| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0031/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/30 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Ө даргалж,
Улсын яллагч Б.Н,
Шүүгдэгч Ж.Ш,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Ш холбогдох эрүүгийн 2124000000039 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******************************
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Ш нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг “Хөх чулуут” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр хэрэглээний 3.0856 метр куб шинэс төрлийн модыг бэлтгэж, 2021 оны 05 дугаар сард Их-Уул сумын төв рүү 07-63 ХӨҮ улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 609,615 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүгдэгч Ж.Ш нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг “Хөх чулуут” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр хэрэглээний 3.0856 метр куб шинэс төрлийн модыг бэлтгэж, 2021 оны 05 дугаар сард Их-Уул сумын төв рүү “Маяти” маркийн 07-63 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт нь:
Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ах Ж.Ш 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр надтай утсаар ярих үедээ Их-Уул сумын Хуягт багийн нутаг “Хөх чулуут” гэх газрын ойгоос 2021 оны 01 дүгээр сарын эхээр 4 метрийн урттай 20 ширхэг модыг өөрөө хийж бэлтгэсэн гэж ярьж байсан юм. Тэр үед манай ах бэлтгэсэн моднуудаа хавар сумын төв рүү оруулаад зүсүүлж банз болгоно гэж хэлж байсан юм. Тухайн үед би ахаасаа та мод хийхдээ гоожин эрхийн бичиг авсан уу гэхэд эрхийн бичиг гоожин авалгүй тухайн моднуудаа бэлтгэсэн гэж надад хэлсэн юм. Би тухайн үед ахдаа та гоожингоо авч байж мод бэлтгэхгүй яасан юм бэ гэж хэлээд өнгөрч байсан юм. Би 2021 оны 03 дугаар сард отроос ирээд ахынхаа хүүхэд Ш.П тааралдаж уулзах үедээ танай аав ойгоос бэлтгэсэн гээд байсан модондоо гоожин эрхийн бичгээ авч янзалсан юм уу гэж асуухад манай аав бэлтгэсэн модондоо эрхийн бичиг гоожин авч чадаагүй байгаа гэж надад хэлж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 25/,
Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ж.Ш 2021 оны 01 дүгээр сарын эхээр 10-ны үеэр Хуягт багийн нутаг “Хөх чулуут” гэх газрын ойгоос 4 метрийн урттай, 20 тооны хуурай хар мод хийж бэлтгэсэн талаар надад хэлж байсан юм. Тухайн моднуудыг манай нөхөр ойгоос ганцаараа хийж бэлтгэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 27-28/,
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Их-Уул сумын Хуягт багийн нутаг “Хөх чулуут” гэх газарт өнгөрсөн өвөл өвөлжсөн. Манай Хуягт багийн иргэн Ж.Ш нь 2021 оны 01 сарын эхээр манай өвөлжөөний урд талын модон дотор 4 метрийн урттай хэрэглээний мод бэлтгэж байхаар нь би очиж уулзаж байсан юм. Намайг очиж уулзах үед Ж.Ш 20 орчим тооны модыг бэлтгээд цагаалах гэж байсан. Харин сүүлд нь сураг сонсоход тухайн моднуудаа сумын төв рүү ачсан гэж сонссон юм байна...” гэсэн мэдүүлэг /хх 30-33/,
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Их-Уул сумын Хуягт багийн иргэн Ж.Ш нь 2021 оны 5 дугаар сард Их-Уул сумын төвд үйл ажиллагаа явуулдаг манай “Эрдэнийн хясаа” ХХК-ний хөрөө рам дээр 4 метрийн урттай, хуурай шинэс төрлийн 20 ширхэг бөөрөнхий модыг зүсүүлж байсан. Тухайн үед Ж.Ш нь тухайн моднуудаа хөх өнгийн “Маяти” маркийн ачааны автомашинаар тээвэрлэн ирж байсан. Ж.Ш манай хөрөө рам дээрх моднуудаа зүсүүлэхдээ дандаа 3 см-ийн банз болгож зүсүүлээд аваад явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 34-35/,
Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд модоо бэлтгэж тээвэрлэх ёстой. Ж.Ш нь 2021 оны 1 дүгээр сард ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг надаас аваагүй. Ж.Ш нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр №20-026358 дугаартай 20 метр куб хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 38-40/,
Гэрч Ш.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү Хуягт багийн нутаг “Хөх чулуут” гэх газарт машиныг авчраад өгөөрэй гэж хэлээд хээр зүсмийн морьтойгоо хониндоо явсан. Би машиныг тухайн газарт унаж аваачаад гэртээ ирсэн. Аав машин дээр өөрөө мод ачсан байсан. Би тухайн машиныг унаад модтой цуг гэрийнхээ гадаа ирсэн. Гэрийн гадаа буулгасан модыг сумын төв рүү оруулсан талаар сайн мэдэхгүй байна. Аав надад хэлэхдээ тухайн модны гоожинг авчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 41-43/,
Иргэний нэхэмжлэгч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Ж.Ш ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 18/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай “...Ж.Ш ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хэрэглээний хар мод байна. Ж.Ш ойгоос бэлтгэсэн босоо модны хожуул, унанги модны хожуул зэргээс метр куб, эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжтой, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл үндэслэн хожуулын диаметр, модны өндөр хэмжиж үзэхэд 3,0856 м3 хэрэглээний хуурай мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Хуягт багийн нутаг “Хөх чулуут” гэх газар нь ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Ж.Ш ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг, бэлтгэсэн 3,0856 м3 хэрэглээний хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 609,615.82 төгрөг байна...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 47-49/, болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/ зэргээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч Ж.Ш: “...Би өвөлжөөндөө мал хариулж байхдаа бага багаар 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг “Хөх чулуут” гэх газрын ойгоос 9 ширхэг шургааг мод бэлтгэсэн юм. Би тухайн шинэс модоо ганцаараа өөрийн эзэмшлийн цэнхэр, шар, цагаан өнгийн цахилгаан хөрөө, 3-4 метрийн урттай сур зэргийг ашиглан цагаалж бэлтгэсэн. Би модоо хээр зүсмийн нас гүйцсэн мориор цагаалсан. Би цагаалсан модоо уулнаас буулгахдаа 07-63 ХӨҮ улсын дугаартай, “Маяти” маркийн автомашин болох дүү О машиныг гуйгаад том хүү болох П жолоодуулж мод бэлтгэсэн гэх Хуягт багийн нутаг “Хөх чулуут” гэх газраас зөөвөрлөсөн. Тухайн үед би П хамт бэлтгэсэн модоо зөөж, тавиагүй юм. Тэр үед манай хүү малдаа явсан байсан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг “Хөх чулуут” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр хэрэглээний 3,0856 м3 хуурай модыг бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын төв руу “Маяти” маркийн 07-63 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна.
Шүүгдэгч Ж.Ш дээрх үйлдлийн улмаас байгаль экологид 609,615.82 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай: “...Ж.Ш ойгоос хийж бэлтгэсэн хэрэглээний хуурай хар модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг, бэлтгэсэн 3,0856 м3 хэрэглээний хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 609,615.82 төгрөг байна...” гэсэн /хх 47-49/ дүгнэлт, улсын байцаагчийн актаар тус тус тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Ж.Ш холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Ш ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3,0856 метр куб түлээний хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Ш нь ойн санд нийт 1,828,845 төгрөгийн хохирлыг учруулсан байх ба тэрээр ойн санд учруулсан 1,828,845 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримт, иргэний нэхэмжлэгч О.О “...Ж.Ш сайн дураар эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Ш гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Маяти” маркийн 07-63 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь “...Улсын дугаар 07-63 ХӨҮ, марк загвар “HYUNDAI Mighty”, өмчлөгч З.Т...” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрч Ж.О “...07-63 ХӨҮ улсын дугаартай, маяти маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 7 дугаар сард хүнээс худалдаж авч байсан. Машиныг гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байсан...” гэсэн мэдүүлгээр,
Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан, шар, цэнхэр өнгөтэй цахилгаан хөрөө, 3-4 метр орчим урттай сур, хээр зүсмийн 1 тооны адуу нь Ж.Ш өмчлөлийнх болох нь түүний “...Маяти” маркийн 07-63 ХӨҮ улсын дугаартай автомашин нь дүү О машин. Морт, хөрөө сур нь миний өмчлөлийнх тавьсан...” гэсэн тайлбараар тус тус нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Ж.Ш гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Маяти” маркийн 07-63 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Ж.О буцаан олгож, түүний үнэ болох 2,000,000 төгрөг, хээр зүсмийн морь, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан, цэнхэр, шар өнгөтэй цахилгаан хөрөө, 3-4 метр орчим урттай сурыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 09 дугаартай тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Ж.Ш зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид баримтаар 1,828,845 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны хээр зүсмийн морь, Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан, цэнхэр, шар алаг өнгөтэй цахилгаан хөрөө, 3-4 метр орчим урттай сурыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Маяти” маркийн 07-63 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Ж.О буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 2,000,000 төгрөгийг шүүгдэгч Ж.Ш гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 09 дугаартай тогтоол, шүүгдэгч Ж.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Ө