Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1259

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Нямсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00856 дугаар шийдвэртэй, Н.Нямсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ариунзаяа, Д.Дашжаргал нарт холбогдох,

 

Олох ёстой байсан орлого 11 200 000 төгрөг, эд хөрөнгийн үнэ 1 500 000 төгрөг, нийт 12 700 000 төгрөг гаргуулах,

Засварын зардалд шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Нямсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2016 оны 01 дүгээр сард өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэгт байрлах 14 м.кв талбайтай ажлын байрыг бусдад түрээслүүлэх зар өгсөн. Ц.Ариунзаяа нь танай ажлын байрыг сонирхож байна очиж үзэж болох уу гээд, өөрийн дүү нартай ирж үзээд таалагдаж байна, та зараа зогсоочих гэж зарыг зогсоолгосон. Олон сараар түрээслэх учир төлбөрийг жилээр хийвэл 1 500 000 төгрөг, 6 сараар хийвэл 1 600 000 төгрөг болгож өгөөч гэсний дагуу бид тохиролцож, Ц.Ариунзаяа болон түүний дүү Д.Дашжаргал нарт өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.

Ц.Ариунзаяа нь өөрийн хүсэл сонирхолд нийцсэн засвар хийе гээд тоног төхөөрөмжийг аваад явсан. Надтай уулзаад засварын баригадтай ярьсан, зөвхөн обой таазыг солиход 6 000 000 төгрөг болох гэнэ, их үнэтэй юм, танд хүн байна уу гэхээр нь өөрийн танил Д.Моовуухүүг уулзуулсан. Ингээд засварын ажил эхэлсэн. Гэтэл удалгүй тэрээр түрээслэхээ болилоо гэсэн. Би учрыг асуухад засварчин хямдхан үнээр хийж байгаа болохоор ажил удаад байна гэсэн. Засварчингаас юу болсон талаар асуухад Ц.Ариунзаяа урагшаа яваад ханын цаасаа удаасан учир засварын ажил удчихлаа гэсэн. Үүнийг би Ц.Ариунзаяад хэлэхэд, ерөөсөө түрээслэхээ болилоо гэсэн. Таньдаг хүмүүс нэгнийгээ хохироож болохгүй гээд би өгсөн авсанаа буцаая гэхэд тэр намайг 2 000 000 төгрөг өгчих, би тоног төхөөрөмжийг буцааж өгье гээд бид 1 500 000 төгрөг буцаан өгөхөөр тохирсон боловч Ц.Ариунзаяа буцааж эд юмыг өгөөгүй, дүү урагшаа явчихсан, ирэхээр нь болъё гэсэн. Би 1 500 000 төгрөгийг нь өгөх гээд унаа тэрэг аваад мессеж бичээд хаана очих вэ гэж асууж шалгаасан, ерөөсөө буцааж өгөхгүй байсан.

Ингээд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зарим хэсгийг эвдэрсэн байдалтай хүлээж авсан. Хариуцагч эвдэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зарим хэсгийг засаад өгсөн, бас засаагүй зүйл ч байгаа. Үүнээс болоод би бүтэн 7 сарын хугацаанд өөрийн объектыг бусдад түрээслэж чадалгүй хохирсон. Иймээс Ц.Ариунзаяагаас 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл олох ёстой орлого буюу нөхөртэй нь ярьж тохирсноор, 1 сарын 1 600 000 төгрөгөөр бодож 11 200 000 төгрөг нэхэмжилж байгаа. Би уг байрыг сарын 2 000 000 төгрөгөөр түрээслэдэг байсан. Ц.Ариунзаяагийн эвдсэн текний асуудал байгаа. Бас хөргөгчийг зурсан байсан бөгөөд заримд нь нэхэмжлэл гаргаагүй.

Ц.Ариунзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар шүүх хурал дээр текийг засаж янзалж өгнө, үүнийг би албан ёсоор хэлж байна гэсэн ч өнөөдрийг хүртэл би хохирсоор л байгаа. Иймд текний зардалд 1 500 000 төгрөгийг хариуцагч талаас нэхнэ. Нийт 12 7000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгнө үү

 

Хариуцагч Ц.Ариунзаяа шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Ариунзаяа Н.Нямсайхан нар 2016 оны 01 дүгээр сарын дундуур түрээстэй холбоотой зүйлийг ярилцсан. Түрээсийн гэрээний загвар гэх хуурамч баримт гаргаж хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж бодож байна. Ийм зүйл ерөөсөө тохироогүй. Түрээсийн үнийг тохироогүй ч гэсэн засвар хийх талаар, түрээсийн талаар ерөнхийд нь ярьсан. Засварын урьдчилгаа 3 000 000 төгрөгийг Н.Нямсайханд шилжүүлсэн, хүлээж авсан байдаг. Н.Нямсайхан өөрөө Д.Моовуухүүгээр засвар хийлгэсэн.

Хавтаст хэрэгт байгаа цахим мессеж болон гэрчийн мэдүүлэгт Н.Нямсайхан өөрөө уурлаад гэрээнээс татгалзсан байдаг. Хэргийн 52, 59 дүгээр хуудаст байгаа мессеж дээр Ц.Ариунзаяа чи мөнгөө олсон уу, урьдчилгааны 2 000 000 төгрөгөө хэзээ өгөх вэ гэсэн байгаа. Бүх асуудал дуусаад дараагийн асуудал үүсэхэд 2 000 000 төгрөгийг өгье гэдэг байдлаар Н.Нямсайхан өөрөө зөвшөөрсөн. Мөнгөө өгчихөөд тоног төхөөрөмжөө аваарай гэдэг агуулга яригдсан. Тйим учраас Хаан банкны дансыг Н.Нямсайханд явуулсан ч мөнгийг өгөхгүй байх элдэв янзын арга зохиож мөнгөө шилжүүлээгүй.

Ингээд мөнгө шилжүүлэхгүй байсаар 03 дугаар сарын 12-ны өдөр Н.Нямсайхан гадаад явж алга болсон. Гадаад паспортоос нь харахад 5 сард орж ирсэн юм шиг байгаа. 7 дугаар сард Ц.Ариунзаяа тоног төхөөрөмжөө ав гэж маш олон мессеж бичсэн байдаг. Гэрээний саналыг бол Н.Нямсайхан өөрөө түрээслэх асуудлаасаа татгалзсан. Хамгийн сүүлийн тохироо нь 2 000 000 төгрөгт тохирсон байдаг. Одоо яриад байгаа болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт 1 500 000 төгрөгийг Ц.Ариунзаяад өгөхөөр тохирсон гэж ярьж байна. Нэгэнт өөрөө гадагшаа явсан, үлдэгдэл мөнгийг Н.Нямсайхан өөрөө өгөхөөр тохирсон байж, түрээсээр олох ёстой байсан орлого гэж нэхэмжлэх нь үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаан дээр тоног төхөөрөмжийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэдэг бичгийг албан ёсоор хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Харин текний хувьд угааж засаад өгч болно гэж ярьж байсан. Текийг хүлээж авахдаа Д.Дашжаргал гарын үсэг зурж хүлээж авсан боловч кафед нь үлдээсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Дашжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 02 дугаар сарын 19-нд Н.Нямсайханаас тоног төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслийг хүлээж авсны дараа засварын ажил гээд өөр газарт авч явсан. Тек нь машинд багтахгүй байсан учир орхиод явсан. Засвараа эхлэх болоод түлхүүр авахад үлдсэн эд зүйлс байрандаа байсан. Засвар хийсэн хүмүүс тек дээр гарч засварыг хийсэн байсан. Засвар дууссаны дараа түлхүүрийг би хүлээж аваагүй.

2016 оны 08 дугаар сарын 16-нд авсан эд зүйлээ хүлээлгэж өгсөн бөгөөд 3 ширээний тавцан зурагдсан байсныг сольж, хөшиг эвдэрсэн байсныг засаж өгсөн. Эдгээрийг хүлээлгэн өгөхөд текний талаар яриагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ц.Ариунзаяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Н.Нямсайхан кафегаа түрээслэнэ гэхээр нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр кафег очиж үзээд нилээн засвар хийхээр байсан учраас засвар хийх талаар ярилцаж, өөрийн загвараа үзүүлэн 6 000 000 төгрөг орчим болох байх гэтэл үнэтэй байна таньдаг хүнээрээ засвар хийлгэвэл 3 000 000 төгрөг болох юм байна гэсэн. Ингээд н.Моовонхүү гэдэг хүнээр засуулахаар болж би 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. н.Моовонхүү нь засвар хийхэд кафед байгаа зарим зүйлс саад болоод байна гэхээр нь эд зүйлс хүлээлцсэн акт үйлдэж зарим зүйлсийг зөөсөн. Миний бие Хятад улсаас 700 000 төгрөгийн обой болон гэрлүүд авч тохижилтонд оруулсан. Засварын ажил удаад байхаар нь Н.Нямсайхантай утсаар ярьтал маргалдан, түрээслэхээ болилоо гэж надад хэлсэн.

Ингээд миний мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгч, би зарим нэг эд зүйлсийг нь буцааж өгөхөөр болсон. 3 сарын сүүлээр Н.Нямсайхан руу залгахад роуминг үйлчилгээнд холбогдож гадаад улс руу явсан байсан. Эд зүйлсийг нь өгөх шаардлагатай байсан тул 7 хоног бүр түүн рүү залгаж байсан. 2016 оны 07 дугаар сарын 04-нд түүний утас нь холбогдож эд зүйлсээ авах хэрэгтэй байгаа талаар мессеж бичиж авахаар тохиролцсон боловч аваагүй. Иймд засварын ажилд өгсөн 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Ц.Ариунзаяагаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 187.3, 31дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ариунзаяа, Д.Дашжаргалд нараас олох байсан орлого 11 200 000 төгрөг, текний үнэ 1 500 000 төгрөг, нийт 12 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Нямсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Нямсайханаас 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ариунзаяад олгохоор сөрөг нэхэмжлэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Нямсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 012 төгрөг, 110 086 төгрөг, Ц.Ариунзаяагийн төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, Ц.Ариунзаяагийн илүү төлсөн 7 250 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж, Н.Нямсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг тус тус гаргуулж Ц.Ариунзаяад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй, хэт нэг талыг барьж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүй, хэргийн гол хэсгийг шийдвэртээ дурдалгүй, зөвхөн зардал шаардах эрхтэй, олох ёстой байсан орлого, эд хөрөнгөд учирсан хохирлоо шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгч ажлын байр түрээслэхээр зар өгсөн байсныг 2016 оны 1 дүгээр сард хариуцагч нар хэд хэдэн удаа ирж үзээд таалагдаж байна, зараа зогсоочих, бид түрээслье гэж зогсоолгосон. Бид түрээсийн төлбөрийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хариуцагчид өөрийн үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмж бусад дагалдах хэрэгслийн хамт акт үйлдэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Хариуцагч тал удаан хугацаагаар түрээслэх учир өөрийн хүсэлд нийцсэн засвар хийе гэсэн. Засаад байх зүйл байхгүй, зөвхөн ханын цаас, таазнаас уналт гаргая, таньдаг хүмүүстэй ярьсан 6 сая төгрөг болно гээд байна үнэтэй юм, таньдаг хүн байна уу гэхээр нь асууж Моовуунхүү гэдэг залууг олж өгсөн. Түүнтэй Ц.Ариунзаяа уулзаад ажлаа эхэлсэн. Гэтэл засварын ажил удаад байна гэсэн шалтгаанаар Ц.Ариунзаяа 2016 оны 03 дугаар сарын 10-нд түрээслэхээ болилоо гэсэн. Ингээд түүнд 1 500 000 төгрөг өгч байж өөрийн эд зүйлсийг авахаар болсон. Эд зүйлсийг өгнө гээд өгөхгүй болохоор нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүрэн бус, зарим нэг нь эвдэрсэн байдалтай хүлээн авсан. Үүнийг хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа бүрэн хүлээн зөвшөөрдөг ба зарим хэсгийг засаж өгсөн.

Гэрч Э.Нарантуяа хэргийн талаар зөрүүтэй мэдүүлэг өгч, хэргийн талаар мэдэхгүй гэсэн байхад шүүх мэддэг болгож дүгнэсэн, уг гэрч нь Ц.Ариунзаяатай найз нөхдийн холбоотой, гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтууд, тайлбарууд хоорондоо зөрүүтэй байгааг шүүх үл харгалзан болсон явдлыг бодитойгоор дүгнээгүй хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

Шүүх талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт зааснаар дүгнэсэн атлаа үүргээ хуулийн дагуу биелүүлээгүй хариуцагч талын гэм буруутай үйлдлээс болж хохирсон нэхэмжлэгч талын олох ёстой байсан орлогыг орхигдуулан шийдвэрлэсэн. Мөн хэрэгт авагдсан текийг эвдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хариуцагч талын акт, шүүх хуралдааны явцад үүнийг засаж өгнө гэж хэлснийг шүүх үндэслэх болон тогтоох хэсгийнхээ заалтад дурдаагүй. Нэхэмжлэгч зах зээлийн үнээр тооцсон бодит хохирлыг хангахгүй орхисон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн утсанд үзлэг хийх хүсэлтийн дагуу талуудын гаргаж өгсөн мессежний нотлох баримтыг шүүгч хуулийн дагуу бэхжүүлсэн байхад хэн хэзээ бэхжүүлсэн нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Энэхүү үзлэгээр хариуцагч үүргээ биелүүлээгүй болохыг бүрэн нотлон харуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Нямсайхан нь хариуцагч Ц.Ариунзаяа, Д.Дашжаргал нарт холбогдуулан ажлын байрыг түрээслэж, олох ёстой байсан орлого 11 200 000 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол буюу эвдэрсэн текний үнэ 1 500 000 төгрөг, нийт 12 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч Ц.Ариунзаяа нь  нэхэмжлэгчээс засварын зардалд шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гарган шаарджээ.

 

Талуудын тайлбараас үзвэл 2016 оны 1 дүгээр сард нэхэмжлэгч Н.Нямсайханы Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 29 дүгээр байрны 2 тоот 14 м.кв талбай бүхий ажлын байрыг Ц.Ариунзаяа нь дүү Д.Дашжаргалын хамт түрээслэх, өөрийн зардлаар засвар хийлгэхээр тохирч, уг байрыг эд зүйлсийн хамт 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан, засварын зардалд 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Нямсайханы дансанд шилжүүлсэн, түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй зэрэг үйл баримт тогтоогдсон болно. /хх 23, 38, 53, 54,/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ц.Ариунзаяа түрээслэх болж, сонины зар зогсоолгоод  засвар хийлгэнэ, төлбөрийг жилээр бол 1 500 000 төгрөг, 6 сараар 1 600 000 төгрөг гэж тохиролцсон атлаа засвар удаан байна, түрээслэхгүй гэж татгалзсан учир 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл түрээсээр олох ёстой орлого, эвдсэн эд зүйлийн үнийг хариуцагч нар төлөх ёстой” гэж тодорхойлсон.

 

Хариуцагч Ц.Ариунзаяагийн хувьд Н.Нямсайхантай түрээсийн үнийг тохироогүй ч засвар болон түрээсийн ерөнхий байдлаар ярилцаж, засварын ажилд 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч өөрөө гэрээнээс татгалзсан, хариуцагч Д.Дашжаргал нь “эд зүйлийг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн, тухайн үед текний талаар яригдаагүй гэх тайлбар гарган маргажээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Моовуухүү 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр засвар эхэлж, 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр дуусгаж түлхүүрийг нэхэмжлэгч Н.Нямсайханд хүлээлгэн гэж мэдүүлсэн тул уг өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн хувьд эд хөрөнгийг бусдад түрээслэх боломжтой байсан гэж үзэхээр байх боловч хариуцагч нар түрээсийн байрны тоног төхөөрөмжүүдийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт “Эд хөрөнгө хүлээлцсэн баримт” болон тэдний шүүхэд гаргасан тайлбараар нь тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй талаар зохицуулжээ.

 

Иймд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулах үе шатанд маргаан үүссэн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчтэй гэрээ байгуулах шатанд хариуцагчаас нэхэмжлэгчид эд зүйлийг нь буцаан өгөөгүй засварын ажил дууссан 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт олох байсан орлогыг тооцон шаардаж байгааг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Харин түрээсийн төлбөрийн үнийг жилээр төлөх тохиолдолд 1 500 000 төгрөг, 6 сараар бол 1 600 000 төгрөгөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нар үгүйсгээгүй учраас нэхэмжлэгчийн олох байсан орлогыг 1 сарын 1 500 000 төгрөг гэж үзэх боломжтой юм.

 

Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол буюу текний үнэ гэх 1 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн зүйл бодитоор эвдэрсэн, түүнийг завсарлахад ямар хэмжээний зардал гарсан талаар нэхэмжлэгчийн тайлбараас өөр баримт хэрэгт байхгүй байх тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгийг тухайн маргаанд ач холбогдолтой, хамааралтай эсэх талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчжээ.

 

Түүнчлэн дээрх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн үүргийн харилцааг зохицуулсан заалтыг оновчтой зөв баримтлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт болох эд хөрөнгө хүлээлгэн өгсөн жагсаалт болон эд хөрөнгө хүлээлцсэн баримт, талуудын тайлбарыг хуульд заасны дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйг зөвтгөж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иймд Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 186 дугаар зүйлийн 186.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ариунзаяа, Д.Дашжаргал нараас 7 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Нямсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хувьд хэн нэг этгээдийн хөрөнгөд зардал гаргасан тохиолдолд тухайн этгээд нь зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй бөгөөд үүнийг зохицуулсан Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Н.Нямсайханы гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/008556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 186 дугаар зүйлийн 186.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ариунзаяагаас 7 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Нямсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Н.Нямсайханаас 3 000 000 төгрөг гаргуулан Ц.Ариунзаяад олгож сөрөг нэхэмжлэлийг хангасугай” гэж,

2 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, Ц.Ариунзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөгийг гаргуулж Н.Нямсайханд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                                                        

                        ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Т.ТУЯА