Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1300

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ази капитал корперейшн” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00894 дүгээр шийдвэртэй, “Ази капитал корперейшн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Сэргэлэнд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 91 397 267 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жамъяандагва,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Сэргэлэн нь тус ББСБ-тай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/2015/22 дугаартай зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл Д.Сэргэлэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээл, хүү эргэн төлөх хуваарийг зөрчиж зээлийн төлбөрөөс огт төлбөр төлөхгүй компанийг хохироож байх тул гэрээний дагуу үндсэн зээл 40 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүү болон нэмэгдүүлсэн хүү 51 397 267 төгрөг, нийт 91 397 267 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Тэрээр 1 сарын хүүд 2 000 000 төгрөгийг төлсөн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Сэргэлэн зээлийн гэрээний үүргээс 2 000 000 төгрөгийг төлсөн, одоо үндсэн зээлээс 40 000 000 төгрөг, 5 сарын хугацаанд төлөх байсан хүү 10 000 000 төгрөг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 2 000 000 төгрөг, нийт 52 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа, харин үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг баримтлан Д.Сэргэлэнгээс зээлийн гэрээний үүрэгт 52 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ази капитал корпорейшн ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39 397 267 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643 200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 417 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж, өөрийн хувийн үзэл бодлоор хуулийг буруу хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, дүгнэлт гаргасан. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчид үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх талаар удаа дараа шаардаж байсан бөгөөд хариуцагч өөрөө хүсэлт, баталгаа гаргаж, үндсэн зээл болон зээлийн хүүг хүлээн зөвшөөрсөн бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байхад түүнийг үнэлээгүй. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний заалтад зээлдүүлэгч, зээлдэгч нарын эрх үүрэг, хариуцлагыг тодорхой зааж, үндсэн зээл, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тусгасан байхад үнэлээгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэж, шүүгч өөрийн хувийн бодлоор хуулийг тайлбарлаж, хугацаа хэтэрсэн хүүг буруу тооцоолж шийдвэр гаргасанд гомдолтой. Иймд нэхэмжлэгчийн шаардсан хугацаа хэтэрсэн хүү болох 39 397 267 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулж, нийт 91 397 267 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулан, өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Ази капитал корперейшн ББСБ” ХХК нь хариуцагч Д.Сэргэлэнд холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 49 400 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 014 787 төгрөг, нийт 91 397 267 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулсан ЗГ/2015/32 тоот зээлийн гэрээгээр хариуцагч Д.Сэргэлэн нь нэхэмжлэгч “Ази капитал корперейшн ББСБ” ХХК-иас 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөл тохирч, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, гэрээнд заасан хугацаанд хүүд тооцож 2 000 000 төгрөг төлсөн зэрэг нь тогтоогджээ. /хх 3-4/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 40 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацаанаас 5 сарын хүүд 10 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас нэмэгдүүлсэн хүү 2 000 000 төгрөг, нийт 52 000 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй тайлбарласан байна.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, уг гэрээний хүчин төгөлдөр байдалд хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

 

Харин дээрх гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг буруу тодорхойлж, зээлийн хүүг зөвхөн гэрээнд заасан хугацаагаар хязгаарлан, улмаар түүний тайлбарт дурдсан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийг хугацаандаа төлж чадахгүй байгаа талаар зээлдэгчийн гаргасан удаа дараагийн хүсэлт, талуудын тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл хариуцагч үндсэн зээл, түүний хүүг буцаан төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон байхад шүүх хэтэрсэн хугацааны хүүг тооцохгүй байх нь хуульд нийцэхгүй. /хх3-4, 14-17/

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчаас үндсэн зээл болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй тул дараах байдлаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхээр байна. Үүнд үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 24 сар 10 хоногт талуудын тохирсон хүүг сарын 5 хувиар тооцоход 48 666 667 төгрөг, үүнээс төлөгдсөн 2 000 000 төгрөгийг хасч, нийт 86 666 667 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Харин нэмэгдүүлсэн хүүгийн хувьд талууд зээлийн гэрээний 2.3-д зааснаар “зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний хүү төлнө. /нэмэгдүүлсэн хүү хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно/ гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол төлөгдөөгүй үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заахаар зохицуулсан байхад талууд зээлдэгчийн хариуцлагыг тодорхойлсон энэхүү заалтыг ойлгомжгүй, хуульд нийцэхгүй байдлаар тодорхойлсон байна.  

 

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх талуудын маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дах хэсэг буюу үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг зохицуулсан заалтыг хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн үндэслэл болгон тайлбарлаж, үүнтэй уялдуулан нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дах хэсэгт заасан хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаварыг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхийг зохицуулсан заалттай холбон хохирол гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяандагвын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 86 666 667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр хуваарилах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00894 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Сэргэлэнгээс зээлийн гэрээний үүрэгт 86 666 667 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ази капитал корперейшн ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 730 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дах заалтын “417 950 төгрөг” гэснийг “591 283 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 354 940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА