Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0482

 

“Э х” ХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Э х” ХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг Орхон аймгийн татварын албанд даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, өмгөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 119/2023/0008/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э х” ХК-иас Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Э х” ХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг Орхон аймгийн татварын албанд даалгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э х” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болоод байгаа 281 384 900 төгрөг нь 2001 онд үүссэн татварын өр бөгөөд тус татварын өрөнд 2004 онд үл хөдлөх хөрөнгө суутгуулсан байдаг. Харин 2014 онд Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын тушаалаар татварын өрийг сэргээсэн. Татварын өршөөл үзүүлэх тухай хууль 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараахь өр, хүү, торгууль, алдангийг дор дурдсан хувиар тооцож чөлөөлнө гээд 6.1.1 дэх хэсэгт “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь, 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өрөөс барагдаагүй үлдсэн алдангийг 100 хувь”, 6.1.3 дахь хэсэгт “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг тус тус чөлөөлөхөөр зохицуулан өгсөн. Хэдийгээр нэхэмжлэгч компани нь 2008 онд улсад бүртгэлтэй татварын өргүй байсан боловч нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа татвар нь 2001 онд үүссэн татвар юм.

            Хэрвээ энэ өрийг 2008 онд сэргээсэн эсвэл татварын оронд үл хөдлөх хөрөнгө суутгуулаагүй бол өдийд нэхэмжлэгч нь татварын өршөөлд хамрагдсан байх ёстой бөгөөд зөвхөн 2014 онд татварын өр сэргэсэн гэвэл татварын өрөндөө үл хөдлөх хөрөнгө суутгуулснаараа татварын өршөөлд хамрагдах боломжгүй мэтээр үзэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

            Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 5.1.3-д “шударга байх”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх эрхийг татвар төлөгч эдлэхээр тус тус зохицуулан өгсөн байдаг. Гэтэл хуулийн үндсэн зарчмыг зөрчиж татвар төлөгч “Э х” ХК-д шударга бус хандаж, хуульд заасан татвараас чөлөөлөгдөх эрхийг нь хязгаарлаж болохоор шүүхийн шийдвэр гарсан нь үндэслэлгүй байна. Татварын ерөнхий хууль, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиудыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн.

            Анхан шатны шүүх “... “Э х” ХК-ийн төлбөл зохих татварын өрийн талаарх Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолууд нь хүчин төгөлдөр болсон ба тухайн татварын өр төлбөрийг төлөх нь зайлшгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь Орхон аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/674 дүгээр албан бичиг юм. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт дурдаад байгаа Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01305 дугаар тогтоол татварын өр төлбөрт 414 265 509.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг юм. “Э х” ХК нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/019 дүгээр албан бичгээр татварын өршөөл үзүүлэх тухай 6 дугаар зүйлд заасны дагуу өршөөлд оруулж өгөхийг хүссэн албан бичгийг Орхон аймгийн Татварын албанд хүргүүлж, Орхон аймгийн Татварын хэлтэс өршөөлд хамруулах боломжгүй гэх хариуг ирүүлсэн.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр заасан. Орхон аймгийн Татварын хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/674 дүгээр албан бичгээрээ нэхэмжлэгчийг татварын өршөөлд хамруулахгүй гэсэн татгалзсан шийдвэр гаргаснаараа нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй гэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хоёр төрлийн хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх дээрх хоёр төрлийн хүсэлтийг хангахаас татгалзсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэсэн зарчмуудыг анхан шатны шүүх зөрчиж, нотлох баримт цуглуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангахаа татгалзаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн цаашлаад мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Тодруулбал, нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна.

            Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.5 дахь хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Э х” ХК-иас “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Э х” ХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг Орхон аймгийн татварын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “... “Э х” ХК Татварын өршөөл үзүүлэх хууль батлагдах үед татварын өртэй байсан бол хуульд заасан болзлын дагуу өршөөлд хамрагдах боломжтой байсан. Түүнчлэн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасан урьдчилсан нөхцөл болох” татвар төлөгч 2006 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тайлангаа гаргаж, татварын албан баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлсөн...” гэснийг хангаагүй ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Э х” ХК нь 2001 онд 281 348 900 төгрөгийн татварын өртэй байсан бөгөөд Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” 190 дүгээр тушаалаар дээрх татварын өрөндөө Орхон аймгийн Жаргалант сум болон Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тооцуулан өгчээ.

2.4. Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1235 дугаар шийдвэрээр “Э х” ХК, “Ж ү” ХК-иудын хооронд хийгдсэн 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг “... “Ж ү” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Ё.У компанийн эд хөрөнгийг хууль зөрчиж худалдсан тул Орхон аймгийн Жаргалант суманд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай цогцолбор барилгыг худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон” байх бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дүгээр шийдвэрээр Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” 190 дүгээр тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгосон байна. Улмаар Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар “Э х” ХК-д холбогдох татварын өрийг сэргээсэн болох нь тогтоогдож байна.

2.5. Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараахь өр, хүү, торгууль, алдангийг дор дурдсан хувиар тооцож чөлөөлнө”, 6.1.3-д “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг” чөлөөлөхөөр зохицуулжээ.

2.6. Гэтэл нэхэмжлэгч компани нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон тайлагнасан татварын өр төлбөргүй байсан өөрөөр хэлбэл, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасан нөхцөл бүрдээгүй байх бөгөөд Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар татвар төлөх үүрэг үүсч буй энэ тохиолдолд татварын өршөөлд хамрагдахааргүй байна.

2.7. Мөн түүнчлэн, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01305 дугаар тогтоолоор “...өршөөлийн хууль батлагдах үед татварын өртэй байсан бол хуульд заасан болзлын дагуу бусад этгээдийн нэгэн адил өршөөлд хамрагдах боломжтой байсан. Гэвч 2004 онд татварын өрөө (бэлэн бус хэлбэрээр) төлж барагдуулсан буюу өргүй байсан тул 2008 онд өршөөлийн хууль батлагдахад уг хуульд хамрагдаагүй, хамрагдах үндэслэлгүй байжээ. Харин 2004 онд татварыг өрийг өөрийн бус, бусдын хөрөнгөөр төлсөн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2014 онд 2001 оны өр сэргээгдсэн тул өршөөлд хамрагдах эрхээ алдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, ийнхүү төлөх ёстой өр нь хожим нь нөхөн сэргээгдсэн үйл баримтыг Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн урьдчилсан нөхцөл буюу болзол (6 дугаар зүйлийн 6.1.3-т заасан “татвар төлөгч 2006.12.31-ний байдлаар тайлангаа гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008.01.01-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009.01.01-ний дотор төлсөн” байх гэсэн)-ыг хангасан гэж үзэх боломжгүй” талаар нэгэнт дүгнэсэн байх тул татварын өршөөлд хамруулахгүй эс үйлдэхүй гаргасан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

2.8. Нөгөөтээгүүр, хэрэг авагдсан баримтуудаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон, анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 32 дугаар зүйлд заасан нотлох чиг үүргээ хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН