Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/377

 

 

  2021          05          31                                  2021/ШЦТ/377

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн, Г овогт *******-д холбогдох эрүүгийн 2109 00000 0586 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 5-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Гэв. овогт ******* /РД:*  

         2. Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 96-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч ажилтай, Б.Б нь шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатуулах хууль ёсны шаардлага тавихад “Автомашинаа ачуулахгүй” гэж албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжилж, нүүрэн тус газар нь цохиж, хүч хэрэглэж, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 96-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч ажилтай, Б.Б нь шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатуулах хууль ёсны шаардлага тавихад “Автомашинаа ачуулахгүй” гэж албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжилж, нүүрэн тус газар нь цохиж, хүч хэрэглэж, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-ын өгсөн “... Нэгэн зуслангийн хашаан дотор 94-32 УНР улсын дугаартай Тоёота приус маркийн авто машин зогсож байсан ба би очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхээ шалгуулна уу гэхэд тухайн машины хүрдний ард сууж байсан эмэгтэй “...Хуц, чамд шалгуулахгүй...” гэх мэтээр эсэргүүцэл үзүүлсэн. Энэ хооронд байшингаас нэг эмэгтэй гарч ирээд би наад жолоочийн чинь ээж нь байсан юу болсон бэ гэж надаас асуухаар нь би “...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх дуудлагын дагуу ирлээ...” гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Болортуяа гэх эмэгтэй миний тавьсан хууль ёсны шаардлагыг огт биелүүлэхгүй байсан ба ачилтын машин ирж Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг ачих гэхэд ачуулахгүй эсэргүүцэл үзүүлж миний толгойны ар хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тухайн үед би “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд дахинд миний зүүн нүд рүү цохихоор нь хоёр гараас нь бариад хөдөлгөөний хязгаарлаж, газар хэвтүүлээд байж байхад байшингаас гарч ирсэн эмэгтэй “...Чи яагаад цагдаа зоддог юм бэ гэж хэлээд алгадаад гараараа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-15/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Ганчимэгийн өгсөн “... Ачилтын машин ирэхэд цагдаа болон манай охин цагдаагийн машинаас бууж ирсэн бөгөөд манай охин цагдаагийн албан хаагчтай маргалдаж байсан. Манай охин Болортуяа цагдаа руу уурлаад машинаа ачуулахгүй гээд хэрэлдэхэд би охиноо загнаж болиулаад байж байтал манай охин тэр цагдаа руу уурлаад дайраад байсан. Тухайн цагдаагийн албан хаагч манай охиныг түлхэж холдуулахад манай охин чи яагаад эмэгтэй хүнийг түлхдэг юм бэ гэж хэлээд далайгаад цохиход миний охины гар тухайн цагдаагийн нүүрэн хэсэгт нь шүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай “...Цагдаагийн машины арын суудалд суусан эмэгтэй, “Шаа хөөе, чи яагаад хүний машиныг ачаад байгаа юм” гэж хэлээд юм цохиж байгаа чимээ сонсогдох үед цагдаагийн албан хаагч хаалга онгойлгон буун чи яахаараа намайг цохидог юм бэ гэж хэлэхэд хар куртиктэй эмэгтэй хүн “...Хуц, пизда минь...” гэж хэлээд хойд суудлаас урд суудал руу гарч ирж “...Чи яагаад намайг өдөөд байгаа юм бэ, зүгээр байхад чинь юу гэсэн үг юм гэж хэлээд зүв, зүгээр байна, хуцаад бай, хуц, зайл хуц” гэж хэлээд цагдаагийн албан хаагчийг түлхэх ба энэ үед цагдаагийн албан хаагч чи яахаараа намайг цохидог юм бэ гэж хэлэхэд тухайн хар куртиктэй эмэгтэй баруун гараараа цагдаагийн албан хаагчийн толгой хэсэгт 3 удаа цохиж, зүгээр бай, зүгээр бай гөлөг минь гэж хэлэх ба гарт нь өнгө нь үл мэдэгдэх гар утас байв...” гэсэн тэмдэглэл зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц үйл баримт тогтоогдоогүй болно.

Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* нь өөрийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэл гаргасныг прокурор хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрчээ.

Шүүх хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд шүүгдэгч *******-г “...Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******-д прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...*******-д ямар нэгэн гомдол, санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан байх тул *******-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овогт *******-г “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 2.700.000 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 /Зургаа/-н сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүгдэгч ******* нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ИДЭР