Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/569

 

 2021          08          18                                   2021/ШЦТ/569 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Н.Мөнхбат,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 1705 0075 90153 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Цагаан хяр өртөөнд бэлтгэл жижүүрийн ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 108 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С овогт ******* /РД:*

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 8 дүгээр сарын 06-ны өдөр 63-79 УБЧ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн эвдрэлтэй автомашины улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд зүүж Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тайкун” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт унаж явах нөхцөлтэйгөөр 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

-2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 40-87 УНД улсын дугаартай Тоёота приус 20 маркийн эвдрэлтэй автомашины улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд зүүж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сүлд санхүүгийн нэгдэл” ББСБ-д унаж явах нөхцөлтэйгөөр 2.800.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.800.000 төгрөг шилжүүлэн авсан,

-2016 оны 5 дүгээр сарын 19-ны өдөр 80-51 УБС улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн эвдрэлтэй автомашины улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд тавьж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оршил финанс” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт авто машиныг унаж явах нөхцөлтэйгөөр 2.000.000 төгрөгнд барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

-2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 33-71 УБГ улсын дугаартай Тоёота приус-20, 45-18 УБӨ улсын дугаартай Тоёота Сай маркийн эвдрэлтэй автомашинуудын улсын дугаар, арлын дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд тавьж ашиглан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Киагрупп” ББСБ-д унаж явах нөхцөлтэйгөөр нийт 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 8.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 51-99 УНУ улсын дугаартай эвдрэлтэй тоёота приус 20, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 70-27 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн эвдрэлтэй автомашинуудын улсын дугаар, арлын дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд тавьж ашиглан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Фүжи капитал” ББСБ-д унаж явах нөхцөлтэйгөөр нийт 8.200.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 8.200.000 төгрөг шилжүүлэн авсан,

-Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдаа, үйлчилгээ, оффисын цогцолборт үйл ажиллагаа явуулдаг Засо ХХК-ны авто ломбардаас унаж явах нөхцөлтэйгөөр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Тоёота приус 20 маркийн 10-96 УНБ улсын дугаартай авто машиныг барьцаалж 2.500.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Тоёота приус 20 маркийн 86-01 УБР улсын дугаартай авто машиныг барьцаалж 4.700.000 төгрөг нийт 7.200.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авсан,

-Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И ЭМ СИ ЭС” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 79-32 УБӨ, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 59-20 УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн эвдрэлтэй автомашинуудын улсын дугаар, арлын дугаар, тээврийн хэрэгслийг гэрчилгээг өөр автомашинд ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 6.500.000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 37.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө цаашид төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт хохирол төлбөр сайн дураараа нөхөн төлж байгаа тул гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэжээ.        

НЭГ: Гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Тайкун ХХК-ыг залилсан хэргийн талаар

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.У-ын өгсөн“...2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Г овогтой Э нь 63-79 УБЧ дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приүс 20 маркийн автомашиныг барьцаалан 3.000.000 төгрөгийн зээл авсан ба барьцаанд тавихдаа автомашинаа унаж явах нөхцөлтэйгөөр авто ломбардын нэр дээр шилжүүлж зээл авсан юм. Ингээд 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан ба 1 сарын хугацаа дуусаад Э гэж хүний гэрээн дээрх 99194186 дугаарын утас руу холбогдоход хөдөө явж байна, ногоо тарьж байгаа, удахгүй төлбөрөө төлнө, хүү алдангаа мөн төлөх болно гэж хэлсэн. Ингээд дахин залгаж мөнгөө өгөх талаар шаардах гэсэн боловч утас нь холбогдохгүй, гэрээн дээр байгаа оршин суугаа газрын хаягаар очиход өөр хүн оршин суудаг болохыг олж мэдсэн ба урьд амьдарч байгаад 2 жилийн өмнө нүүсэн болохыг олж мэдсэн. Ингээд цааш нь дахин хайсан боловч хорооноосоо өрхийн бүртгэлээ хасуулсан, хорооны ажилчид байнгын банк санхүүгийн байгууллагаас хайж ирдэг гэх мэдээллийг олж мэдсэн. Ингээд цаашид хайсан боловч өнөөдрийг хүртэл олдохгүй байгаа ба хүмүүсээс сонсоход Оюунбатын Батзориг гэх хүнтэй хэмт явдаг гэсэн мэдээллийг авч Батзоригийн 99999716 дугаарын утсаар холбогдож асуухад дамжуулж хэлье гээд утсаа тасалсан ба тэрнээс хойш дахин холбогдолгүй, утас нь холбогдохгүй болсон байгаа. Ингээд сураг тавиад байж байтал Э нь Приус 20 маркийн автомашиныг задалж, угсардаг, цаашлаад уг автомашинаа бусад банк санхүүгийн байгууллага, авто ломбардуудад мөнгөлөг өнгийн приус 20 маркийн автомашинуудыг барьцаалан зээлж авч алга болоод цаашлаад уг автомашинаа унаж явж байгаад хүмүүст зарсан болохыг нь олж мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/-р тал,

        -2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9005 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” /фидуци/ /1-р хх-ийн 95-96/-р тал

        -Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 111/-р тал,

        Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******-гийн өгсөн “...Би 63-79 УБЧ улсын дугаартай мөргөлдсөн мөнгөлөг өнгийн Тоёота приус-20 маркийн автомашины гэрчилгээг мөн дээрхтэй адил аргаар худалдаж авсан. Уг гэрчилгээг авахдаа 2016 оны 08 дугаар сар хавьцаа хүнийг нь санахгүй байна 5-н буудалд байх хашаанаас очиж авч байсан. 500.000 төгрөгөөр гэрчилгээ болон улсын дугаар 2 ширхэг арлын дугаартай нь худалдаж авсан. Машиныг бол худалдаж аваагүй. Тайкун ХХК-аас зээл авахдаа мөнгөлөг саарал өнгөтэй таксины жолооч ахаас гуйж байгаад 50.000 төгрөг өгөөд машин дээр нь 63-79 УБЧ улсын дугаараа зүүгээд урд копудны тэнд байрлах арлын дугаар жолоочийн эсрэг талын хаалган дээр байх арлын дугаар пайзан дээр нөгөө худалдаж авсан машины арлын дугаарыг наасан. Наахдаа маш цэвэрхэн давхарлаад наачихдаг юм. Уг материал нь өөрөө машинаас нь салгаж авахад цавуутайгаа гараад ирдэг юм. Би одоо тэр таксинд явж байсан жолооч ахыг танихгүй машины дугаарыг нь ч мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 124-125/-р тал,

-Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ-ыг залилсан хэргийн талаар

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-ын өгсөн “...******* гэх хүн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 40-87 УНД улсын дугаартай автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалж гэрээ хийж 6 сарын хугацаатай 2.800.000 төгрөгийн зээл авсан ба зээлийн эргэн төлөлт болоход сар бүрийн төлөлт болон үндсэн мөнгийг зээлийн хугацаа дуусахад төлж барагдуулаагүй. Ингээд бид нар гэрээ хийхдээ бүрдүүлж өгсөн материалын дагуу албан ёсны хаяг болох Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, ЭАБ гудамжны 26 тоот гэсэн хаягаар 5, 6 удаа очиход уг хаягт байх хүмүүс *******г байхгүй энд амьдардаггүй, танихгүй гэх хариулт өгч байсан ба үүнээс хойш 2017 оны 08 сард *******-гийн эхнэр гэх эмэгтэйтэй уулзахаар Баянзүрх дүүргийн Ботаникт байрлах “Эм Импекс” ХХК-ийн эмийн сан дээр очиж Эг сураглаж асуухад, бид 2 салсан, холбоогүй, мэдэхгүй байна гэсэн, үүнээс хойш хайхаа больж цагдаагийн байгууллагад хандах болсон. ******* нь манайхаас зээл авснаас хойш бараг бүтэн жил сураггүй болж байгаад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн төлбөрт 2.800.000 төгрөг манай компанид төлсөн, уг мөнгийг манай компани зээл авснаас хойш нэмэгдүүлсэн хүү 515.510 төгрөг, хүүнд 1.689.209 төгрөг, үндсэн зээлээс 595.281 төгрөгийг төлсөн гэж тооцож авсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 170, 181/-р тал,

           -2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ТЗ-2241 дугаартай “Зээлийн гэрээ”, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” /1-р хх-ийн 171-175/-р тал,

            -Кассын орлогын ордер /1-р хх-ийн 177/-р тал

            -Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ-ын зээлийн тооцооны хүснэгт /1-р хх-ийн 182/-р тал

            -Тээврийн хэрэгслийн лавлагаа /4-р хх-ийн 157/-р тал

            -Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******-гийн “...Би уг үйлдэлдээ гэмшиж байгаа...би сүлд санхүүгийн нэгдэл” ББСБ-д 2.800.000 төгрөгийн эргэн төлөлт хийж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188/-р тал

“Оршил финанс” ХХК-ыг залилсан хэргийн талаар

           -2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/017 дугаартай “Зээлийн гэрээ” мөн өдрийн ФД/016 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”, бэлэн мөнгөний зарлагын баримт /1-р хх-ийн 2-7/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Г-ын өгсөн“...2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Г овогтой Э гэх залуу нь манай компанид 80-51 УБС улсын дугаартай Тоёота приус 20 маркийн, мөнгөлөг саарал өнгөтэй машиныг 2.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Зээл авсан өдрөөс эхлэн эргэн төлөлт нэг төгрөг ч хийхгүйгээр хаана байгаа газар нь мэдэгдэхгүй алга болсон. Би араас нь хайж, сураг тавихад ******* гэх залуу нь тээврийн хэрэгсэл хулгайлдаг, мөн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засварладаг,улсын дугаар гэрчилгээ хуурамчаар бүрдүүлж бусдыг залилдаг олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгтэн болох нь тогтоогдсон... Манай компаниас 2.000.000 төгрөгийн зээл авсан. Хүү алданги бол нилээн их болсон. Хүү алдангийг нь нэхэмжилнэ. Миний ХААН банкны 5063154441 дугаарын данс руу 2017 оны 06 сарын 28-ны өдөр 140.000, 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 140.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үндсэн 2.000.000 төгрөгийн зээлээс 2.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Энэ 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. 280.000 төгрөг нь хоёр сарын зээлийн хүү төлсөн гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх 2-ийн 12/-р тал,   

            -Тээврийн хэрэгслийн лавлагаа /4-р хх-ийн 156/-р тал

            - Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Төрмөнхийн өгсөн “...8051 УБС улсын дугаартай автомашин нь миний найз болох Сумъяабазарын машин бөгөөд тэр осолд машинаа эвдсэн юмаа. Тэгээд би хүн сураглаж байгаад Улаанбаатар хотод авчраад хүнд сэлбэгнд зарж байсан яг ямар хүнд зарснаа санахгүй байна. Ченж байна гэж ирж үзээд л авсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 195/-р тал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******-гийн өгсөн“...Тус 80-51 УБС улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг 2017 оны 04 сард худалдаж авч байсан. Надтай хамт ажиллаж байсан Батзориг жолоодож яваад осол гаргаж эвдэлсэн. Би ослын дараа үлдсэн эд ангийг нь задалж зарсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22/-р тал,

“КИАЙГРУПП” ХХК-ныг залилсан хэргийн талаар

-2016 оны 12 дугаар сарын 15, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдийн барьцаат зээлийн гэрээнүүд /2-р хх-ийн 32-41/-р тал,

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Р-ын өгсөн "... 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай компанийн зээлийн төвд ******* гэх эрэгтэй хүн 1\1Н\Л/200071004 арлын дугаартай 33-71 УБГ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг 4.000.000 төгрөгийн  барьцаанд тавьж зээл авах хүсэлт гаргасан юм. Тус хүсэлтийн дагуу бид 33-71 УБГ улсын дугаартай автомашиныг Киайгруппын эзэмшилд оруулж бичиг баримтыг шилжүүлж, зээлийн мөнгийг Э-ийн 5015300660 дугаартай данс руу шилжүүлсэн. Тус өдрөөс хойш 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* дахин зээл авах хүсэлт тавьж А2К102045 57 арлын дугаартай 45-18 УБӨ улсын дугаартай “Тоёота сайя” маркийн автомашиныг 4.000.000 төгрөг барьцаалан зээл авсан. Тэдгээр зээлүүд нь 6 сар буюу 180 хоногийн хугацаатай байсан ба тэдгээр зээлийн хугацаа дуусахад ******* нь нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй ба хаана байгаа нь тодорхойгүй болсон…” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 44/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Р-ын дахин өгсөн “...Хоёр ширхэг автомашин барьцаалсан 8.000.000 төгрөгөөс 2019 оны 03, 04 дүгээр саруудад 300.000 төгрөгийг өгөхдөө манай байгууллагын хаан банкны 5015300660 дугаартай дансанд шилжүүлсэн. Одоо анх авсан 8.000.000 төгрөгийн зээлээс 7.700.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Э-ийн хувьд уг 2 машины зээлийг авахаас өмнө 2 автомашин барьцаалж зээл аваад уг 2 автомашины мөнгийг төлж дуусаад тооцоо дууссан тул ямар нэгэн асуудалгүй байгаа.” гэх мэдүүлэг/хх1- ийн 197-198/-р тал,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /4-р хх-ийн 155/-р тал

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******-гийн өгсөн “...би 2016 онд “Киа групп” ХХК-д нийт 4 тооны автомашин барьцаалан зээл авч байсан. Тухайн үед хэдэн төгрөг зээлснээ санахгүй байна. Би 4 машины хоёрыг нь 2017 оны хавар төлж дуусгасан ба үлдсэн 2 машины төлбөрийг бүрэн төлөөгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 151/-р тал

“ФҮЖИ КАПИТАЛ” ХХК-ныг залилсан хэргийн талаар

- 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №БЗГ/17/06/30 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн №БЗГ/17/06/30-1 дугаартай “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” мөнгө шилжүүлсэн баримт/3-р хх-ийн 81-93, 96-104/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э-ын өгсөн“...Г овогтой Э нь 2017 оны 06 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 4.200.000 төгрөгийг зээлж авсан юм. Тус зээлүүдийг авахдаа манайд 51-99 УНУ улсын дугаартай тоёота приус-20, 70-27 УБК улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинуудыг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалсан юм. Тэгээд зээл аваад эргэн төлөлт хийхгүй алга болсон бөгөөд бид тус машинуудыг хураан авахаар эрэн сурвалжилж хайж олоод *******-тэй уулзахад тэрээр тус машинууд нь огт явдаггүй уначихсан буюу онхолдсон машин байсан ба тэр машинуудын улсын дугаарыг нь худалдан авч, өөрийн танилуудын машинуудын арлын дугаар дээр наагаад манайхаас зээл авсан гэж өөрөө хэлсэн. Иймд бид залилуулсан байна гэж гомдол гаргаж байгаа юм. Анхнаасаа биднийг хуурсан байгаа юм. Э нь манай байгууллагаас нийт 8.200.000 төгрөгийн зээл авсан. Одоо гэрээнд заасан хугацааны дагуу 2 зээлийн гэрээний хүүгийн төлбөр 2.952.000 төгрөг, хоёр зээлийн гэрээний алданги нь 4.100.000 төгрөг болж байна. Тэгэхээр би нийт 15.252.000 төгрөг иргэн Э-ээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 78-79/-р тал,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /3-р хх-ийн 153-154/-р тал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******-гийн өгсөн “Би дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 116/-р тал,

ЗАСО ХХК-ныг залилсан хэргийн талаар

-2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №2017/17 дугаартай “Зээлийн гэрээ”, мөн өдрийн №Ф2017/17 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” /3-р хх-ийн 165-169/-р тал,

-2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №2017/02 дугаартай “Зээлийн гэрээ” мөн өдрийн №Ф2017/02 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Т-ийн өгсөн “... 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ******* нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плазагийн 6 давхарт байрлах манай байгууллагаас 2.500.000 төгрөгийг зээлж барьцаанд нь 2005 онд үйлдвэрлэгдсэн Тоёота приус-20 маркийн шаргал өнгөтэй, 10-96 УНБ улсын дугаартай суудлын авто машин тавьсан. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 02 тоот зээлийн гэрээгээр 4.700.000 төгрөгийг авч барьцаанд нь 2005 онд үйлдвэрлэгдсэн Тоёота приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгөтэй 86-01 УБР улсын дугаартай суудлын автомашиныг тавьсан. 2017 оны 06 дугаар сард 180.000 төгрөгийн эргэн төлөлт хийгээд дахин утсаар холбогдоогүй алга болсон. Бид нар тухайн тээврийн хэрэгслийг эрж хайхад замын хөдөлгөөнд оролцохгүй, гэрт нь очихоор тийм хүн байхгүй гэсэн. Машинаа унаж явах нөхцөлтэйгөөр зээлийг олгосон” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 172-173, 244/-р тал,

-Гэрч Б.Б-ийн "... Манай компанид зээлийн эргэн төлөлт хийхгүй, утсаа авахгүй байсан болохоор Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгч эрэн сурвалжлуулж байсан. ******* нь өргөдлөө буцаагаад авчихаа би төлнө гэсэн учраас өргөдлөө буцааж авч байсан. Манай компанийн 2 дугаар салбар Сансарт нээгдсэн тэндээс Батцоожийн Пүрэвбат нэрээр зээл авхуулсан байсан. Таньж мэддэг хүмүүс нь машины арлын дугаар сольж залилан хийдэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /3-р хх-ийн 151/-р тал

Яллагдагч *******-гийн “...Тухайн компаниас барьцаанд тавьж зээл авсан 2 ширхэг автомашиныг задлаад сэлбэг болгон зарсан. Учир нь тухайн барьцаанд тавьсан 2 автомашин нь Засо ХХК-ны барьцаанд хураагдах гээд байсан учраас задлаад сэлбэг болгон зарсан…” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 181-182/-р тал,

“И ЭМ СИ ЭС” ХХК-ЫГ залилсан хэргийн талаар

           -2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 16/02/2017 дугаартай Фидуцын гэрээ, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 24/02/2017 дугаартай Фидуцын гэрээнүүд /3-р хх-ийн 207-210/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.У-ын өгсөн “...Би өөрөө хувиараа Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “И ЭМ СИ ЭС” нэртэй барьцаат зээлийн үйлчилгээ явуулдаг юм. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* манай авто ломбардаас унаж явах нөхцөлтэйгөөр 79-32 УБӨ улсын дугаартай тоёота приус-20 маркийн авто машиныг 2.800.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 59-20 УНЕ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашиныг 3.700.000 төгрөгөө барьцаалж байсан. Гэвч ******* нь өөрөө жаргалантад ногооны зоорьтой болохоор ногоо татахад яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж мөнгө зээлж байсан. Эргэн төлөлт хийлгүй маш удсан тул фидуцийн гэрээнийхээ дагуу барьцаа болгосон хоёр тээврийн хэрэгслийг хураан авах гэтэл машинууд олдохгүй байсан. Тэгээд хайж хайж олоод уулзтал машинуудыг задлаад зарсан гэж хэлсэн. Гэхдээ би чамд мөнгийг нь эргүүлэн өгөх болно оо гэж хэлсээр өдийг хүрсэн. Э нь өөрөө авто засвартай ба машины арлын дугаарыг өөрчилж гэрчилгээ аван машины ломбарданд барьцаалдаг гэж мэдсэн. Надад нийт 6.500.000 төгрөгийн хохирол учруулаад байна.. Машиныг нь сайн шалгасан ба мөн хувь хүний бизнес талыг судлаад зээл олгож байсан” гэсэн мэдүүлэг/3-р хх-ийн 200/-р тал,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Нямбаярын өгсөн“...2016 оны 08 дугаар сарын үеэр Э надад 63-49 УБЧ улсын дугаартай машиныг нэр дээрээ шилжүүлээд авчих эвдрэлтэй машин байгаа гэхээр нь би шилжүүлж аваад 2 хоногийн дараа Э-ийн нэр дээр шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 245-247/-р тал,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /4-р хх-ийн 149-150/-р тал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******-ийн өгсөн“...Би өөрийн эзэмшлийн 63-97 УБУ улсын угаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг Нарны титмийн тэнд нэг хувь хүнээс аваад уг машиныг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Вагнер ази ХХК-ны хажууд байдаг “Илч кредит” ББСБ-д 4.600.000 төгрөгийн барьцаанд сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай тавьсан. 3193 УБВ улсын дугаартай автомашины гэрчилгээг би мөргөлдсөн машинаас очиж 800.000 төгрөгөөр авсан. Уг машины гэрчилгээг 2 арлын дугаартай нь хамт авсан. Мөргөлдсөн машиныг бол аваагүй. Энхтөрийн өөрийнх нь зарах гэж байсан машин бол 59-89 УБЭ улсын дугаартай мөнгөлөг 30 маркийн приус-30 байсан. Уг 59-89 УБЭ машины арлын дугаар дээр 31-93 УБВ автомашины арлын дугаарыг наагаад 31-93 УБВ автомашины улсын дугаарыг зүүсэн байсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлийн зурган дээр уг машины дугаар шамбийж гэмтсэн нь харагдаж байгаа. Уг машин 63-97 УБУ-г одоо хэнээс авснаа сайн санахгүй байна. Ботаникийн тэр хавьд байх гудамжинд байрлах айлын хашаанд байхад нь очиж үзэж байсан. Урдаасаа мөргөлдөөд урд гупер, копуд, карлон эвдрэлтэй. Доторх эйрбэйг нь буудсан, салхины шил хагарсан, урд гэрэлнүүд нь эвдэрсэн. Мотор хроп, батерей хаалганууд зүгээр байсан. Энэ машиныг 5.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо уг надад зарсан хүнийг санахгүй байна. Машинаа авчхаад гэрчилгээг нь арлын дугааруудтай жолоочийн эсрэг талын хаалганы наалддаг хулдаасан пайз болон жолоочийн сандал доор байрлах пайзтай нь хамт ашигласан. Машиныг ерөнхийд нь сэлбэг болгоод зарчихсан байгаа. Фейсбүүк дэх заруудад зарчихдаг байсан. Тиймээс уг машин одоо байхгүй ээ. Гэрчилгээний хувьд “Ил.ч кредит” ББСБ-д шилжүүлж өгсөн. Гэрчилгээ юмнууд хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би Тайкун ББСБ-д 63-79 УБЧ улсын дугаартай мөргөлдсөн мөнгөлөг өнгийн Тоёота приус-20 маркийн автомашины гэрчилгээг мөн дээрхтэй адил аргаар худалдаж авсан. Уг гэрчилгээг авахдаа 2016 оны 08 дугаар сар хавьцаа хүнийг нь санахгүй байна 5-н буудалд байх хашаанаас очиж авч байсан. 500.000 төгрөгөөр гэрчилгээ болон улсын дугаар 2 ширхэг арлын дугаартай нь худалдаж авсан. Машиныг бол худалдаж аваагүй. Тайкунаас зээл авахдаа таксинд явж байсан мөнгөлөг өнгөтэй приус-20 машины жолоочоос гуйж байгаад арлын дугаар улсын дугаарыг нь зүүсэн шиг санаад байна. Гэхдээ өөрийнхөө зарах гэж байсан машин дээр ч тавь луу сайн санахгүй байна, хүнд зарахдаа нэрийг нь ч шилжүүлэхгүй шууд бэлэн өгчихсөн 97-31 УНТ улсын дугаартай машин дээр “Ди Эй Эм Өү Эи” ББСБ-д 5.500.000 төгрөгийг төлсөн. Хүүтэйгээ нийлээд 8.800.000 төгрөгийг төлчихсөн байгаа. 40-87 УНД улсын дугаартай тоёота приус-20 автомашиныг хаанаас авснаа санахгүй байна. 3 жилийн өмнөх юмыг сайн санахгүй байна. 40-87 УНД автомашиныг ерөнхийдөө сэлбэг болгочихсон бичиг баримт нь үлдчихсэн байсан машин шиг санаж байна. 40-87 УНД машиныг “Сүлд” санхүүгийн нэгдэлд 2.800.000 төгрөгийн зээлд тавиад уг 2.800.000 төгрөгийг төлөөд дууссан. 31-93 УБВ автомашиныг М-д өгчхөөд 2.800.000 төгрөгийг нь М-д өгөхөд зээл дууссан гэж хэлж байсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр өгсөн мэдүүлэгтээ 2.100.000 төгрөгийг нь хүүнд төлсөн 700.000 төгрөгийг үндсэн зээлээс хассан гэж хэлсэн байсан. Тэгээд үлдэгдэл 2.100.000 үндсэн төлбөр гэж гаргаж ирээд одоо дээр нь нэмээд 4.000.000 төгрөгийг нэхэмжлээд байгаа юм. 80-51 УБО автомашиныг “Оршил финанс” ББСБ-д 2.000.000 төгрөгийн зээлд тавиад эргэн төлөлтийн төлбөр гэж 580.000 төгрөгийг төлсөн. Анх нэхэхдээ хүү алданги гэж 8.000.000 төгрөг нэхээд би очиж уулзаж тохиролцоод 300.000 төгрөгийг өгчихсөн байгаа. 33-71 УБГ улсын дугаартай тоёота приус 20 маркийн авто машин Японоос ирэхдээ мөргөлдсөн машин байсан. Урдуураа мөргөлдсөн машин гэхдээ явж байсан. Уг машиныг “Киа группт” тавихдаа гаалийн бичгийг авч очоод 3.000.000 төгрөгийн зээл авсан. Уг машиныг “Киа группээс” үзээгүй зээл олгосон. Уг машиныг мөн сэлбэг болгоод зарчихсан. Би нэг тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нэг удаа л зээл авдаг. Эзэмшигч нь ББСБ руу шилжсэн тохиолдолд дахиж зээл авч болдоггүй байсан. 33-71 УБГ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашиныг “Киа группт” 3.000.000 төгрөгийн барьцаанд тавиад би өөрөө төлбөр төлөгдсөн гэж бодоод байгаа. Би уг газар 4 машин барьцаанд тавьсан байж байгаад хүү үндсэн төлөлт гэж 11.000.000 төгрөг өгсөн. Гэтэл уг 11.000.000 төгрөгийг эхний барьцаанд тавьсан машин гэж үзээд байгаа юм. Дансаар болон байгууллага дээр нь очиж бэлнээр өгдөг байсан. Тус 80-51 УБС улсын дугаартай приус-20 маркийн машиныг би 2017 оны 04 дүгээр сард худалдан авч байсан. Надтай хамт ажиллаж байсан Б гэх хүн 80-51 УБС улсын дугаартай машиныг жолоодон явж байгаад осол гаргаж эвдэлсэн. Би ослын дараа үлдсэн эд ангийг нь задалж зарсан…” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 22/-р тал

“...Би 2016 онд Киа групп ХХК-д нийт 4 тооны автомашин барьцаалан зээл авснаа тухайн үед хэдэн төгрөг зээлснээ нарийн санахгүй байна. Би тэдгээр дөрвөн машины хоёрыг нь 2017 оны хавар төлж дуусгасан ба үлдсэн хоёр машины төлбөрийг бүрэн төлөөгүй гэхдээ би тус 2 машины хүү, алданги төлж байсан боловч тус компанийн өдөр хүү алданги нь намайг алдагдалд оруулж байгаа учраас би төлөх чадваргүй болсон. Би төлөлтөө хийж чадахгүй байсан тул санаа зовоод орж чадахгүй байсан. Гэхдээ Р гэх тус компанийн хүнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан. Би Раднаабазарт тухайн үед унаж явсан 9060 УНГ улсын дугаартай ниссан мурано маркийн машинаа өгс байсан... Би Киа групп ХХК-г залилсан зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51/-р тал

“...Би 2017 оны 09 дүгээр сарын эхээр ерөнхийдөө Э-ийн приус30 машиныг зээл авах гэж үзүүлэхийн тулд 7н буудал дээрээс “хүнд заруулахаар үзүүлнэ” гэж хэлээд авсан. Тэгээд зээл авах газар буюу 3-р эмнэлэгт очиж авто ломбардад үзүүлээд “Хөсөг трейд” дээр очиж нэрээ шилжүүлэх гэж яваад Суманчулуунтай тааралдаад “чи нөөгөө салбар дээрээс зээл авчхаад төлөлтөө яагаад хийхгүй байгаа” гэж хэлэхээр нь очиж уулзана, одоо боломжгүй байна гэж хэлэхэд “Барьцаанд байгаа машин чинь хаана байна хурааж авна” гэхээр нь би Энхтөрийн машиныг үлдээгээд зугтаасан юм. Тэгээд би Энхтөрийн машиныг очиж авах гээд очиход ачигчаар аваад гарч байсан. Тэгээд би өөрөө Суманчулуунтай яриад нөгөө салбарын чинь зээлийг барагдуулна гэхэд тийм асуудал байхгүй чи мөнгө өгч байж машинаа аваарай гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд би Сүлд ББСБ-руу өөрөө яриад “удахгүй барагдуулна, машинаа авах хэрэгтэй байна” гэхэд 5.300.000 төгрөг өнөөдрийн дотор хийж байж машинаа ав гэж хэлсэн. Тэрнээс хойш Энхтөрийн ээж нь Сүлд ББСБ дээр очоод маргалдсан талаар Нямбаяраас сонссон. Тэгэд би Нямбаяр руу 2.800.000 төгрөгийг ББСБ дээр аваачиж өгөөрэй гэж шилжүүлсэн. Тэрнээс хойш хэнтэй ч холбоо бариагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61/-р тал

“...Би ногоо зардаг байж байгаад ногооныхоо эргэлтийн мөнгөнөөс 63-79 УБЧ улсын дугаартай приус20 маркийн машиныг засаж янзлаад заръя гэж бодоод 2016 оны 06 дугаар сард худалдаж авсан. Засаж сэлбээд бүрэн бүтэн болгосон, тухайн үед би ногооны мөнгөний эргэлтийн мөнгөнөөс авсан байсан учраас ногоог надад нийлүүлдэг байсан хүмүүс мөнгөө нэхсэн Туяа гэдэг эгч надад ногоо нийлүүлдэг байсан, тэгээд Туяа эгч надаас мөнгөө нэхээд байсан, нэхэх нь ч аргагүй цаанаа бас хүнээс авсан байсан учраас, тэгээд мөнгө хэрэг болоод байхаар нь яах ч аргагүй байдалд ороод за эхний ээлжид мөнгө хэрэгтэй байна одоо надад байгаа юм машин байна гэж бодоод машинаа барьцаанд тавиад ногооны мөнгөө өгье гэж бодсон. Ногооны мөнгө 14-15 сая төгрөгийн өрөнд орсон басан, гэхдээ тэр өр нь 2014 оноос хойш 2 жил ногоо зарсан бөгөөд 2016 он хүртэл хэрэглэсэн өр юмаа энэ нийлээд 14-15 сая төгрөг болсон, тухайн үед надтай хамт Батзориг гээд багын найз маань  ногоо хамт зардаг байсан. Одоо Батзориг БНСУ-д ажил хийж байгаа, хамгийн эхлээд миний мэдүүлсэн Тайкун ББСБ-д 2016 оны 07 сард арлын дугаарыг нь таксины жолоочийн машинаар өөрчлөөд 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд мөнгө аваад Туяа эгчид шууд өгсөн өөрөөр хэлбэл 3 сая төгрөгөө шууд өгсөн. Дараа нь ногооны мөнгө 11 сая төгрөг үлдсэн тэгсэн Тайкуны сар бүрийн зээлийн эргэн төлөлт дээр нь мөнгө байхгүйн улмаас хугацаа алдсан бөгөөд тэр алданги гээд сар бүр л 1 сая төгрөгийн асуудал гараад ирсэн. Зөвхөн хүү алданги гэхэд л сар бүр 600.000 төгрөгийн асуудал гарсан, сарын хүү нь 6% дээр нь алданги өдрийн 0.5% ингээд мөнгөний дарамтад орж эхэлсэн... мөнгө нэхээд болохгүй болохоор нь мөргөлдсөн ашиглах аргагүй болсон гэхдээ улсын бүртгэлээс хасалт хийгээгүй бичиг баримт олж авах арга хайсан. Фейсбүүк, үнэгүй гэсэн сайтуудаас машин задарч байна  гэсэн зарын дагуу 4087 УБЕ улсын дугаартай машиныг одоо нэрийг нь санахгүй байна бичиг баримт арлын болон улсын дугаарыг 500.000 төгрөгөөр худалдаж авсан, 2016 оны 12 сард авсан, тэр бичиг баримтаараа өмнө нь зүсэж авсан байсан арлын дугаараа мөн адил өнгөтэй приус20-ийг одоо нэр ус машины дугаарыг нь мэдэхгүй хүний приус20 дээр наагаад Сүлд санхүүгийн нэгдлээс 2.800.000 төгрөгийн зээл авсан, тэр мөнгөөр Тайкуны эргэн төлөлтийг хийсэн, тэгээд дахиад л зээлийн эргэн төлөлтөө нэхсэн, тэрний дараа 8051 УБС улсын дугаартай приус20 маркийн машины бичиг баримт арлын дугаарыг 2017 оны 04 сард Ботаникийн тэр хавиас нэг хүнээс 500.000 төгрөгөөр худалдаж авсан, Оршил финанс ломбардад 2 сая төгрөгийн зээлийг мөн гудамжинд явсан приус20 маркийн машинд нааж авсан, наасан машины жолооч тэнэ тэрийг танихгүй. 9731 УНТ Хариер маркийн машиныг М-өөс аваад янзлуулах гэж байгаад болохгүй болохоор нь 9731 УНТ машин мөргөлдсөн машин байсан, мөн арлын дугаарыг нь хуулж аваад дугаарыг нь зүүгээд мөн Хариер маркийн машиныг хүүхдийн 100-ийн тэндээс хүнээс гуйж байгаад Ди Эм Эй Өү Эй ломбардад 6 сая төгрөгийн барьцаанд тавьсан. 3371 УБГ улсын дугаартай приус 20 маркийн машины бичиг баримтыг олж аваад мөн өөр машинд арлын дугаарыг нь тавьж зээл Киа групп ББСБ-аас 4518 УБӨ улсын дугаартай Тоёота Сай бичиг баримтыг олж аваад мөн нааж 4 сая төгрөгт тавьсан. 6397 УБУ улсын дугаартай машины бичиг баримтыг мөн нааж Илч кредит ломбардад тавьсан, 6397 УБУ улсын дугаар машин үгүй бичиг баримт бөгөөд өмнөх аргаараа ломбардад тавьсан. Харин дээр ярьсан 6279 УБЧ машин байсан байгаад Тайкунд тавьсан. 6397 УБУ Илч кредит ББСБ-д тавьсан. Энэ бүх үйлдэл нь бүгд хамгийн эхлээд ногооны эргэлтийн мөнгөнөөс авсан мөнгөөрөө машин худалдаж авснаас болсон... дээрх байгууллагуудтай холбоотой төлбөрөө яг авсан өгсөн байдлаар төлж барагдуулна, хүү алданги энд ярихгүй байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 140-141/-р тал зэрэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, шүүгдэгч *******-ийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэхэд хангалттай, шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, түүнчлэн гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн адил гэм буруугийн асуудлаар маргахгүй байр суурьтай оролцсоныг шүүгдэгчийн өмгөөлөгч дэмжиж оролцсон болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно...” гэж заажээ.

Шүүгдэгч ******* нь нэр бүхий 7 байгууллагаас нэг ижил аргаар буюу тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгээр барьцаанд тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилсан байх бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч *******-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “...Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасуулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг устгуулах саналтай байна...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгчийн холбогдсон хэргийн хувьд 2017 оны 06 дугаар сард үйлдэгдсэн байгаа. Тухайн гэмт хэрэг 4 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нарт хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч *******-ийн зүгээс эрүүгийн хариуцлагын асуудалтай холбоотойгоор ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, мөн тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “үйлдэл, эс үлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилжээ.

             2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байх ба нэмэлт өөрчлөлт орохоос өмнө тус хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж хуульчилсан байжээ.

Тиймээс шүүгдэгч *******-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Залилах...” гэмт хэрэг нь 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 06 дугаар саруудад үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдээд 3 жил өнгөрсөн буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Хэдийгээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч *******-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн ч энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч ******* нь “Сүлд” санхүүгийн нэгдэл” ББСБ-д учирсан хохирлыг, “Тайкун” ББСБ-д учирсан хохирлыг тус тус нөхөн төлсөн болох нь тогтоогдож байна.

Иймд, шүүгдэгч *******-ээс нийт 14.988.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Оршил Финанс ХХК-д 1.420.000 төгрөгийг, 5.310.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Киа групп” ХХК-д, 3.700.000 төгрөгийг гаргуулж “Фүжи капитал” ХХК-д, 4.558.000 төгрөгийг гаргуулж, “И ЭМ СИ ЭС” ХХК-д тус тус олгож шийдвэрлэлээ.

Гурав. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “... 63-79 УБЧ улсын дугаар 2 ширхэг, 63-97 УБУ улсын дугаар 2 ширхэг, 79-32 УБӨ улсын дугаар 1 ширхэг, 33-71 УБГ улсын дугаар 2 ширхэг, 31-93 УБВ улсын дугаар 2 ширхэг, 01415045, 01292671, 01465050, 01367412, 01463509 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ZVW30-1063156 дугаартай тээврийн хэрэгслийн арлын дугаар зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн учир нийт 135 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******-ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт *******-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан  *******-ийн үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******-ээс нийт 14.988.000 төгрөгийг гаргуулж,  “...Хохирогч Оршил Финанс ХХК-д 1.420.000 төгрөгийг, хохирогч “Киа групп” ХХК-д 5.310.000 төгрөгийг, хохирогч “Фүжи капитал” ХХК-д 3.700.000 төгрөгийг, хохирогч  “И ЭМ СИ ЭС” ХХК-д 4.558.000 төгрөгийг...” тус тус олгосугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир нийт 135 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “... 63-79 УБЧ улсын дугаар 2 ширхэг, 63-97 УБУ улсын дугаар 2 ширхэг, 79-32 УБӨ улсын дугаар 1 ширхэг, 33-71 УБГ улсын дугаар 2 ширхэг, 31-93 УБВ улсын дугаар 2 ширхэг, 01415045, 01292671, 01465050, 01367412, 01463509 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ZVW30-1063156 дугаартай тээврийн хэрэгслийн арлын дугаар зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******-ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР

 
  1.