Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1260

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Цолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01089 дүгээр шийдвэртэй, А.Цолмонгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эйч Эс Би” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс автомашины зогсоолын талбайн зөрүү үнэ 7 553 173 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Цолмон,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “Эйч Эс Би” ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй Нарлаг өргөө хотхонд байр захиалсан. Нэгэнт байр захиалсан учир 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Автомашины дулаан зогсоол захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, тус хотхоны 51 тоот зогсоолыг 32 448 000 төгрөгөөр худалдан авахаар болж, гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Нарлаг өргөө хотхон 2014 оны эхний улиралд ашиглалтад орж, захиалсан орон сууцаа 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч байранд орох байсан боловч байрны шал чанарын шаардлага хангахгүй байсан тул “Эйч Эс Би” ХХК-д шаардлага тавьж шалны цутгалт дахин хийлгэж, 2014 оны 11 дүгээр сард байранд орсон. 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр барилгын хэмжилт хийдэг “Уран асар” ХХК-иар хэмжилт хийлгэхэд зогсоолын дотор хүрээ буюу машин байрлуулах хэсгийн хэмжээ 12,69 м.кв, гадна хүрээ 15,22 м.кв талбайтай гэж гарсан. Тухайн үед компанийн захирал, борлуулалтын албаны ажилтануудад энэ талаар гомдол, шаардлага гаргаж өөр зогсоолоор солих санал гаргасан боловч зарагдаагүй байгаа зогсоолууд нь бүгд ижил 18 м.кв хэмжээнд хүрэхгүй байсан.

Эцэст нь дулаан зогсоолын үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар тус компанид хандахад зогсоолын хэмжээг 14 м.кв талбайтай гэж бичсэн өргөдөлд гарын үсэг зуруулахаар завдан, гэрээний эх хувийг компанид өгөхийг шаардаж, надад баримт үлдээхгүй байх буюу нотолгоог үгүй хийх далд санаатай байсан ба одоо болтол дулаан зогсоолын гэрчилгээг авч чадахгүй байгаа болно.

Шүүхэд “Эйч Эс Би” ХХК-д холбогдуулан захиалгаар бариулсан зогсоолыг гэрээнд заасан хэмжээгээр томруулах буюу доголдлыг арилгуулах, хэрэв арилгах боломжгүй бол 18 м.кв бүхий өөр зогсоолоор солиулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч маргаан бүхий авто зогсоолын хэмжээг шинжээч томилж хэмжүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүх шинжээч томилсон. Уг дүгнэлтээр маргаан бүхий зогсоолын хэмжээг 13.81 м.кв гэж гаргасан. Өөрөөр хэлбэл гэрээнд зааснаас 4.19 м.кв дутуу ба үнийг тооцвол /18 м.кв нь 32,448,000 төгрөг буюу 1 м.кв 1 802 667 төгрөг, нийт дутуу м.кв-ын хэмжээ/ 7 553 174 төгрөг байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Гэрээний нэг тал буюу захиалагч нь тодорхой байршил, талбайн хэмжээг тогтоон, автозогсоол захиалж, үүний төлөө хөлс төлөх, “Эйч Эс Би” ХХК нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг агуулж байна.

Иймд захиалгаар бариулсан автозогсоолын дутуу м.кв-ын үнэ болох 7,553,174 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасан ажлын хөлсийг зохих хэмжээгээр бууруулах агуулгаар тодорхойлогдож байгаа болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

А.Цолмон 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэрээний төлбөрөө бүрэн барагдуулснаар нэхэмжлэгчид дулаан автозогсоолыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч зогсоолыг хүлээн авах үедээ ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Нэхэмжлэгчийн гомдол гаргадаг шар зураас нь дулаан авто зогсоолыг эмх цэгцтэй байлгахын тулд татсан бөгөөд энэ нь дулаан зогсоолын талбайн хэмжээнд нөлөөлөхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан хариуцагч “Эйч Эс Би” ХХК-иас гаражийн метр квадратын зөрүү төлбөрт 6 850 134 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Цолмонд олгож, нэхэмжлэлээс 703 038 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч А.Цолмонд олгох, хариуцагч Эйч Эс Би ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 135 802 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Цолмонд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх, хууль болон гэрээний зарим заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтад буруу үнэлэлт, дүгнэлт өгч, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Шийдвэрт “хариуцагчийн хүсэлтийн дагуу шинжээчээр “Инженер геодези” ХХК-ийг томилсон бөгөөд хариуцагч нь 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 50 дугаартай албан бичгийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн, уг албан бичигт Г725/2 дугаар авто зогсоолын 51 тоот 14.2 м.кв талбайтай дулаан зогсоол болно” гэснээс үзэхэд гаражийн м.кв зөрүүтэй буюу доголдолтой байдлыг өөрсдөө илэрхийлж, хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Манай компани хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Авто зогсоол MNS5342:2007 стандартын хүрээнд нэхэмжлэгчид дулаан гараж захиалгаар барих тухай гэрээнд заасан 18 м.кв талбай бүхий зогсоолыг шилжүүлж, захиалагчид доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч гэрээний сүүлийн төлбөрөө 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлж зогсоолыг хүлээн авах үедээ ямар ч гомдол гаргаагүй атлаа 4 сарын дараа шүүхэд хууль зүйн үндэслэлгүй “Уран хас” ХХК-ийн дүгнэлт, албан бичгийг үндэслэн нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид доголдолтой эд хөрөнгө шилжүүлээгүйг нотлохын тулд шинжээч томилох хүсэлт гаргаж, шүүх “Лэндс” ХХК, “Инженер геодези” ХХК-ийг томилсон, бүгд авто зогсоолд хэмжилт хийхдээ MNS6058:2009 стандартыг баримталсан нь зогсоолын хэмжээг бодитоор тогтоож чадаагүй. MNS6058:2009 стандарт нь орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тооцох арга зүйг тодорхойлоход хамаардаг.

Зохигчдын байгуулсан гэрээний зүйл нь авто зогсоол бөгөөд MNS5342:2007 стандартын 3.2-т авто зогсоол гэж зөвхөн автомашины зогсоолын буюу автомашиныг хадгалах зориулалтаар байгуулсан барилга, байгууламж, түр буюу удаан хугацаагаар хадгалах зориулалтын талбайг хэлнэ гэж заасан.

Мөн шийдвэрт Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгээр м.кв-ын зөрүүтэй буюу доголдолтой байдлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн нь үндэслэлгүй. Уг бичгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэж өгсөн. Нэхэмжлэгч үүнийг хүлээн аваад тухайн үед манай компанид гомдол, санал гаргаагүй байтлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Маргаан бүхий авто зогсоолын хэмжээ бодитоор тогтоогдоогүй ба хэрэглэвэл зохих хуулийг буюу MNS5342:2007 стандартыг ашиглан гаргасан дүгнэлт хэрэгт авагдаагүй. Шүүх шинжээчийг зөвхөн шар зураасаар хэмжилт хийхийг даалгасан хууль бус захирамж гаргасан. Шар зураас нь дулаан авто зогсоолыг эмх цэгцтэй байлгахын тулд сүүлд зурсан бөгөөд энэ нь зогсоолын талбайн хэмжээнд нөлөөлөхгүй.

Мөн шүүх гэрээний зарим заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. 51 тоот гаражийн м.кв-ын зөрүү 3.8 м.кв гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гаражийн нийт үнийн дүн 32 448 000 төгрөгийг гэрээнд заасан 18 м.кв-т хуваахад 1 802 667 төгрөг тул 3.8 м.кв-тад 6 850 134 төгрөг болж байна гэж дүгнэсэн. Гэрээний 1.7-д гаражийн талбайн нийт үнэ 32 448 000 төгрөг гэж заасан нь м.кв-аар бус өртөг, зардал, зах зээлийн үнийн судалгаагаар тогтоогдсон нийт талбайн үнэ бөгөөд гэрээг байгуулахдаа нэгж м.кв талбайн үнийг тогтоогоогүй болно.

Гэтэл шүүх гэрээний үнийг буюу ажлын хөлсөнд дур мэдэн өөрчлөлт оруулах замаар хариуцагчаас 6 850 134 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг талуудын тайлбар, хэргийн үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүйн гадна баримталсан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч А.Цолмон нь хариуцагч “Эйч Эс Би” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс автомашины дулаан зогсоолын талбайн зөрүү үнийн 7 553 173 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дулаан гараж захиалгаар барих гэрээ байгуулж, үүгээр “Эйч Эс Би” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхоны 51 тоот 18 м.кв талбайтай 32 448 000 төгрөгийн үнэ бүхий зогсоолыг барьж 2013 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч тал үнийн 16 224 000 төгрөгийг урьдчилж төлөх, үлдэх хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх нөхцлийг тохиролцож, харилцан үүрэг хүлээсэн байна. /хх 4-10/

Нэхэмжлэгч А.Цолмон дээрх гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч талд зогсоолын үнийг шилжүүлсэн боловч 224 000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлж, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан, хариуцагчийн хувьд 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр улсын комисст орон сууцны барилга болон гаражийг актаар хүлээлгэн өгсөн,  2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 14,2 м.кв талбайтай дулаан зогсоолыг өмчлөгч А.Цолмон төлбөрийн тооцоогүй болсон талаар тодорхойлсон зэрэг үйл баримт тогтоогджээ. /хх 11-13, 187-190/

Нэхэмжлэгч А.Цолмон дулаан зогсоолын талбай гэрээнд заасан хэмжээнээс дутуу баригдсан тул үнийн зөрүүг гүйцэтгэгч төлөх үүрэгтэй гэж, хариуцагчийн хувьд маргаж буй зогсоолын хамрах хүрээ шинжээч нарын дүгнэлт гаргасан шар зураасаар хязгаарлагдахгүй, Эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан тоотод тухайн зогсоолын талбайг нэхэмжлэгчийн хүсэлтээр 14.2 м.кв гэж тодорхойлсон гэх агуулгаар шаардлага, татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруух боломжгүй байх боловч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар захиалагч буюу нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд хуулийн уг заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул талуудын тайлбараас дүгнэн үзвэл захиалагчийн хүлээж авсан зогсоол гэрээнд заасан 18 м.кв талбайд хүрэхгүй байгаа нь тогтоогдож байна. Гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирч байвал биет байдлын доголдолгүй гэж үзэх талаар Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсгийн заалтаар зохицуулжээ.

Харин гэрээний зүйл болох авто зогсоол талуудын тохиролцсон хэмжээнд хүрэхгүй байгаа нь тухайн эд хөрөнгийн гэрээгээр тогтоосон үнийг бууруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, зогсоолын нийт талбай гэрээгээр тохирсон хэмжээнд хүрэхгүй, дутуу байгаагаас шалтгаалж зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон зэргээр түүний зах зээлд борлогдох бодит үнэ цэнэ буурсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй тохиолдолд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар ажлын хөлсийг буруулахаар шаардах эрхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч С.Энхбаярын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажил гүйцэтгэх гэрээний дагуу автомашины зогсоолын м.кв-ын үнийн зөрүү 7 553 173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Цолмонгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01089 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д заасан үндэслэлгүй тул “Эйс Эс Би” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний дагуу автомашины зогсоолын дутуу м.кв-ын үнийн зөрүү 7 553 173 төгрөг гаргуулах тухай А.Цолмонгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 135 810 шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Т.ТУЯА