Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 00114

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 24 өдөр                                 Дугаар 114                                           Баян-Өндөр сум

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч Б.Алтанхуяг

Шүүгдэгч Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Соён овгийн Машлайгийн Түвшинтөгс, Баяжих овгийн Түвшинжаргалын Цэнд-Аюуш нарт холбогдох 201614000194 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.1. Баяжих овгийн Түвшинжаргалын Цэнд-Аюуш, Монгол Улсын иргэн, 1989 оны 11 сарын 09-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай,  бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 36-16 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. РД:ФА89110919

 

1.2. Соён овогт Машлайгийн Түвшинтөгс, Монгол Улсын иргэн, 1987 оны 10 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, эцэг, ахын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 36-16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. РД:ФБ87103071

 

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар

 

1. Шүүгдэгч Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 10-наас 19-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн 3-15 тоотод оршин суух Б.Алтанхуягийн байшингаас 2 хаалгатай хөргөгчийг хулгайлж 195 000 төгрөгийн хохирол учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Алтанхуягийн “2016 оны 03 сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу ажил тараад эхнэр хүүхэд хоёроо хадмын гэрт үлдээгээд явсан юм. Тэгээд удаагүй хотоос гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг татаж онгойлгоод гэрт байсан хоёр хаалгатай Самсунг маркийн хөргөгчийг авсан байсан. Тэгээд гэрээсээ гараад явж байтал М.Түвшинтөгс, Т.Цэнд-Аюуш хоёр хамт явж байсан. Түвшинтөгс намайг харснаа шууд л зугтаагаад явахаар нь хамт явсан Цэнд-Аюушийг нь барьж аваад өөрийнхөө хөргөгчийг асуусан чинь эхлээд бид хоёр аваагүй гэж гүрийж байснаа бид авсан юм гэж хэлсэн. Надад 195 000 төгрөгийн хохирол учирснаас 100 000 төгрөг Цэнд-Аюуш өгсөн, 95 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 09-р хуудас/

 

2. Гэрч Б.Сарантуяагийн  “2016 оны 03 сарын 10-ны өдөр манай нөхөр хот руу явах ажил гараад явсан. Энэ өвөл нөхөр хүүхдүүд бид нар ээжийнхээ гэрт өвөлжсөн. Тэгээд өөрийнхөө хашаа байшинг хоёр гурав хоноод л эргэж тойрч бүрэн бүтэн байдлыг нь шалгадаг байсан юм. Нөхрийг хот явснаас хэд хоногийн дараа хашаа байшингаа шалгахаар очсон чинь манай хашааны хаалгыг татаж онгойлгоод гэрт байсан хоёр хаалгатай хөргөгчийг хулгайлаад авсан байсан. Тэгээд нөхөр рүүгээ залгаж хэлэхэд очиж байгаад болъё гэсэн. Тэгээд нөхөр маань ирээд хөргөгч хулгай хийж авсан хоёр хүнийг барьж авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/

 

3. Гэрч Л.Машлайгийн “Би Түвшинтөгсийн ах Эрдэнэтөгсөөс хулгайн хэргээр шалгагдаж байгаа гэдгийг мэдсэн. Ямар учиртай гэдгийг сайн мэдэхгүй. Цагаан саарал өнгийн хуучин цагийн хоёр хаалгатай Оросын хөргөгч гэрт хоёр хонуулаад буцаагаад аваад гарсан. Би хүүгээ ийм хэрэг хийх гээд байгааг мэдрээд байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/

 

4. “Найдвар од аудит”  ХХК-ны 2016 оны 03 сарын 29-ний өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс нар мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс нар нь бүлэглэн 2016 оны 03 сарын 10-наас 19-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн 3-15 тоотод оршин суух Б.Алтанхуягийн байшингаас 2 хаалгатай хөргөгчийг хулгайлж 195 000 хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдэнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.Цэнд-Аюуш нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзлээ.

 

Хохирогч Б.Алтанхуягт нийт 195 000 төгрөгийн хохирол учирснаас төлөгдөөгүй үлдсэн 95 000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Түвшинтөгсөөс гаргуулж хохирогч Б.Алтанхуягт олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн 201614000194 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

            1. Баяжих овгийн Түвшинжаргалын Цэнд-Аюуш, Соён овгийн Машлайгийн Түвшинтөгс нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Т.Цэнд-Аюуш, М.Түвшинтөгс нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Түвшинтөгсөөс 95 000 /ерэн таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг, 3-15 тоотод оршин суух Базарраднаагийн Алтанхуяг /РД: ДМ86020811, Утас: 95345384/-т олгосугай.

 

5. Эрүүгийн 201614000194 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Т.Цэнд-Аюушид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цэнд-Аюушид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, М.Түвшинтөгсөд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч М.Түвшинтөгсийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС