Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00467

 

Ц.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02053 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2353 дугаар магадлалтай,

Ц.О-гийн нэхэмжлэлтэй,

Х.Ц-ид холбогдох,

Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 5.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалтын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалт, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Х.Ц-той харилцан тохиролцож Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын 17 дугаар гудамжны 371 тоот хаягт байрлах, 495 м.кв газрыг худалдан авахаар урьдчилгаа болгон 5.500.000 төгрөгийг шилжүүлэн өгч, энэ талаар мөнгө хүлээлцсэн баримт бичиг үйлдэж нотариатаар баталгаажуулсан. Хариуцагч нь урьдчилгаа мөнгийг хүлээн авч дээрх газрыг миний нэр дээр шилжүүлэн өгөх байсан боловч элдэв шалтаг хэлэн хойшлуулсаар байсан билээ. Хариуцагчаас удаа дараа газрын бичиг баримтыг шилжүүлэн өгөхийг шаардаж байсан ба тэрээр удахгүй шилжүүлж өгнө бичиг баримт нь бэлэн болохоор өгнө гэж хэлсээр байсан. Дахиад юу болж байгаа эсэхийг асуутал та нар наад асуудлаа өөрсдөө шийд, би та нарт зарсан гэсэн хариуг хэлсэн. Манайх анх удаа газар авч байгаа болохоор бид юу ч мэдээгүй. Ингээд энэ тухай дүүргийн газрын албанаас тодруулж асуухад Ц.О-гийн эзэмшлийн газар биш, нийтийн эзэмшлийн газар байсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд эрүүгийн хэрэг үүсээгүй. Анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар 5 500 000 төгрөгийг хариуцагч Х.Ц-оос гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Х.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: Би 1997 оноос хойш Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын 17 дугаар гудамжны 371 тоотод газарт хашаа барьж, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа билээ. 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ц.О-д өөрийн эзэмшиж байсан газраас 495 м.кв газрыг 5.500.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, 5.500.000 төгрөгийг авсан. Энэ хугацаанд өөрийн эзэмшлийн газар болох 700 м.кв газраа өмчилж авахаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, дүүргийн газрын албанд өргөдөл, хүсэлт гаргасан байсан. Ц.О-д газар эзэмших гэрчилгээг гаргуулж өгч чадаагүй. Ц.О- нь 2013-2017 онд тухайн газарт амьдарч байсан. Энэ газрыг худалдсан нь үнэн. Ц.О- нь газрын гэрчилгээ гараагүй байхад 2017 онд бусдад зарсан. Би хохирч үлдэж байна. Хэрэв би Ц.О-д 4 жилийн хугацаанд түрээслүүлсэн гэж тооцох бол тодорхой мөнгөн дүн гарна гэж нэхэмжлэлдээ бичсэн. Иймд Ц.О-гийн нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02053 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч Х.Ц-оос 5 500 000 /таван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.О-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205.900 төгрөгөөс 173 150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 32.750 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох, хариуцагч Х.Ц-оос 102.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2353 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 102.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.16-ны өдрийн 182/ШШ2018/02053 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.23-ны өдрийн 2353 тоот магадлалуудыг тус тус эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Х.Ц- миний бие 2013 оны 03 сарын 28-ны өдөр иргэн Ц.О-тэй тохиролцож Чингэлтэй дүүрэг, 7-р хороо, Хувьсгалчдын 17-р гудамжны 371 тоот хаягт байрлах хашааныхаа талыг 5.500.000 төгрөгөөр худалдаж 371-ийн А, Б гэсэн 2 хашаа болгон хуваасан. Тус тусдаа хаягтай 2 хашаа болгосон. Х.Оюунсүрэн нь манай хашаанд бууж амьдарч байгаад манай хашааг худалдаж авсан юм. Би 1997 оноос энэ хашаандаа амьдарч байгаа бөгөөд анх биднийг энэ газарт буухад СХД-ийн 11-р хороонд хамаардаг. Өөр хаягтай байсан. Би хашаагаа ээжийнхээ хамтаар бүхэлд нь өмчилж авах боломжтой байсан боловч Х.Оюунсүрэн нь худалдаж авъя гэсэн тул холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлж өгөөд хашааныхаа талыг худалдчихсан. Гэтэл Х.Оюунсүрэн нь айлын хашаанд бууж амьдарч байгаад тал хашааг нь худалдаж авчхаад өөрийнхөө худалдаж авсан хашаагаа бусдад худалдчихаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гайхахын зэрэгцээ анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс бодит үнэнд нийцэхгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Гомдол гаргах үндэслэл: Шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулчихаад мөнгийг гаргуулахаар шийдсэн» атлаа газрыг, хашааг эзэнд буцааж өгөөгүй. Газрыг хуулийн дагуу эзэмшиж төрөөс тогтоосон хаягаар төрийн үйлчилгээ авч, төрийн сонгуульдаа удаа дараа оролцож байсан байтал эзэмшиж байснаа нотолж чадаагүй мэтээр шүүх дүгнэсэнд гомдолтой байна. Худалдах, худалдан авах гэрээний дагуу Хувьсгалчдын 17-р гудамжны 371 тоот хаяг 371-ийн А, 371-ийн Б гэсэн 2 хашаа болон хуваагдсан, мөн хуваагдсан хашаа нь Цагаанцоож миний өөрийн хөрөнгөөр барьж босгосон бүгээн байгуулалт байтал шууд бусад хүнд зүгээр өгүүлэхээр шүүх шийдвэрлэж байгааг шударга бусын жижигхэн хонгилд миний эрх зөрчигдлөө гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч Х.Ц-оос 5.500.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ “...гэрээ хүчин төгөлдөр бус тул шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулна” гэсэн агуулгаар тайлбарлажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...тоотод 1997 оноос хашаа барьж амьдарч байсан, өөрийн эзэмшиж байсан газраас 495 м.кв газрыг 5.500.000 төгрөгөөр худалдсан, нэхэмжлэгч 2013-2017 онуудад тухайн газарт амьдарч байсан...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Хэргийн 6 дугаар талд авагдсан 2013 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэлд “Ц.О- нь Х.Ц-оос Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-17-371 тоотод байрлах 700 м.кв газрын 350 м.кв газрыг худалдан авахад урьдчилгаа болгож, 5.500.000 төгрөг хүлээлгэн өгөв” гэжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/772 дугаар захирамжаар Ц.О-д Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г 17-371Б тоотод 496 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба тэрээр 2018 оны 6 дугаар сарын 28-ний өдөр 495 м.кв газрын өмчлөгчөөр, хариуцагч Х.Ц- нь 2018 оны 2 дугаар сарын 2-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г 17-371 тоотын 699 м.кв газрын өмчлөгчөөр тус тус улсын бүртгэлд бүртгэгджээ /хэргийн 8, 19, 38 дугаар тал/.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч 371Б, хариуцагч 371 гэсэн хаяг, бүртгэлтэй газрын өмчлөгч байх ба нотлох баримтын хууль зүйн үндэслэл бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшиж байсан газраас тодорхой хэсгийг худалдан авч, эзэмшиж ашиглаж байснаа үгүйсгээгүй бөгөөд түүний өмчилсөн газар нь хариуцагчаас шилжүүлэн авсан газартай давхцаж буй эсэх, нэг хашаанд хаягийн хоёр өөр бүртгэл хийгдсэн үндэслэл, хариуцагч уг газрыг эзэмших, улмаар өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байсан эсэх, мөн маргаж буй газар тухайн үед нийтийн эзэмшлийнх байсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд эдгээр нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Зохигчийн хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхийн тулд гэрээ байгуулагдах үед буюу 2013 онд тухайн газрыг хэн эзэмших эрхтэй байсан нь тодорхой байх ёстой бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн хариуцагч “...хашаа худалдсан” талаар тайлбар гаргасан байхад шүүх уг асуудлыг тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, ямар эд хөрөнгө гэрээний зүйл болсон, гэрээний төлбөр ямар эд хөрөнгийн үнэд хамаарч байгаа, худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх нь тодорхой бус байна.

Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус тохиолдолд хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02053 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2353 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 102.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ