Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0538

 

 

                                                                                  

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 23 өдөр

 

Дугаар 221/МА2023/0538

 

Ж.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ж.М

 

Нэхэмжлэгч: Ж.М

Хариуцагч: ГАА-ийн ЕСЗД

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.М,

Хариуцагч А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 112/2023/0014/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.М-аас ГАА-ийн ЕСЗД-д холбогдуулан “ГАА-ийн ЕСЗД-ын  2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ЕС-ын Наран багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ЕС-ын иргэн Ж.М-аас ЕС-ын Засаг даргад холбогдуулан гаргасан “ЕС-ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ЕС-ын Наран багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч Ж.М  давж заалдах гомдолдоо:

3.1. Нэхэмжлэгч Ж.М  би ЕС-ын Наран багийн Засаг даргаар 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Багийн Иргэдийн Нийтийн Хурлын олонхийн саналаар сонгогдож, ЕС-ын Засаг даргын Б/37 тоот захирамжаар томилогдон ажиллаж байтал, ЕС-ын Засаг дарга нь хууль бусаар 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 тоот захирамжаар үндэслэлгүйгээр огцруулсан тул уг захирамжийг эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч би уг захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь: Би ажлын бус амралт, чөлөөт цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн боловч Нийгмийн хэв журам, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үүрэгт ажлаа хийгээгүй, миний амралт, чөлөөт цаг байсан ба Говь-Алтай аймгийн Прокурорын газраас намайг ажлаас чөлөөл гэсэн мэдэгдэл ирүүлээгүй болно. Уг захирамжийн хууль зүйн үндэслэл болгосон хуулийн заалтууд нь намайг ажлаас огцруулах үндэслэл болохгүй. Намайг ЕС-ын Наран багийн Засаг даргаас огцруулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан, Багийн иргэдийн Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрх ашгийг хохироосон шийдвэр гэдгийг Багийн нийт иргэд эсэргүүцэн илэрхийлж удаа дараа иргэд сумын Засаг даргад гомдол гаргасан боловч хүлээгүй аваагүй өдийг хүргэж байна.

3.2. Ж.М  намайг Багийн Засаг даргын албан тушаалаас огцруулснаас хойш багийн нийт иргэд надтай уулзаж сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, холбогдох хуулийн байгууллагад хандахыг удаа дараа шаардаж байсан болно. Намайг огцруулсны дараа багийн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хуралдуулсан боловч сумын Засаг даргын захирамжийн багийн нийт иргэд эсэргүүцэж хурал тарсан болно. Намайг огцруулснаа нэн даруй багийн хуралд мэдэгдээгүй, огцруулсан тухайгаа хэлээгүй байсан тул би Шүүх хурал болохоос өмнө сумын Засаг даргад удаа дараа шаардлага тавьж Багийн иргэдийн нийтийн хурлыг зарлуулахад хүргэсэн болно. Учир нь: Төрийн алба тасралтгүй явагдах, Багийн нийт иргэдийн эрх ашиг, Төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас хохирох ёсгүй гэж үзсэн тул сумын Засаг даргад удаа дараа би шаардлага тавьсан болно. Багийн Засаг даргыг огцруулахдаа: Багийн нийт иргэдийн саналаар огцруулах хуультай. Гэтэл өөрийн санаачилгаар огцруулах гэсэн хуулийн заалт нь: Багийн нийт иргэдийг хохироож, өнөөгийн намчирхсан, улс төржсөн, төрийн албан хаагчийг үндэслэлгүй шийдвэрийг, таслан зогсоох үндэслэл гэж үзэж байгаа тул уг захирамжийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

3.3. Ж.М  намайг Багийн Засаг даргын албан тушаалаас огцруулах шалтгаан нь: улс төржсөн, намын харьяалал, сонгуультай холбоотой. Мөн хариуцагч нь надтай садан төрөл болж худал жүжиглэсэн болно.

Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 112/ШШ2023/0018 дугаартай тоот шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг  зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.М-аас “ЕС-ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ЕС-ын Наран багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч ГАА-ийн ЕСЗД  “...төрийн албан хаагч хууль зөрчиж, архи ууж арга хэмжээ авхуулж ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас энэхүү шийдвэрийг гаргасан...” гэж эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, маргаан бүхий акт болох ГАА-ийн ЕСЗД-ын  2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар нэхэмжлэгч Наран багийн Засаг дарга Ж.М-ыг үүрэгт ажлаас нь огцруулж шийдвэрлэхдээ Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар мэдэгдлийг үндэслэсэн байна.

3.1. Тус прокурорын газрын 2023 оны 02 дугаар мэдэгдлээр “...зөрчлийн 231600**** дугаартай хэргийг хянахад тус аймгийн ЕС-ын Наран багийн Засаг дарга ажилтай Ж.М  нь ...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаар 12 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ. ...урьд нь ...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн ... 4. Удаа дараа зөрчил гаргасан албан хаагчдад ... хариуцлага тооцох ...” гэж дурджээ.

3.2. Түүнчлэн Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Торгох шийтгэл оногдуулах тухай” 2022/ЗШ/*** дугаар шийтгэвэр, мөн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Баривчлах шийтгэл оногдуулах тухай” 2023/ЗШ/** дугаар шийтгэвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ж.М ад холбогдох зөрчлийн хэргийн тухай” 2023/ДШМЗ/** дугаар магадлал, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Шийтгэл эдлүүлсэн тухай” 33/05-2302 дугаар албан бичиг, мөн өдрийн 33/05-2287 дугаар лавлагаа, №12/12 дугаартай Баривчлагдсан хүний хувийн хэрэг зэрэг баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ж.М  нь төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээ болон төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүрэг, хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил гаргасан болох нь нотлогдож байна.

3.3. Дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.М  нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд удаа дараа оролцож, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг давтан зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “...Би ажлын бус амралт, чөлөөт цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн боловч Нийгмийн хэв журам, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үүрэгт ажлаа хийгээгүй, миний амралт, чөлөөт цаг байсан ба Говь-Алтай аймгийн Прокурорын газраас намайг ажлаас чөлөөл гэсэн мэдэгдэл ирүүлээгүй болно. Уг захирамжийн хууль зүйн үндэслэл болгосон хуулийн заалтууд нь намайг ажлаас огцруулах үндэслэл болохгүй.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

4. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна:”, 64.2.2-т “хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;”, мөн хуулийн  66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1-д “Дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай:”, 1.1-д “харьяа байгууллага болон салбар, нэгжид сахилга, дэг журмыг сахиулах тодорхой арга хэмжээ авч, төрийн албаны хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцож тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байх;”, 1.7-д “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ... согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, ... нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг ... хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох;”, ГАА-ийн ЕСЗД-ын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” А/08 дугаар тушаалын 6 дугаар зүйлийн 6.5.10-т “Төрийн албан хаагч ... гадуур архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдвол ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэж тус тус заажээ.

5. Үүнээс үзэхэд, төрийн албан хаагч нь ажлын цаг мөн эсэхээс үл хамааран холбогдох хууль тогтоомж болон төрийн албан хаагчийн үйл ажиллагаандаа баримтлавал зохих журам, ёс зүйн дүрмийг сахин мөрдөх, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн дээдлэх үүрэгтэй.

6. Харин нэхэмжлэгч Ж.М  нь Говь-Алтай аймгийн ЕС-ын Наран багийн Засаг даргын албан тушаалыг хашиж байхдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд шүүхээс түүнд баривчлах болон торгох шийтгэл оногдуулж байсан зэрэг үйл баримт тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг уг албан тушаалаас нь огцруулж шийдвэрлэсэн хариуцагч ЕС-ын Засаг даргын захирамж нь хуульд нийцсэн бөгөөд захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Нөгөөтээгүүр, ГАА-ийн ЕСЗД нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар өөрийн санаачилгаар доод шатны Засаг даргыг хуульд заасан үндэслэлээр огцруулах бүрэн эрхтэй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн “...Засаг дарга бол хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг болон нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрүүдийг хэрэгжүүлж төрийг төлөөлж байдаг онцлог субъект юм. Гэтэл Ж.М  нь Наран багийн Засаг даргын албан тушаалыг хашиж байх үедээ гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үүргээ үл хайхран удаа дараа хууль зөрчсөн...” гэх дүгнэлт үндэслэлтэй.

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 112/ШШ2023/0018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ

         ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН

         ШҮҮГЧ                                                                        Т.ЭНХМАА