| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00291/И |
| Дугаар | 314 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 314
| 2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 156/ШШ2017/00314 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00291/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт оршин суух, Дашдондогийн Гомбо РД:/СО57051515/-гийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Гомбо, нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гомбын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 1978 оны 9 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд үхэр хариулж байсан. Миний бие 60 нас хүрч, тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож ир гэсэн шаардлага тавьсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 4, 5, 6, 13, 15, 16, 18/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гомбо нь Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд 1979 оны 9 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Д.Гомбо нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Хүсэлт гаргагч Д.Гомбо нь Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд 1979 оны 9 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хэнтий аймгийн Архивын тасгийн тодорхойлолт /хх 4/, Хэнтий аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх 5/, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх 6/, 1978 оноос 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан гэрч Б.Цэдэвсүрэнгийн мэдүүлэг /хх 13/, түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 15/, 1973 оноос 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдлэийн 3 дугаар бригадад малчин, бригадын дарга, тоо бүртгэгчээр ажиллаж байсан гэрч Ц.Болдын мэдүүлэг /хх 16/, түүний цалингийн тодорхойлолт /хх 18/ зэрэг болно.
Д.Гомбын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд 1979 оны 9 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Дашдондогийн Гомбо РД:/СО57051515/ нь Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд 1979 оны 9 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Гомбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Д.Гомбод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА