Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, “Буурхээр”-ийн 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт, 268 тоотод байрлах “Био-Агро” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумд байрлах “Бага-Шанд” ХХК-д холбогдох бордоо нийлүүлэх гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч *******, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Био-Агро” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Бага-Шанд ХХК-тай манай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багт орших Био-Агро ХХК нь 2015 оны 04 сарын 04-ны өдөр захирал *******тай, 2015 оны 04 сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирал О.Мэндбаяртай давхар гэрээ хийж тонн тутмыг 2.5 сая төгрөгөөр тооцож 12 тонн азофос бордоо нийлүүлсэн. Гэрээний дагуу 2015 оны 04 сарын 20-ны өдөр 6 тонн, 2015 оны 04 сарын 26-ны өдөр 6 тонн нийт 12 тонн бордоо нийлүүлсэн. Урьдчилгаа болгож 5.000.000 төгрөгийг Бага-Шанд ХХК-иас авсан. Үлдэгдэл 25.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгөхөөр тохиролцож хугацаа хэтэрвэл сар бүр банкны хүү буюу 10 хувиар тооцож алданги төлөхөөр гэрээндээ тусгасан. Гэвч бид алданги тооцохгүйгээр бордооныхоо үндсэн үнийг л авахаар нэхэмжилсэн байгаа. 2015 онд ургац алдсан жил байсан болохоор Бага-Шанд ХХК-иас бидэнд ирэх жил болтол төлбөрийг хойшлуулж өгнө үү гэж утсаар ярихад нь бид зөвшөөрсөн юм. Тэгээд 2016 оны намар энэ төлбөрийг төлөх боломжгүй байна гэсэн тул шүүхэд хандаж байна...” гэв.

Хариуцагч “Бага-Шанд” ХХК-ийн захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манайх Био-Агро ХХК-иас 12 тонн бордоо авсан. Тухайн 2015 онд ургац алдсан жил байсан болохоор төлбөрийн чадваргүй байсан. 2016 ондоо манайх тариалалт хийгээгүй юм. Энэ жил 1000 га тариалж байгаа. Энэ жил төлбөрөө төлье гэсэн боловч ойлголцолд хүрч чадалгүй ийм зүйл болж байна...” гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Био-Агро” ХХК хариуцагч “Бага-Шанд” ХХК-д холбогдуулан бордоо нийлүүлэх гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Био-Агро” ХХК нь 2015 оны 04-р сарын 20-ний өдөр хариуцагч “Бага-Шанд”  ХХК-тай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан байгаа боловч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар гэрээний талууд тохиролцож эд хөрөнгө шилжсэн байх тул эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ гэж үзлээ.

Гэрээгээр 1 тн бордоог 2 500 000 төгрөгөөр тохиролцож 12 тн  бордоог 30 000 000 төгрөг төлөхөөр болж урьдчилгаа 5 000 000 төгрөгийг 2015 оны 04-р сарын 27-нд төлөх, үлдэгдэл 25 000 000 төгрөгийг 2015 оны 10-р сарын 30-ны дотор тус тус төлөх, худалдан авагч, нийлүүлэгч хоёр бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа болон төлбөр тооцоо хийх хугацааг зөрчин заасан хугацааг хожимдуулбал сар тутам үнийн дүнгийн 10%-тай тэнцэх алданги төлнө” гэж харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, бордоо нийлүүлэх гэрээ /хх-ийн 7-р хуудас/ 2016 оны 10-р сарын 30-ны өдрийн 89 дугаартай албан тоот /хх-ийн 4 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Био-Агро” ХХК нь энэхүү гэрээний дагуу 2015 оны 04-р сарын 20-ны өдөр 6 тонн, 2015 оны 04-р сарын 26-ны өдөр 6 тонн нийт 12 тонн бордоо нийлүүлсэн байна.

Хариуцагч “Бага-Шанд” ХХК нь гэрээний урьдчилгаа болох 5 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөгийг хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчжээ.

Нэхэмжлэгч тал 2015 оны 04-р сарын 20-ны өдрийн гэрээнд заасны дагуу алданги тооцохгүйгээр бордооны үлдэгдэл төлбөр болох 25 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Био-Агро” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Бага-Шанд” ХХК-д холбогдох  25 000 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Бага-Шанд” ХХК-иас 282 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Био-Агро” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Бороодны чанарын талаар маргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас ирүүлсэн Мал эмнэлгийн хүрээлэнгийн шинжилгээний хариу /хх-ийн 6-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /хх-ийн 5-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Бага-Шанд” ХХК-иас 25 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Био-Агро” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Бага-Шанд” ХХК-иас 282 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Био-Агро” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөгч  нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                

                  

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.НАРАНТУЯА