Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 50

 

У.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                       Б.Сүрмандах

Шүүгдэгч                                        У.А-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Л.Оюунсувд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 133 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт У-ийн А-д холбогдох эрүүгийн 1818000520065 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Б- овогт У-ийн А- /РД: ********** / нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 21:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Улиастайн 7 дугаар гудамжны 38 тоот хашаанд байх зуны байшинд өөрийн тээж байсан 40-41 долоо хоногтой, эм хүйсийн, 4100 грамм жинтэй, нярайг төрмөгц сэтгэл санааны гүнзгий хямралын улмаас нимгэн гялгар уутаар толгой болон цээж хэсгийг битүүлэн ороож амьсгалын хурц дутагдалд оруулж алсан хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хууийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх У.А-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгуулагад биечлэн эдлүүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч Л.Оюунсувд шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... У.А- нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл олуулаа, өрхийн орлого бага, өөрөө мэргэжил эзэмшсэн ч ажил төрөл олдохгүй байх зэрэг гэмт хэрэг үйлдэхэд нийгмийн хүчин зүйл болох ядуурал, ажилгүйдэл нөлөөлснийг ч ял оногдуулахдаа анхааран үзэж, мөн 3 хүртэлх насны бага хүүхэдтэй ганц бие эх зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх олон зүйл байгааг тооцон үзэхгүйгээр шийтгэх тогтоолд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоодоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч У.А- нь 2015 оны 08 дугаар сарын 15-нд төрсөн 2 ой өнгөрч байгаа охинтой болох нь төрсний гэрчилгээний хуулбар, “Түвшин” эмнэлгийн тодорхойлолтоор нотлогдож байгаа ба энэ хүүхэд нь эхийгээ санагалзаж уйлах, хоол ундаа идэхгүй байх, ээжийгээ эмээ, өвөөгөөсөө нэхэх байдалтай байгаагаас болж эрүүл мэнд нь ч хямрах байдалтай байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн баримтлан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах зэрэг хууль зүйн энэрэнгүй ёсны олон боломжууд байхад аль боломжтойг нь хэрэглэж болох байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд: Шүүгдэгч У.А-ын өмгөөлөгчөөр давж заалдах шатнаас оролцож байна. Шүүгдэгч У.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн. Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул гэм буруугийн талаар маргахгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа “гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан” зэрэг хувийн байдлыг харгалзан үзэх ёстой байсан. Шүүгдэгч У.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, сургуулиа төгсөж нийгмийн ажилтан мэргэжил эзэмшиж ажил хайхад олдоогүй бөгөөд одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй, эцэг, эх, дүү нарын хамт 11-үүлээ амьдардаг, мөн 2 нас 10 сартай бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдал зэргээс гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн. У.А- нь хүүхэдтэй болох нь “Түвшин” эмнэлгийн тодорхойлолт болон бусад баримт нотлох баримтаар тогтоогдож байна. У.А- нь 2 нас 10 сартай хүүхэдтэй байхад анхан шатны шүүх “3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхэд ял хойшлуулах” гэсэн хуулийн заалтыг хангаж шийдвэрлээгүй. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.3-т “хүүхэд эцэг, эхтэйгээ хамт амьдрах эрхтэй” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан. У.А- нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, 70 хоногийн хугацаанд цагдан хоригдсон, анхан шатны шүүх У.А-ын хүүхдэд асран хамгаалалт тогтоох үүргийг сумын Засаг даргад даалгасан ч гэсэн, У.А-ын хүүхэд нь төрснөөсөө хойш эхээсээ тусдаа байж үзээгүй учраас хүүхэд эхийгээ санаж, бэтгэрч байна. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.А-: Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэргийг санаатай үйлдэж байгаа сэдэлт, санаа, зорилго, хүний амь нас хохирч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Тодорхойлох нь:

У.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 21:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Улиастайн 7 дугаар гудамжны 38 тоот гэр бүлийн хамт амьдардаг хашаанд байх зуны байшинд өөрийн тээж байсан 40-41 долоо хоногтой 4100 грамм жинтэй нярайг төрмөгц нимгэн гялгар уутаар толгой болон цээжин хэсгийг нь ороож улмаар нярай амьсгалын хурц дутагдалд орж нас барсан үйл баримт тогтоогджээ.

У.А-ын дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа хийж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх У.А-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо “шүүгдэгч У.А-ын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал болон 2 нас 10 сартай бага насны охинтой зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний охин А.Энхжингийн эрх ашгийг хөндөж, хүүхдийн эрхийг хамгаалах хууль болон хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын хууль тогтоомжийг  зөрчиж  байна” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч У.А-ын 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 21:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Улиастайн 7 дугаар гудамжны 38 тоот өөрийн амьдардаг хашаанд байх зуны байшинд өөрийн тээж байсан 40-41 хоногтой 4100 грамм жинтэй нярайг төрмөгц түүний толгой болон цээж хэсгийг нь нимгэн гялгар уутаар ороож улмаар нярай амьсгалын хурц дутагдалд орж нас барсан болох хангалттай нотлогдож тогтоогдсон, нярайн амьсгалын хурц дутагдалд орж нас барсан үйл баримт нь шүүгдэгч У.А-ын  үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуулагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн түүний үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирсон, оногдуулсан ял хүнддээгүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл болон түүний хувийн байдал, 2015 онд төрсөн охин А.Энхжингийн эрх ашгийг шүүхээс харгалзаж үзэж оногдуулсан ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэх боломжтой байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсангүй гэсэн давж заалдах гомдлын үндэслэл гаргаж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйл шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа заавал хэрэглэх  зохицуулалт биш бөгөөд шүүх дээрх зохицуулалтыг хэрэглээгүй явдал нь давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж У.А-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-д заасныг удирдлаг болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                 ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ