| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/1005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/426 |
| Огноо | 2021-06-25 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/426
2021 06 25 2021/ШЦТ/426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч И.Мөнхцэцэг,
Хохирогч Д.Т,
Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.М-д холбогдох эрүүгийн 2009 02086 1206 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, “Мэнэн агро” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, ээж, эгч дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санто хотхон 210 дугаар байр, 1001 тоотод оршин суух,
-Урьд Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж байсан Х овогт Д.М /РД:*
Холбогдсон хэргийн талаар:/Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.М нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, хуурч мэхлэх замаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн Үндэсний төвд хандаж, Гүнсан-Эрдэнэс ББСБ-ын эзэмшлийн мерседес бенз жи 350 маркийн 01-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг шилжүүлэн авч, улмаар бусдад зарж борлуулан “Гүнсан-Эрдэнэс” ББСБ-д их хэмжээний хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгчийн хувьд Гүнсан-Эрдэнэс ББСБ-ын өөрийн эзэмшлийн мерседес бенз жи 350 маркийн авто машиныг барьцаанд тавьсан байдаг. Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлөх гэсэн боловч хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон байдаг. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа. Гэм буруутай үйлдэл хийснээ анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн байдаг...” гэжээ.
Хохирогч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний ажилладаг компани Мын ажиллаж байсан компанийн хөрш компани юм. Орж гарахдаа мэнд устай байдаг. Өмнө нь манайхаас байр барьцаалж зээл авч байсан. 10 дугаар сарын 27-нд мөнгөний хэрэг байна гээд 60.000.000 төгрөгийн зээл авсан. Зээл авахдаа авто машин барьцаанд тавьсан. Гэтэл М огтхон ч тус зээлийн төлбөрөө өгөхгүй байж байгаад он гараад дараа нь 5.000.000 төгрөг өгсөн. Тухайн өгсөн мөнгөн нь зээлсэн мөнгөний хүү байсан. Дараагаар нь би М-аас зээл төлөх юу болсон гэж асуухад одоохон өгнө хүлээж байгаарай гэж байсан. Гэтэл 2020 оны 2 дугаар сард бичиг баримтаа гээгдүүлсэн гээд намайг явуулахгүй байна гэхээр нь би баримт гаргаж өгсөн. 0164 дугаартай машины бичиг баримтыг гээгдүүлсэн тул дахин олгож өгнө үү гэсэн хүсэлт явуулсан. Хохирлоо нөхөн төлсний дараагаар зээлсэн хүүнийхээ мөнгийг өгөх үү гэх талаар асуухад шүүгдэгч М танай хохирлыг төлсөн гэдэг зүйлийг хэлж байсанд маш их гомдолтой байна. М-ийн машин хуурамчаар шилжүүлж авч зарсан гэдгийг гэмт хэрэг гэж үзээд байгаа хирнээ машин шилжүүлсэн асуудлыг хууль бус гэж үзэж байна. Манай байгууллагын үндсэн хохирол бол 100.775.000 төгрөг гэж бодож байгаа. Шүүгдэгч М-аас өмнөх шүүх хурлын дараагаар үлдэгдэл хохирлоо төлөх талаар асуухад хохирол төлбөрөө өгсөн гэдэг зүйлийг хэлж байсан. Шүүгдэгч М-ын хувьд удаа дараа худал хэлж байсан. Одоогоор миний хувьд манай байгууллагыг хуурамч бичиг баримт үйлдэж залилах гэмт хэрэг үйлдсэн мөн өөрийн машинаа худалдсан Тулга гэх хүнийг худал хэлж залилсан байгаа. Миний хувьд хохирол, гомдолтой байна...” гэжээ.
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Д.М нь хуурамч баримт бичиг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-ын өгсөн “... М-ийноффис манай ББСБ-ын хажууд байдаг учраас өөрийн биеэр орж ирээд би машиныхаа бичиг баримтыг хаячихсан байна. Гадуур явж болохгүй байна гэсэн.Тэгээд намайг бичиг баримтаа авах гэхлээр нь танай банк бус санхүүги1/н байгууллагын нэр дээр байгаа болохоор болохгүй байна гэж хэлээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Мад манай ББСБ-ын албан бланк дээр "...машины бичиг баримтыг гээгдүүлсэн тул шинээр олгож өгнө үү ..." гэсэн утгатай бичиг хийж өгсөн байдаг. Энэ явдлаас хойш манай ББСБ нь М-д хандаж зээлээ хурдан төл, хэрвээ мөнгөө төлөхгүй бол барьцаа хөрөнгө болох автомашинаа хураан авах талаар шаардлагыг эрчимтэй тавьж эхэлсэн.Тэгсэн М нь одоо төлнө, мөнгө орж ирнэ, алтны уурхайд хөрөнгө оруулсан одоо удахгүй төлнө гэж хэлээд байсан. Тэгээд бид нар нэг оффист ажилладаг учраас машиныг өөрөө унаж байгаа эсэх талаар мэдэгддэг байсан. Тэгсэн сүүлийн үед гадаа М-ын машин харагдахаа больсон байсан.Тэгээд манай ББСБ нь барьцаа хөрөнгө болох машиныг нэхэж эхэлсэн тэгсэн М нь миний машин засварт байгаа, дүү унаж байгаа гэх зэрэг шалтгаан хэлээд байсан.Тэгэхлээр нь би Авто тээврийн Үндэсний төвийн лавлах утас руу залгаад 0164 УБЗ улсын дугаартай автомашин хэний эзэмшилд байна вэ гэж асуухад мэдээллийг өгөх боломжгүй гэсэн. Тэгэхлээр нь би "... та ядаж хувь хүний нэр дээр байна уу байгууллагын нэр дээр байна уу" гэхэд иргэний нэр дээр байна гэсэн. Авто тээврийн газарт хүсэлт гар-аад 0164 УБЗ улсын дугаартай машин хэний эзэмшилд байна вэ, хэрвээ өөр хүний нэр дээр шилжсэн бол ямар үндэслэлээр шилжүүлсэн тухай материалыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан юм.Тэгсэн архивын газраас 2020 оны 02 сарын 14-ний өдөр манай ББСБ-ын бланк дээр "...М-ын нэр дээр шилжүүлж өгнө yv гэсэн утгатай албан бичиг Авто тээврийн үндэсний төвийн архиваас ирүүлсэн.Тэр албан бичгийг үндэслэн М өөрийн нэр лүү шилжүүлж аваад дараа нь Тулга гэдэг хүн лүү шилжүүлсэн байдаг. Тэгээд Мтай уулзахад "... эхлээд бид нар мэдээгүй болж.чи барьцаа хөрөнгө болох машиныг өөр хүний нэр лүү шилжүүлсэн юм би биз дээ" гэхэд М нь "... үгүй, би яаж танай ББСБлагад байгаа машиныг шилжүүлж чадах билээ гэж үгүй" гээд гүрийгээд байсан Тэгээд би "энэ асуудлыг мэдэхэд амархан одоо Авто тээврийн үндэсний төвд хандаж лавлагаа авахад гараад ирнэ" гэхэд М "...Т эгч ээ би тантай очоод уулзья, үнэнээ хэлье" гээд ажил дээр ирээд би өрөнд орчхоод аргагүйн эрхэнд ББСБ-ын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн.Та намайг цагдаад битгий өгөөч гэж гуйсан.Тэгэхлээр нь би манай байгууллагын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Тэр занг би тэвчихгүй гэж байсан. Харин төлбөр тооцосгоо хийчихвзл би гомдолгүй гэж хэлсэн.Тэгээд би боломж гаргаж өгсөн. График ч гаргаж өгсөн. Түүнээс хойш мөнгө өгөөгүй. Та намайг цагдаад өгчихлөө, би танил талтай би аргалаад гарчихна гэж байсан. Манай ББСБ нь өөрийн гэсэн албан бланкын маягт байдаг, тамга тэмдэг дардаг хэсгийн баруун доод буланд лого хээ байдаг. Гэвч Мын Авто тээврийн үндэсний төвд гаргасан албан бичигт манай хээ лого байгаагүй. Тамгын хэмжээ жижиг байсан огноо дугаар бичсэн шрифт нь өөр байсан. Гэтэл М-ын гаргаж өгсөн дээр Авто тээврийн Үндэсний төвд гэсэн байна. Тэгээд №20/0016 дугаартай албан ёсны бүртгэлтэй бичиг нь манай ББСБ-с Нийслэлийн газрын албанд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.М-ын өгсөн “... 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би “Гүнсан-Эрдэнэс банк бус санхүүгийн байгууллагаас 60 сая төгрөгийн зээл авсан. 60 сая төгрөгийн зээлийн барьцаанд “Мерседес бенз Жи-350 маркийн 0164 УБЗ улсын дугаартай автомашиныг барьцаалан фидуцийн гэрээгээр банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлэн өгсөн. Тухайн үед би газар тариалангийн түлшний зардал гэж 63.000.000 төгрөгийг өгөх ёстой байсан. Тэгээд би зээлээ төлөх гээд “Гүнсан-Эрдэнэс” ББСБ дээр тавьсан байсан машиныхаа гэрчилгээг гээгдүүлсэн гэж хэлээд дахин гэрчилгээ гаргуулж аваад Мерседес бенз Жи-350 маркийн 0164 УБЗ дугаартай автомашиныг 63.000.000 төгрөгөөр зарсан. Би “Гүнсан-Эрдэнэс” ББСБ-ын бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, машин зарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө компьютер ашиглаж, фото шоп дээр хэвлэж гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34, 36-37/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Тулгын өгсөн “...Тэгэхэд машинаа 60.000.000 төгрөгөөр зарна, одоо 47.000.000 төлөөд ломбарднаас чөлөөлж авч болно гэж хэлсэн. Би машиныг нь авахаар болоод 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилгаа 2 сая төгрөгийг хаан банкны 5111064292 дугаартай данс руу Жи класс гэсэн утгатайгаар шилжүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хороо ТБД Андуудын замын урд талын Сайн ломбардны салбар дээр очиж төлбөрийн үлдэгдэл болох 47.242.000 төгрөгийг 18000214 код гэсэн утгаар Хаан банкны 5115049098 дугаартай данс руу ТБ авто финанс гэсэн албан газрын нэр лүү шилжүүлсэн. Машины эзэн М бид хоёр машинаа барьцаанаас чөлөөлүүлж авахаар Гэмтлийн эмнэлгийн хойд талын Сайн ломбард дээр очоод зөвшөөрлийн бичгийг үзүүлээд машинаа аваад ломбардтай тооцоо дууссан. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гээд Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн хажуу талын авто тээврийн ерөнхий газар очсон. Бид машинаа угаалганд өгөх хооронд дотогш орж миний нэр дээр шилжүүлж татвар, торгуулийг М өөрөө төлсөн. Энэ хугацаа нь 2 цаг гаран болсны дараа машины бичиг баримт миний нэр дээр шилжиж бэлэн болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/-р тал,
“Гүнсан-Эрдэнэ” ББСБ-н 2020 оны 02 сарын 13-ны "Тус байгууллагын эзэмшлийн ХБНГУ улсад 2011 онд үйлдвэрлэгдсэн MERCEDES BENZ G350 маркийн WDB4633411X195493 Арлын дугаартай, 01-64 УБЗ улсын дугаартай автомашины гэрчилгээг гээгдүүлсэн тул дахин гаргаж өгнө үү" гэх Авто тээврийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 20/-р тал,
Гүнсан-Эрдэнэ ББСБ-н нягтган бодогч Д.Уугантуяа, эдийн засагч Д.Тунгалаг нарын "100.775.00” төгрөгийн өр төлбөртэй болох" хүү тооцооллын тухай хүснэгт /хх-ийн 28/-р тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3785 дугаартай шинхээч Э.Солонгын "Авто тээврийн үндэсний төвийн архивт хадгалагдаж буй "АТҮТ, ТХӨХ шилжилт хөдөлгөөн, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үлгэрчилсэн жагсаалтын дугаар 66 гэсэн хавтаст баримтын 51 гэж дугааралсан хуудсанд байх 2020 оны 02 дугаар сарын 13-ны огноотой 20/0016 тоот албан бичгийн "захирал" гэсний ард хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурагдсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Т-ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна, дээрх баримтын "захирал" гэсэн хэсэгт дарагдсан “Гүнсан-эрдэнэс” ББСБ ХХК тэмдгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн тэмдгийн дардасны загваруудтай тохирохгүй 1 бараар дарагдаагүй байна..." гэх дүгнэлт /хх-ийн 107-111/-р тал,
-Дамно ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20-280 дугаартай "эд зүйлийн үнэлгээ 100600000 төгрөг" гэх үнэлгээний тайлан /хх-ийн 97-98/-р тал,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 73/-р тал,
Яллагдагч Д.М-ын "...Би нэгэнт хуурамч бичиг баримт үйлдсэн, мөн “Гүнсан-Эрдэнэс” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж өмчлөлийг шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлт үнэлгээтэй танилцлаа ямар нэгэн санал хүсэлт байхгүй..." гэх тайлбар /хх-ийн 82-83/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, дээрх нотлох баримтуудад үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Д.Тын ББСБ-д очиж “...Би машиныхаа бичиг баримтыг хаячихсан чинь гадуур явж болохгүй байна, шинээр бичиг баримт авъя гэхээр танай ББСБ-ын нэр дээр байгаа учир олгогдохгүй байна гэж хэлээд “Гүнсан-Эрдэнэс” ББСБ-ын албан бланк дээр “...Машины бичиг баримтыг гээгдүүлсэн тул шинээр олгож өгнө үү...” гэсэн бичгийг хийлгүүлж авсан байх бөгөөд дараагаар нь тухайн албан бичгийг хуурамчаар үйлдэн 01-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч улмаар Тулга гэх хүний нэр рүү шилжүүлсэн...” гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас харахад шүүгдэгч Д.М нь хуурамч баримт, бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг залилан мэхэлж, бусдад их хэмжээний буюу 60.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “...Их хэмжээний хохирол гэж “...тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж тодорхойлжээ.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тд 60.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан байх бөгөөд прокуророос шүүгдэгч Д.М-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Д.М нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй байх бөгөөд түүний өмгөөлөгчийн зүгээс ч мөн адил шүүгдэгчтэй ижил байр суурьтай байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд, шүүгдэгч Д.М-ыг хуурамч баримт, бичиг ашиглан хууран мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М нь уг гэмт хэргийн улмаас “Гүнсан-Эрдэнэс” ХХК-д учирсан 60.000.000 төгрөгийн хохирлыг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус байгууллагын Хаан банкны 5009687688 дугаарын дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хохирогчийн зүгээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 100.775.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар тайлбарлахдаа 60.000.000 төгрөг үндсэн мөнгө, үлдэх 40.775.000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гэж тайлбарлажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно...” тус тус заажээ.
Өнөөдрийн тухайд шүүгдэгч Д.М нь хохирогч Д.Т-д учруулсан бодит хохирол болох “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18/0038 дугаартай зээлийн гэрээгээр...” байгуулсан 60.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн нэхэмжилж байгаа хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан бодит хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулах боломжгүй тул хохирогчоос хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцон нэхэмжилсэн 40.775.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Харин хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.М-аас жич нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч саналдаа “... Шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал харагдаж байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хүлээн зөвшөөрч ирсэн мөн шүүгдэгчийн хувьд 2 хүүхэдтэй эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зүйл ангийн хамгийн бага ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэх саналыг гаргасан бол шүүгдэгч болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 01 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Д.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт прокурорын тогтоолоор “ХБНГУ улсад 2011 онд үйлдвэрлэгдсэн MERCEDES BENZ G350 маркийн WDB4633411X195493 Арлын дугаартай, 01-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг” битүүмжилснийг хүчингүй болгож, шударга эзэмшигч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат, 16-14 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Боржигин овогт Лхагвасүрэнгийн Шинэбилэг /РД:ЦД83121870/-т буцаан олгож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д.М-ыг хуурамч бичиг баримт ашиглан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.М-д 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая төгрөг/-р торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 10.000.000 /арван сая төгрөг/-н торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялын шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.М-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт прокурорын тогтоолоор “...Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2011 онд үйлдвэрлэгдсэн MERCEDES BENZ G350 маркийн WDB4633411X195493 Арлын дугаартай, 01-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг...” битүүмжилснийг хүчингүй болгож, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат, 16-14 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Боржигин овогт Лхагвасүрэнгийн Шинэбилэг /РД:-т буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР