| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00291/И |
| Дугаар | 312 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 312
| 2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 156/ШШ2017/00312 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00291/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багт оршин суух, Цэрэндоржийн Оюунцэцэг РД:/СЗ65070205/-гийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 1983 оны 3 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарын 25 хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байгаад 1987 оны 10 сард Хурхын сангийн аж ахуй руу шилжсэн. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр олдохгүй, архивын тасгаас хайгаад олдоогүй. Миний бие одоо 4 хүүхэдтэй, 50 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүй болоод байна. Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажиллаж байсан хугацаагаа тогтоолгож ир гэдэг шаардлага тавьсан. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 5, 9, 17, 18-19, 20, 21, 23-24, 25/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунцэцэг нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хүн эмнэлэгийн салбарт 1983 оны 3 дугаар сарын 25 өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 25 өдрийг хүртэл хугацаанд асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ц.Оюунцэцэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Хүсэлт гаргагч Ц.Оюунцэцэг нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хүн эмнэлэгийн салбарт 1983 оны 3 дугаар сарын 25 өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 25 өдрийг хүртэл хугацаанд асрагчаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хэнтий аймгийн Архивын тасгийн тодорхойлолт /хх 3, 4/, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн тодорхойлолт /хх 5/, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвийн товч танилцуулга /хх 9/, 1976 оноос 2012 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хүн эмнэлэгт асрагч, тогоочоор ажиллаж байсан гэрч В.Цэгмидийн мэдүүлэг /хх 17/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 18-19, 20/, 1974 оноос 2008 оныг хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан гэрч Р.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх 21/, түүний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 23-24, 25/ зэрэг болно.
Ц.Оюунцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хүн эмнэлэгийн салбарт 1983 оны 3 дугаар сарын 25 өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 25 өдрийг хүртэл хугацаанд асрагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Цэрэндоржийн Оюунцэцэг РД:/СЗ65070205/ нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хүн эмнэлэгийн салбарт 1983 оны 3 дугаар сарын 25 өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 25 өдрийг хүртэл хугацаанд асрагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Ц.Оюунцэцэгт мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА