Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 20 өдөр                             Дугаар 111                                                 Баян-Өндөр сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг

Иргэдийн төлөөлөгч Х.Батбаяр

Улсын яллагч Т.Ганзориг

            Хохирогч Б.Даваацэрэн

            Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ

            Иргэний нэхэмжлэгч Б.Зоригтбаяр

            Шинжээч эмч Ж.Должмаа

            Гэрч Л.Отгонтөмөр, Д.Баатарболд, Л.Батдэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат

Шүүгдэгч С.Дэмбэрэлсүрэн нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайрхан овгийн Содномын Дэмбэрэлсүрэнд холбогдох 201514000137  дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1.1. Хайрхан овогт Содномын Дэмбэрэлсүрэн, Монгол улсын иргэн, 1955 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймаг Хайрхан суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян Өндөр сум Баянцагаан багийн Төмөр замын арын задгайд оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД ФВ55010914/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

2.1. Шүүгдэгч С.Дэмбэрэлсүрэн нь согтуугаар 2015 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян Өндөр сумын Баянцагаан багийн Төмөр замын арын задгайд Б.Батааг онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Даваацэрэнгийн “Би талийгаачийн төрсөн дүү нь юм. Энэ хэргийн талаар 2015 оны 03 дугаар сарын 08-ны өглөө бэр эгчээс сонссон. Нас барсан гэдгийг нь мэдсэн. Ахыг маань айхтар зодсон байсан. Шүүгдэгчийн эхнэр нь “нөхрийгөө нэг хүн алчихаад, дахиад хүн алмаар байна” гэж хэлэхэд айл руу зугтаасан байдаг. Энэ талаар мэдсэн байж яагаад цагдаад мэдэгдээгүй юм бэ, мөн хүүгийн гэртээ ирсэн цагийн талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Энэ бас их сэжигтэй. Яагаад цус нөжтэйгээ холилдсон байхад гэрт байсан хүмүүс цагдаа, эмнэлэгт хэлээгүй юм бэ. Энэ хэрэгт эхнэр хүүхдүүд нь сэжигтнээр орж ирээгүй байгаа юм бэ? гэсэн бодол төрж байна. Чөдрөөр ороолгоход гөвдрүү үүсдэг. Гэтэл яагаад Дэмбэрэлсүрэнгийн цохилт хөхөрч няцарсан байдаг юм бэ. Үүнээс үзэхэд чөдрөөр цохиогүй гэж бодож байна. Талийгаачийн нуруу бас хөх няц болсон байсан. Тэгэхээр эргүүлж тойруулаад зодсон байгаа юм. Ер нь бол талийгаачийн гэмтлээс харахад 2-3 хүн зодсон гэж бодож байна. Дэмбэрэлбүрэнг санаатай алсан гэж бодож байна. Оршуулгын зардал гэж Дэмбэрэлсүрэнгийн талаас нийт 2.500.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг.

 

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 тоот дүгнэлтийн “Талийгаачийн биед духны ясны цөмөрсөн хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа, дух хуйх баруун сарвуунд шарх, баруун нүдний зовхи, баруун нүдний алимны салст, дээд доод уруулын дотор тал, зүүн чихний дэлбээ, хэвлий хоёр гарын сарвуунд цус хуралт, нүүр хоёр гарын сарвуу, цээж хэвлий баруун ташаа, нуруу зүүн өгзөг, хоёр хөлийн гуя, зүүн шилбэнд зулгаралт гэмтэлүүд үүсчээ.  Учирсан гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэлүүдийн духны ясны цөмөрсөн хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа зэрэг нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.1, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Дух хуйх баруун сарвуунд шарх, баруун нүдний зовхи, баруун нүдний алимны салст, дээд, доод уруулын дотор тал, зүүн чихний дэлбээ, хэвлий хоёр гарын сарвуунд цус хуралт, нүүр хоёр гарын сарвуу, цээж хэвлий баруун ташаа, нуруу зүүн өгзөг, хоёр хөлийн гуя, зүүн шилбэнд зулгаралт зэрэг нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хохирогчийн биед үүссэн баруун нүдний зовхи, баруун нүдний алимны салст, дээд доод уруулын дотор тал зүүн чихний дэлбээ, хэвлий хоёр гарын сарвуунд цус хуралт зэрэг гэмтэлүүд нь гараар цохих үед үүсэхийг үгүйсгэхгүй ба бусад гэмтэлүүд нь гараар цохих үед үүсэх боломжгүй. Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь ямар ч байрлалд байх үед үүссэн байх боломжтой. Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь бүгд амьд байх үед үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд 1-3 хоногт үүссэн байхаар байна. Хохирогчийн биед учирсан гэмтэлүүд нь шууд үхэлд хүргээгүй болно. Хохирогч нь богино хугацаанд ухамсартай болон ухамсаргүй үйлдэл хийх боломжтой. Талийгаачийн цогцосноос авсан цусанд 12 промиль процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана. Цогцосыг зөөвөрлөсөн байх боломжтой байна. Талийгаач нь хэргийн газрын үзлэг хийхээс 2-8 цагийн өмнө нас барсан байна. Талийгаачид уушигны наалдацат үрэвсэл, зүрхний булчингийн зузаарал, гол судасны хатуурал, зэрэг архаг хууч өвчин тогтоогдлоо. Энэ өвчин нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач 1-р бүлгийн цустай. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины ил гэмтэл, духны ясны цөмөрсөн хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа, архины хурц хордлого, тархины хаван болно. Талийгаачид эмнэлэгийн анхны тусламж үзүүлээгүй учир амь насыг нь аврах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт. /х/х-н 66-72-р хуудас/

 

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтийн “Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь талийгаач Б.Батаагийн цогцост учирсан гавлийн дух ясны цөмөрсөн ил хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа зэрэг гэмтэл нь үхэлд хүргэнэ. Архины хурц хордлого нь гавал тархины гэмтэлтэй оношийн хувьд хавсарч явагдахгүй. Талийгаачийн биед духны ясны цөмөрсөн хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа, дух хуйх баруун сарвуунд шарх, баруун нүдний зовхи, баруун нүдний алимны салст, дээд доод уруулын дотор тал, зүүн чихний дэлбээ, хэвлий хоёр гарын сарвуунд цус хуралт, нүүр хоёр гарын сарвуу, цээж хэвлий баруун ташаа, нуруу зүүн өгзөг, хоёр хөлийн гуя, зүүн шилбэнд зулгаралт гэмтэлүүд үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаачийн биед учирсан духны ясны цөмөрсөн хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа зэрэг нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Харин дух хуйх баруун сарвуунд шарх, баруун нүдний зовхи, баруун нүдний алимны салст, дээд, доод уруулын дотор тал, зүүн чихний дэлбээ, хэвлий хоёр гарын сарвуунд цус хуралт, нүүр хоёр гарын сарвуу, цээж хэвлий баруун ташаа, нуруу зүүн өгзөг, хоёр хөлийн гуя, зүүн шилбэнд зулгаралт зэрэг нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Талийгаачид учирсан гэмтлүүд нь ямар байрлалд учирсныг нарийвчлан тогтоох боломжгүй, аль ч байрлалд үүсэх боломжтой. Талийгаачид учирсан дээрхи бүх гэмтүүд нь нас барахаас өмнө амьд үед нь үүсгэгдсэн гэмтлүүд байна. Талийгаачийн биед учирсан бүх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба үүсгэгдсэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаачийн биед учирсан духны ясны цөмөрсөн хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь үхэлд хүргэжээ. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийг авснаас хойш тодорхой хугацаанд амьд байх, тодорхой нэг үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 тоот дүгнэлтэд тусгаснаар талийгаачийн цусанд 12 промилл этилийн спирт агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлэгийн тусламж үзүүлсэн нь амь насыг нь аврах боломж багатай” гэсэн дүгнэлт. /х/х-н 272-275-р хуудас/

 

4. Гэрч Ш.Бадамгаравын “Архи ууж байгаад тэр хоёр нилээн халаад согтоод ирсэн тэгээд 1 жилийн өмнө манай хажууд амьдарч байхдаа манай бага охин Баянжаргалыг Батаа нь гэртээ оруулаад өмдийг нь тайлчихсан байж байхыг би харсан бөгөөд тэрийгээ нөхөртөө хэлчихсэн байсан чинь манай нөхөр тэр асуудлыг яриад маргалдаад байсан. Би та хоёр архиа ууж барахгүй бол боль, согтуу улсууд дэмий юм яриад яахав унтаж амар гэж хэлчихээд би хажуу вагончиг дотор хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд унтаж байсан чинь хаалга онгойлгоод хүн орж ирсэн. Хартал манай нөхөр согтуу орж ирээд би морины чөдрөөр Батааг зодоод алчихлаа гэсэн утгатай юм ярьсан. Тэгээд хоёр ч хүн алчихдаг юм билүү гэж хэлэхээр нь намайг бас зодож магадгүй юм байна гэж бодсондоо айгаад вакзол ороод Анхаа гээд вакзолын байранд амьдардаг Хаан банкинд үйлчлэгч хийдэг эмэгтэйгийн гэрт нь ороод би тэднийд хоночихоод явъя гэж бодоод нилээн удаан юм ярьж сууж байгаад тэднийхээс гараад гэртээ иртэл 03 цаг болсон байсан. Гэрлүүгээ яваад ортол Батаа гуай авдарны урдуур газар хэвтэж байсан зүүн талын орон дээр Баянжаргал хойморийн орон дээр манай нөхөр унтаж байсан бөгөөд Батаагийн нүүр ам нь нил цус болчихсон байсан. Би яасан юм бэ гэж асуухад манай нөхөр би зодчихсон юм аа гэхээр нь эмнэлэг дуудахгүй юм уу гэхэд одоо харанхуй болсон байхад дуудаад яахав гэхээр нь би дуудаагүй. Тэгээд би Батболд Баянцагаан хоёртой хажуу талынхаа вагончиг дотор ороод унтаж амарсан. 2015 оны 03 сарын 07-ны өглөө 06 цагт босоод галаа түлээд үхэр малаа саагаад гэр рүү ортол Батаа гуай авдарны урдуур хэвтсэн байдалтай дээгүүр нь үстэй дээлээр хучсан байсан. Өглөө манай нөхөр өөрөө орноосоо босоод Батааг өргөж орон дээр хэвтүүлсэн” гэсэн мэдүүлэг. /х/х-н 129-130-р хуудас/

 

5. Гэрч Г.Бадамгаравын “Гэрт нь ороод үзэхэд хоймрын орон дээр байсан эрэгтэй хүн нь нас бараад удсан байдалтай хөрсөн байсан. Гар чийдэн тусгаад харахад бие нь цус болсон мэт загалтсан юм шиг сонин байгаад байсан. Толгойны боолтыг нь авч үзээгүй, анх үзэхэд нас бараад удсан байсан учраас үзээгүй, би гэр дотор нь байхдаа нас барсан талаар хэлээгүй. Тэгээд гарсан хойноо тэр настай эмэгтэй, биднийг замчилж ирсэн залуу хоёрт энэ хүн нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд төв рүү залгаж цагдаад хэл гээд эндээс явсан гэсэн мэдүүлэг. /х/х-н 136 хуудас/

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний 27 тоот дүгнэлтийн “Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдээс гурвалжин хэлбэртэй шилэн дээрээс илрүүлж бэхжүүлсэн гэх 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөр нь Палилон санд 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдөр MN003010005259 дугаараар байрласан 1952/эр Баасанжав овогтой Батаагийн баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна” гэсэн дүгнэлт. /х/х-н 82-р хуудас/

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1325 тоот дүгнэлтийн “Шинжилгээнд ирүүлсэн eagles гэсэн бичигтэй хар өмдөнд хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчээр гарсан хуучин гогодсон уранхай, дулааны үйлчлэлээр гарсан хуучин түлэгдсэн цоорхой байна. Dreaming гэсэн бичигтэй богино ханцуйтай хар цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзарсан уранхай, хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчээр гарсан хуучин гогодсон уранхай байна. Задгай энгэртэй хар цамц, хагас босоо захтай хар цамц, ханцуйгүй бор шаргал цамц, Who A U гэсэн бичигтэй бонгино ханцуйтай цагаан цамцнуудад хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхайнууд байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх модон сандалын нэг хөлөнд хатуу зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан шинэ хугархайтай. Мөн тавцангийн буланд хатуу зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан шинэ сэтэрхий байна. Уг эвдрэл нь хүний бие, толгой руу цохиход үүсэх эсэхийг тогтоох боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн шилний зах ирмэгт хуучин сэтэрхий байна. 2 гэж дугаарласан чөдөрний дунд хэсэгт эдэлгээний явцад гарсан хуучин тасархай байна гэсэн дүгнэлт. /х/х-н 94-95-р хуудас/

 

8. Шүүх сэтгэц гэм судлалын “Сэтгэцийн хувьд С.Дэмбэрэлсүрэн нь эрүүл, С.Дэмбэрэлсүрэн нь хэрэг үйлдэх үедээ болон одоо үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Цаашид үнэн зөв мэдүүлэх чадвартай. С.Дэмбэрэлсүрэн нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай гэсэн дүгнэлт. /х/х-н 110-р хуудас/

 

9. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /х/х-н 3-6, 13-14-р хуудас/ Гэрэл зургийн үзүүлэлт /х/х-н 7-11, 15-16, 20-22, 24-27, 29, 31-36, 38, 74-75, 163-р хуудас/ Хэрэг учрал болсон гэх газрын схем зураг /х/х-н 12-р хуудас/

 

10. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /х/х-н 17-р хуудас/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /х/х-н 28, 30, 37-р хуудас/

 

11. Эд мөрийн баримт хавсаргах тогтоол. /х/х-н 39-42-р хуудас/

 

12. Гэм хорын хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд. /х/х-н 53-64-р хуудас/

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд. /х/х-н 66-72, 82, 94-95, 104-105, 110, 114, 118, 122, 126-р хуудас/

 

14. Шүүгдэгч С.Дэмбэрэлсүрэнгийн “2013 онд гадуур явж байгаад гэртээ иртэл эхнэр маань талийгаачийг манай охиныг хүчиндэх гэж байсан гэж хэлсэн юм. Бид айл байсан юм. Манайхаас хоол хүнсээ болгодог байсан. Тэгээд талийгаач гэрээ нүүлгээд аваад явсан. 2015 оны 03 дугаар сарын 05-нд эхнэртэйгээ хамт тэтгэврийн зөрүүг авахаар явахад талийгаач хамт явсан. Хүрэнбулагийн Хаан банкнаас тэтгэврийн зөрүүгээ аваад гэртээ ирсэн. Эхнэр хоол хийснийг идээд бид архи задалж, пиво ууцгаасан. Талийгаач ирж хоол идээд байж байсан. Бид гурав 0.75-н архи уусан. Ингээд унтсан. Орой 19 цаг болсон байсан. Гарч морио тавьчихаад буцаад унтсан. Талийгаач авдарын урдуур унтаж байсан. Нэг хартал алга байхаар лаа асаагаад хартал манай охины орон дээр байж байхаар нь чи унтаач гэтэл намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлж мяндсан чөдөр аваад толгой, нуруу нь ороолгосон. Тэгээд нэг их цус гараагүй. Унтахаар болсон. Өглөө талийгаачийн дотор муу байна шартаад байна гэхээр нь бид 2 архи уусан. Тэгээд талийгаачийг орон дээр тавьсан. Би гарч малын баасаа янзлаад байж байтал 13 цагийн орчим Отгонтөмөр ирж 0.75, 0.5-н архи авчирч өгсөн. Энэ архийг ганцаараа уусан. Нэг хартал талийгаачийн гар нь хөшчихсөн байсан. Тэгээд хүүдээ эмнэлэг дууд гэсэн. Цагдаа ч ирсэн. Эхнэр маань намайг архи ууж, агсан тавьж, 2 охиноо хөөж гаргадаг гэж мэдүүлсэн байсан. Би хөөж гаргадаггүй. Би тухайн үед талийгаачийг чөдрөөр цохисон. Би санаатай алаагүй. Охиныг минь хүчиндэхийг завдсан юм” гэсэн мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /х/х-н 146-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

            Хавтаст хэргийн 141 дүгээр хуудсанд Л.Батдэлгэрийг гэрчээр байцаасан тэмдэглэл байх боловч Л.Батдэлгэр нь шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгөхдөө “Цагдаагийн газраас намайг дуудаж мэдүүлэг аваагүй, нэг удаа мөрдөн байцаагч утсаар ярьж байсан. Хавтаст хэрэгт байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна” гэж мэдүүлсэн. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “гэрч Л.Батдэлгэрийн мэдүүлгийг нотлох баримтаас хасч өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байх тул Л.Батдэлгэрийг гэрчээр байцаасан тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дэмбэрэлсүрэн, түүний өмгөөлөгч Ю.Ганбат нар “гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-д жараас дээш насны эрэгтэйд 15 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгүй гэж заасан. Мөн шүүгдэгч С.Дэмбэрэлсүрэн нь хохирогчийн нэхэмжилсэн оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

            Хохирогч Б.Даваацэрэн мэдүүлэхдээ “Оршуулгын зардлыг шүүгдэгч тал төлсөн. Одоо бидний зүгээс сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг, өмгөөллийн хөлс 1 500 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн энэ хэргийг Дэмбэрэлсүрэн ганцаараа үйлдээгүй гэж үзэж байгаа. Түүний хүү Баатарболд болон бусад хүмүүс энэ хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй байгаа. Энэ талаар бидний зүгээс удаа дараа хүсэлт гаргасан боловч мөрдөн байцаагч шалгаж өгөөгүй. Энэ асуудлыг шалгуулмаар байна. Мөн талийгаачийн түрийвч, иргэний үнэмлэх, зээлийн гэрээ зэргийг мөрдөн байцаагч хурааж аваад зээлийн гэрээг хэрэгт хавсаргасан, иргэний үнэмлэхийг бидэнд хүлээлгэж өгсөн, түрийвчийг нь буцааж өгөөгүй. Гэтэл хэрэгт эд мөрийн баримтаар ирээгүй байгаа юм” гэв.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Дэмбэрэлсүрэн нь 2015 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян Өндөр сумын Баянцагаан багийн Төмөр замын арын задгайд согтуугаар Б.Батааг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож бие махбодид нь олон тооны хүнд хөнгөн гэмтэл учруулж онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ.           Хавтаст хэрэгт авагдсан задлан шинжилгээний дүгнэлт, хэргийн материалаар давтан шинжилгээ хийсэн комиссын дүгнэлт, цогцост үзлэг хийсэн хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд амь хохирогчийн бие махбодид амь насанд аюултай олон тооны хүнд хөнгөн гэмтлүүд учирсан, хохирогчийн цуснаас 12 промиль процент этилийн спирт илэрсэн байна. Энэ нь түүнийг зовоон тарчлаах шинжтэй онц харгис хэрцгий аргаар амь насыг хохироосон, амь хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх үндэслэл болж байна. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Дэмбэрэлсүрэнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

                        Амь хохирогчийн түрийвчийг хэргийн газрын үзлэгийн үед хураан авсан тухай тэмдэглэл байгаа боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргаж өгсөн мөрдөн байцаагчийн тодорхойлолтоор амь хохирогчийн түрийвчийг дүүд нь хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй. Энэ талаар хохирогч Б.Даваацэрэн нь эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шалгуулах эрхтэй. Дээрхи түрийвч нь хэргийн хамт шүүхэд ирээгүй бөгөөд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Мөн С.Дэмбэрэлсүрэн нь энэ хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэх үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч С.Дэмбэрэлсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа  согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, амь хохирогчийг оршуулсан зан үйлийн зардлыг сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3-д заасныг журамлаж ял шийтгэл оногдуулж, нийт 470 хоног цагдан хоригдсныг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцох нь зүйтэй.

 

            Хохирогч Б.Даваацэрэн нь сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг, өмгөөллийн хөлс 1 500 000 төгрөг нийт 11 500 000 төгрөгийг шүүгэгч С.Дэмбэрэлсүрэнгээс нэхэмжилж байгаа боловч сэтгэл санааны хохиролтой холбоотой ямар нэг баримт ирүүлээгүй, өмгөөллийн хөлсийг гэм хорын хохирол гэж үзэх үндэсгүй байх тул      нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол 10 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Төрийн банкийг төлөөлөн иргэний нэхэмжлэгч Б.Зоригтбаяр нь амь хохирогчийн тэтгэврийн зээл, зээлийн хүү нийт 3 631 137 төгрөгийг шүүгдэгч С.Дэмбэрэлсүрэнгээс нэхэмжилсэн байна. Дээрхи зээлийг гэм хорын хохирол гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах үндэсгүй бөгөөд иргэний журмаар зээлийн гэрээний нөхцөлийн дагуу шийдвэрлэвэл зохих асуудал байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Монгол стандарт” архины шил, “Три медведя” пивоны сав, чавганы ундааны хуванцар сав, шаргал өнгө, бор өнгийн хээтэй одъяль, архины хундага 1 ширхэг, модон сандал, чулуужсан давс, тамхины татсан иш, боргио пивоны хуванцар сав, тэрэлж ундааны хуванцар сав, машины хаалганы жижиг шил, морины чөдөр 2 ширхэг, “Ерөөл” архины шил 0,5 литрийнх 1 ширхэг, 0,75 литрийнх 1 ширхэг, тэтгэвэрийн зээлийн гэрээ, хар өнгийн хажуудаа канттай өмд, саарал өнгийн ноосон өмд, цагаан улаан судалтай хар өнгийн дотоож, хар өнгийн хүрэм, цайвар ногоон өнгийн футболка, цайвар шаргал өнгийн дотуур ноосон өмд, шаргал өнгийн ноосон майк, нүдний шилний зурагтай саарал өнгийн футболка, саарал өнгийн шар метал товчтой дээл, шар өнгийн торгон цамц, энгэртэй дүрстэй хар өнгийн футболка, элэгдэж урагдсан саарал өнгийн өмд, цагаан шоон хээтэй ноосон даавуун өмд, саарал өнгийн богино өмд, зүүн гуян дээрээ бичигтэй хар өнгийн ноосон өмд, хөх алаг өнгийн дотоож, нэг хос эсгий гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Дэмбэрэлсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Хайрхан овгийн Содномын Дэмбэрэлсүрэнг хүнийг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3-д заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар шүүгдэгч С.Дэмбэрэлсүрэнг 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.                                                                                      

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч С.Дэмбэрэлсүрэнд оногдуулсан 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар С.Дэмбэрэлсүрэнгийн цагдан хоригдсон 470 /дөрвөн зуун дал/ хоногийг түүний эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч Б.Даваацэрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Зоригтбаярын нэхэмжилсэн 3 631 197 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Даваацэрэн нь сэтгэл санаатай хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Монгол стандарт” архины шил, “Три медведя” пивоны сав, чавганы ундааны хуванцар сав, Шаргал өнгө, бор өнгийн хээтэй одяль, архины хундага 1 ширхэг, модон сандал, чулуужсан давс, тамхины татсан иш, боргио пивоны хуванцар сав, тэрэлж ундааны хуванцар сав, машины хаалганы жижиг шил, морьны чөдөр 2 ширхэг, “Ерөөл” архины шил 0,5 литрийнх 1 ширхэг, 0,75 литрийнх 1 ширхэг, тэтгэвэрийн зээлийн гэрээ, хар өнгийн хажуудаа канттай өмд, саарал өнгийн ноосон өмд, цагаан улаан судалтай хар өнгийн дотоож, хар өнгийн хүрэм, цайвар ногоон өнгийн футболка, цайвар шаргал өнгийн дотуур ноосон өмд, шаргал өнгийн ноосон майк, нүдний шилний зурагтай саарал өнгийн футболка, саарал өнгийн шар метал товчтой дээл, шар өнгийн торгон цамц, энгэртэй дүрстэй хар өнгийн футболка, элэгдэж урагдсан саарал өнгийн өмд, цагаан шоон хээтэй ноосон даавуун өмд, саарал өнгийн богино өмд, зүүн гуян дээрээ бичигтэй хар өнгийн ноосон өмд, хөх алаг өнгийн дотоож, нэг хос эсгий гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дэмбэрэлсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

               ШҮҮГЧИД                                     Ж.БАЙГАЛМАА

 

                                                                      Ц.АЛТАНГАДАС