| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00249/И |
| Дугаар | 318 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 318
| 2017 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 156/ШШ2017/00318 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00249/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанаар: “Зэвсэгт хүчний 232 дугаар” ангийн хүсэлттэй, “хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Отгонбаярыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч “Зэвсэгт хүчний 232 дугаар” ангийн захирагч Н.Мягмарцоож нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Цэрэндоржийн Отгонбаатар нь манай ангитай 2003 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2006 оны 11 дүгээр сард хариуцаж байсан малаа дутааж, түүнээсээ зохих хэмжээгээр төлж байгаад одоо 1 114 15517 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ц.Отгонбаатар нь сураггүй алга болсон тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн Ц.Отгонбаатар нь “Зэвсэгт хүчний 232 дугаар” ангитай 2003 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан юм. 2006 оны 11 дүгээр сард хариуцаж байсан малаа дутааж, түүнээсээ зохих хэмжээгээр төлж байсан. Одоо 1 114 15517 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ц.Отгонбаатар нь сураггүй алга болсон тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Зэвсэгт хүчний 232 дугаар” анги нь хариуцагчаар оролцвол зохих Ц.Отгонбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэн Ц.Отгонбаатар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагч “Зэвсэгт хүчний 232 дугаар” ангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, (хх-ийн 1 тал) 2003 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 09 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар, (хх-ийн 5 тал) “Зэвсэгт хүчний 232 дугаар” ангийн хувь хүмүүстэй холбоотой авлагын жагсаалтын хуулбар, (хх-ийн 8-9 тал) хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбаярын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, (хх-ийн 20 тал) хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул “Зэвсэгт хүчний 232 дугаар” ангийн шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй байна.
Иймд иргэн Ц.Отгонбаатарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч байгууллага нь төсвийн байгууллага бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харъяат иргэн Цэрэндоржийн Отгонбаатарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож шүүхэд ирүүлэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “Зэвсэгт хүчний 232 дугаар” анги нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсгуай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ