Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/436

 

2021       06          29                                 2021/ШЦТ/436

  

                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч  Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******-дхолбогдох эрүүгийн 1912 00124 0440 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Гоо сайхны салонд маникюр ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва их дэлгүүрийн арын 14 дүгээр байрны 108 тоотод оршин суух хаягтай, урд,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/424 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Б овогт ******* /РД:*

Холбогдсон хэргийн талаар:/Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Ривал интернэт” тоглоомын газраас М.М-ийн фейсбүүк ашиглан М.М мөнгө зээлээч гэж гуйж буй мэтээр хохирогч Э.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 100.000 төгрөгийг Хаан банкны 5131172180 дугаарын дансаар шилжүүлэн залилан мэхэлж авсан,

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Риваль интернет тоглоомын газраас М.Мийн ашигладаг цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээ болох Munkhdelger Mijiddorj фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч *******-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж, бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Б-ийн өгсөн “... Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 96 дугаар байр, 33 тоотод байх гэртээ өөрийн гар утсаар фейсбүүк ороод байж байтал өглөө 11 цагийн үед манай нөхөр Мөнх-Эрдэнийн эгч М-ийн фейсбүүк хаяг болох  Munkhdelger Mijiddorj гэсэн хаягаас над руу чат бичсэн. Эгч гадуур явж байна, юм авах гэсэн чинь мөнгө дутаад байна. Эгчдээ 5131172180 дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлэх боломж байна уу, эгч нь маргааш буцаагаад өгье гэсэн чат ирэхээр нь би яаралтай мөнгөний хэрэг гарсан юм байх гэж бодоод өөрийн найз Оюунцэцэг рүү ярьж манай эгчид мөнгөний хэрэг гарсан гэнэ ээ, хаан банкны 5131172180 дугаар руу 100.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Оюунцэцэг удалгүй мөнгө шилжүүлсэн талаар надад хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-24-26/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мийн өгсөн “... Миний фейсбүүк гэнэт гацаж орохоо больсон. Би фейсбүүк оролгүй орхисон...” гэх мэдүүлэг /хх-159-160/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Мийн өгсөн “... Манай дүү Мөнх-Эрдэнийн эхнэр Б-ээс миний хаягаас чат бичээд яаралтай мөнгөний хэрэг гараад байна аа гэж хэлээд 5131172180 дугаарын данс явуулж 100.000 төгрөг авсан байсан 2019 оны 02 дугаар 18-ны өдөр миний утасны дата дууссан байсан тул би өөрийн фейсбүүк хаягаараа ороогүй хэн нэгэн хүн миний фейсбүүк хаягаар нэвтэрч ороод манай хамаатны хүмүүсээс мөнгө нэхэж манай дүү Мөнх-Эрдэнийн эхнэр Б-ээс 100.000 төгрөг залилж авсан байна…” гэх мэдүүлэг /хх-27-28/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Азжаргалын өгсөн “...Мөнхсүлд надаас карт байна уу гэж асуухаар нь би Хаан банкны  карт байна гэсэн. Гэтэл наад картаа өгчих манай найз хүнээс мөнгө авчхаад өгье гэж байна гээд миний хаан банкны карт нууц дугаар болон 5131172180 дугаарын данс авсан” гэх мэдүүлэг /хх-29-30/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Мөнхсүлдийн өгсөн “... Зүс таних охин чат бичээд хаан банкны данс карт байна уу, мөнгө авчхаад өгье гэхээр нь би ангийн найз Азжаргалын хаан банкны картыг аваад ирээд авчих гэж хэлсэн. Гэтэл тэр эмэгтэй такси бололтой жижиг машинаар ирээд виза, карт данс аваад ээжээсээ мөнгө аваад өгье гээд бид 2 хаан банкны АТМ орж тэр охины 100.000 төгрөг авсан тэгээд карт, дансыг буцааж өгөөд явсан. Хэсэг хугацааны дараа дахин чат бичээд карт дансаа өгчих мөнгө авчхаад өгье гэхээр нь би ирээд ав гэсэн. Удаагүй тэр эмэгтэй ирээд виза карт, данс аваад явсан. Түүнээс хойш тэр эмэгтэйгээс данс картаа авах гээд чат бичсэн боловч завгүй байна гадуур явж байна гэсэн хариулт өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-31-32/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Оюунцэцэгийн өгсөн “... Манай найз Б 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдөр өөрийнхөө фейсбүүк хаягаас 100.000 төгрөг зээлээч манай хадам эгч асуугаад байна гэж чат бичсэн. 100.000 төгрөг шилжүүлсэн. 5135508265 дугаарын данснаас Б-ийн чатаар явуулсан данс руу шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-129-130/- р тал,

Депозит дансны хуулга /хх-39/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.  

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргүүдийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч *******-ыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах болон цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нөгөөтээгүүр шүүгдэгч *******-ы зүгээс хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.

Иймд, шүүгдэгч *******-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн, мөн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч Э.Б-т учирсан 100.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан болох нь Худалдаа хөгжлийн банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч саналдаа “... Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3.150.000 төгрөгөөр тогтоож, торгуулийн ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох...” саналыг гаргасан бол шүүгдэгч *******-ы зүгээс эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг  нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах...”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулахыг мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заажээ.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч *******-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгуулийн ялд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3.600.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулах нь зүйтэй.

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт *******-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 3600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.600.000 /Гурван сая зургаан зуу/-н мянган төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д шүүхээс оногдуулсан 3.600.000 /Гурван сая зургаан зуу/-н мянган төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР