Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00488

 

Т.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/02434 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2357 дугаар магадлалтай,

Т.Э-ы нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамьяндорж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ/2017/02212 дугаар захирамжаар Т.Э- нь Бизнес девелопмент ББСБ ХХК-д 36.329.976 төгрөг төлөхөөр болсон. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний өмчлөлийн Ү-2201023343 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо 21 дүгээр хороолол, ХД-44 дүгээр байрны 37 тоотод байрлах 61.3 м.кв талбайтай орон сууцыг хураан авч улмаар шинжээчээр үнэлгээ хийлгэсэн. 2018 оны 5 дугаар сарын 14-нд гаргасан үнэлгээний тайлангийн тухай 2018 оны 5 дугаар сарын 16-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/8484 тоот мэдэгдлээр дээрх хөрөнгийг 75.573.400 төгрөгөөр үнэлсэн ба 70 хувиар тооцож 52.901.380 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдсэн. Мөн үнэлгээ хийх ажиллагаанд төлбөр төлөгчийг оролцуулаагүй, шинжээч томилсон шийдвэрийг танилцуулаагүй, нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл Бүгд найрамдах Солонгос улс руу яваад ирсэн. Учир нь 61.3 м.кв талбайтай орон сууцыг нэг м.кв талбайг 2.350.000 төгрөгөөр тооцож нийт 144.055.000 төгрөгөөр үнэлэх саналаа хүргүүлсэн боловч уг хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу 75.573.400 төгрөгөөр үнэлсэн нь нэхэмжлэгчийн хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Иймд дээрх орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/Ш32017/12080 дугаар захирамжаар Т.Э-аас 36.329.976 төгрөгийг гаргуулж Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Т.Э-ы өмчлөлийн Сонгиохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД 44 дүгээр байрны 37 тоотод байрлах 61,3 м.кв орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 4/5935 тоот мэдэгдэл хүргүүлэхэд 144,055,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлэхэд, төлбөр авагч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 04/16 тоот албан бичгээр шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 111 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Томилогдсон шинжээчээр үнэлгээ хийлгэхэд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 75.573.400 төгрөгөөр тогтоосон. Шинжээч тухайн орон сууцыг үзсэний үндсэн дээр үнэлгээ тогтоосон. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бизнес инвест девелопмент ББСБ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Барьцаа хөрөнгийн өмчлөгч Т.Э-аас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот тогтоолыг үндэслэж, Хөрөнгө-Эстимэйт ХХК-аас барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоосон. Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн хийсэн үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн. Нэхэмжлэгч нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулахаар томилсон боловч тус ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь оролцдоггүй. Шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/02434 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Э-ы нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД- 44 дүгээр байрны 37 тоотод байрлах 61.3 м.кв талбайтай орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Э-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2357 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 184/ШШ2018/02434 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатарын төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 184/ШШ/2018/02434 тоот шийдвэр, Нийслэл дэх иргэнийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 23-ны 2357 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжпэгч Энхтайван нь үнэлгээ хийх ажиллагаанд намайг оролцуулаагүй, шинжээч томилсон шийдвэрийг надад танилцуулаагүй гэж маргасан байхад шүүх уг асуудалд ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Зөвхөн хариуцагч би Энхтайванд шинжээч томилсноо утсаар мэдэгдсэн гэж тайлбарласан боловч утсаар ярьж мэдэгдсэн тухай хэрэгт ямарч баримт байхгүй болно. Мөн шүүх төлбөр төлөгчийг хөрөнгөд үнэлгээ гаргахад оролцуулна гэж хуулиар зохицуулаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 33 дугаар зүйлийн 33.1.1-д “иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах” эрхтэй гэж заасан бөгөөд энэхүү эрхээр хангаагүй байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “Хөрөнгийн! үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зохицуулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэсэнд нийцээгүй талаар маргаж байсан. Гэтэл шүүх уг асуудалд мөн л дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 184/ШШ/2018/02434 тоот шийдвэр, Нийслэл дэх иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 23-ны 2357 тоот магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 2212 дугаар захирамжаар хариуцагч Т.Э- нь “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-д 35.992.066 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ний дотор төлж барагдуулах, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тус дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ХД 44 дүгээр байрны 37 тоотын 61.3 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  тохирч, зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.  

Шүүгчийн дээрх захирамжид гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжилж, хураасан боловч төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй байна.

Төлбөр төлөгч, өмчлөгч орон сууцаа 144.055.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрсөн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шинжээч томилсон, “Хөрөнгө эстимейт” ХХК  уг  орон сууцыг 75.573.400 төгрөгөөр үнэлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Орон сууцны зах зээлийн үнийг хэт доогуур тогтоосон гэх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017/ 55 дугаар зүйлийн 55.7.-т талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, нэхэмжлэгч үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/02434 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2357 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ