| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00264/И |
| Дугаар | 313 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 313
| 2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 156/ШШ2017/00313 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00264/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Сайхан багт оршин суух, Жамсранжавын Юмсүрэн РД:/СВ65012900/-гийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортунгалаг, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Юмсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортунгалаг нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ж.Юмсүрэн нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдэлд хоньчноор орж ажил амьдралын гараагаа эхлэсэн. Ийнхүү “Улаан-Од” нэгдэлд ажилд орсноос хойш тасралтгүй хоньчин, малчнаар ажиллаж байгаад 1992 онд “Улаан-Од” нэгдэл тарснаар өнөөдрийг хүртэл хувийн малаа маллаж амьдарч байна. Ажиллаж байх хугацаандаа 1982 онд нэг наст малын онд оролтын талаар зарласан болзлыг хангаж 2 дугаар байранд орж баярын бичиг 200 төгрөг, 1986 онд Хоньчдийн дунд зарласан “Цагаан алт-85” социалист уралдаанд 1 дүгээр байр эзэлж байсан. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын архив шатсан учир материал гараагүй. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын №21, №3, №98, №47 дугаартай тогтоол, гэрч Г.Цагаачин, Д.Янжинлхам нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Иймд 1980 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1992 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 4, 5, 8, 9, 10, 11, 12, 13-14, 23, 24, 26-27, 29/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Юмсүрэн нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хоньчин, малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ж.Юмсүрэн нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Хүсэлт гаргагч Ж.Юмсүрэн нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хоньчин, малчнаар тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Засаг даргын тодорхойлолт /хх 4,5/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын №21 дугаартай тогтоолын хуулбар /хх 8/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын №3 дугаартай тогтоолын хуулбар /хх 9/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын №98 дугаартай тогтоолын хуулбар /хх 10/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын №47 дугаартай тогтоолын хуулбар /хх 11/, 1975 оноос 1993 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан гэрч Г.Цагаачингийн мэдүүлэг /хх 23/, түүний ажиллаж байсныг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар /хх 24/, 1956 оноос 1985 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдэлд төлчнөөр, ногоочин, оёдолчин, будагчин, нэгдлийн бичээч, холбоочин, худалдагчаар ажиллаж байсан гэрч Д.Янжинлхамын мэдүүлэг /хх 29/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 26-27/ зэрэг болно.
Ж.Юмсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл хугацаанд хоньчин, малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Жамсранжавын Юмсүрэн РД:/СВ65012900/ нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл хугацаанд хоньчин, малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Юмсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА