нэхэмжлэгч тал тодорхойлоогүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажилллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамтай бөгөөд эрх зүйн ач холбогдол бүхий явдалд зээлийн эргэн төлөлт тогтоолгох гэсэн үйл явдал байхгүй тул дээрх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан. Иймд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэлд зээлийн төлбөрт төлсөн гэх дансны бэлэн мөнгөний орлогын баримтыг хавсаргасан нь хариуцагчаас зээлсэн мөнгөний зөвхөн хүү бөгөөд хариуцагч Б.Мөнхжаргалын шаардлагаар 4 жилийн хугацаанд хэсэгчилж цувуулж өгч байсан баримтууд юм. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн банкны шилжүүлэг бүхий баримтын гүйлгээний утга хэсэгт зээлийн хүүгийн төлбөр гэж нэхэмжлэгч өөрөө баталгаажуул бичсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч У.Ганхөлөгөөс хариуцагч Б.Мөнхжаргалд төлөх ёстой зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 15 сая төгрөгөөс “Баянмонхор констракшн” компанийн захирал н.Батбилэгт 8 сая төгрөгийн үнэ бүхий тоосгыг өгсөн гэсэн бичгийг нэхэмжлэлд хавсаргасан байдаг. н.Батбилэгт хариуцагч Б.Мөнхжаргал орон сууц захиалж урьдчилгаа төлбөрөө төлөөд одоо болтол байрандаа ороогүй байгаа. Өөрөөр хэлбэл н.Батбилэгээс авлагатай юм.

Нэхэмжлэгч У.Ганхөлөг өөрөө Б.Мөнхжаргал дээр ирж ийм бичиг хийгээд өгчих, тэгвэл зээлийн үндсэн төлбөрийн мөнгөө бэлнээр нь н.Батбилэгээс авч өгье гэж удаа дараа гуйсны дагуу Б.Мөнхжаргал уг бичгийг хийж өгсөн байдаг. Нэхэмжлэгч У.Ганхөлөг нь хариуцагч Б.Мөнхжаргалд нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд, хариуцагчаас бичиг авч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа “Баянмонхор констракшн” компанийн захирал н.Батбилэгтэй биеэр уулзаж, учир явдлыг тодруулахад манай компани иргэн У.Ганхөлөгөөс 10 000 ширхэг тоосго, 2 ширхэг гахай авсан, өөр зүйл аваагүй, 10 000 тоосгыг хэрэглээгүй тул буцааж өгөхөд саадгүй гэсэн бичгийг шүүхэд гаргаж өгсөн.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээгээр мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанарын эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иймд хариуцагч Б.Мөнхжаргал нь нэхэмжлэгч У.Ганхөлөгөөс энэ мөнгөө одоо болтол аваагүй бөгөөд тусад нь шүүхэд хандаж нэхэмжлэх болно.

Мөн хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн видео бичлэг нь хариуцагч Б.Мөнхжаргалд мэдэгдэлгүй хувь хүний нууцад халдаж, хууль бус аргаар гүйцэтгэх ажиллагаагаар хийсэн бичлэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаас хасах хүсэлтэй байгаа.

Түүнчлэн гэрч Г.Цолмонгийн мэдүүлэг нь өөрийнх нь шүүхэд өгсөн тодорхойлолтоос зөрүүтэй байна. Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрчийн мэдүүлгийн тухай зөвлөмжид дурдсан гэрчийн тухай тодорхойлолтод тухайн маргаантай үйл баримтын талаар үзсэн, харсан зүйлээ нотлон ярьж байгаа хүнийг ойлгохоор тусгасан байдаг. Гэрч Г.Цолмонгийн хувьд маргаантай байгаа үйл баримтын талаар өөрөө хараагүй, үзээгүй, биеэр байгаагүй, харин бусдаас дам сонссон зүйлээ ярьсан бөгөөд нэхэмжлэлийн эх сурвалж болох хүлээлгэж өгсөн акт баримтыг гаргаж чадаагүй гэж үзэж байна.

Мөн 99110963 дугаарыг нэхэмжлэгч У.Ганхөлөгийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Мөнхжаргалд даалгахыг шаарджээ. У.Ганхөлөг нь үүрэн телефоны үйлчилгээг хариуцагч буюу гуравдагч этгээдэд өөрийн хүсэлтээр хүлээн зөвшөөрч шилжүүлсэн. Энэ талаарх “Мобиком корпораци” ХХК-ийн гэрээ шилжүүлэх тухай дугаар 170348 баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тухайн оператор компанийн дараа төлбөрт дугаар хэрэглэгчдээс ярианы төлбөрт урьдчилж авдаг 100 000 төгрөгийн барьцааг тодруулах нь зүйтэй. Дээрх үйлчилгээг У.Ганхөлөг 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.Халиунаад шилжүүлсэн.

Нэхэмжлэлд иргэн Б.Мөнхжаргалаас 2012 оны 09 дүгээр сард мөнгө зээлж авсан гэж дурдсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа. Түүнчлэн хариуцагчийн хэрэглээнд ийм дугаар байхгүй, тэгээд ч хариуцагч гар утасны оператор компанийн үйлчилгээг бусдад шилжүүлэх эрх байдаггүй. Учир нь гар утасны компанийн үйлчилгээ үзүүлэхдээ ашиглаж байгаа тоон илэрхийлэл нь Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу гаргасан дуудлагын чиглэлийг тодорхойлох, хэрэглэгчийг таньж илрүүлэх зориулалттай тоон илэрхийлэл юм.

Энэхүү тоон илэрхийлэл нь эд хөрөнгө биш бөгөөд өмчийн харилцааны зүйл болдоггүй. Харин оператор компани нь тухайн дугаарлалтыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж, гуравдагч этгээдэд хэрэглүүлдэг. Тэгэхээр энэ дугаарыг хэн нэгний эзэмшилд шилжүүлэх нь хариуцагчид огт хамааралгүй бөгөөд ийм эрх байхгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд Харилцаа холбооны зохицуулах хорооноос гар утасны оператор компаниас иргэд, хуулийн этгээдэд хэрэглүүлж буй дараа төлбөрт дугаарын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нар нь ямар субъект болох талаар лавлагаа гаргуулах хүсэлт гаргасаныг шүүх хүлээж аваагүй.

Мобиком корпорацийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчээс олгож байгаа үйлчилгээг зөвхөн гэрээнд заасан нөхцлөөр ашиглах үүрэг хүлээнэ гэж заасан ба гэрээгээр хэрэглэгчийн дараа төлбөрт дугаарыг бусдад худалдах, барьцаалах эрхгүй гэсэн үг. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар 99110963 дугаарын эзэмших эрхийн гэрээг У.Ганхөлөгт буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Мөнхжаргал, Б.Халиунаа нарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 12 110 000 төгрөг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэррийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх У.Ганхөлөгийн гаргасан 2012 оны 09 дүгээр сард Б.Мөнхжаргалаас зээлсэн 12 000 000 төгрөгийн зээлийн төлөлт 12 110 000 төгрөг болсныг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул “Мобиком” ХХК-ийн 9911-0963 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг Б.Мөнхжаргалд даалгах шаардлага бүхий хэргийн хоёр дахь шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч байна. Харин 1 болон 3 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой, харин энэхүү шийдвэрийг дараах үндэслэлээр бодит байдалд нийцээгүй, биелэгдэх боломжгүй гэж үзнэ. Шүүх “хэрэгт авагдсан дээрх гэрээний 4.2-т үүрэн холбооны дугаар сим карт нь “Мобиком” ХХК-ийн өмчлөлд байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр хугацаанд зөвхөн эзэмших эрхийг хэрэглэгчид олгоно гэж тусгажээ” гэсэн дүгнэлт хийсэн.

Шүүх нь аливаа аж ахуйн нэгжийн гэрээнд заасан заалтыг үндэслэж, аль нэг субьектийг өмчлөгч, эзэмшигчээр тогтоож, хийсвэр дүгнэж болохгүй. Учир нь гар утасны оператор компани үйлчилгээ үзүүлэхдээ ашиглаж байгаа тоонууд нь Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу гаргасан дуудлагын чиглэлийг тодорхойлох, хэрэглэгчийг таньж олох зориулалттай тоон илэрхийлэл бөгөөд эд хөрөнгө биш, өмчийн харилцааны обьект болохгүй.

Харин оператор компани нь тухайн дугаарлалтыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж, гуравдагч этгээдэд хэрэглүүлдэг тул уг дугаарыг хэн нэгнийн эзэмшилд шилжүүлэх нь хариуцагч нарт огт хамааралгүй, ийм эрх ч байхгүй. Уг асуудлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос гар утасны оператор компаниас иргэд, хуулийн этгээдэд хэрэглүүлж буй 8 оронтой дараа төлбөрт дугаарын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь ямар субьект болох талаар лавлагаа гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүйгээс хийсвэр дүгнэлт хийж, бодит байдалд нийцээгүй, биелэгдэх боломжгүй, буруу шийдвэр гаргасан.

Энэхүү хүсэлт нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд тоон илэрхийллийн өмчлөгч, эзэмшигч нарыг тогтоох, нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх эсэх, хариуцагч мөн эсэхийг тогтооход хамааралтай байсан.

Түүнчлэн шүүх “Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Ганхөлөг 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г.Ундрахаас 99110963 дугаарыг барьцаатай нь шилжүүлэн авч, 20042439 дугаартай гэрээг “Мобиком корпораци” ХХК-тай байгуулснаар У.Ганхөлөг 99110963 дугаарыг эзэмших эрх үүссэн. Ийнхүү гэрээнд заасан үндэслэлээр эзэмшил үүссэнээр бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө өмчлөгчийн нэгэн адил шаардах эрх үүсэх талаар дүгнэжээ.

Тэгвэл энэ эрх нэхэмжлэгч У.Ганхөлөгийн хүсэлтээр 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Б.Халиунаа, “Мобиком” ХХК-тай 170448 дугаартай гэрээ байгуулснаар Б.Халиунаад хамаарах учиртай. Б.Халиунаа нь хамтран хариуцагчаар татагадахаас өмнө 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийн хүсэлтээр 40439508 тоот гэрээгээр “Хос финанс” ББСБ-ын эзэмшилд шилжүүлсэн, мөн энэ ББСБ-ын эзэмшлээс өөр эзэмшигчид шилжүүлсэн мэдээлэл байгаа.

Дээрх эзэмшигч нар Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсны мэдэлдээ авсан, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигчид бөгөөд бүгд У.Ганхөлөгтэй адил өөрийн хүсэлтээр гэрээ байгуулж, эзэмшилдээ авч, бусдад шилжүүлсэн байхад зөвхөн У.Ганхөлөг шударга эзэмшигч, бусад нь хууль бус эзэмшигч гэж шийдвэрлэсэн нь буруу.

Хэрэв Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар У.Ганхөлөг шаардах эрх үүсч байгаа бол 9911-0963 дугаарыг эзэмших эрхгүй, гэрээгүй хариуцагч Б.Мөнхжаргал, Б.Халиун нараас бус харин одоо эзэмшиж байгаа этгээдээс шаардах нь хуульд нийцэх юм. Иймд хариуцагч Б.Мөнхжаргалын эзэмшилд анхнаасаа ийм дугаар байгаагүй, хамтран хариуцагч Б.Халиунаа нэхэмжлэл гаргахаас өмнө бусдад хууль ёсны дагуу шилжүүлсэн тул хариуцагч нарт бусдын хууль ёсны өмчлөх, эзэмших эрхийг У.Ганхөлөгт шилжүүлэхээр даалгасан шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх хэрэв барьцааны гэрээ байгуулсан гэж үзэж шийдвэр гаргасан бол Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг заавал харгалзаж үзэх ёстой. Гэтэл шүүх барьцааны гэрээ байгуулсан гэж дүгнэж, шийдвэр гаргасан боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасныг дүгнэлгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр 8 000 000 төгрөгийг хариуцагчид буцаан төлсөн” гэж дүгнэсэн. Тэгвэл энэ барьцааны гэрээний шаардах эрх 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу шаардах эрх дууссанаас хойш даруй 22 сарын дараа нэхэмжлэлээ гаргасан байна.

Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн гаргасан хоёр шаардлагын нэгийг хэрэгсэхгүй болгож, нөгөөг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх ёстой. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай зөрчилдж байгааг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан давж заалдах гомдлын үндэслэлүүд нь шүүхийн нэхэмжлэлийн нэг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэл, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, заавал биелэгдэх шаардлагыг хангаагүй болохыг харуулж байна.

Шүүх нэхэмжлэлд шаардсан, сүүлд зээлсэн, одоог хүртэл төлж барагдуулаагүй 12 000 000 төгрөгийн зээлийн маргааныг огт дүгнэлгүй, харин нэхэмжлэлд шаардаагүй, хэрэгт ямар нэг баримт авагдаагүй маргаагүй, аль өмнө нь зээлсэн 8 000 000 төгрөгийн зээлийг үндэслэн дүгнэж, шийдвэр гаргаж, хариуцагчийг хохироосон тул шийдвэрийн 1, 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч У.Ганхөлөг нь хариуцагч Б.Мөнхжаргал, Б.Халиунаа нарт холбогдуулан 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 12 110 000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, дараа төлбөрт утасны 9911-0963 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзвэл 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б.Мөнхжаргал нь 8 000 000 төгрөгийг У.Ганхөлөгт зээлж, барьцаа болгон түүний 9911-0963 дугаарын эзэмших эрхийн гэрээг өөрийн дүү гэх Б.Халиунаад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн байна.

Улмаар нэхэмжлэгч У.Ганхөлөг нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар 9911-0963 дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг Б.Мөнхжаргал, Б.Халиунаа нараас шаардах эрхтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагч Б.Халиунаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Хос финанс” ББСБ-д 9911-0963 дугаарын эзэмших эрхийг шилжүүлсэн болохыг “Мобиком корпораци” ХХК-ийн №18/1467 тоот албан бичигт дурдсан байна. /хх91-92/

Зохигчдын тайлбараас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх дугаарыг эзэмших эрх бусдад худалдагдсан талаар маргаж байх тул энэ талаар эрх бүхий байгууллагаас лавлагаа гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Гэтэл шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан хүсэлтийг “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт мөн эсэх нь тогтоогдоогүй” гэж дүгнэн хангахаас татгалзсан нь буруу. /хх41, 45-46/

Хэрэв 9911-0963 дугаарыг эзэмших эрх дахин өөр этгээдэд шилжсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар тухайн этгээдийн ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг тодруулах шаардлагатай болно.

Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00668 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА