Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/292

 

 

      2021          05         10                                    2021/ШЦТ/292

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч И.Булганчимэг,

Хохирогч Л.З түүний өмгөөлөгч Э.Шинэзориг,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн “2009 00000 1146” дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 2 охины хамт Баянгол  дүүргийн 4 дүгээр хороо, 2а-51 тоотод оршин суудаг гэх , Б овогт ******* /РД:*

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 05-06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.З-г найзтай нь нэг оронд орсон байсан, утсаар ярьсан зэрэг үл ялих зүйлээр шалтгалан улмаар түүний биед гар хөлөөрөө цохих, маажих, чимхэх, эд зүйл авч шидэх зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.З шүүхийн хэлэлцүүлэгт “... Шүүгдэгч *******-гийн хувьд удаа дараа миний биед хохирол учруулж байсан. Тухайн хэрэг болох өдөр Ц нь намайг зодож миний биед гэмтэл учруулсан. Над руу Ц дайрч байхад би хувцасгүй шалдан байсан учир эсэргүүцсэн үйлдэл хийгээгүй. Миний аав, ээж  2 өндөр настай хүн байдаг. Тухайн шарх, сорвины хувьд шарх нь аньсан үед гоо сайхны эмнэлэг эмчилгээ хийнэ гэж хэлж байсан. Ц-д зодуулсны дараагаар миний толгой хөдөлсөн байсан. Би 2-3 удаа толгойгоо бариулж байсан. Ц-гийн хувьд миний амьдралд орж ирж үймүүлдэг байсан. Энхтайвангийн хувьд бид 2 хамт амьдраад 3 жил болж байгаа. Миний хувьд маш их гомдолтой байна...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Шинэзориг шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 885.000 мөн цаашид учрах зардал 2.300.000 төгрөгийг нэхэмжилж нийт шүүгдэгчээс 4.085.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хохирогчийн хувьд хохирол төлбөр нэхэмжлэх эрхтэй. Цаашид гарах хохирол төлбөрийг урьдчилж төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хохирогч нь гэмт хэргийн хохирогч болоогүй байсан бол дэлгүүрээ ажиллуулж орлого олох байсан. 885.000 төгрөгийн зардал нь хохирогч эмчилгээ хийлгэсэн гэдэг нотлогдож байгаа тул хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гаргуулах зүйтэй гэж үзэж байна  ...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******  мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүх эмнэлгийн зүгээс хохирогчийн биед үзлэг хийж хөнгөн гэмтэл учирсан байна гэж дүгнэлт гарсан. 885.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн талаар хохирогч ярьж байна. Хохирогчийн дэлгүүр ажиллуулж татвар төлсөн баримт мөн эмчилгээ хийлгэсэн баримтуудыг хүсэж байгаа. Шүүгдэгчийн хувьд 150.000 төгрөгийн зардлыг төлж барагдуулсан. Шүүгдэгчийн хувьд баримттай нэхэмжилж буй хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй  гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 885.000 мөн цаашид учрах зардал 2.300.000 төгрөгийг нэхэмжилж нийт шүүгдэгчээс 4.085.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хохирогчийн хувьд хохирол төлбөр нэхэмжлэх эрхтэй. Цаашид гарах хохирол төлбөрийг урьдчилж төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хохирогч нь гэмт хэргийн хохирогч болоогүй байсан бол дэлгүүрээ ажиллуулж орлого олох байсан. 885.000 төгрөгийн зардал нь хохирогч эмчилгээ хийлгэсэн гэдэг нотлогдож байгаа тул хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гаргуулах зүйтэй гэж үзэж байна ...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 05-06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.З-г найзтай нь нэг оронд орсон байсан, утсаар ярьсан зэрэг үл ялих зүйлээр шалтгаалан улмаар түүний биед гар хөлөөрөө цохих, маажих, чимхэх, эд зүйл авч шидэх зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

Хохирогч Л.З-гийн: “...унтаж байхад үүрээр 05 цаг өнгөрч байсан байхаа Энхтайваны өмнө найзалж байсан  Ц гэх эмэгтэй гаднаас орж ирээд унтаж байхад хөнжлаас хуу татаад миний үснээс зулгааж, цохиж самардаад маажаад, базаад  дайраад байсан. Энхтайван дундуур орж салгахад над руу өөрийн гартаа таарсан бүх зүйлээ авч шидээд, над руу дайраад миний цүнхтэй бүх эд зүйлийг асгаж, гар утсыг ширээн дээр цохиж хагалсан. Тухайн үед би нүцгэн байсан учир босож чадахгүй хариу үйлдэл үзүүлж чадаагүй гарсныхан дараа би хувцасаа өмссөн...” гэх мэдүүлэг. /хх-н 17-20/-р тал,

Шүүгдэгч *******-гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 23-25/ “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 00 цаг 05 минутын орчим байхаа Энхтайван залгасан  ба авахад З гэх эмэгтэй байсан би танай хүнтэй байна битгий залгаад байгаарай гэж хэлээд тасалсан. Удалгүй лагер дээр байна танай хүнтэй цуг битгий залгаад бай гэсэн мессеж ирсэн. Би унтахаар хэвтсэн бөгөөд нойр хүрэхгүй өглөөгүүр хар хөдлөөд тэр хүүхэнтэй байгаан байна гэж бодоод үүрээр 05 цаг өнгөрч байхад Энхтайваны зуслан Шарга морьт руу таскси бариад явсан.   Хаалга онгорхой байсан ороход шалан дээр архины шил хөглөрсөн байсан. Би Энхтайван тэр хүүхэн хоёрын хөнжлийг сөхөхөд хоёуулаа чармай нүцгэн тэврэлдээд хэвтэж байсан. З над руу дайрч намайг үсдэхээр нь би тухайн эмэгтэйтэй үстэлцээд  тэр эмэгтэйн хөл болон цээжнээс нь базаж чимхсэн. Тэр үед намайг бас цохиод хөлөөрөө тийрээд, жийгээд байсан. Бид хоёрыг зууралдаж байхад Энхтайван голоор орж ирж салгасан. Би Энхтайваныг цохиж, хэд алгадаж чи арай ч дээ гэж хэлээд ширээн дээр байсан хатуу болон зөөлөн хавтастай ном ууттай кофей авч Энхтайван  луу шидсэн тухайн үед ширээн дээр нэг цүнх байхаар нь авч газар асгаад нэг хар утас гарч ирэхээр нь тухайн утсыг ширээ рүү шидсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Энхтайван: “..үүрээр 06 цагийн үед манай өөр нэг найз Ц гаднаас орж ирсэн. Ингээд  орж ирээд  З маргалдаад хоорондоо эд зүйл авч шидэлцээд нэгнийгээ цохиод байхаар нь би дундуур нь ороод салгасан. Нэг нэг рүүгээ юм авч шидсэн. Тэр хоёр хэрэлдээд хоорондоо юм шидэлцээд байсан. Толгой нь жоохон шалбарсан байсан өөр бэртэл гэмтэл байхгүй байсан гэх мэдүүлэг...” /хх-н 27-28/-р тал,

Гэрч Д.Саруулсайхан: “...2020 оны 08 дугаар сарын 11-нд би З.Энхтайванд  очиж хөдөө Архангай явлаа гээд очсон тэр өдөр бид хоёр хоёуулаа амрах гэж байгаа юм чинь гээд ганц архи уугаад амарсан. Сэрэхэд Л.З, ******* хоёр хоорондоо маргалдаж чи хөгшин хүний дэргэд ичээч гээд нүцгэн шалдан заваарсан юм гэж хэлж байсан. Дунд нь салгах гэж байгаа бололтой З.Энхтайван зогсож байсан. Би босоод хартал хоорондоо юм шидэлцэж зодолдсон бололтой Л.З-гийн зүүн хацар, духнаас цус гарчихсан байсан. Энхтайвны гэрийн цонх хагарсан шалаар нь шилний хагархай байсан. Удалгүй хоёр цагдаа орж ирээд тэр гуравыг аваад явсан, би Энхтайваны гэрт үлдсэн. Л.З-гийн биед зүүн хацар, духнаас цус гарчихсан байсан. Ц-гийн биед бэртэл гэмтэл байсныг мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-н 79-80/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9265 дугаартай дүгнэлт /хх-н 37/-р тал болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаагүй тул гэм буруугийн асуудлаар шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

*******-гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Ц-гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Л.З болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гомдолтой байгаа талаараа дурдаж, гоо сайхан, сэтгэл санаа, ажил хөдөлмөр алдагдуулсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,

 

Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно...” гэж тус тус заажээ.

 

Өнөөдрийн байдлаар хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол, хор уршигтай холбоотойгоор ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирсон талаараа тайлбарлаж, тодорхой хэмжээний мөнгө нэхэмжилж байх бөгөөд тухайн тохиолдолд шүүх хохирогчид учирсан бодит хохирлыг тооцон гаргах боломжгүй юм. 

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч Л.Згийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон боловч тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Л.З-д яг бодитой хэчнээн төгрөгийн хохирол учирсан бэ гэдэг нь тодорхой бус хохирогчид учирсан хохирлыг хавтас хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоох боломжгүй бөгөөд шүүх ирээдүйд гарах зардлыг шууд учирсан хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах боломжгүй юм.

 

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч нь гэмт хэргийн хохирогч болоогүй байсан бол дэлгүүрээ ажиллуулж орлого олох байсан. 885.000 төгрөгийн зардал нь хохирогч эмчилгээ хийлгэсэн гэдэг нотлогдож байгаа тул хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гаргуулах зүйтэй...” гэх тайлбарыг гаргажээ.

 

Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс 885.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан талаар тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотолсон баримт хавтас хэрэгт авагдаагүй байгааг дурдвал зохино.  

 

Харин тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Л.З-д нийт 130.000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хавтас хэргийн 43-45-р талд авагдсан “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******гийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Л.З-гийн Хаан банкны данс руу 150.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Иймд, хохирогч Л.З-гийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Л.З-гийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******-гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн хувьд Энхтайвантай 3 жил хамтран амьдарч байсан. Шүүгдэгч Ц руу хохирогч Золзаяа нь зурвас бичсэн нь гэмт хэрэг гарах болсон гэж үзэж байна. Мөн тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн хувьд нөхөр нь өвчний улмаас нас барсан 2 охинтойгоо хамтран амьдардаг 1 охин нь их сургуульд суралцдаг тул эдгээр байдлыг харгалзан үзэж торгуулийн хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү ...” гэх саналыг тус тус гаргасан бол хохирогч болон түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа  хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хавтас хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Гурав. Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Л.З нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******-гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                               

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ИДЭР