| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00232/И |
| Дугаар | 319 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 319
| 2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 156/ШШ2017/00319 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00232/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сум, Агац багт оршин суух, Түмэндэлгэрийн Оюунчимэг /РД:СЙ65041000/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Оюунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие 1983 оны 04 дүгээр сарын 01 өдөр 1994 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Агац бригадад саальчнаар ажиллаж байсан. 1986 онд манай ахын гэр шатаж миний хөдөлмөрийн дэвтэр хамт шатсан юм.
Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 5, 10-13, 21-23, 24-27/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Оюунчимэг нь Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1983 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Т.Оюунчимэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Т.Оюунчимэг нь 1983 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн архивын газрын тодорхойлолт /хх 3/, цалингийн тодорхойлолт /хх 4/, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын №116 дугаартай тушаалын хуулбар /хх 5/, 1984 оноос 1996 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан гэрч Ц.Баатарцогтын мэдүүлэг /хх 21/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 23/, 1979 оноос 1985 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэрч Г.Баярцогтын мэдүүлэг /хх 24/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 26-27/ зэргээр тогтоогдож байна.
Т.Оюунчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1983 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн үтогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Т.Оюунчимэг нь нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Улихан овогт Түмэндэлгэрийн Оюунчимэг /РД:СЙ65041000/ нь Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1983 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн үтогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхноминд даалгаж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА