Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/486

 

  2021         07         22                                          2021/ШЦТ/486

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Д.Даваадорж,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Чинбат, Д.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт *******-д холбогдох эрүүгийн 1909 02675 1547 дугаартай 2 хавтаст хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандал 2 дугаар гудамжны 45 тоотод оршин суудаг, биеэ эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

-урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн /хуучнаар/ 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ө овогтой Б.Ц /РД:*

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч ******* нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 12-ээс 13-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр “Ёлын ам” гэх нэртэй газрын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазад байрлаж байхдаа “Бүгд Найрамдах Франц” улсын иргэн Э.К.Л”-г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат шүүхийн хэлэлцүүлэгт “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас харахад миний үйлчлүүлэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь бүрэн тогтоогдож байна. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хохирлын хувьд яллах дүгнэлтэд 3.073.397 төгрөг буюу 1040 еврогийн хохирол учирсан гэж бичсэн байдаг. Шүүхийн шатанд хохирогчийн зүгээс 28 хуудас бүхий хохирлын баримт гаргаж өгсөн. Эдгээр хохирлын баримтуудаас үзэхэд хохирогч нь яг энэ гэмт хэргийн улмаас сэтгэл заслын эмчилгээнд орсон уу гэдэг нь эргэлзээтэй байна. Мөнгө тушаасан баримт гэх юм байдаггүй. Хүснэгтэд мөнгөний дүнгүүд л бичсэн байдаг. Иймд хохирлын баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Харин 3.073.397 төгрөгийг хохирогчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Гадаад улсын иргэн Монгол улсын ирээд гэмт хэрэгт өртөж хохирсон байгаа учраас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах нь зүйтэй. Хохирол төлөх асуудал өнөөдрийг хүртэл яагаад төлөөгүй юм бэ гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс асууж, ярьж байна. ******* нь хувийн батлан даалтаар суллагдан 3 сараас хойш бэлэн мөнгө цуглуулж байсан боловч түүний эхнэр нь шулуун гэдэсний хагалгаанд 8 хоногийн дотор 3 удаа орсон. Цуглуулж байсан мөнгөө эхнэрийхээ хагалгаанд өгсөн. Хавтаст хэрэг дотор хохирогчийн миний хохирлын асуудлыг миний өмгөөлөгчөөр дамжуулж төлж барагдуулж болно гэсэн мэдүүлэг байгаа. Би ******* болохгүй бол чи мөнгийг нь аваад ир хохирогчийн өмгөөлөгчид өгч болно байх гэж хэлсэн. Л.Түвшинцэнгэл өмгөөлөгчид хохирлын мөнгийг хохирогчид дамжуулаад өгөх боломж байгаа. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хандсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хохирлын тал дээр миний хувьд Б.Чинбат өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж байна. 13.125.180 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримт нь хангалттай биш байна. ******* нь хохиролд төлөхөөр 3.000.000 төгрөг цуглуулсан байгаа. Хавтаст хэрэгт хохирогчийн хохирлоо өмгөөлөгчөөрөө дамжуулан авна гэсэн мэдүүлэг байгаа. Би шүүхийн шатнаас өмгөөлөгчөөс оролцож байгаа. *******ын авч ирсэн мөнгийг хохирогчийн өмгөөлөгчид өгөхөөр санал тавьсан боловч хохирогчийн өмгөөлөгч 13.125.180 төгрөгийн хохирлыг бүтнээр нь авна гэсэн байгаа. Энэ мөнгийг шүүгдэгч нь яг өнөөдөр төлж барагдуулах боломжгүй байна. Миний хувьд шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч аль аль талуудын өмгөөлөгчөөр оролцож байсан. Шүүгдэгч хохирлоо нөхөн төлж барагдуулъя гэдгээ илэрхийлж байгаа тохиолдолд мөнгөний хэмжээг их бага гэхгүйгээр авах нь зүйтэй. Дээрх шалтгаанаас болоод хохирол бүрэн барагдаагүй байна. Сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд нь хангалттай байна гэж үзэж байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт “... Хохирогч болон өмгөөлөгч миний хувьд өнөөдрийн энэ шүүх хуралдааныг 2 жил хүлээлээ. Хохирогч туйлын гомдолтой байгаа. Нэгдүгээрт хохирогчид үйлчилнэ гээд Вэнт Хорс гэх компаниас орчуулагч, жолооч хоёр гаргуулж өгсний дагуу хохирогчийн аюулгүй байдлыг хангахаар итгэл даан явсан хүн нь хохирогчийг архи ууж, биеэ хамгаалах чадваргүй үед нь хүчиндсэнд маш гомдолтой байгаа. Хоёрдугаарт ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй бидэнд маш их хүндрэл учруулаа. Гуравдугаарт шүүгдэгч нь өөрт авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлт удаа дараа гаргахдаа хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулна гэдгээ амлаж байсан. Миний зүгээс ч *******-ыг хохирлоо барагдуул гэж шаардаж байсан *******-ын өмгөөлөгч болон ах нь төлнө гэж ярьж байсан ч хохирлыг төлж барагдуулаагүй. Шүүх хуралдаан болох энэ өдөр банкин дээр очиж мөнгө шилжүүлэх гэсэн боловч дансны дугаар, нэр болохгүй байна гэж ярьж байгаад миний хувьд маш их эргэлзээ төрж байна. Хохирлыг төлж барагдуулах хүсэл, зорилго байхгүй байгаа нь харагдаж байна. Миний утасны дугаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарт ч шүүх рүү холбогдоод авсан ч бүх хүнд байсан. Мөнгө шилжүүлж болохгүй байгаа тохиолдолд миний утасны дугаарыг хэн нэгнээс авч холбогдон хохирогчийн дансны дугаар мэдээллийг авах боломжтой байсан. Үүнээс үзэхэд *******-д хохирлыг төлж барагдуулъя гэсэн санаа, зорилго байхгүй байна гэж үзэхээр байна. Мөн шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа эсэхэд эргэлзэж байна. Өнөөдөр Азийн улс орнууд мөн Монгол хүчингийн гэмт хэрэгт хүнд ял шийтгэл оногдуулах цаг үе ирсэн гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Иймд шүүхээс сая дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэжээ.

Нэг. Гэм буруугийн асуудлаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 12-ээс 13-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр “Ёлын ам” гэх нэртэй газрын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазад байрлаж байхдаа “Бүгд Найрамдах Франц” улсын иргэн Э.К.Л”-г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

 Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Бүгд Найрамдах Франц улсын иргэн Э.К.Л-гийн өгсөн “...Миний бие 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Монгол Улсад буюу говь, цөлд аялах үедээ хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон тул уг хэргийн мэдүүлгийг өгөхөөр өөрийн биеэр хүрэлцэн ирлээ. Би  2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр аялалд гарсан. Миний аяллын маршрут нь Транссибирийн аялал буюу Орос, Монголоор дайран Хятад Улс руу аялах ёстой байсан. Би 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад, тодорхой хэлбэл Улаанбаатар хотод ирсэн. Би ирсэн даруйдаа Хятад улс руу явах төлөвлөгөөтэй байсан тул виз мэдүүлэхээр Хятадын элчин сайдын яам руу очсон. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байрлаж байсан дэн буудалдаа нэг эмэгтэй найзтайгаа тааралдсан. Энэ найзыг маань Мондоут Анаел /Мondout Anaelle/  гэдэг. Бид хоёр 3 хоног Улаанбаатар хотод үлдэж аялсан. Үүний дараа Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу автобусаар зорчин очиж 10 гаруй хоносон. ...Ингээд бид хоёр Говь руу аялахаар төлөвлөн, улмаар хөтөч, жолоочтой аялал зохион байгуулдаг нэг компанийг хайж олсон. Энэ байгууллага нь “Вайлд хорс” гэх нэртэй дэн буудлын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага байсан. Тэгээд 4 хоногийн аялал сонгоод захиалсан юм. 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр жолооч болон хөтөч хэмээх хоёр хүн биднийг дэн буудлаас ирж авсан. Тэнд мөн Намуунбаяр гэх нэг эмэгтэй байсан ба хөтчийн үеэл хэмээн бидэнд танилцуулсан. Хөтөч жолооч хоёр нь хоёулаа эрэгтэй хүмүүс байсан. Ингээд бид тав унаандаа сууж говь руу гарсан. Бид нар эхний шөнө хоёр өөр гэрт хоноглосон. Нөгөөдөр нь бид машинаар Ёлын ам гэх газар луу очиж мөсөн хавцал үзэхээр гарсан ба хавцлаа очиж үзсэн. Үүний дараа хөтөч, жолооч хоёр хоноглох гэх буудал хайсаар олсон боловч ганц л гэх үлдсэн байсан. Анеал бид хоёр гэрт буусан. Бас хөтчийн үеэлийг хамт авч орсон. Бид “хоёр эрэгтэйг машиндаа юм уу эсхүл хаа нэгтээ хонох газар олох байх” гэж бодож байсан юм. Анеал бид хоёр тэдэнтэй хамт оройн хоол идсэн. Учир нь тэр өдөр Монголын Үндэсний их баяр наадмын өдөр болж байсан юм. Бид тав архи уусан. ...Хөтөч, хөтчийн үеэл хоёр Ангил хэлээр ярьдаг байсан болохоор ямар ч асуудалгүй байсан. Харин жолооч Англиар ярьдаггүй байсан. Тийм болохоор биднээс зайдуу байсан ба бидний ярианд огт оролцоогүй. Тэгж байгаад би бие засахаар нэг удаа гарсан. Эргэж ирэх үед миний дотор муухайрч байсан. Миний санаж байгаа зүйл маш бүдэг, бадаг байна. Анеал надад унтлагын хувцас өмсгөөд хөнжилд оруулсан. Дараа нь бүгд ирж унтахаар хэвтэцгээсэн. Миний хамгийн сайн санаж байгаа зүйл гэвэл “би сэрэхдээ өмдгүй байгаагаа мэдсэн”. Анеал миний хажуугаар хэвтэж байсан ба тэрээр надаас юу болсныг асууж намайг сэрээсэн. Би түүнд сайн санахгүй байгаагаа хэлсэн. Анеал надад “шөнө 12 цагийн орчимд жолоочийг миний орны хажууд босоод зогсож байхыг харсан” гэж хэлсэн. Бас Анеал “хашхирсан” гэж хэлсэн. Намуун огт архи уугаагүй байсан, тэр ч бас “Анеалыг хашхирсан, мөн намайг уйлж байхыг сонссон” гэж хэлсэн. Би тухайн үед Анеал ямар нэгэн зүйл хэлж чадаагүй. Тэгээд өглөө нь би бүгдийг олж мэдсэн. Ийм асуудал үүссэн учраас Анеал, хөтөч, бас хөтчийн үеэл бид дөрөв юу хийхээ ярилцсан. Бүгдээрээ жолоочийг хаяж явахаар санал нэгдсэн. Хөтөч өөрөө машинаа жолоодож явахаар болсон. Харин жолоочийг тэнд нь үлдээсэн. ...Бид бүтэн сайн өдрөөс 1 дэх өдөр шилжих шөнө Улаанбаатар хотод ирсэн. Нэг дэр өдрийн өглөө бид Монгол дахь Франц улсын Элчин сайдын яам дээр очсон. Би тэнд болсон бүх зүйлийг тайлбарлан ярьсан. Тэндээс Франц хэлтэй нэг өмгөөлөгчийг холбож өгсөн. Ингээд бид тэр хавь хамгийн ойр байрлах Цагдаагийн хэсэг рүү очиж гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-82-86/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Дөлгөөндалайгийн өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Вайнд хорс” /Wind horse/ аялал жуулчлалын компаниас надад хандан “2 жуулчин Монгол Улсад ирсэн байгаа Говь руу аваад явах уу” гэж асуухаар нь би зөвшөөрсөн юм. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 08 цаг 30 минутын орчимд тус компани дээр ирж аялалд хамт явах жолоочтой танилцсан. Манай үеэл Намуун надтай хамт явсан юм. Тэгээд “Улсын Их дэлгүүр”-ийн ард байрлах газарт очиж Франц улсын 2 иргэнийг аваад хөдлөх болсон юм. Тэгэхэд манай жолооч “компаниас хоол ундны хэрэгсэл дутуу өгчихсөн байна, ах нь гэртээ очиж тогоо, шанага авъя” гэж хэлсэн. Бид нар хамт жолоочийн гэрт буюу Баянхошуунд очоод дээрх эд зүйлийг аваад шууд аялалдаа гарсан. Бид нар өдрийн 13 цагийн орчимд Дундговь аймагт очсон ба өдрийн цайндаа орчхоод цаашаа аяллаа үргэжлүүлж явсан. Орой 17-18 цагийн орчимд Өмнөговь аймгийн “Цагаан суврага” гэх очих газраа очиж жуулчиддаа үзүүлэх газраа үзүүлээд буцаж кемп руугаа явсан. ...Эхний өдөр унтаж амрахдаа 2 жуулчин нэг гэрт орж унтаж амарсан ба манай үеэл, мөн жолооч болон бид нар нэг гэрт орж унтсан. Маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр “Ёлын ам” руу явсан. Явах замдаа Өмнөговь аймгийн төвөөр орж дэлгүүрээс хүйтэн ундаа, зайрмаг авсан. Гэтэл 2 жуулчин эмэгтэй тус дэлгүүрийн архины тасгийн орчимд явж байхаар нь би явж очоод “та 2 архи уудаг юм уу” гэж асуухад “тиймээ уудаг, аль архи нь зүгээр байдаг юм бэ, чи бид хоёрт зөвлөөч, манай улсын дэлгүүрт баярын өдөр бүтэн сайн өдөр болох юм” гэж хэлэхээр нь би 0.75 литрийн “Соёрхол” гэдэг архийг гайгүй архи гэж хэлэхэд нөгөө 2 жуулчин тус архинаас нэг шилийг авсан. Тэгэхээр нь би “Соёрхол” гэх архинаас дахин нэг шил 0.75 литрийн хэмжээтэйг авсан. Бид нар дэлгүүрээс авсан зүйлээ машинд аваачиж тавихад жолооч “хонгор руу явахад архины үнэ өсөх байх эндээс дахиад нэг шил архи нэмээд авчих уу” гэж надаас асуухаар нь би “та өөрөө мэддээ” гэж хэлэхэд тэрээр дэлгүүр рүү орж нэг шил архи авсан. Тэгээд өдрийн цайгаа уугаад цааш замдаа гарч “Ёлын ам” руу өдөр 15 цагийн үед очсон юм шиг санагдаж байна. Тус газар очоод би үеэлтэйгээ хамт 2 жуулчнаа дагуулаад 1 цаг гаруй алхсан, энэ үед жолооч машин дээрээ үлдсэн. Тэгээд тус газар байдаг музейг очиж үзээд тэр хавьд байрлах гэр буудалд байрлаж амрахаар болсон. Гэрийн эзэнтэй уулзаад “2 жуулчнаа тусдаа гэрт буулгаад Монголчууд нь нэг гэрт нь тусдаа орж болох уу” гэж асуухад тэрээт “баяр наадам болж байгаа учраас хүмүүс их байна, хоёр тусдаа буулгах гэр байхгүй, та нар нэг гэрт орчих, дотроо 6 ортой” гэж хэлсэн. Би энэ тухайн 2 жуулчиндаа хандаж “бид нар нэг гэрт одоохондоо орох юм байна, орой хүн бага байвал тусдаа өөр гэрт орж болох байх” гэж хэлэхэд тэд зөвшөөрсөн юм. Ингээд бид нар оройн хоолоо идчихээд дэлгүүрээс авсан архиа ууж эхэлсэн. Архинаас манай үеэл Намуун уугаагүй, бусад нь бүгд уусан. Эхний 2 шил архийг ууж дуусгаад сүүлийн 1 шил архийг задлаад талд нь ортол уусан ба жолооч ах “машины дугуй муу юм чинь өглөө эрт 8 цагт гаръя, тэгэхээр эртхэн унтаж амрах уу? гэж хэлэхээр нь би тэгье” гэж хэлсэн. Энэ үед жуулчид ч гэсэн унтаж амаръя гэж ярьж байсан. Миний хувьд нэг орон дээр ганцаараа унтсан. Мөн манай үеэл Намуун нэг орон дээр ганцаараа унтсан. Харин миний хэвтсэн орны дээд тал буюу хойморт байх орон дээр нэг нь жуулчин нь ганцаараа, нөгөө нь жуулчин нь миний орны доод талын орон дээр унтсан. Жолооч ах үүдэнд байх орон дээр унтсан байх гэж бодож байна. Шөнө унтаж  байтал 01-02 цагийн орчимд эмэгтэй хүн уйлах чимээ гарахаар нь “юу болсон юм бол” гэж бодоод бостол миний дээд талын хойморт байх орон дээр хэвтэж байсан жуулчин уйлаад байхаар нь би орноосоо босож явж очтол хамт явсан жуулчин нь очсон тайвшруулаад байж байсан. Би юу болсон талаар асуухад жуулчин уйлаад юу ч ярихгүй байсан юм. Тэр үед хамт явсан жуулчин нь надад  хандан “чи унтаж амар, би тайвшруулчихна” гэж хэлэхээр нь би согтоод уйлаад байгаа юм байна гэж бодоод орон дээрээ очоод унтсан. Өглөө 09 цагт сэрээд гэрийн гадаа гараад тамхи татаж байхдаа жолооч ахтай таараад “дотор гайгүй юу” гэж асуугаад юм яриад зогсож байтал гэр дотор эмэгтэй хүн уйлаад эхлэхээр нь би яваад очтол гэрийн хойморт унтсан жуулчин эмэгтэй” би өглөө сэрэхдээ дотоожгүй, ямар ч хувцасгүй сэрлээ, би ямар асуудал болсныг санахгүй байна, юу болсон бол гэхээс айж байна, манай найз бас намайг шөнө уйлахад миний орны орчмоос жолооч эрэгтэй ор руугаа явж байсан гэж надад хэллээ, би айгаад байна, наад жолоочид чинь итгэхгүй байна” гэж хэлэхээр нь би гэрээс гарч жолооч ахтай уулзаж түүнээс “та яасан юм бэ, шөнө янз бүрийн асуудал болчихсон юм уу” гэж асуухад тэрээр “ах нь юу гэж тийм юм хийх бэ, яагаад байгаа юм, намайг янз бүрийн юм болсон гэж наадуул чинь яриад байгаа юм уу” гэж асуухаар нь би “танаас бүр айчихсан байна, тантай цаашаа аяллаа үргэлжлүүлэхгүй, таныг эндээ үлд гэж байна” гэж хэлэхэд жолооч ах яахаа мэдэхгүй дуугүй зогсоод байхаар нь би гэр рүү буцаж ороод жуулчдаасаа “та нар ямар нэгэн асуудал болсон гэж хардаж сэрдээд байгаа юм чинь хот суурин газарт очиж эмнэлэгт үзүүлэх үү”  гэж асуухад тэд нар “үгүй, бид нар Хонгорын элсийг үзмээр байна, гэхдээ энэ жолоочтой хамт явахгүй, чи машиныг нь бариад явах боломжтой юу” гэж асуусан. Тэгэхээр нь би гэрээс гараад жолооч ахтай дотор болсон асуудлын талаар хэлэхэд тэрээр нэлээд бодож байснаа “наадуул чинь тэгж байгаа бол чи машин аваад яв” гэж хэлсэн. ...Би гэр рүү буцаж ороод жолоочийг үлдээгээд машин барьж явна гэж хэлээд тэндээс хөдлөөд явсан. Ингээд бид нар Хонгорын элсийг очиж үзээд маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 14-ний өглөө Хонгорын элснээс Даланзадгад руу ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-105-108/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Намууны өгсөн “...Бид нар Ёлын ам” дээр очоод үзэх зүйлээ үзээд орой тэндээсээ 18-19 цагийн үед гэр кемп дээр очоод 2 гэр авах гэсэн боловч “олон жуулчинтай байна, 1 гэр ав” гээд байхаар нь дундаа нэг гэр аваад буусан. Тэгээд тухайн гэрт буугаад би нэг байшинд нь орж хоол ундаа хийгээд, улмаар хоолоо идээд байж байх үед Дөлгөөндалай, жолооч ах, нөгөө хоёр Франц улсын жуулчин нар архи ууцгаагаад байсан. Би харин тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл уугаагүй, юм яриад сууж байсан. Тухайн үед тэр нар дөрвүүлээ сууж 3 шил 0.75 литрийн архи ууцгаасан. Эхлээд 1 шил “Соёрхол” гэдэг нэртэй архи уусан. Дараа нь цэнхэр наалттай “Архи” гээд бичигтэй архийг уусан. Дараа нь дахиад “Соёрхол” гэдэг нэртэй архи ууж байгаад талд нь оруулаад гадаа гарч тамхи татаж байх үед хажуу талын хүмүүс “унтаж амармаар байна” гэж хэлээд уурлаад байхаар нь бид нар унтаж амрахаар болоод 00 цагийн үед гэртээ ороод унтаж амарсан. Тэр гэр нь 6 ортой байсан учраас бүгд нэг, нэг орон дээр очиж унтсан. Тэгээд гэрлээ унтраагаад намайг хэсэг унтаад байж байхад нэг охин хойд талын орон дээр уйлаад байсан. Тэгэхээр нь орноосоо хартал нөгөө жолооч ах Цогоо /*******/ орноос нь босоод явж байхыг нь би харсан. Тэгээд К.Л гэдэг охин дээр найз Анаел /Мondout Anaelle/ нь орноосоо босоод очсон. Мөн дараа нь Дөлгөөнөө /С.Дөлгөөндалай/ араас нь орноосоо босоод очсон бөгөөд түүнээс юу болсон талаар асуугаад байсан. ...Бид нар өглөө 08 цагийн үед сэрцгээсэн ба надаас К, Анаел хоёр юм асуугаад байсан. К “би ... хундаганы дараа юм санахгүй байна, чи юу болсон талаар санаж байна уу, би өглөө сэрэхдээ шалдан сэрлээ” гээд надаас асуугаад байсан. Тэгэхээр нь би “юу болсон талаар мэдэхгүй байна, жолооч ах чиний орноос гарч байхыг харсан” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо яриад уйлаад байсан. Харин жолооч ах өглөө эрт босоод гэрээс гараад явчихсан байсан. Би хаашаа явсныг нь мэдэхгүй. Тэр үед К нь Дөлгөөнөөгөөр дамжуулаад жолоочтой ярилцсан юм шиг байсан, би юу ярилцсаныг нь бол мэдэхгүй. К, Анаел хоёр “энэ жолоочтой хамт явахгүй, өөр жолооч дууд” гээд байсан. ...Тухайн үед Цогоо ах унтах гэж байх үедээ нэлээн согтуу байсан. Эхлээд жолооч ах орондоо орж хэвтээд харин Дөлгөөнөө, К, Анаел гурав тамхи татахаар гарсан. Тэгтэл хажуу талын хүмүүс “унтаж амармаар байна, бид нар нялх хүүхэдтэй явж байна” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй тэр гурав орж ирэхэд К нь согтуу хөл дээрээ тогтож чадахгүй унаад яваад байсан. Энэ үед түүний найз Анаел нь К-г орон дээр нь аваачиж суулгаад өмдийг нь сольж унтлагын өмд өмсүүлж өгч байсан. Тэгээд би Анаелтай хамт К-г мишоконд оруулж унтуулах гэсэн боловч дийлэхгүй учраас дээгүүр нь бүтээлэг татаж унтуулаад өөрсдийн ор, орон дээрээ унтаад дөнгөж дуг хийгээд байж байтал К- уйлаад эхлэхээр нь бөөнөөрөө сэрээд хартал нөгөө жолооч ах хойморт байсан К- гийн орноос босоод өөрийнхөө үүдний ор руу явж байсан. Тэгээд К-н уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-112-116/-р тал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Намууны 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин өгсөн “...Бүгд найрамдах Франц улсын иргэн Э.К.Л-гийн орноос Ц нь өөрийнхөө ор руу явж байсан. Элисон К.Л уйлаад байсан чинь найз нь очоод Францаар яриад байсан. ...Жолооч Ц нь Э.К.Л-гийн орноос босоод явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-117-119/-р тал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Бүгд найрамдах Франц улсын иргэн Мондоут Анаел /Mondout Annaelle/-ийн өгсөн “...Би 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад ганцаараа ирсэн. Харин манай найз К .Л түрүүлээд ирсэн байсан. Бид хоёр Улаанбаатар хотод 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл байж байгаад 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу хамт явсан. Тэгээд Улаанбаатар хотод 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ирээд байж байтал Жульяа гэдэг хүн энэ жуулчны газрыг зааж өгсөн.“Вайнд хорс” /Wind horse”/ гэдэг газар очоод Дөлгөөндалай гэдэг орчуулагчтай уулзаад Өмнөговь аймаг руу явахаар болсон. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 08 цаг 30 минутын үед орчуулагч Дөлгөөндалай жолооч Ц /*******/ гэх хүний хамтаар ирж К.Л бид хоёрыг ирж аваад явсан. Улаанбаатар хотоос гараад Өмнөговь аймагт очихоосоо өмнө “Цагаан суварга” гэх газраар дайраад тэндээ “Цагаан суварга” гэх жуулчны бааз дээр очиж унтаж амарсан. Маргааш нь 08-09 цагийн үед хөдлөөд цаашаа Өмнөговь аймаг руу явж байгаад 15-16 цагийн үед Өмнөговь аймгийн “Ёлын ам” гэх газарт очсон. ...Би одоо хэмжээг мэдэхгүй байна, нөгөө цуг явсан хүмүүс маань бас 2 шил архи авсан байсан. Би уг нь авсан архиа 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ууна гэж бодож авсан юм. Учир нь манай үндэсний баяр болох байсан болохоор авсан юм. Бид нар “Ёлын ам” дээр очоод цаагаа орон нутгийн музей үзээд, орчуулагч маань жуулчны бааз дээр очоод гэр асуухад “ганцхан гэр сул байгаа” гэж хэлсэн. Тэр гэр нь олон ортой байсан учир бид нарт бүгдэд нь хангалттай ор байгаа юм чинь гэж бодоод бүгдээрээ орцгоосон. Тэгээд орчуулагч эрэгтэй, дүү охин Намууны хамтаар оройн хоол бэлдэж өгсөн. Орой нь хөтөч буюу орчуулагч Дөлгөөндалай нь наадам болж байгаа гээд архи уух санал гаргасан. Тэгээд бид нар хамтдаа архи ууж юм яриад сууцгаасан. Би 3-4 хундага архи уусан байх, харин К.Л надаас илүү 4-5 хундага архи уусан. Би найз К.Л-г оронд нь оруулаад унтлагын хувцсыг нь өмсүүлээд, дээгүүр нь юм хучиж өгөөр өөрөө хэвтэх гэсэн боловч дотор муухай оргиод байсан учир гэрээс гарч нэг ширхэг тамхи татаад доош тонгойгоод байж байх үед жолооч ирээд нуруу дээр дараад хөхийг бариад байсан. Би буцаж ороод Дөлгөөндалай дээр очоод жолоочийн хийсэн үйлдлийг хэлээд “би энэ жолоочид итгэхгүй байна, чи миний хажууд бай” гэж хэлсэн. Тэгээд б орон дээрээ хэвтээд гэрлээ унтраагаад удалгүй байж байтал жолооч эрэгтэйн сүүдрийг хараад хашгирсан. Тэгтэл Намуунаа унтаж байгаад сэрээд жолоочийг К.Л-гийн орны дэргэд байхыг харсан. Би бас тэр жолоочийг орны дэргэд байхыг харсан. Би орилоод босоод яваад очтол манай найк К.Л нүцгэн байж байсан. ...Тухайн үед манай найзын бүх хувцас тайлагдсан нүцгэн байсан. Харин жолооч орных нь хажууд турсиктэйгээ байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-122-125/-р тал

Бүгд Найрамдах Франц улсын иргэн Э.К.Л-гийн гэрчээр өгсөн “...Намайг жолооч оронд орсноос хойш хүчирхийлсэн гэж бодож байна. Би болсон зүйлийг сайн санахгүй байгаа. Миний санаж байгаагаар өөрийнхөө уйлж байсныг санаж байна. ...Өглөө сэрэхэд миний унтлагын өмд турсиктэйгээ хажууд байсан ба би өөрөө нүцгэн байж байсан. Миний унтлагын өмд цагаан толбо болсон учир тэр толбыг би шинжлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-132-134/-р тал

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8667 дугаартай “...10, 11. А.К.Л-гийн үтрээний наалдац, арчдасанд эр бэлгийн эс илэрсэн байна, 13. Өмд, дотоожинд шинжээч эмч үзлэг, шинжилгээ хийхгүй, 14, 15. Үтрээний наалдац, арчдасанд илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяалал, ДНХ бүтцийг ДНХ-гийн шинжээчээр хийлгэх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-159/-р тал

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний 4768 дугаартай “...1. С.Дөлгөөндалайгаас авсан цус нь ДНХ-гийн шинжилгээнд тэнцэнэ,

2. С.Дөлгөөндалайгийн цусны ДНХ-гийн тогтоцыг хүний геномын Ү хромсомын ДНХ-гийн 17 локусаар тогтоов,

3. Э.К.Л /А.С. L/-гийн үтрээнээс авсан гэх №4609 дугаартай арчдаст илэрсэн эр бэлгийн эс нь Ү хромсомын  DYS456, DYS3891, DYS390, DYS398-2, DYS19, DYS385b, DYS393, DYS392, GATAH4, DYS438, DYS448 гэсэн локусын гаплотипээр С.Дөлгөөндалайгийн цусны ДНХ-гийн тогтоцтой тохирохгүй байна…” гэх дүгнэлт /1-р хх-161-162/-р тал

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4315 дугаартай “...

1.Хар, хөх өнгийн өмдний арын салтаа суудал орчимд цайвар толбонд цайвар гэрэлтүүлэг өгсөн тул үрийн шингэний толбонд эр бэлгийн эс илэрсэн, ...5. Хар, хөх өнгийн өмдний арын салтаа суудал орчимд байх цайвар толбонд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-гийн тогтоцыг тогтоов...” гэх дүгнэлт /1-р хх-164-166/-р тал

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай “...1. ******* нь хурьцал үйлдэх чадвартай байна,

2.*******-ын гадна бэлэг эрхтэнд гаднын биет үгүй байна. Гадна бэлэг эрхтэн болох шодой нь хэвийн үедээ 7х2.5 см хэмжээтэй, массаж хийсний дараа 10.5х3.5 см хэмжээтэй байна...” гэх дүгнэлт /1-р хх-н 179-182/-р тал

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 671 дугаартай “...2. Хохирогчийн тухай үед өмсөж явсан хар, хөх өнгийн өмдний арын салтаа суудал орчим цайвар толбонд илэрсэн эр бэлгийн эс нь *******ын үрийн шингэний ДНХ-гийн тогтоцтой D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539,  Penta D, Vwa, D3S1179, TPOX, FGA болон Амелогенин локусын аллелиар тохирч байна, 3.2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан яллагдагч *******ын ДНХ-гийн тогтоц нь бүрэн бус тогтоогдсон гэх асуудал нь шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаанд хамаарахгүй болно...” гэх дүгнэлт /1-р хх-н 213-216/-р тал

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 672 дугаартай “...2. *******-ын үрийн шингэний ДНХ-гийн тогтцыг хүний аутосомын хромсомын 16 болон Ү хромосомын 23 локусын аллелиар тогтов,

3.Хүний аутосомын хромомын ДНХ-гийн шинжилгээгээр Э.К.Л-гийн үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-гийн тогтцыг тогтоох боломжгүй байна. Э.К.Л-гийн үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эмэгтэй хүний ДНХ-гийн тогтоц нь Э.К.Л гэх цусны ДНХ-гийн тогтоцтой аутосомын хромосомын 16 локусын аллелиар тохирч байна, 4 Э.К.Л-гийн үтрээнээс авсан гэх арчпаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-гийн тогтцыг хүний Ү хромосомын 21 локусын аллелиар тохирч байна...” гэх дүгнэлт /1-р хх-220-223/-р тал

Шинжээч эмч Ш.Пүрэвдуламын “...Би 671 дугаартай дүгнэлтийг гаргахдаа прокурорын тогтоол болон хохирогчийн өмсөж явсан гэх хар, хөх өнгийн өмд дотоож зэрэгт шинжилгээ хийсэн. Объектод цаасан хайрцагтай ирүүлснийг зургаар үзүүлсэн объектууд нь өмнө дээж авсан цоорхойтой байсан. Дээж авч шинжлэхэд эр бэлгийн эс  илэрсэн. ДНХ-гийн тогтцыг тогтооход 672 дугаартай шинжилгээний объект болох *******-ын ДНХ-гийн тогтоцтой тохирч байгааг тогтоож  дүгнэлт гаргасан. Би 672 дугаартай шинжилгээнд тогтоол, *******ын гэх үрийн шингэн болон хохирогч Э.К.Л-гийн гэх үтрээнээс авсан арчдасын биологийн лабораториос авч шинжилгээ хийсэн. Бүртгэлийн 4609 гэсэн 2019 оны шинжилгээний объектоос авсан болно. Шинжилгээг аутосомын хромсомын ДНХ-гийн шинжилгэ хийхэд хохирогчийн үтрээнээс авсан гэх арчдаснаас зөвхөн эмэгтэй хүний ДНХ илэрсэн. Энэ нь хохирогчийн цусны ДНХ-гийн тогтоцтой тохирч байсан. Эр бэлгийн эсийн ДНХ-гийн тогтоц илрээгүй тул хүний Ү хромосомын ДНХ-гийн шинжилгээ хийж, *******-ын гэх үрийн шингэний ДНХ-гийн тогтоцтой тохирч байгааг тогтоосон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 226-229/-р тал

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1096 дугаартай “...2. 2019 оны 4315 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан Э.К.Л гэх хар, хөх өнгийн өмднөөс илэрсэн хучуур эсийн ДНХ-гийн тогтоц нь Э.К.Л-гийн үтрээнээс илэрсэн хучуур эсийн ДНХ-гийн тогтоцтой аутосомын  хромосомын 13 локусын аллелиар тохирч байна, 3. Э.К.Л-гийн гэх хар, хөх өнгийн өмднөөс илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-гийн тогтоц нь Э.К.Л-гийн үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-гийн тогтоц нь хүний Ү хромсомын 21 локусын аллеллиар тохир байна...” гэх дүгнэлт /1хх-232-235/-р тал

Яллагдагч *******ын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн “...Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Би шинжээч эмч Ш.Пүрэвдуламаас гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-гийн лаброторын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 671, 672, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1096 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Хохирогчийн үтрээнээс илэрсэн эр бэлгийн эс нь миний бэлгийн эстэй тохирч байна. Би энэ шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Би одоо болсон үйл явдлыг үнэн зөвөөр яримаар байна. “...2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд очсон. Тэнд аймгийн төв дээр очоод халуун усны газар ороод усанд орцгоогоод хоолоо идэцгээсэн. Хоолонд ороод гарч ирээд байж байхад нөгөө хоёр Франц улсын иргэн нь “манай улсын том баяр болж байгаа юм байна, энэ баярыг бүгдээрээ тэмдэглэх үү” гээд орчуулагч Дөлгөөндалайгаар дамжуулж асуусан. Тэгэхээр би “та нар өөрсдөө” гэж хэлсэн.  Тэгээд дэлгүүр орж ойр зуурын зүйл авахаар болоод хүнсний дэлгүүр орсон. Дэлгүүрээс орчуулагч Дөлгөөндалай 1 шил 0.75 литрийн архи, нөгөө хоёр Франц улсын иргэн мөн 1 шил 0.75 литрийн архи авсан. Харин надад машинд маань 0.75 литрийн архи байсан. Ингээд бид нар автомашинтайгаа хөдлөөд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт дэвсгэр, Ёлын ам” гэх газар 15-16 цагийн үед очоод байгалийн үзэсгэлэнт газраа үзүүлчхээд тус газарт байрлах гэр кемпэд амрахаар байрласан. Дөлгөөндалай, Намуун хоёр хоол унд хийгээд бид нар бөөндөө хоол идэж эхлэхэд нөгөө хоёр Франц улсын иргэн 1 шил 0.75 литрийн архиа гаргаж ирсэн. Тус архийг нь нөгөө хоёр Франц улсын иргэн Дөлгөөндалай бид 4 хувааж уусан. Тэр архи дуусахад Дөлгөөндалай өөрийн авсан 1 шил 0.75 литрийн архиа гаргаж бид нар хувааж уусан. Архи ууж байхдаа гэр дотроо хоорондоо бөх барилдаж, гар барилдаж, хөгжим тавьж бүжиглэж байсан. ...Гэр нь 6 ортой байсан учир бүгд тус тусдаа унтацгаасан. Орон дотроо орцгоогоод 10-20 минутын орчмын дараа би орноосоо босоод хохирогч эмэгтэйн оронд нь хажуугаар нь ороод хэвтэхэд намайг тэврээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлж тэврээд бид хоёр хоорондоо үнсэлцээд өөр өөрсдийнхөө хувцсыг тайлаад бэлгийн харьцаанд орсон. Бид хоёр 10-15 минут орчим бэлгийн харьцаанд орсон. Би хохирогч эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орох үедээ бэлгэвчгүй, нэг нэгнийгээ элж таалсан байдалтай нэгнийгээ тэврээд л бэлгийн харьцаанд орсон. Би бэлгийн харьцаанд орж дууссаныхаа хохирогч эмэгтэйн бэлэг эрхтэн /үтрээ/-нд дур тавьсан. Бэлгийн харьцаанд орж дууссаныхаа дараа орон дээр нь сууж байгаад хувцсаа өмсөөд өөрийнхөө ор руу яваад орондоо ороод унтах гэж байтал 5-10 минутын дараа хохирогч эмэгтэй хашхираад уйлах чимээ гаргасан. Тэгэхээр нь би явж очоод Монголоор “яасан бэ, юу болсон бэ” гэж асуухад улам нэмж хашхираад байхаар нь өөрийнхөө ор руу явсан. Тэгсэн нөгөө Франц улсын эмэгтэй нь орон дээр нь очоод тэр хоёр хамтдаа унтаад амарцгаасан. ...Би урьд мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар ярихаас айсан, намайг хүчиндсэн гэж байсан учраас бэлгийн харьцаанд ороогүй гэж хэлж шинжилгээний хариу ямар гарахыг харья гэж бодоод хүлээсэн. Тэгсэн шинжээчийн дүгнэлт гарахад минийхтэй тохироогүй гэсэн учраас би яллагдагчийн мэдүүлэг өгөх үедээ хохирогчтой бэлгийн харьцаанд орсон талаараа огт мэдүүлээгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-34-38/-р тал  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Хэдийгээр шүүгдэгч *******-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугийн асуудлаар маргасан ч хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд түүний эсрэг өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл хохирогч архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж  биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь шүүгдэгч ******* нь хүч хэрэглэн хүчиндсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн гэдэгт “...Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй...” этгээдийг ойлгоно гэжээ.

Хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээс харахад хохирогч Э.К.Л нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсон байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч *******-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн үед өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ч мөн адил түүний байр суурийг дэмжиж оролцсон болохыг дурдвал зохино.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Иймд, шүүгдэгч *******-ыг хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгаа байдлыг нь далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт дурдагдсанаар хохирогчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотойгоор 3.073.397 төгрөг нэхэмжилсэн байна.

Хэрэг шүүхийн шатанд шилжин ирснээс хойш хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой 13.125.180 төгрөгийн баримтыг гаргаж ирүүлснийг шүүгдэгч ******* нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хохирлын мөнгө хүлээн авах дансанд байршуулсан болох нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор нотлогдож байх тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариулагын талаар.

Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч *******-ын цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн өмсөж явсан хар хөх өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн 1 ширхэг дотоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Мөн эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргагдсан хохирогчийн мэдүүлэг бүхий 2 ширхэг си-диг хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгчид 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдуулах...” саналыг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинзориг зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Миний үйлчлүүлэгч ******* Эрүүгийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхөд би өмгөөлөгчөөр оролцсон. Тухайн мэдүүлгээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Өнөөдрийг хүртэл өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж ирсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт ч өөрийн гэмшиж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Бусдад учирсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан. Энэ гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хангагдсан гэж үзэж байна. Хувийн байдлын хувьд шүүгдэгч нь эхнэр 4 хүүхэдтэй. Эхнэр нь сая 3 удаагийн хүнд хагалгаанд орсон. Иймд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хандсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Миний хувьд өмгөөлөгч Б.Чинбатын ярьсан зүйлтэй санал нэг байна. Тухайн аялалд явж байх хугацаанд хамт явж байсан хүмүүс архи орж өөр хоорондоо архи уудаг юм уу гэж асууж архи авсан асуудал байсан. Мөн тухайн үед аяллаар явж байхдаа баярлаж хөөрсөн байсан улмаар тэр нөхцөл байдлаасаа шалтгаалан хэн адил согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн асуудал гарсан. Энэ асуудлаас болж гэмт хэрэг гарах нөхцөл нь бүрдсэн. Хохирогч бологч ******* болон бусад хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх байсан гэж өмгөөлөгч миний хувьд харж байна. Өнөөдөр *******-ыг тухайн үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй байна гэж үзэх үндэслэл байхгүй. ******* нь үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлөхөө илэрхийлсэн боловч эрхэлсэн тодорхой ажил байхгүй болохоор 13.125.180 төгрөгийг бэлнээр гаргаж өгөхөд хүндрэлтэй байсан. Энэ хугацаанд яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан мөнгөн хохирлыг төлж барагдуулахаар мөнгө цуглуулж байсан боловч *******ын эхнэр нь бүдүүн гэдэсний хагалгаанд 3 дараалан орсон бөгөөд хохирогчид өгөх байсан мөнгөө эхнэрийнхээ эмчилгээний зардалд зарцуулсан нөхцөл байдал байгаа. 4 хүүхдийнхээ ээжийг аврахаар мөнгийг эмчилгээнд зарцуулсны улмаас хохирлыг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. *******ад энэ эмэгтэйд учирсан хохирлыг төлж барагдуулахгүй гэсэн санаа зорилго байгаагүй. Завсарлага авсан хугацаандаа бодит хохирлыг шүүхийн хохирлын дансанд төлсөн байгаа учраас хохирол төлөгдсөн гэж үзэхээр байна. *******-ын зан суртахууны талаар төлөв даруу зантай, ажил ч хичээнгүй болох талаар гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Энэ хэрэгт гэм буруутай гэдгээ ойлгож ухаарч байгаа гэдгийг хэлмээр байна. Иймд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Өмгөөлөгчийн зүгээс 5 зүйлийг шүүхээс харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Нэгдүгээрт шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл сайн дурын үндсэн дээр хохирогчтой бэлгийн харилцаанд орсон гэж мэдүүлж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэмшихгүй явсан. Сүүлийн мөчийг хүртэл шүүхийн шинжилгээ гарах хүртэл хийсэн хэрэгтээ гэмшихгүй явсан. Хохирогчийн хувьд хамгийн их гомдож байгаа зүйл нь хохирогчид үйлчлэхээр үйлчилгээ үзүүлж явсан хүн нь өөрөөсөө 16 насаар дүү бүсгүйг архидан согтуурч биеэ хамгаалах чадваргүй үед нь бэлгийн харьцаанд орсон явдал юм. Шүүгдэгч нь 4 хүүхэдтэй бөгөөд том хүүхэд нь 23 настай. Харин хэрэг гарах үед хохирогч нь дөнгөж 26 настай байсан. Тэгэхэд хамт явсан Анелын хөхийг базаад зогсож байсан. Тэгээд тэр хоёрыг ухаангүй тасарчихаар нь биеэ барьж чадахгүй үед нь өөрөө 4 охин хүний эцэг хүн байж бэлгийн харьцаанд орсон байгааг нь бодоход адгууснаас ялгаагүй гэж үзэхээр байна. Мөн хохирогч нь өнөөдрийг хүртэл энэ явдлаас болж маш хүнд сэтгэл санааны дарамтад орж шөнө унтаж чадахгүй болсон. Сэтгэл заслын эмчилгээг маш удаан хугацааны турш хийлгэсэн болохыг гэр бүлийнх нь зүгээс тайлбарласан. Хохирогчийн аавтай ярилцахад миний охин дөнгөж 26 настай. Нөхөртэй болох нь битгий хэл эрэгтэй хүн хараад айж салгалаад байдаг болчхоод байна гэсэн. Тийм хүнд сэтгэл зүйн дарамт авчирсан энэ хэргийг шүүхээс харгалзан үзэж ял шийтгэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурорын ялын саналыг дэмжиж байна. Энэ хэрэг нь европын холбоо, Францын гадаад явдлын яамны анхаарлыг татсан байгаа. Мөн энэ хэрэг дээр Францын прокурорын байгууллага хяналт тавьж байгаа. Яагаад гэвэл Монгол улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх 2 талын гэрээ байхгүй учраас прокурорын байгууллагаас эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлтийг явуулсан. 2 улсын хооронд энэ хэрэг дээр 7-8 сарын турш харилцаатай ажилласан. Франц улсад давхар мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тийм учраас Франц улсын ерөнхий прокурор энэ хэрэг ямар үе шатан дээрээ явж байна уу гэж анхаарлаа хандуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад маш олон алдаа дутагдал гарч байсныг залруулж явсан. Маш удаагийн олон удаагийн үйл ажиллагаануудыг давсны үндсэн дээр шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэж байна. Энэ бүх нөхцөл байдлуудыг шүүхээс харгалзаж үзээсэй...” гэжээ.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гурав. Бусад

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 30 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн өмсөж явсан “Хар хөх өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн цоохор эрээн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комистт даалгаж, Бүгд Найрамдах Франц улсын иргэн Э.К.Л-н хохирогчоор өгсөн мэдүүлгийг видео бичлэг болгон хуулсан 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт *******-ыг “Хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгаа байдлыг нь далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ад 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын урьдчилан цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хар хөх өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн цоохор эрээн дотоож 1 ширхэг” зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комистт даалгаж, Бүгд Найрамдах Франц улсын иргэн Э.К.Л-н хохирогчоор өгсөн мэдүүлгийг видео бичлэг болгон хуулсан 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч *******ын хохиролд төлсөн 13.125.180 /Арван гурван сая нэг зуун хорих таван мянга нэг зуун ная/-н төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хохирол хүлээн авах данснаас гаргуулж, хохирогч Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Э.К.Л-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ИДЭР