| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00217/И |
| Дугаар | 316 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 316
| 2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 156/ШШ2017/00316 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00217/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, “Нарлаг” дэлгүүрийн нийтийн байрны 3 тоотод оршин суух, Гучид овогт Зундуйжамцын Бүрэнжаргал /РД: СШ90030823/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 13-12 тоотод оршин суух, Боржигон овогт Бадарчийн Энхтөр /РД: СЮ85090111 /-д холбогдох
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Бүрэнжаргал, хариуцагч Б.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Бүрэнжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Б.Энхтөр бид хоёр 2006 онд танилцаж, 2008 оны 9 дүгээр сарын 17 өдөр гэр бүлээ батлуулж, тусдаа гарсан. 2009 оны 1 дүгээр сарын 13 өдөр охин Наранцацралт төрсөн. Дараа нь 2011 оны 4 дүгээр сарын 27 өдөр ихэр хүү, охин болох Энхжин, Мөнхжин нар мэндэлсэн. Б.Энхтөр уг нь архи дарс хэрэглэдэггүй. Нэг хүүхэнтэй учраад зан ааш нь хувирч, бид хоорондоо таарч тохирохоо больж, Б.Энхтөр сүүлдээ надад гар хүрдэг болсон.
2012 онд Б.Энхтөр миний гарыг хугалж байсан. Нөгөө хүүхэн нь над руу яриад элдвээр хэлж, доромжилдог байсан. Б.Энхтөр нэг удаа гурвуулаа нэг гэрт хамт амьдрах уу гэж хэлж байсан. Бид хоёр байнгын хэрүүлтэй байдаг байсан. Б.Энхтөр хааяа тэр хүүхэн дээрээ очоод хонож өнжөөд алга болчихдог байсан. Тэгээд бид 2013 оны 3 сараас хойш тус тусдаа амьдарч байна. Тусдаа байхдаа Б.Энхтөр хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй байсан. Би Б.Энхтөрийг эргээд нийлье, хүүхдүүдээ бодьё гэж их гуйсан боловч Б.Энхтөрд надтай эргэж амьдрах хүсэл байгаагүй. Тийм учраас одоо шүүхээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, Энхтөрөөс тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч Б.Энхтөр нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“З.Бүрэнжаргалын ярьж байгаа нь үнэн. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Гол нь З.Бүрэнжаргалыг хүүхдүүдээ аваад явж чадах болов уу гэж бодож байна.
Би З.Бүрэнжаргалын хөл гарыг нь хугалж байгаагүй. Эргээд амьдарья гэхээр энэ хүн ааш муутай, би бас ааш муутай учраас таарч нийлэхгүй байх гэж бодож байна. Би өөр хүнтэй гэр бүл болж байгаа, З.Бүрэнжаргал ч гэсэн өөр хүнтэй болсон гэсэн” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 8, 9, 10, 11, 12-14, 15/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Бүрэнжаргал нь хариуцагч Б.Энхтөрд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2008 оны 09 дүгээр сарын 17 өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2008 оны 10 дугаар сарын 24 өдөр бүртгүүлсэн /хх 8/, тэдний дундаас 2009 оны 01 дүгээр сарын 13 өдөр охин Э.Наранцацралт, 2011 оны 04 дүгээр сарын 27 өдөр ихэр хүү, охин Э.Энхжин, Э.Мөнхжин нар төрсөн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 0016/000477/1216, 0016/000476/1215, 0016/000478/1217 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа /хх 9, 10, 11/, Өрхийн эмчийн эрүүл мэндийн тодорхойлолт /хх 13, 14, 15/, Хэрлэн сумын 2 дугаар багийн засаг дарга Б.Хүрэлзүрхийн тодорхойлолт /хх 3/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Зохигчид зан харилцааны таарамжгүй харьцааны улмаас 2013 оны 3 дугаар сараас тус тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй, хариуцагч Б.Энхтөр нь тусдаа амьдралтай болсон зэрэг нь тэдний шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Б.Энхтөрөөс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулж, Э.Наранцацралт, Э.Энхжин, Э.Мөнхжин нарыг хуульд заасан насанд хүртэл тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөр зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг /165.700₮*50%*3 хүүхэд*12 сар=2.982.600₮/ тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, хариуцагчаас 62 672 төгрөгийг тэмдэгтийн хураамжид нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Гучид овогт Зундуйжамцын Бүрэнжаргал, Боржигон овогт Бадарчийн Энхтөр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 13 өдөр төрсөн охин Наранцацрал, 2011 оны 4 дүгээр сарын 17 өдөр төрсөн охин Энхжин, хүү Мөнхжин нарыг эх М.Бүрэнжаргалын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д заасныг баримтлан Э.Наранцацрал, Э.Энхжин, Э.Мөнхжин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-д зааснаар 11-16 насанд хүрсэн /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Энхтөрөөс /цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос/ хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхтөрөөс 20.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бүрэнжаргалд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хүүхдийн тэтгэлэгт тогтмол төлөгдөх тэтгэлэгтээ холбоотой мөнгийг 12 сарын дунджаар тооцож 62 672 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 50.200 төгрөгийг тус тус Б.Энхтөрөөс гаруулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуулийн дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА