Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 321

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2017/00321

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00303/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-12 тоотод оршин суух, Адуучин овогт Батсүхийн Пүрэвжав /РД: СЭ62051766/-ын хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Пүрэвжав, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Пүрэвжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би 1980 оны 06 дугаар сарын 25 өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан. Одоо энэ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ажиллаж байна. Би хөдөлмөрийн дэвтрээ Нийтийн аж ахуйн үйлчилгээ тарах үед гээгдүүлсэн тул шүүхээр дээрх хугацааг тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 5, 6, 7, 9-11, 12, 14, 28, 30-31, 32, 34/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1980 оны 06 дугаар сарын 25 өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Б.Пүрэвжав нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Хүсэлт гаргагч Б.Пүрэвжав нь Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1980 оны 06 дугаар сарын 25 өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хэнтий аймгийн архивын тасгийн тодорхойлолт /хх 5/, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн 096 дугаартай илгээлтийн хуулбар /хх 5/, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний №55735 дугаартай батлахын хуулбар /хх 7/, Хэнтий мэдээ сонины нийтлэл, илгээлтийн эзэд /хх 9-11/, нийгмийн толь сэтгүүлд нийтэлсэн нийтлэл /хх 12/, Өнөөгийн байдал сэтгүүлийн нийтлэл /хх 14/, 1970 оноос 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газарт эсгүүрийн мастер, оёдлын мастераар ажиллаж байсан гэрч Ц.Цэгмидийн мэдүүлэг /хх 28/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 30-31/, 1978 оноос 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газарт гутлын мастераар ажиллаж байсан гэрч Г.Жаргалсайханы мэдүүлэг /хх 32/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 34/ зэрэг болно.

Б.Пүрэвжавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1980 оны 06 дугаар сарын 25 өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Адуучин овогт Батсүхийн Пүрэвжав /РД: СЭ62051766/ нь Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1980 оны 06 дугаар сарын 25 өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 25 өдрийг хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Пүрэвжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Б.Пүрэвжавд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.АРИУНАА